Skip to content

Гарчиг руу орох

Итгэл нэгтнээ хайрлан зоригжуулъя

Итгэл нэгтнээ хайрлан зоригжуулъя

«Бие биеийнхээ урам зоригийг бадрааж, Бурхантай дотносоход нь тусалж байгаа шигээ цаашдаа ч тийм байгаарай» (1 ТЕС. 5:11).

ДУУ: 25, 52

1. Есүс шавь нартайгаа хамт өнгөрүүлсэн сүүлчийн үдэш ямар чухал сэдвээр ярьсан бэ?

ЕСҮС сүүлчийн үдшийг шавь нартайгаа хамт өнгөрүүлэхдээ хайрын талаар 30 орчим удаа дурджээ. Шавь нар нь «бие биеэ хайрлах» ёстойг тэрээр онцлон тэмдэглэсэн (Ёох. 15:12, 17). Бие биеэ хайрлах хайраараа Христийн жинхэнэ дагалдагчид гэж танигдах ёстой ажээ (Ёох. 13:34, 35). Христийн жинхэнэ дагалдагчид зөвхөн сэтгэл хөдлөлдөө автсан үедээ хайрлах биш, харин хэзээ ямагт амин хувиа бодохгүйгээр бусдыгаа хайрлах ёстой. Есүс: «Нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс илүү агуу хайр байхгүй. Тушаасныг минь биелүүлдэг бол та нар анд нөхөд минь байх юм» гэжээ (Ёох. 15:13, 14).

2. а) Бурхны орчин үеийн үйлчлэгчид юугаараа онцгой вэ? б) Энэ өгүүллээр ямар асуултыг ярилцах вэ?

2 Еховагийн үйлчлэгчид бие биеэ жинхэнэ ёсоор хайрлаж, эв нэгдэлтэй байдгаараа онцгой (1 Ёох. 3:10, 11). Бид яс үндэс, овог аймаг, хэл соёл, зэрэг зиндаагаараа ялгаатай ч бие биеэ жинхэнэ ёсоор хайрладаг. Өнөө үед хайр яагаад тийм чухал юм бэ? Ехова Есүс хоёр биднийг хэрхэн зоригжуулдаг вэ? Итгэл нэгтнээ тайвшруулж, зоригжуулахдаа жинхэнэ хайрыг хэрхэн илэрхийлэх вэ? (1 Кор. 8:1).

ӨНӨӨ ҮЕД ХАЙР ЯАГААД ТИЙМ ЧУХАЛ ЮМ БЭ?

3. «Хэцүү цагт» амьдарч байгаагаас болоод хүмүүс яадаг вэ?

3 «Зүдгүүр, уй гашуугаар» дүүрэн өнөөгийн хэцүү цагт хүмүүс янз бүрийн зовлон эдэлдэг (Дуу. 90:10; 2 Тим. 3:1–5). Өчнөөн олон хүн зовлонгийн өмнө өвдөг сөхөрч байна. Жишээ нь жил бүр 800 000 гаруй хүн амиа хорлодог гэсэн тооцоо бий. Энэ нь 40 секунд тутамд 1 хүн нас бардаг гэсэн үг. Тэр байтугай зарим Гэрч сэтгэл санааны дарамтаас болоод амиа егүүтгэсэн харамсалтай явдал гарсан.

4. Амьд явах хүсэлгүй болсон Библийн баатруудыг дурдана уу.

4 Библи бичигдэж байх үед Бурхны зарим үнэнч үйлчлэгч зовлон бэрхшээлээс болоод амьдрах хүсэлгүй болжээ. Жишээ нь зовлонд баригдсан Иов энэлэн шаналж, амьд явахыг үл хүсэн «Би өөрийн амьдралаа үзэн яддаг» гэж халаглажээ (Иов 10:1; 14:13). Иона даалгавраа биелүүлсэн ч сэтгэлээр унасан тул «Одоо ЭЗЭН, надаас миний амийг аваач. Учир нь надад амьд явснаас үхсэн нь дээр» гэж хэлсэн (Иона 4:3). Нэг удаа зөнч Елиа ихэд гутарсандаа «Одоо хангалттай. ЭЗЭН минь, ... миний амийг аваач» гэжээ (Х.дээд 19:4). Гэхдээ Ехова тэр үнэнч үйлчлэгчдэдээ хайртай байсан бөгөөд амьд байлгахыг хүссэн. Тэднийг буруутгаагүй. Харин ч хайрлаж, амьд явах хүсэлтэй болоход нь тусалсан. Тийм учраас тэд насан туршдаа үнэнч үйлчилжээ.

