Skip to content

Гарчиг руу орох

«Жаргалтай Бурханд» үйлчилдэг хүн жаргалтай

«Жаргалтай Бурханд» үйлчилдэг хүн жаргалтай

«ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!» (ДУУ. 144:15).

ДУУ: 38, 21

1. Еховагийн Гэрчүүд яагаад жаргалтай байдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮД үнэхээр жаргалтай хүмүүс. Тэд цуглаан, чуулган, үдэшлэг гээд хаана ч цугласан яриа хөөрөө болж, инээж баясаж явдаг. Яагаад тийм жаргалтай байдаг вэ? Гол нь, «жаргалтай Бурхан» Еховаг таньж мэдээд, бишрэн шүтэж, дуурайхыг хичээдэг (1 Тим. 1:11; Дуу. 16:11). Ехова аз жаргалын Эх булаг учир үйлчлэгчдээ жаргалтай байгаасай гэж хүсдэг. Жаргалтай байх шалтгаан олон (Д.хууль 12:7; Ном. 3:12, 13).

2, 3. а) Жаргалтай хүн ямар байдаг вэ? б) Хүн юунаас болоод баяр хөөргүй болдог вэ?

2 Тэгвэл та ямар хүн бэ? Таныг жаргалтай хүн гэж хэлэх үү? Жаргалтай хүний сэтгэл санаа харьцангуй тогтвортой, амьдралдаа сэтгэл хангалуун, үнэн голоосоо баяр хөөртэй байдаг. Библид бичсэнээр, Ехова Бурхантай сайн харьцаатай хүн л жинхэнэ жаргалыг эдэлдэг. Харамсалтай нь өнөөгийн ертөнцөд жаргалтай байх амаргүй. Яагаад?

3 Хайртай хүн нь нас барах, хурлаас хасагдах эсвэл гэр бүл салах, ажилгүй болоход баярладаг хүн байхгүй биз дээ? Гэртээ байнга хэрүүл уруултай, ажлынхан, ангийнхандаа шоолуулдаг, Еховад үйлчилдгээсээ болоод хавчигддаг эсвэл шоронд орсон бол баярлахгүй нь ойлгомжтой. Бие муудах, архаг өвчинд баригдах, сэтгэлийн гүн хямралд орох зэргээс болж баяр баясгалангүй болдог. Гэхдээ «жаргалтай, цорын ганц хүчирхэг Захирагч» Есүс Христ хүмүүсийг тайтгаруулж, баяр баясгалан бэлэглэх дуртай байсныг саная (1 Тим. 6:15; Мат. 11:28–30). Тэрээр уулан дээр сургаал айлдахдаа жаргалтай байхад хэрэг болох зан чанаруудыг дурджээ. Тиймд бид Сатаны энэ ертөнцөд зовлон эдэлдэг ч жаргалтай байх боломжтой.

БУРХАНТАЙ ДОТНО ХҮН ЖАРГАЛТАЙ

4, 5. Үргэлж жаргалтай байя гэвэл яах хэрэгтэй вэ?

4 Есүс маш чухал нэг зүйлийг хамгийн эхэнд хэлсэн. «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай. Учир нь тэнгэрийн Хаант төр тийм хүнийх» гэжээ (Мат. 5:3). Хэрэв бид Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг бол Библиэ судалж, Бурхны хууль тушаалыг сахин биелүүлж, шүтлэгийн асуудлыг эн тэргүүнд тавина. Ингэвэл илүү жаргалтай болж, Бурхны амлалт биелнэ гэдэгт улам бүр итгэнэ. Бэрхшээл тулгарсан үед Библид бичсэн «гайхамшигт найдварыг» санавал урамшин зоригжино (Тит 2:13).

