Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

Хаант төрийн анхны үр Португалд таригдсан нь

Хаант төрийн анхны үр Португалд таригдсан нь

ЕВРОПЫГ чиглэн яваа усан онгоцыг Атлантын давалгаа цохилон байлаа. Жорж Янг гэгч нэгэн зорчигч Хаант төрийн төлөө Бразилд юу хийж бүтээснээ нэхэн санаад сэтгэл тэнэгэр явна. * Цааш аялах зуураа шинэ даалгавраа бодож эхлэв. Сайн мэдээ хүрээгүй Испани, Португалд очоод Рүтэрфорд ахын, Библид үндэслэсэн илтгэл тавих ажлыг зохион байгуулж, 300 мянган танилцуулга тараана гэж найдаж байлаа!

Жорж Янг олон удаа далайг гатлан дэлгэрүүлэх аялал хийсэн

Янг ахыг 1925 оны хавар ирэхэд Португалын нийслэл Лиссабоны байдал түгшүүртэй байв. Португал улсад 1910 онд гарсан хувьсгал хаант засгийг түлхэн унагаж, католик шашныг эрх мэдэлгүй болгон, ард түмэнд илүү их эрх чөлөө олгожээ. Гэсэн ч улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсээр байлаа.

Рүтэрфорд ахын илтгэл тавих ажлыг Янг ах зохион байгуулж байх тэр үед засгийн газар цэргийн хууль гаргасан. Энэ нь төрийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбоотой байв. Ширүүн эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг Британийн болон Гадаадын Библийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга анхааруулсан. Гэлээ ч Янг ах Камоинсын дунд сургуулийн спортын заалыг түрээслэх зөвшөөрөл авч чаджээ.

Рүтэрфорд ахын, илтгэл тавих өдөр болов. 5 дугаар сарын 13-ны тэр өдрийг олон хүн хүсэн хүлээж байлаа! «Дэлхий дээр мөнх амьдрахын тулд» гэсэн сэдэвтэй илтгэлийн зурагт хуудсыг байшингуудын хананд нааж, сонингуудад зар нийтэлжээ. Тэгтэл тэндхийн шашныхан шинээр ирсэн «хуурамч зөнчид»-өөс сэрэмжлүүлсэн өгүүллийг сониндоо яаран тавив. Эсэргүүцэгчид спортын заалын үүдэнд зогсоод Рүтэрфорд ахын илтгэлийг эсэргүүцсэн мэдээлэл бүхий товхимлыг мянга мянгаар нь тарааж байлаа.

2 000 хүн ороод л заал пиг дүүрсэн бөгөөд мөн тийм тооны хүн орж чадалгүй үлджээ. Сониуч зарим нь илтгэл сонсохын тулд заалын хананд өлгөөтэй олсон шатанд авирч гарсан байхад, зарим нь спортын тоног төхөөрөмжүүд дээр суужээ.

Эсэргүүцэгчид орилж хашхиран, сандлуудыг эвдэлж гарчээ. Гэвч Рүтэрфорд ах огтхон ч сандарсангүй. Яриагаа сонсгохын тулд ширээн дээр гарч зогсов. Шөнө дундын үед илтгэлээ тавьж дуусахад 1 200 гаруй хүн Библид үндэслэсэн ном хэвлэл авах гээд нэр, хаягаа өгчээ. Маргааш нь «Ү Секулу» сонинд Рүтэрфорд ахын илтгэлийн талаар өгүүлэл гарсан байлаа.

Португал хэлээрх «Харуулын цамхаг» сэтгүүлийг урьд нь Бразилд хэвлэдэг байсан бол, 1925 оны 9 дүгээр сараас Португалд хэвлэх болов. Бразилд амьдардаг Виргилио Фергүсон гэдэг Библи Судлаач Хаант төрийн ажлыг дэмжих зорилго тавьж Португал руу нүүх төлөвлөгөөг тэр үед гаргажээ. Урьд нь тэрээр Бразил дахь Библи Судлаачдын жижигхэн салбарт Янг ахтай хамт ажилладаг байв. Ингээд дахин хамт үйлчлэхээр шийдэн эхнэр Лиззигээ дагуулаад аян замд гарчээ. Фергүсон ах Португалд очсон нь цагаа олсон хэрэг байлаа. Учир нь Янг ах томилолт аваад Орос зэрэг улсууд руу явах гэж байв.

