Skip to content

Гарчиг руу орох

Еховаг дуурайн халамжтай байя

Еховаг дуурайн халамжтай байя

«Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ!» (ДУУ. 41:1).

ДУУ: 35, 50

1. Бурхны үйлчлэгчид бие биеэ хайрладгаа хэрхэн баталдаг вэ?

ДЭЛХИЙ даяар буй Бурхны үйлчлэгчид бол хайраар нэгдсэн гэр бүлийн гишүүд юм (1 Ёох. 4:16, 21). Тэд ах дүүгийнхээ төлөө хааяа нэг баатарлаг үйлс бүтээдэг ч ихэнхдээ аар саар гэмээр зүйлийг хийж хайртайгаа баталдаг. Жишээ нь үгээ бодож хэлдэг, нэг нэгэндээ тусалдаг. Энэ нь «хайрт хүүхдүүдийнх нь хувьд ... Бурхныг дуурайж» буй хэрэг юм (Эф. 5:1).

2. Есүс, Эцгээ хэрхэн дуурайдаг байсан бэ?

2 Есүс, Эцгээ төгс дуурайдаг байсан. Тэрээр: «Эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн та нар бүгдээрээ над руу ир. Би та нарыг сэргээнэ. ... Учир нь би дөлгөөн, даруу» гэжээ (Мат. 11:28, 29). Бид Есүсийг дуурайн «дорой хүмүүсийг анхааран халамжлагч» болбол тэнгэрийн Эцгээ баярлуулж, өөрсдөө ч жаргалтай байна (Дуу. 41:1). Гэрийнхнээ, хурлынхнаа, хэсгийнхээ хүмүүсийг хэрхэн анхаарч халамжлахыг энэ өгүүллээр ярилцъя.

ГЭРИЙНХНЭЭ ХАЛАМЖИЛ

3. Нөхрүүд эхнэрээ хэрхэн халамжлах хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

3 Нөхрүүд гэрийнхэндээ үлгэр дуурайл болж, тэдэндээ санаа тавих хэрэгтэй (Эф. 5:25; 6:4). Жишээ нь эхнэрээ ойлгож, анхааран халамжилж байхыг Библид бичсэн байдаг (1 Петр 3:7). Хүнийг ойлгох, халамжлах хоёр нягт холбоотой. Ханиа ойлгодог нөхөр хүн ямар байдаг вэ? Дундыг нь дүүргэж, дутууг нь гүйцээх гэж явдаг ханиа өөрөөс нь олон талаар ялгаатайг мэддэг ч дорд үздэггүй (Эх. 2:18). Тийм учраас эхнэрээ хүндэлж, сэтгэл санааг нь ойлгохыг хичээдэг. Канадад амьдардаг нэг эмэгтэй: «Юу бодож байгаагаа хэлэхээр манай нөхөр надад “За боль доо, ийм юм бодоод байхдаа яадаг юм!” гэж хэзээ ч хэлдэггүй. Харин ч намайг маш сайн сонсдог. Үзэл бодлоо өөрчлөхөд минь сайхан сэтгэлээр тусалдаг» гэсэн юм.

4. Эхнэрийнхээ сэтгэлийг ойлгодог нөхрүүд бусад эмэгтэйтэй хэрхэн харьцдаг вэ?

4 Эхнэрийнхээ сэтгэлд сэв суулгахгүйг хичээдэг нөхрүүд өөр эмэгтэйчүүдтэй сээтгэнэдэггүй, тэднийг сонирхож буй мэт сэтгэгдэл төрүүлдэггүй. Бас тийм зорилгоор олон нийтийн сүлжээ ашиглах юм уу интернэт хэрэглэдэггүй (Иов 31:1). Тэд эхнэрээ хайрладгаас гадна Еховаг хайрлаж, бузар мууг үзэн яддаг учраас үнэнч байдаг (Дуулал 19:14; 97:10-ыг уншина).

5. Нөхрөө халамжилдаг эхнэр ямар байдаг вэ?

5 Нөхөр нь Есүс Христ гэдэг Тэргүүнээ дуурайдаг бол «нөхрөө гүнээ хүндэтгэхэд» эхнэрт нь илүү хялбар болно (Эф. 5:22–25, 33). Нөхрөө хүндэтгэдэг эмэгтэй яадаг вэ? Хурлын ажил хийгээд завгүй байхад нь эсвэл бэрхшээл тохиолдсон үед нь сэтгэл санааг нь ойлгож, анхааран халамжилдаг. Британид амьдардаг эрэгтэй: «Намайг ямар нэгэн юманд санаа зовоод байгааг эхнэр минь анзаарахаараа Сургаалт үгс 20:5-д байдаг зарчмыг баримталдаг. Бодлыг минь “гадагш гаргахын” тулд тохиромжтой цагийг хүлээдэг гэсэн үг. Гэхдээ ярих ярихгүй юм байдгийг ойлгодог л доо» гэж ярьжээ.

