Skip to content

Гарчиг руу орох

Мөс чанараа Бурхны хууль, зарчмын дагуу сургая

Мөс чанараа Бурхны хууль, зарчмын дагуу сургая

«Таны гэрчлэлүүд миний бясалгал» (ДУУ. 119:99).

ДУУ: 29, 11

1. Хүн юугаараа адгууснаас давуу вэ?

ЕХОВА хүмүүст мөс чанар гэдэг онцгой бэлэг өгсөн. Тийм учраас хүн бол адгууснаас хамаагүй давуу бүтээл юм. Адам Ева хоёр Еховагийн үгэнд оролгүй буруу хэрэг хийснийхээ дараа нуугдчихдаг. Энэ бол тэдэнд мөс чанар байсны нотолгоо юм.

2. Мөс чанарыг яагаад луужинтай зүйрлэж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

Сайн сургаагүй мөс чанарыг хөлөг онгоцны эвдэрхий луужинтай адилтгаж болох юм. Зөв ажилладаггүй луужинтай онгоцоор аялалд гарах нь аюултай. Далайн шуурганд замаа алдахдаа амархан. Харин зөв ажилладаг луужинтай онгоц замаасаа төөрөхгүй. Хүний мөс чанарыг луужин гэж хэлж болно. Мөс чанар гэдэг нь зөв бурууг ялгах мэдрэмж, зөв зүг рүү залах чадвар юм. Амьдралын их далайд зүг чигээ олоод замаасаа хазайлгүй явъя гэвэл мөс чанараа зөв ажилладаг болгох шаардлагатай.

3. Мөс чанараа зөв сургахгүй бол юу болох вэ?

3 Зөв сургаагүй мөс чанар мэдрэмжгүй байдаг. Тийм мөс чанартай хүн буруу юмыг сэтгэл өвдөхгүй хийдэг (1 Тим. 4:1, 2). Тэр битгий хэл «мууг сайн» гээд итгэчихдэг (Ис. 5:20). Есүс шавь нартаа «Та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирнэ» хэмээн анхааруулжээ (Ёох. 16:2). Тэгж боддог байсан хүмүүс Есүсийн шавь Стефаныг хороосон билээ (Үйлс 6:8, 12; 7:54–60). Хүн төрөлхтний түүхийг үзвэл хэт шүтлэгтэнгүүд аллага гэх мэтийн бузар гэмт хэрэг үйлдэж ирсэн бөгөөд үүнийгээ Бурхны төлөө гэдэг. Гэвч үнэндээ тэд Бурхны хуулийг зөрчдөг (Ег. 20:13). Мөс чанар нь буруу удирддаг нь тодорхой.

4. Мөс чанар маань зөв ажиллаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

4 Тэгвэл бидний мөс чанар зөв ажиллаж байна уу? Бурхны хууль болон зарчмууд «заах, зэмлэх, залруулах, шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулахад тустай» гэж Библид байдаг (2 Тим. 3:16). Тиймээс Библийг нямбай судалж, судалснаа эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлээд байвал Еховагийн үзэл бодлыг илүү сайн ойлгодог болно. Энэ хэрээр мөс чанар маань найдвартай удирддаг хөтөч боллоо гэсэн үг. Еховагийн хууль болон зарчмын дагуу мөс чанараа хэрхэн сургахыг одоо ярилцъя.

БУРХНЫ ХУУЛИЙГ САХИЦГААЯ

5, 6. Бурхны хуулийг сахих нь ямар ач тустай вэ?

5 Бурхны хууль тушаалын үр шимийг хүртье гэвэл тэдгээрийг уншиж, мэдлэгтэй болохоос гадна улам их эрхэмлэн дээдлэх хэрэгтэй. Библид «Мууг үзэн яд, сайныг хайрла» гэж байдаг (Ам. 5:15). Энэ зөвлөгөөг дагахын тулд яах хэрэгтэй вэ? Аливаад Еховагийн үзэл бодлоор хандаж сурах нь чухал. Жишээ нь, таныг нойрондоо муу гэж бодъё. Эмч танд шим тэжээлтэй хоол идэж, биеийн тамирын дасгал хийж, амьдралын хэв маягаа өөрчлөөрэй гэж хэлжээ. Та зөвлөгөөг нь дагаад нойрондоо сайжрав! Үнэтэй зөвлөгөө өгч таныг эрүүл саруул болгосон эмчдээ талархана биз дээ?

