Skip to content

Гарчиг руу орох

Өгөөмөр хүмүүс жаргалтай

Өгөөмөр хүмүүс жаргалтай

«Авахаасаа өгөх нь ... жаргалтай» (ҮЙЛС 20:35).

ДУУ: 153, 14

1. Еховаг яагаад өгөөмөр сэтгэлтэй гэж хэлж болох вэ?

АНХ Ехова цор ганцаараа байжээ. Дараа нь тэнгэрийн элчүүд болон хүнийг бүтээж амь бэлэглэхээр шийдэв. «Жаргалтай Бурхан» Ехова сайн сайхан бүхнийг өгөх дуртай (1 Тим. 1:11; Яак. 1:17). Тэрээр биднийг ч бас жаргалтай байгаасай гэж боддог. Тийм учраас өгөөмөр байх аргыг зааж өгдөг (Ром 1:20).

2, 3. а) Өгөөмөр хүн яагаад жаргалтай байдаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээжээ (Эх. 1:27). Өөрөөр хэлбэл, Бурхны зан чанарууд бидэнд байдаг гэсэн үг. Тэгэхээр ивээл хүртэж, жаргалтай байя гэвэл бусдад санаа тавьдаг Еховаг дуурайж өгөөмөр сэтгэлээр өгдөг байх хэрэгтэй (Флп. 2:3, 4; Яак. 1:5). Яагаад гэвэл Ехова хүнийг ийм л байхаар бүтээсэн. Бид хэдий төгс бус ч өгөөмөр сэтгэлтэй Бурхнаа дуурайж чадна.

3 Өгөөмөр байх аргыг Библиэс мэдэж болно. Одоо хэдэн аргыг ярилцъя. Өгөөмөр хүнийг Бурхан яагаад сайшаадаг вэ? Бурхны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд өгөөмөр сэтгэл ямар ач тустай вэ? Өгөөмөр байх, жаргалтай байх хоёр ямар холбоотой вэ? Ямар учраас дандаа өгөөмөр байх хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авъя.

ӨГӨӨМӨР ХҮН ЕХОВАГ БАЯРЛУУЛДАГ

4, 5. Ехова Есүс хоёр өгөөмөр гэдгийг юунаас мэдэж болох вэ? Бид яагаад дуурайх ёстой вэ?

4 Өөрийг нь дуурайж өгөөмөр байгаасай гэж Ехова хүсдэг. Тиймээс бид өгөөмөр байвал Ехова баярлана (Эф. 5:1). Хүнийг хэчнээн гайхамшигтай бүтээснийг, байгаль дэлхийг ямар үзэсгэлэнтэй болгосныг бодохоор Бурхан биднийг жаргалтай байлгахыг хүсдэг нь тодорхой (Дуу. 104:24; 139:13–16). Тэгэхээр бид бусдыг жаргалтай байлгах гэж хичээвэл Еховагаа алдаршуулна.

5 Бид бас Есүсийг дуурайдаг. Хүн өгөөмөр байх боломжтойг ойлгуулахын тулд Есүс төгс үлгэр дуурайл үлдээсэн. Тэрээр: «Хүний Хүү ч үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө амиа золихоор ирсэн» гэжээ (Мат. 20:28). Элч Паул Христийн дагалдагчдад уриалж: «Христ Есүстэй адил бодол, хандлагатай бай. ... [Тэрээр] байсан бүхнээ орхиод боолтой адил болсон» гэж бичжээ (Флп. 2:5, 7). Тиймд бид дор бүрнээ «Би Есүсийг илүү сайн дуурайж чадах уу?» гэж бодох нь зүйтэй (1 Петр 2:21-ийг уншина).

6. Есүс сайхан сэтгэлтэй самари хүний тухай ёгт үлгэрээрээ юу ойлгуулахыг хүссэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

6 Яавал Ехова Бурхнаа баярлуулах вэ? Ехова Есүс хоёрыг дуурайн хүмүүст санаа тавьж, хэрхэн туслахаа бодох хэрэгтэй. Ямар ч хүнд туслах ёстойг дагалдагчдадаа ойлгуулахын тулд Есүс сайхан сэтгэлтэй самари хүний тухай ёгт үлгэрийг ярьж өгсөн (Лук 10:29–37-г уншина). Есүс энэ ёгт үлгэрийг яагаад ярьсныг та санаж байна уу? Нэг иудей хүн түүнээс «Хөрш гэж хэнийг хэлсэн бэ?» гэж асуудаг шүү дээ. Есүсийн өгсөн хариултаас үзвэл Бурхны ивээлийг хүртэхийн тулд сайхан сэтгэлтэй самари хүнийг дуурайж өгөөмөр байх хэрэгтэй нь тодорхой байна.