6. Бусдыг анхаарч халамжлахыг хүүхдэд хэрхэн заах вэ? Энэ нь хүүхдэд ямар ач тустай вэ?

6 Эцэг эх нь бие биеэ хүндэлж, халамжилдаг бол хүүхдэдээ үлгэр дуурайл болно. Үүгээр зогсохгүй бусдыг анхааран халамжилдаг байхыг хүүхдэдээ хэлж сургах үүрэгтэй. Жишээлбэл цуглааны танхимд гүйж болохгүйг хэлж өгдөг. Үдэшлэг уулзалтын үеэр хоол авах болоход ах зах хүнийг авсны дараа аваарай гэж хэлж захидаг. Нөгөөтээгүүр, хурлын гишүүд эцэг эхчүүдэд тус дэм болох хэрэгтэй. Жишээ нь жаахан хүүхэд өөрийнхөө санаачилгаар танд тусалбал, тухайлбал хаалга онгойлгож өгвөл магтаарай. Хүүхэд магтуулахаараа баярлаж, «авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэдгийг мэдэрнэ (Үйлс 20:35).

«НЭГ НЭГЭНДЭЭ САНАА ТАВЬ»

7. Есүс дүлий хүнд хэрхэн санаа тавьсан бэ? Есүсээс юу сурах вэ?

7 Есүсийг Декапол мужид байхад «хүмүүс дүлий, талтираа хэлтэй хүнийг» авчирчээ (Марк 7:31–35). Есүс тэр хүнийг «олноос зайдуу аваачаад» эдгээсэн. Яагаад? Сонсгол муутай хүнийг бодоод түүнд санаа тавьсан байх. Тэгээд хүнгүй газар аваачиж эдгээсэн бололтой. Бид гайхамшиг үйлдэж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ итгэл нэгтнүүдэд маань юу хэрэгтэй, сэтгэл санаа нь ямар байгааг анхаарч санаа тавих ёстой. «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавихыг» элч Паул уриалжээ (Евр. 10:24). Есүс тэр хүний сэтгэлийг ойлгож, санаа тавьсан нь ямар сайхан жишээ вэ!

8, 9. Өндөр настай, хөл гар муутай хүмүүст хэрхэн санаа тавих вэ? (Жишээ хэлнэ үү).

8 Өндөр настай, хөл гар муутай хүмүүст санаа тавиарай. Христийн жинхэнэ дагалдагчид зөвхөн үр өгөөжтэй үйлчилдгээрээ биш, бие биеэ хайрладгаараа онцгой (Ёох. 13:34, 35). Настай, хөл гар муутай итгэл нэгтнүүддээ бид хайртай учраас цуглаанд авч явдаг, хамт дэлгэрүүлдэг. Тэд бусадтай адил их юм хийж чадахгүй нь ойлгомжтой. Тийм хүмүүст туслах нь бидэнд ч амаргүй байдаг. Гэлээ ч бид эрвийх дэрвийхээрээ туслахыг хичээдэг (Мат. 13:23). Тэргэнцэр дээр суудаг Майкл гэрийнхэн болон дэлгэрүүлэх ажлын бүлгийнхэндээ маш их талархаж явдаг ажээ. «Тэдний ачаар би ихэнх цуглаанд сууж, тогтмол дэлгэрүүлж чаддаг. Би нийтэд дэлгэрүүлэх үнэхээр дуртай» гэж тэрээр ярьсан юм.