Лиззи ба Виргилио Фергүсоны оршин суух зөвшөөрөл, 1928 он

Португалд цэргийн эргэлт гарч дарангуйллын дэглэм тогтоход эсэргүүцэл хүчээ авах нь тэр. Фергүсон ах Библи Судлаачдын жижигхэн бүлгийг зоригтой хамгаалан, үйл ажиллагааг нь дэмжиж байв. Гэртээ цуглаан явуулах зөвшөөрөл авах гэж хөөцөлдсөөр 1927 оны 10 дугаар сард зөвшөөрүүлж чадлаа.

Дарангуйллын дэглэмийн эхний жил 450 орчим хүн «Харуулын цамхаг» сэтгүүлийн захиалга өгчээ. Түүнээс гадна манай байгууллага Португалын колони байсан Ангол, Азорын арлууд, Капе Верде, Зүүн Тимор, Гоа, Мадейра, Мозамбик улсад үнэний үрийг танилцуулга, товхимлоор дамжуулан цацсан.

Мануэл да Силва Жордан гэдэг португал хүн 1920-оод оны сүүлээр Лиссабонд иржээ. Эгэл даруухан энэ цэцэрлэгч эр Бразилд байхдаа Янг ахын илтгэлийг сонсоод үнэнийг олсноо ойлгосон байна. Ингээд дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд нь Фергүсон ахад туслах гал халуун хүсэлдээ хөтлөгдөн ном түгээгчээр (одоогийн эхлэгч) үйлчилж эхэлжээ. Библид үндэслэсэн ном хэвлэлийг хэвлэх, түгээх ажлын зохион байгуулалт сайжирснаар Лиссабон дахь шинэхэн хурал цэцэглэн хөгжсөн!

1934 онд Фергүсоны гэр бүлийг Бразил руу буцах болоход үнэний үр хэдийнээ таригдсан байв. Испанийн иргэний дайн болон дэлхийн ІІ дайны үеэр Европт хямрал нүүрлэхэд Португал дахь ах нар маань Еховад үнэнч байх гэж хичээж байлаа. Тэд хэсэг зуур цогшсон нүүрс шиг байснаа, 1947 онд Жон Күүкийг ирэхэд дүрэлзэн ассан юм. Тэрээр Гилеад сургуульд сурч бэлтгэгдсэн, Португалд очсон анхны миссионер байв. Түүнээс хойш Хаант төрийг тунхаглагчдын тоо зогсолтгүй өсжээ. Засгийн газар 1962 онд Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хориглосон ч дэлгэрүүлэгчдийн тоо өссөөр байв. Еховагийн Гэрчүүд 1974 оны 12 дугаар сард албан ёсны зөвшөөрөл авах үед Португал даяар 13 мянга гаруй дэлгэрүүлэгч байжээ.

Өнөөдөр 50 мянга гаруй дэлгэрүүлэгч Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг португал хэлтний өлгий нутаг Португал улс болон Азор, Мадейра зэрэг арлуудад тунхаглаж байна. Рүтэрфорд ахын 1925 оны түүхэн илтгэлийг сонссон хүмүүсийн 3 дахь үе эдгээр дэлгэрүүлэгчийн дунд бий.

Бид Ехова Бурхандаа мөн тэдгээр үнэнч, зоригтой ах эгч нартаа талархдаг. Тэд бол «харь үндэстнүүдийн төлөө Христ Есүсийн үйлчлэгч» болоод зогсохгүй дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцож явсан хүмүүс юм (Ром 15:15, 16). (Португал дахь манай архиваас).

^ д/м 3 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 5-р сарын 15-ны дугаарын 31, 32-р хуудаснаас «Ургац хураах ажил маш их байна» гэсэн өгүүллийг үзнэ үү.