7. Бурхны зааснаар явах нь хамгийн сайн гэж боддог хүн ямар зан чанар илэрхийлдэг вэ? Тайлбарлана уу.

7 Өгөөмөр байх хэрэгтэйн өөр нэг шалтгаан нь Еден цэцэрлэгт болсон явдалтай холбоотой. Еховагийн үгэнд орохын оронд өөрсдийнхөө хүслээр явбал илүү жаргалтай болно гэж Сатан анхны хоёр хүнд хэлсэн. Адам Ева хоёр хувиа хичээсэн хүмүүс байв. Ева, Бурхан шиг болох гэсэн хүсэлдээ дийлдсэн бол, Адам Еховад биш, Евад таалагдах гэсэн хүсэлд автсан (Эх. 3:4–6). Тэдний гаргасан шийдвэрийн үр дагавар тодорхой харагддаг. Аминч үзэлд автвал жаргал үзэх нь бүү хэл, зовлонд баригддаг. Аливааг Бурхны зааснаар хийх нь хамгийн сайн гэж боддог хүн хувиа хичээдэггүй бөгөөд өгөөмөр байдаг.

БУРХНЫ ӨГСӨН ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЭХ НЬ

8. Адам Ева хоёр яагаад бусдад санаа тавих ёстой болсон бэ?

8 Адам Ева хоёр Еден цэцэрлэгт хоёулхнаа байсан ч бусдад санаа тавих ёстой болов. Учир нь Ехова тэдэнд «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!» хэмээн тушаажээ (Эх. 1:28). Бүтээгч бүтээлийнхээ төлөө санаа тавьдаг шиг, Адам Ева хоёр төрөөгүй үр хүүхдийнхээ төлөө санаа тавих шаардлагатай болсон. Ирээдүйд өнөр өтгөн болох гэр бүлийнхээ сайн сайхны төлөө дэлхийг тэр аяар нь диваажин болгох хэрэгтэй байлаа. Энэ нүсэр ажлыг хийхийн тулд Адам Ева хоёр үр хүүхэдтэйгээ хамтран ажиллах ёстой болжээ.

9. Диваажинг өргөжүүлсэн бол яагаад жаргалтай болох байсан бэ?

9 Төгс хүмүүс Еховатай хамтран ажилласан цагт л дэлхийг диваажин болгож, санаа зорилгыг нь биелүүлэх байв. Ийнхүү түүний «амралт руу орох» учиртай байсан (Евр. 4:11). Энэ ажлыг хийсэн бол хэчнээн сэтгэл хангалуун, сонирхолтой байх байсныг төсөөл дөө! Бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавьсан бол Ехова тэднийг ивээх байлаа.

10, 11. Дэлгэрүүлэх, шавь бэлдэх даалгаврыг биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

10 Ехова бидэнд тусгай даалгавар өгсөн. Энэ нь дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажил юм. Даалгавраа сайн биелүүлэхийн тулд хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьдаг байх хэрэгтэй. Зөв хандлагатай буюу Бурхныг болон бусдыг хайрладаг хүн л энэ ажлын ард гарч чадна.

11 Элч Паул өөрийгөө болон дотнын хэдэн нөхдөө «Бурхны хамтран зүтгэгчид» гэсэн. Учир нь тэд Хаант төрийн тухай үнэний үрийг суулгах, услах ажил хийж байв (1 Кор. 3:6, 9). Бид ч бас дэлгэрүүлэх ажилд цаг зав, мөнгө төгрөг, хүч чадлаа харамгүй зориулдаг учраас «Бурхны хамтран зүтгэгчид» юм. Бурхны өгсөн ажлыг хийх нь ямар их нэр төрийн хэрэг вэ!