6 Үүнтэй адилаар, бид Бүтээгчийнхээ өгсөн хуулийг сахивал нүглийн хор уршгийг амсахгүй. Улмаар амьдралын хэв маягаа өөрчилж чадна. Хулгай хийх, худлаа ярих, залилан мэхлэх, садарлан завхайрах, хүч хэрэглэх, чөтгөрүүдтэй холбоо тогтоохыг хориглосон хуулийг сахих нь ямар ач тустай байдгийг бодоод үз дээ (Сургаалт үгс 6:16–19-ийг уншина; Илч. 21:8). Дуулгавартай байхын үр дүнг үзсэн хүн Еховаг улам их хайрлаж, хуулийг нь эрхэмлэдэг болно.

7. Библид гардаг хүмүүст тохиолдсон явдлыг уншиж, эргэцүүлэн бодвол ямар ач тус хүртэх вэ?

7 Бурхны хуулийг зөрчөөд горыг нь амсахаараа л зөв бурууг ялгаж сурдаг юм биш ээ. Эрт үед амьдарч байсан хүмүүсийн алдаанаас сургамж авах хэрэгтэй. Сургаалт үгс 1:5-д «Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөө авдаг» гэж байдаг. Хамгийн сайн зөвлөгөөг Ехова өгдөг. Ийм зөвлөгөөг авахын тулд дээр үед амьдарч байсан хүмүүст тохиолдсон явдлыг Библиэс уншиж, эргэцүүлэн бодох нь зүйтэй. Жишээ нь Давид хаан Бурханд дуулгаваргүй загнаж, Батшебатай завхайрсны дараа хэчнээн их шаналсныг саная (2 Сам. 12:7–14). Энэ явдлыг уншаад эргэцүүлэн бодохдоо өөрөөсөө ингэж асуугаарай. «Ийм муухай хэргээс хол явах боломж Давид хаанд байсан уу? Надад ийм юм тохиолдвол би яах вэ? Биеэ барьж дийлээгүй Давид шиг байх болов уу эсвэл Иосеф шиг зугтах болов уу?» (Эх. 39:11–15). Нүглийн хор уршгийг эргэцүүлэн бодох тусам үнэн голоосоо «мууг үзэн яддаг» болно.

8, 9. а) Библийн зарчмын дагуу сургасан мөс чанар хэзээ хэрэг болох вэ? б) Ехова ямар зорилгоор зарчим өгсөн бэ?

8 Бид Бурхны үзэн яддаг бүхнээс хол байж чадна. Гэхдээ амьдралд тулгарах зарим асуудалтай холбоотой хууль тушаал Библид байхгүй бол яах вэ? Бурханд таалагдах эсэхийг хэрхэн мэдэх вэ? Библийн зарчмын дагуу сургасан мөс чанар маань одоо л хэрэг болно доо.

9 Ехова бидэнд хайртай учраас мөс чанараа зөв сургаг гээд зарчим өгсөн. Тэрээр: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» хэмээн хэлсэн (Ис. 48:17, 18). Библийн зарчмыг сэтгэлээ хөдөлтөл эргэцүүлэн боддог бол мөс чанараа засаж залруулан, зөв сургаж чадна. Тэгээд зөв шийдвэр гаргадаг болно.

БУРХНЫ ЗАРЧМААР УДИРДУУЛЦГААЯ

10. Зарчим гэж юу вэ? Есүс яагаад зарчим хэлж өгдөг байсан бэ?

10 Зарчим бол бодол санааг чиглүүлж, зөв шийдвэр гаргах үндэс юм. Тухайн зарчмыг мэдэж авбал Хууль тогтоогчийн бодол санааг болон хууль гаргах болсон шалтгааныг ойлгоно. Есүс дэлхийд үйлчлэх хугацаандаа аливаа хандлага, үйлдэл үр дагавартай байдгийг шавь нартаа ойлгуулахын тулд зарчмыг нь хэлж өгдөг байв. Жишээлбэл уурлаж зэвүүцээд байвал хүний аминд хүрдгийг, эмэгтэй хүнийг тачаадан хараад байвал завхайрч болзошгүйг хэлжээ (Мат. 5:21, 22, 27, 28). Мөс чанараа зөв сургая гэвэл Библийн зарчмыг удирдлага болгох шаардлагатай. Ингэвэл Бурхнаа алдаршуулах шийдвэр гаргана (1 Кор. 10:31).