5 Амьдралд юу ч тохиолдсон жаргалтай байя гэвэл Еховатай улам дотносох хэрэгтэй. Элч Паул: «Эзэнд [Еховад] үйлчилдэгтээ үргэлж баярла. Дахин хэлье. Баярлацгаа!» хэмээн бичжээ (Флп. 4:4). Бурхныг дуурайн мэргэн ухаантай болохгүй л бол Бурхантай дотносох боломжгүй. «Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй» гэж Библид бичжээ (Сур. 3:13, 18).

6. Үргэлж жаргалтай байя гэвэл өөр яах хэрэгтэй вэ?

6 Гэхдээ Библиэс мэдэж авснаа хэрэгжүүлэхгүй бол үргэлж жаргалтай байх боломжгүй. Мэдлэгээ ажил хэрэг болгох нь Бурхантай дотносож, үүрд жаргалтай байх гол түлхүүр юм гэдгийг Есүсийн хэлсэн дараах үгнээс ойлгож болно. «Та нар эдгээрийг мэдээд зогсохгүй үйлддэг бол жаргалтай байна» (Ёох. 13:17; Яаков 1:25-ыг уншина). Гэхдээ аз жаргалыг маань үгүй хийх зүйл хаа сайгүй байхад яаж жаргалтай байх вэ? Есүс уулан дээр сургаал айлдахдаа цааш нь юу гэж хэлснийг үзье.

ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗАН ЧАНАР

7. Шаналж зовдог хүн яагаад жаргалтай байдаг вэ?

7 «Шаналж зовдог хүн жаргалтай. Учир нь тийм хүнийг тайвшруулна» (Мат. 5:4). «Шаналж зовдог хүн яахлаараа жаргалтай байдаг юм бэ?» гэж зарим хүн гайхах байх. Есүс шаналж зовдог бүх хүнийг хэлээгүй. Хорон муу хүмүүс ч «эцсийн өдрүүдийн» шинж тэмдэг болсон зовлон зүдүүрээс ангид байдаггүй (2 Тим. 3:1). Гэхдээ тэд амин хувиа л боддог учраас Еховатай дотносож чаддаггүй, жаргадаг ч үгүй. Тэгвэл Есүс хэний тухай ярьсан бэ? Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүмүүсийн тухай ярьжээ. Чин сэтгэлтэй тэр хүмүүс яагаад шаналж зовдог вэ? Бурхныг үл тоомсорлодог, хууль тушаалыг нь дагадаггүй хүн олон байгаа учраас, өөрөө нүгэлтэй учраас, мөн дэлхий ертөнцөд болж буй муу муухай бүхнээс болоод зовж шаналдаг. Ехова тэднийг ажиглаж байдаг бөгөөд Үгээрээ тайтгаруулж, аз жаргал бэлэглэдэг (Езекиел 5:11; 9:4-ийг уншина).

8. Номхон дөлгөөн хүн хэрхэн жаргалтай амьдардаг вэ?

8 «Номхон дөлгөөн хүн жаргалтай. Учир нь тийм хүн дэлхийг өвлөн авна» (Мат. 5:5). Номхон дөлгөөн болбол хэрхэн жаргалтай амьдрах вэ? Бурхны тухай үнэн зөв мэдлэгтэй болохоороо хүн өөрчлөгддөг. Урьд нь танхай, хэрүүлч, ууртай байсан байж болох юм. Харин одоо «шинэ хүнийг өмсөж» өрөвч, сайхан сэтгэлтэй, даруу, дөлгөөн зантай, тэвчээртэй болжээ (Кол. 3:9–12). Үүний үр дүнд амар тайван, хайр халамжтай, аз жаргалтай болсон. Бурхны Үгэнд байдаг амлалт ёсоор, тэд «газар нутгийг өвлөх болно» (Дуу. 37:8–10, 29).

9. а) Номхон дөлгөөн хүн «дэлхийг өвлөн авна» гэдэг нь ямар утгатай вэ? б) «Шударга ёсны төлөө өлсөж, цангадаг» хүмүүс яагаад жаргалтай вэ?