Хүмүүст Бурхны тухай үнэнийг ойлгуулах шиг жаргал үгүй (12-р догол мөрийг үзээрэй)

12, 13. Шавь бэлдэх ажил ямар ач тустай гэж та боддог вэ?

12 Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд цаг зав, хүч чадлаа харамгүй зориулбал баяр хөөрөөр бялхана. Ахиц дэвшил гаргаж яваа суралцагчтай итгэл нэгтнүүд тань үүнийг батлан хэлэх биз ээ. Библийн сургаалыг зөв ойлгоод, итгэл нь батжиж, өөрийгөө өөрчилж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж байгаа суралцагчдаа хараад тэд баяр хөөрөөр дүүрдэг. Есүсийн илгээсэн 70 шавь дэлгэрүүлэх ажлынхаа үр шимийг үзээд баяр хөөр болсоор буцаж иржээ. Тэгэхэд Есүс маш их баярласан (Лук 10:17–21).

13 Сайн мэдээ хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлж байгааг хараад дэлхийн өнцөг булан бүрд буй дэлгэрүүлэгчид баярладаг. Нэг жишээ үзье. Ганц бие залуухан бүсгүй Анна үйлчлэлээ өргөжүүлэхээр дэлгэрүүлэгч хэрэгтэй Зүүн Европын нэгэн улс руу нүүжээ. * «Энд Библийн хичээлтэй болох боломж маш их байдаг. Ямар гоё гэж санана! Би үнэхээр жаргалтай байна. Гэртээ байхдаа ч хичээл хийдэг хүмүүсийнхээ тухай л боддог. Ямар зовлонтой байна, юунд санаа зовж байна, сэтгэлийг нь яаж засах вэ, яаж туслах вэ гэж боддог. Тийм болохоор өөрийгөө анхаарах зав гардаггүй. “Авахаасаа өгөх нь илүү жаргалтай” гэдэгт би итгэдэг болсон» (Үйлс 20:35).

Хэсгийнхээ айл болгонд очвол Хаант төрийн тухай мэдээг дуулгах боломжтой (14-р догол мөрийг үзээрэй)

14. Хүмүүс сонсохгүй байлаа ч яавал жаргалтай байх вэ?

14 Хүмүүс сонсох дуртай юу, дургүй юу гэдгээс үл хамааран, сайн мэдээг дэлгэрүүлээд л байгаарай. Бидний даалгавар зөнч Езекиелийнхтэй төстэй. Ехова түүнд «Тэд сонссон ч, эсвэл үл сонссон ч чи Миний үгсийг тэдэнд хэлэх ёстой» хэмээсэн (Езе. 2:7; Ис. 43:10). Хүмүүс хүлээж авсан ч, аваагүй ч, Ехова бидний хүчин чармайлтыг өндөр үнэлдэг (Еврей 6:10-ыг уншина). Нэг дэлгэрүүлэгч хэрхэн үйлчилдэг тухайгаа бичихдээ «Бид тарьж, усалдаг. Ургуулж өгөөч гэж Еховад залбирдаг» гэжээ (1 Кор. 3:6).

ЯАВАЛ ЖАРГАЛТАЙ БАЙХ ВЭ?

15. Талархдаг хүнд л өгөх ёстой юу? Тайлбарлана уу.

15 Есүс биднийг өгөөмөр байгаасай, жаргаасай гэж хүсдэг. Хүмүүс өгөөмөр хүнийг хайрлаж хүндэлдэг. Есүс: «Бусдад өгч бай. Тэгвэл хүмүүс та нарт өгнө. Тэгэхдээ шахсан, чигжсэн, бялхсан хэмжээгээр хормой дээр чинь асгана. Учир нь та нар яаж хэмжинэ, тэд тэгж л хэмжинэ» гэж уриалжээ (Лук 6:38). Бид өгөөмөр байлаа ч хүн болгон талархахгүй байж магадгүй. Гэхдээ талархсан нэг нь өгөөмөр сэтгэл гаргана. Тиймээс талархана уу, байна уу хамаагүй, өгөөд л байгаарай. Өгөөмөр байсны тань үр дүн хэзээ нэгэн цагт гарах л болно.