Төлөвшсөн Гэрч бусдын мөс чанарыг боддог (11, 12-р догол мөрийг үзээрэй)

11. Хүн бүрийн мөс чанар ялгаатай байдгийг тайлбарлана уу.

11 Библийн зарчмын дагуу сургасан мөс чанартай хоёр Гэрч нэг асуудлыг хоёр өөрөөр шийдэж болох юм. Жишээ нь согтууруулах ундааны тухай ярилцъя. Архи ууж болохгүй гэж Библид бичээгүй. Гэхдээ хэтрүүлж уугаад согтохыг буруушаадаг (Сур. 20:1; 1 Тим. 3:8). Хэрвээ согтууруулах ундааг тохируулж уудаг бол яах вэ? Өөр юуны ч талаар бодох хэрэггүй гэсэн үг үү? Үгүй, тийм биш. Тэр Гэрч өөрийнхөө төлөө санаа зовох шаардлагагүй ч бусдын мөс чанарыг бодох хэрэгтэй.

12. Ром 14:21-д бичсэн Паулын үгнээс юу ойлгож болох вэ?

12 Бусдын мөс чанарыг бодох талаар элч Паул: «Мах идэхгүй, дарс уухгүй, ах дүүгээ бүдрүүлэх өөр ямар ч юм хийхгүй байх нь хамгийн сайн» хэмээжээ (Ром 14:21). Та согтууруулах ундааг тохируулж уудаг ч ах дүүгээ уруу татахгүйн тулд биеэ барьж чадах уу? Чадах байх. Учир нь, итгэл нэгтэн тань Библийн үнэнийг мэдэхээсээ өмнө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан. Харин одоо огт амсахгүй гэж бат шийджээ. Мэдээж бид түүнийг дахиад архиа ууж хохироосой, зовоосой гэж хүсэхгүй нь ойлгомжтой! (1 Кор. 6:9, 10). Тиймээс уухаас татгалзсан зочноо шахаж эвгүй байдалд оруулахгүй байцгаая.

13. Бусдын мөс чанарыг бодох талаар Тимот ямар жишээ үзүүлсэн бэ?

13 Тимот 20-оод настай байхдаа Паултай хамт явж еврейчүүдэд дэлгэрүүлэх гэж байлаа. Гэхдээ эхлээд хөвчөө таслуулах шаардлагатай болов. Өвдөж зовуурилах байсан ч еврейчүүдийг бүдрүүлэхгүйн тулд ийм шийдвэр гаргасан. Тэрээр Паулын нэгэн адил, хэний ч дургүйг хүргэхгүй гэсэн бодолтой байв (Үйлс 16:3; 1 Кор. 9:19–23). Та Тимотыг дуурайн бусдын төлөө эрх ашгаа хойш тавихад бэлэн үү?

«ТӨЛӨВШИХИЙН ТУЛД ЗҮТГЭЛТЭЙ БАЙ»

14, 15. а) Төлөвшихийн тулд яах хэрэгтэй вэ? б) Төлөвшсөн Гэрч бусдад хэрхэн ханддаг вэ?

14 Гэрчүүд бид «Христийн тухай үндсэн сургаалыг» мэдээд зогсохгүй «төлөвшихийн тулд зүтгэлтэй байх» хэрэгтэй (Евр. 6:1). Еховад он удаан жил үйлчилсэн хүн төлөвшсөн байх албагүй. Харин «зүтгэлтэй байх» буюу хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэдлэгээ гүнзгийрүүлж, мэдсэн зүйлээ сайтар ойлгож ухаарах нь чухал. Тийм учраас Библиэ өдөр бүр унших шаардлагатай (Дуу. 1:1–3). Та Библийг тогтмол уншихыг зорилгоо болгосон уу? Ингэх нь Бурхны хууль, зарчмыг илүү сайн ойлгоход тустай.