9 Номхон дөлгөөн хүн «дэлхийг өвлөн авна» гэдэг нь юу гэсэн үг вэ? Тослогдогсод тэнгэрт гараад хаад, тахилчид болно. Энэ нь дэлхийг өвлөн авч буй хэрэг юм (Илч. 20:6). Харин тэнгэрт амьдрах найдваргүй сая сая хүний тухайд бол дэлхийг өвлөн авах гэдэг нь төгс болж, дэлхий дээр үүрд амар тайван, аз жаргалтай амьдрахыг хэлнэ. Тэд «шударга ёсны төлөө өлсөж, цангадаг» учраас жаргалтай байдаг (Мат. 5:6). Шинэ ертөнцөд тэдний цангаа тайлагдаж, сэтгэл нь цадна (2 Петр 3:13). Бурхан муу муухай бүхнийг устгахад зөв шударга хүмүүс аз жаргалаар бялхана. Муу санаатнуудын бузар хэргээс болж дахин хэзээ ч гашуудахгүй (Дуу. 37:17).

10. Өршөөнгүй байх гэж яахыг хэлдэг вэ?

10 «Өршөөнгүй хүн жаргалтай. Учир нь тийм хүнийг өршөөнө» (Мат. 5:7). Өршөөнгүй байх гэдэг нь халуун сэтгэл гаргах, уян зөөлөн байх, өрөвдөх буюу хүний зовлонг ойлгох гэсэн утгатай. Гэхдээ Библиэс үзвэл өршөөнгүй байх гэдэг нь өрөвдөх сэтгэл төрөөд зогсохгүй, тэр сэтгэлдээ хөтлөгдөн бусдад туслахыг хэлнэ.

11. Сайхан сэтгэлтэй самари хүнээс юу сурч болох вэ?

11 Лук 10:30–37-г уншина. Өршөөнгүй байна гэж юу гэсэн үг болохыг Есүсийн ярьсан, сайхан сэтгэлтэй самари хүний тухай ёгт үлгэр тод томруун харуулдаг. Самари хүн дээрэмчдэд зодуулсан хүнийг үнэн голоосоо өрөвдөж, зовлонг нь нимгэлэхийн тулд сайн үйлс бүтээсэн. Есүс үлгэрээ ярьж дуусгаад «Явж тийнхүү үйлд» гэжээ. Тэгэхээр бид өөрсдөөсөө «Би сайн үйлс бүтээсэн самари хүнтэй адил уу? Зовж зүдэрсэн хүнийг өрөвдөн энэрдэг үү? Тийм хүнд хэрхэн туслах вэ? Жишээ нь өндөр настай, бэлэвсэн эсвэл бэлгэдлийн утгаар өнчин итгэл нэгтнүүддээ бодит тусламж үзүүлдэг үү? Санаачилга гаргаад “гутарсан хүмүүсийг тайвшруулдаг” уу?» гэж асуух хэрэгтэй (1 Тес. 5:14; Яак. 1:27).

Санаачилга гарган бусдад тусалбал аз жаргалаар бялхана (12-р догол мөрийг үзээрэй)

12. Бусдыг өршөөж энэрдэг хүн яагаад жаргалтай байдаг вэ?

12 Өршөөнгүй байвал яагаад жаргалтай болдог вэ? Бид бусдад өршөөнгүй сэтгэл гаргавал өгч байна гэсэн үг. Өгдөг хүн жаргалтай гэж Есүс хэлсэн. Түүнээс гадна өршөөнгүй байвал Ехова баярлана гэдгийг мэддэг учраас жаргалтай байдаг (Үйлс 20:35; Еврей 13:16-г уншина). Халамжтай хүний талаар Давид хаан: «ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөд тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно» гэж бичжээ (Дуу. 41:1, 2). Хэрэв бид бусдыг өрөвдөн энэрдэг бол Еховагийн өршөөл энэрлийг хүртэж, үүрд жаргалтай амьдарна (Яак. 2:13).