16. Ямар хүнд өгөөмөр сэтгэл гаргах хэрэгтэй вэ? Яагаад?

16 Хариу саналгүй өгдөг хүнийг жинхэнэ өгөөмөр сэтгэлтэй гэнэ. Есүс үүнийг онцолж «Ядуу, эрэмдэг зэрэмдэг, доголон, сохор хүмүүсийг найрандаа урь. Хариу барьж чадахгүй тийм хүмүүсийг урьсандаа чи жаргалтай байна» гэжээ (Лук 14:13, 14). «Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно», «Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ!» гэж Бурхны Үгэнд бичсэн байдаг (Сур. 22:9; Дуу. 41:1). Бусдад туслахаар жаргалтай болдог учраас өгөөд л байх хэрэгтэй.

17. Өгөөмөр байх ямар ямар арга байдаг вэ?

17 «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» хэмээсэн Есүсийн үгийг элч Паул эш татахдаа зөвхөн эд юм өгөхийг хэлээгүй. Бас урамшуулан зоригжуулах, зөвлөгөө өгөх, өөр ямар нэгэн байдлаар туслахыг хэлсэн (Үйлс 20:31–35). Цаг зав, хүч чадлаа зориулах, хайрлан халамжлах зэргээр өгөөмөр байх нь хэчнээн чухал болохыг Паул зааж сургаад зогсохгүй, өөрөө ч үлгэр дуурайл болдог байсан.

18. Өгөөмөр байх талаар судлаачид юу хэлдэг вэ?

18 Хүн өгөхөөрөө жаргалтай болдгийг нийгмийн шинжлэх ухааны салбарынхан олж тогтоожээ. «Бусдын төлөө сайн үйл хийхээрээ илүү их жаргалтай болдог гэж хүмүүс ярьдаг» хэмээн нэгэн өгүүлэлд тэмдэглэсэн байна. Судлаачдын тайлбарласнаар, хүнд тусалбал амьдрал утга учиртай болдог ажээ. Тиймээс эрүүл болъё, жаргалтай амьдаръя гэвэл нийгмийн ажилд сайн дураараа оролцоорой гэж тэд зөвлөдөг. Энэ нь бидний хувьд цоо шинэ зүйл биш ээ. Учир нь халамжтай Бүтээгч маань энэ тухай байнга хэлдэг билээ (2 Тим. 3:16, 17).

ХЭЗЭЭД ӨГӨӨМӨР БАЙГААРАЙ

19, 20. Өгөөмөр байх ямар ямар шалтгаан байдаг вэ?

19 Эргэн тойронд маань аминч хүмүүс олон байхлаар дандаа өгөөмөр байх амаргүй. Гэхдээ Есүс хамгийн чухал хоёр тушаалыг бидэнд сануулсан. Нэг нь Еховаг бүх зүрх, амь амьдрал, оюун ухаан, хүчээрээ хайрла, нөгөө нь өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла гэсэн тушаал юм (Марк 12:28–31). Еховад хайртай хүмүүс Еховаг дуурайдгийг энэ өгүүллээр үзлээ. Ехова ч, Есүс ч өгөөмөр сэтгэлтэй. Өгөхийн жаргалыг эдлээсэй гэсэндээ өөрсдийг нь дуурайхыг бидэнд уриалдаг. Бид Бурхны болон бусдын төлөө өгөөмөр сэтгэл гаргахыг хичээдэг бол Бурхнаа алдаршуулж, өөрсдөө жаргаад зогсохгүй хүмүүст тус хүргэнэ.

20 Та хүмүүст, ялангуяа, итгэл нэгтнүүддээ өгөөмөр байх гэж хамаг чадлаараа хичээдэг нь эргэлзээгүй (Гал. 6:10). Хойшид ч энэ л янзаараа байгаарай. Тэгвэл хүмүүс таныг хайрлаж хүндэлнэ, та өөрөө жаргалтай байна. Сургаалт үгс 11:25-д «Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг. Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно» гэж бий. Бид өдөр тутмын амьдралдаа, дэлгэрүүлэх ажилдаа өгөөмөр сэтгэлийг янз бүрээр илэрхийлэх боломжтой. Зарим аргыг дараагийн өгүүллээр авч үзье.

^ д/м 13 Нэрийг өөрчлөв.