15 Христийн дагалдагчдын сахих ёстой хамгийн чухал хууль бол нэг нэгнээ хайрлах юм. Есүс шавь нартаа «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» хэмээн захижээ (Ёох. 13:35). Үүнийг Есүсийн дүү Яаков «хаан хууль» гэсэн (Яак. 2:8). Паул: «Хайрладаг бол хууль сахиж байгаа хэрэг» хэмээн бичжээ (Ром 13:10). Хайрыг ингэж онцолсонд нь гайхах хэрэггүй. Учир нь «Бурхан бол хайр» билээ (1 Ёох. 4:8). Гэхдээ Ехова сэтгэлээ хөдөлсөн үед л хүмүүсийг хайрладаг юм биш. Ёохан: «Бурхан биднийг мөнх амьдруулах гэж цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээж нүгэлт биднийг хайрладгаа батлан харуулсан» хэмээжээ (1 Ёох. 4:9). Тэгэхээр Бурхан хайраа үйлсээрээ баталсан хэрэг. Бид бас Еховаг, Есүсийг, бусдыг чин сэтгэлээсээ хайрладгаа үйлсээрээ баталдаг бол төлөвшсөн гэсэн үг (Мат. 22:37–39).

Библийн зарчмыг эргэцүүлэн бодохын хэрээр мөс чанар маань найдвартай хөтөч болно (16-р догол мөрийг үзээрэй)

16. Төлөвших тусам Библийн зарчмыг баримтлахын чухлыг илүү сайн ойлгоно гэхийн учир юу вэ?

16 Библийн зарчмыг баримтлах нь хэчнээн чухал болохыг төлөвших тусам ойлгоно. Учир нь хууль тодорхой нөхцөлд л хамаатай байдаг бол, зарчим илүү өргөн хүрээг хамардаг. Жишээ татъя. Балчир хүүхэд муу хүнтэй нөхөрлөхийн аюулыг мэддэггүй. Тийм учраас эцэг эх нь хүүхдээ хамгаалахын тулд дүрэм гаргадаг (1 Кор. 15:33). Харин хүүхэд өсөж томроод ухаан тэлэхийн хэрээр Библийн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхээ бодож сурдаг. Тэгээд найз нөхдөө зөв сонгож сурна (1 Коринт 13:11; 14:20-ийг уншина). Библийн зарчмыг хэдийчинээ сайн эргэцүүлэн бодно, мөс чанар маань төдийчинээ сайн удирдана. Улмаар Бурхан юу хүсэж байгааг илүү сайн ойлгодог болно.

17. Зөв шийдвэр гаргах бүрэн боломжтой гэхийн учир юу вэ?

17 Бурханд таалагдах шийдвэр гаргах бүрэн боломжтой. Бурхны Үгэн дэх хууль тушаал болон зарчмыг баримталснаар «чадварлаг болж, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэнэ» (2 Тим. 3:16, 17). Тиймээс «Ехова юу хүсдэгийг ухаарахын» тулд өөрт хэрэг болох зарчмыг Библиэс хайгаарай (Эф. 5:17). «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг», «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах», «Харуулын цамхаг номын сан», «Харуулын цамхаг—ОНЛАИН НОМЫН САН», JW Library app (Жэй даблю лайбрари апп) зэрэг багаж хэрэгсэл бидэнд бий. Бие дааж эсвэл гэр бүлээрээ судлахдаа эдгээр багажаа ашиглацгаая.

МӨС ЧАНАРАА ЗӨВ СУРГАВАЛ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ

18. Бурхны хууль болон зарчмыг баримталбал ямар ивээл хүртэх вэ?

18 Еховагийн хууль, зарчмыг баримталбал ивээл хүртэнэ. Энэ тухай Дуулал 119:97–100-д «Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг. Таны гэрчлэлүүд миний бясалгал учир би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон. Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг» гэжээ. Бурхны хууль, зарчмыг цаг гарган эргэцүүлэн боддог бол илүү ухаалаг, хэрсүү болно. Мөс чанараа Бурхны хууль, зарчмын дагуу сургавал «бүх талаараа Христ шиг төлөвшсөн» хүн болно (Эф. 4:13).