5. Бид итгэл нэгтнүүдээ яагаад одоо л хайрлах хэрэгтэй вэ?

5 Итгэл нэгтнүүдэд маань хүнд бэрхшээл тохиолддог. Тиймээс бид тэднийгээ одоо л хайрлах хэрэгтэй. Зарим хүн хавчигддаг, олны элэг доог болдог. Зарим хүнийг ажлынхан нь ил далд шүүмжилдэг. Илүү цагаар эсвэл шахуу хуваариар ажилладгаасаа болоод ядарч туйлддаг хүн ч бий. Эсвэл гэр бүлийн асуудал, тухайлбал итгэгч бус хань нь байнга шүүмжилдгийн улмаас тамир тэнхээ нь барагддаг. Иймэрхүү дарамт шахалтад байдаг учраас олон ах дүү маань бие махбод, сэтгэл санаагаараа тамирдаж гүйцдэг. Тууштай байхад нь хэн туслах вэ?

ЕХОВА БИДНИЙГ ХАЙРЛАЖ, ЗОРИГЖУУЛДАГ

6. Ехова үйлчлэгчдээ хэрхэн зоригжуулдаг вэ?

6 Ехова үйлчлэгчдээ мөнхөд хайрлахаа амласан. «Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй бөгөөд Би чамд хайртай. ... Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна» хэмээн Еховагийн хэлэхийг үнэнч израйлчууд сонсоод хэчнээн их урамшсан бол оо! (Ис. 43:4, 5). Ехова үйлчлэгч нэг бүрээ эрхэмд үзэж хайрладаг. Бурхны Үгэнд цэвэр шүтлэгийг эрхэмлэдэг хүмүүст өгсөн амлалт байдаг. «Аврагч дайчин, та нарын дунд байна. Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана» гэжээ (Зеф. 3:16, 17).

7. Еховагийн хайрыг яагаад эхийн хайртай зүйрлэж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

7 Үйлчлэгчдэд нь юу ч тохиолдсон Ехова тусалж дэмжин, тайвшруулахаа амлажээ. Тэрээр: «Та нарыг тэжээж, гар дээрээ өргөн, өвдөг дээрээ энхрийлнэ. Эх нь хүүгээ тайвшруулдаг шиг Би та нарыг тайвшруулна» хэмээсэн байдаг (Ис. 66:12, 13). Нялх үрээ элгэндээ тэвэрсэн эсвэл өвөр дээрээ суулгасан халамжтай ээжийг төсөөл дөө. Ехова өөрийнхөө үйлчлэгчдийг ямар их хайрлаж энхрийлдгээ ойлгуулахын тулд сэтгэл хөдөлгөм ийм жишээ татжээ. Ехова таныг эрхэмд үзэн, хайрладгийг хэзээд санаж яваарай (Иер. 31:3).

8, 9. Есүс бидэнд хэчнээн их хайртайг санах нь ямар ач тустай вэ?

8 Христийн жинхэнэ дагалдагчид Бурхны хайранд татагддаг өөр нэг шалтгаан бий. Ехова «хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» (Ёох. 3:16). Есүс бас биднийг үнэхээр хайрласан учраас амиа зориулсан! Ийм агуу хайрыг нь хайраар хариулах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг! «Христ биднийг хайрлахад» «гамшиг, зовлон» ч саад болж чадахгүй гэж Бурхны Үгэнд бичжээ (Ром 8:35, 38, 39).