9 Өндөр настай, хөл гар муутай бетелчин олон бий. Халамжтай ахлагчид энэ үнэнч ах эгч нарын төлөө захиагаар, утсаар дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Алс хязгаар нутгийн хүмүүст захиа бичдэг 86 настай Билл: «Захиа бичих боломж олгосонд их баярладаг» гэсэн. 90 шахам настай Нэнси: «Би захиа бичихийг дугтуй наах төдий гэж боддоггүй. Энэ бол дэлгэрүүлэх ажил. Хүмүүст үнэнийг мэдүүлэх хэрэгтэй!» хэмээн ярив. 1921 онд төрсөн Этэл эгч: «Өвдөхгүй өдөр гэж надад байхгүй. Заримдаа хувцсаа өмсөхөд ч хэцүү байдаг» гэж ярьсан юм. Гэлээ ч тэрээр утсаар дэлгэрүүлэх дуртай бөгөөд хэдэн сайн хүнтэй байнга ярьдаг болжээ. 85 настай Барбара: «Бие тааруу болохоор хэсгээр тогтмол дэлгэрүүлэх хэцүү л дээ. Харин утсаар дэлгэрүүлэхээр олон хүнтэй ярих боломжтой. Баярлалаа, Ехова!» гэлээ. Энэ сайхан ах эгч нар маань жил хүрэхгүй хугацаанд 1 228 цаг дэлгэрүүлж, 6 265 захиа бичиж, 2 000 гаруй хүнтэй утсаар ярьж, 6 315 хэвлэл тараажээ! Ийм их зүтгэл гаргасан тэд Еховаг баярлуулсан нь эргэлзээгүй! (Сур. 27:11).

10. Цуглаанаас их юм мэдэж аваасай гэж хүсэж байгаа бол итгэл нэгтнүүддээ хэрхэн санаа тавих вэ?

10 Цуглааны үеэр бусдад санаа тавиарай. Итгэл нэгтнүүд маань цуглаанаас их юм мэдэж аваасай, ойлгоосой гэж бид хүсдэг. Тэдэндээ хэрхэн санаа тавих вэ? Нэг арга нь хэний ч анхаарлыг сарниулахгүйн тулд цуглаанд цагтаа ирээрэй. Гэнэт ажил гараад хоцрох үе байдаг нь үнэн. Гэхдээ байнга хоцроод байвал ах дүү нарт яаж нөлөөлөхийг, тэдэнд санаа тавихын тулд юугаа өөрчлөх хэрэгтэйгээ бодож үзээрэй. Бас Ехова Есүс хоёрын урилгаар цуглаанд ирснээ бүү мартаарай (Мат. 18:20). Цагтаа ирдэг бол тэднийг хүндэтгэж байгаа хэрэг!

11. Цуглаан дээр даалгавар биелүүлэх хүмүүс яагаад 1 Коринт 14:40-д байдаг зааврыг дагаж мөрдөх ёстой вэ?

11 «Бүх юм зохистой, эмх замбараатай байг» гэсэн зааврыг биелүүлдэг бол ах дүүдээ санаа тавьж буй хэрэг юм (1 Кор. 14:40). Эрчүүд цуглааны үед биелүүлэх даалгавраа цагт нь багтаадаг бол энэ зааврыг дагаж мөрдөж байна гэсэн үг. Ингэвэл дараагийн илтгэгчид төдийгүй хурлынхаа бүх гишүүнд санаа тавьж буй хэрэг болно. Цуглаан дуусах цагийг хэтрүүлбэл юу болохыг бодоод үз дээ. Зарим итгэл нэгтний маань гэр хол. Зарим нь автобуснаас хоцорч магадгүй. Зарим хүнийг Гэрч биш хань нь хүлээж ядаж байгаа.

12. Нөр их хөдөлмөрлөдөг ахлагчдыг яагаад «ихэд хүндлэн хайрлаж явах» хэрэгтэй вэ? ( «Удирдах үүрэгтэй хүмүүсийг “хүндлэн хайрлаж” яваарай» гэсэн хавсралтыг үзээрэй).

12 Ахлагчид хурлын төлөө нөр их хөдөлмөрлөж, дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцдог учраас хайр, хүндэтгэл хүлээх зохистой хүмүүс юм (1 Тесалоник 5:12, 13-ыг уншина). Таны төлөө хичээл зүтгэл гаргадаг ахлагчдад та талархдаг нь лавтай. Тийм бол тэднийг дэмжиж, дуулгавартай байгаарай. «Учир нь тэд та нарыг үргэлж анхаарч байдаг бөгөөд үүнийхээ тайланг Бурханд өгнө» (Евр. 13:7, 17).

ХЭСГИЙНХЭЭ ХҮМҮҮСТ САНАА ТАВЬ

13. Есүсээс юу сурах вэ?

13 Зөнч Исаиа Есүсийн талаар зөгнөхдөө «Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй, мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй» гэжээ (Ис. 42:3). Есүс хүмүүст хайртай учраас өрөвддөг байв. «Бяцлагдсан хулс», «асаж ядан буй зул» шиг сул дорой хүмүүсийн сэтгэлийг ойлгож, энэрэнгүй, тэвчээртэй ханддаг байсан. Хүүхдүүд хүртэл Есүстэй хамт байх дуртай байжээ (Марк 10:14). Бид хүмүүсийг Есүс шиг сайн ойлгож, тэдэнд Есүс шиг сайн зааж чадахгүй нь мэдээж! Гэхдээ хэсгийнхээ хүмүүсийн хүсэл сонирхлыг харгалзан үзээд яаж, хэзээ, хэр удаан ярихаа бодох хэрэгтэй.