«ЦАГААН ЦАЙЛГАН СЭТГЭЛТЭЙ ХҮН ЖАРГАЛТАЙ»

13, 14. Цагаан цайлган сэтгэлтэй хүн яагаад жаргалтай вэ?

13 «Цагаан цайлган сэтгэлтэй хүн жаргалтай. Учир нь тийм хүн Бурхныг харна» гэж Есүс хэлсэн (Мат. 5:8). Цагаан цайлган сэтгэлтэй байя гэвэл зүрх сэтгэлээ ариусгаж, цэвэр ариун юмыг бодох, хүсэх ёстой. Ехова Бурхныхаа таалалд нийцүүлье гэвэл энэ нь маш чухал (2 Коринт 4:2-ыг уншина; 1 Тим. 1:5).

14 Цагаан цайлган сэтгэлтэй хүн Еховатай сайн харьцаатай байдаг. «Хувцсаа угаадаг хүн жаргалтай» гэж Ехова айлдсан билээ (Илч. 22:14). Энэ нь юу гэсэн үг вэ? Христийн тослогдсон дагалдагчид «хувцсаа угаадаг» гэдэг нь Ехова тэднийг цэвэр ариун гэж үздэг гэсэн үг. Тэд хэзээ ч үхэхгүйгээр тэнгэрт мөнх амьдарч, үүрдийн жаргал эдэлнэ. Дэлхийд амьдрах найдвартай үй олон хүнийг Бурхан мөн л зөв шударга гэж үзэн анд нөхдөө болгосон. Тэд одоо ч «Хурганы цусаар хувцсаа угааж, цагаан болгож» байна (Илч. 7:9, 13, 14).

15, 16. Цайлган сэтгэлтэй хүн Бурхныг яаж хардаг вэ?

15 Тэгвэл цайлган сэтгэлтэй хүн Бурхныг яаж хардаг вэ? Бурхныг «хараад, амьд байж чадах хүн байхгүй» биз дээ? (Ег. 33:20). «Харах» гэж орчуулсан грек үг нь «төсөөлөх, ойлгох, мэдэх» гэсэн утгатай. Тэгэхээр Бурхныг «зүрхний мэлмийгээр» хардаг гэдэг нь Бурхныг сайн таньж мэдэн, зан чанарыг нь үнэлж эрхэмлэдэг гэсэн үг (Эф. 1:18, зүүлт). Есүс Еховагийн зан чанарыг төгс тусган харуулдаг байсан учраас «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэжээ (Ёох. 14:7–9).

16 Бурхны зан чанарыг мэдэж авахаас гадна яаж тусалдгийг нь өөрөө үзвэл «Бурхныг хардаг» гэсэн үг (Иов 42:5). Бас үргэлж үнэнч, цэвэр ариун байдаг үйлчлэгчдэдээ амласан Еховагийн ивээлийг байнга анхаардаг. Тослогдогсод амилж, тэнгэрт амьдрах шагналаа авахлаараа Еховаг «яг байгаагаар нь харна» (1 Ёох. 3:2).

ЗОВДОГ Ч ЖАРГАЛТАЙ

17. Эв эеийг сахидаг хүн яагаад жаргалтай байдаг вэ?