14. Хүмүүстэй яаж ярихаа бодох нь яагаад чухал бэ?

14 Хүмүүстэй яаж ярих вэ? Худалдаа арилжаа, улс төр, шашны удирдагчдын шударга бус үйл ажиллагаанаас болж сая сая хүн «хоньчингүй хонь турж эцдэгийн адил зовж зүдэрч» байна (Мат. 9:36). Иймээс тэд хэнд ч, юунд ч итгэж найдахаа больжээ. Тэднийг өрөвдөж, санаа тавих нь маш чухал! Үгээ зөв сонгож, аядуухан ярих хэрэгтэй. Бид Библид үндэслээд сайн тайлбарладаг учраас биш, харин чин сэтгэлээсээ санаа тавьж, хүндэтгэлтэй харьцдаг учраас дуулгадаг мэдээг маань олон хүн хүлээж авдаг.

15. Хэсгийнхээ хүмүүст хэрхэн санаа тавьж болох вэ?

15 Хэсгийнхээ хүмүүст санаа тавих олон арга бий. Жишээлбэл асуулт асуух нь нэг сайн арга юм. Гэхдээ эелдэг, хүндэтгэлтэй асуух хэрэгтэй. Нэг эхлэгчийн дэлгэрүүлдэг хэсгийн хүмүүс их дуугүй, ичимхий ажээ. Тийм учраас эвгүй байдалд оруулж болзошгүй асуулт асуухаас зайлсхийж сурчээ. Жишээ нь: «Та Бурхны нэрийг мэдэх үү?» эсвэл «Бурхны Хаант төр гэж юу болохыг та мэдэх үү?» гэх мэтээр асуувал хүмүүс зөв хариулж чаддаггүй эсвэл мэддэггүй. Харин «Бурхан нэртэй гэдгийг би Библиэс мэдсэн. Танд үзүүлэх үү?» гэх мэтээр асуудаг байна. Мэдээж хүн болгон ялгаатай, соёл болгон өөр учраас заавал ингэх ёстой гэсэн үг биш. Гэхдээ бид хэсгийнхээ хүмүүсийг дандаа анхааран халамжилж, хүндэтгэх ёстой. Үүний тулд тэднийг сайн мэддэг болох хэрэгтэй.

16, 17. Хэрэв бид хүмүүст санаа тавьдаг бол а) гэрт нь хэзээ очиж уулзах вэ? б) хэр удаан ярилцах вэ?

16 Хэзээ очих вэ? Айлаар дэлгэрүүлж яваа биднийг урилгагүй зочидтой адилтгаж болно. Тийм учраас ярилцахад тохиромжтой үеийг сонгож очих нь маш чухал! (Мат. 7:12). Жишээ нь танай хэсгийн хүмүүс амралтын өдөр оройхон босдог уу? Тийм бол эхлээд гудамжаар юм уу нийтэд дэлгэрүүлээрэй. Эсвэл давтан уулзалт хийгээрэй. Дараа нь айлаар явбал хүмүүс боссон байх биз ээ.

17 Хэр удаан ярих вэ? Хүмүүс завгүй болсон учраас ялангуяа анх уулзахдаа тэгтлээ их ярих шаардлагагүй. Яриагаа хурдан дуусгаад явах нь зүйтэй (1 Кор. 9:20–23). Завгүй байгааг нь ойлгох хэрэгтэй. Ингэвэл тэд дараа дуртайяа ярилцаж болох юм. Бид дэлгэрүүлэхдээ Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлэх учиртай. Ингэвэл жинхэнэ утгаар «Бурхны хамтран зүтгэгчид» болно. Улмаар Ехова биднээр дамжуулж тухайн хүнд үнэнийг заана (1 Кор. 3:6, 7, 9).

18. Бусдыг анхаарч халамжилдаг бол ямар ивээл хүртэх вэ?

18 Тиймд гэр бүлийнхэн, хурлынхан, хэсгийнхээ хүмүүст санаа тавьж, анхааран халамжлахын тулд чадах бүхнээ хийцгээе. Тэгвэл одоо ч, ирээдүйд ч янз бүрийн ивээл хүртэнэ. Дуулал 41:1, 2-т «Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ! Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна. ... Тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно» гэж байдаг.