17 Есүс дараа нь «Эв эеийг сахидаг хүн жаргалтай» гэж хэлсэн (Мат. 5:9). Эвлэрэхийн тулд санаачилга гаргах хэрэгтэй. Тэгдэг бол жаргалтай байна. Шавь Яаков: «Эв эеийг эрхэмлэгчдийн ачаар амар тайван ноёлдог бөгөөд энэ нь тэдний сайн үйлсийн үр дүн юм» хэмээн бичжээ (Яак. 3:18). Хурлынхантайгаа эсвэл гэрийнхэнтэйгээ эв түнжингүй байвал эвлэрэхэд туслахыг Бурхнаас гуйх хэрэгтэй. Тэгвэл Ехова танд агуу хүчээ өгч, Христийн дагалдагч хүнд байвал зохих зан чанарыг илэрхийлэхэд тусална. Та ч жаргалтай болно. Эвлэрэхийн тулд санаачилгатай байх хэрэгтэйг Есүс онцолж «Тахилын ширээн дээр өргөл өргөх гэж байхдаа өөрт чинь гомдсон ах дүүгээ санавал өргөлөө тахилын ширээний өмнө орхиод яв. Эхлээд тэр хүнтэйгээ эвлэр. Дараа нь ирж өргөлөө өргө» гэжээ (Мат. 5:23, 24).

18, 19. Христийн дагалдагчид хавчигддаг ч жаргалтай байдгийн учир юу вэ?

18 «Намайг дагадгаас болж хүмүүс та нарыг доромжилж, хавчиж, элдвээр гүтгэхэд та нар жаргалтай». Есүсийн хэлсэн энэ үг ямар утгатай вэ? Тэрээр цааш нь «Тэнгэрт гараад агуу шагнал хүртэх учир баярлагтун, ихэд баярлагтун. Учир нь та нараас өмнөх зөнчид бас тийнхүү хавчигдаж байсан» гэжээ (Мат. 5:11, 12). Элчүүдийг зодож, дэлгэрүүлэхээ боль гэхэд нь тэд «баяр хөөр болсоор Иудейн дээд шүүхээс гарч» явдаг. Зодуулсандаа баярлаагүй нь мэдээж. Харин «Есүсийн нэрнээс болж зовох зохистой хүн гэж тооцогдсондоо» баярлажээ (Үйлс 5:41).

19 Еховагийн орчин үеийн үйлчлэгчид Есүсийн нэрнээс болж хавчигдсан ч баяр хөөртэй байдаг (Яаков 1:2–4-ийг уншина). Зовлон эдэлж, хавчигдаж байгаадаа баярлахгүй нь мэдээж. Гэхдээ сорилтын үед үнэнч байвал Ехова биднийг зоригтой, тэвчээртэй болгодог. Хенрик Дорник болон түүний дүүгийн тухай ярилцъя. Эрх баригчид тэднийг 1944 оны 8 дугаар сард хорих лагерьт хорьжээ. «Тэднийг яаж ч зовоогоод нэмэргүй. Тарчлаах тусам баяр хөөртэй болдог» гэж эсэргүүцэгчид ярьжээ. Дорник: «Хэдийгээр би тарчлахыг хүсээгүй ч Еховадаа үнэнч байхын тулд зориг гарган зовлонг тэвчсэндээ баярласан. ... Шаргуу залбирч байсан болохоор Еховатай улам дотноссон. Ехова ч найдвартай Туслагч гэдгээ баталсан» хэмээн ярьсан юм.

20. Бид яагаад жаргалтай байдаг вэ?

20 Бид «жаргалтай Бурхан» Еховагийнхаа таалалд нийцүүлдэг учраас хавчигдсан ч, гэр бүлийнхэн маань эсэргүүцсэн ч, өвдсөн ч, хөгшрөхийн зовлон үзсэн ч жаргалтай байдаг (1 Тим. 1:11). Бас «худал хэлдэггүй» Бурхан маань гайхалтай амлалтуудаа биелүүлнэ гэдэгт итгэдэг учраас жаргалтай байдаг (Тит 1:2). Еховагийн амлалт биелэх тэр цагт бид одоогийнхоо зовлонг ор тас мартана. Үнэндээ диваажингийн амьдрал ямар байхыг, бид хэр их жаргалтай болохоо төсөөлж ч чадахгүй! Хүн бүр «элбэг амар амгалангаар баярлах» нь гарцаагүй (Дуу. 37:11).