9 Баяр хөөрийг үгүй хийдэг, бие сэтгэлийг зовоодог сорилт бидэнд заримдаа тулгардаг. Гэхдээ Христ биднийг хэчнээн их хайрладгийг санавал тийм сорилтыг тэвчих хүчтэй болно (2 Коринт 5:14, 15-ыг уншина). Бас амьд явъя, Еховад үйлчилье гэсэн хүсэл оргилно. Гамшигт нэрвэгдсэн ч, хавчлагад өртсөн ч, сэтгэлээр унасан ч, янз бүрийн юманд санаа зовсон ч бууж өгөхгүй.

БИД ИТГЭЛ НЭГТНЭЭ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ

Есүсийг дуурайвал бусдад тусална (10, 11-р догол мөрийг үзээрэй)

10, 11. Гутарсан нэгнээ тайвшруулах нь хэний үүрэг вэ? Тайлбарлана уу.

10 Хурлынхан маань биднийг зоригжуулдаг нь Еховагийн хайрын илрэл юм. Еховагийн хайрыг хайраар хэрхэн хариулах вэ? Итгэл нэгтнүүдээ хайрлаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, Бурхантай дотносоход нь туслах хэрэгтэй (1 Ёох. 4:19–21). Элч Паул: «Бие биеийнхээ урам зоригийг бадрааж, Бурхантай дотносоход нь тусалж байгаа шигээ цаашдаа ч тийм байгаарай» хэмээн уриалжээ (1 Тес. 5:11). Тэгэхээр, зөвхөн ахлагчид төдийгүй хурлын бүх гишүүн Ехова Есүс хоёрыг дуурайн ах дүүгээ урамшуулан зоригжуулах боломжтой (Ром 15:1, 2-ыг уншина).

11 Сэтгэл санааны гүн хямралтай хүн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай (Лук 5:31). Ахлагчид болон хурлын гишүүд сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн биш ч сэтгэлийн хямралтай нэгэндээ туслах үүрэгтэй. Яаж? «Гутарсан хүмүүсийг тайвшруулж, сул дорой хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэй хандах» учиртай (1 Тес. 5:14). Тэгэхээр бид гутарсан нэгэндээ тэвчээртэй хандаж, өрөвдөн хайрлах хэрэгтэй. Сэтгэлийг нь засах үг хэлж тайвшруулах нь зүйтэй. Та бусдыг тайвшруулж, урамшуулдаг уу? Юу хийхээ мэдэж авбал сэтгэл нь хямарсан нэгэндээ тусалж чадна.

12. Хайр халамжтай хурлынхныхаа ачаар урам зоригтой яваа хүний жишээг хэлнэ үү.

12 Европт амьдардаг Гэрч эмэгтэй: «Заримдаа амиа хорломоор санагддаг. Гэхдээ ийм үед намайг тайвшруулж, тус дэм болдог хүн олон байдаг. Манай хурлынхан амийг минь аварсан. Итгэл нэгтнүүд маань намайг урамшуулан зоригжуулж, хайрлан халамжилдаг. Сэтгэл гутрах өвчтэйг маань манай хурлын ихэнх хүн мэдэхгүй ч бүгд л тусалдаг. Надад санаа тавьдаг гэр бүлийн хоёрыг би аав ээж шигээ л санадаг. Бараг л 24 цаг надтай хамт байдаг даа» гэж ярьсан юм. Хүн болгон энэ хурлынхан шиг тусалж чадахгүй л байх. Гэхдээ бүгдээрээ санаа тавьдаг бол сэтгэл санаа нь хямарсан нэгэндээ ихээхэн тус дэм болно.

ИТГЭЛ НЭГТНЭЭ ХЭРХЭН ЗОРИГЖУУЛАХ ВЭ?

13. Итгэл нэгтнээ тайвшруулахын тулд яах хэрэгтэй вэ?

13 Сайн сонсоорой (Яак. 1:19). Сэтгэлээр унасан хүнийг өрөвдөж, яриаг нь анхааралтай сонсох нь хайраа илэрхийлж буй хэрэг юм. Тэр хүний оронд өөрийгөө тавиарай. Ямаршуу байгааг нь ойлгохын тулд ая эвийг нь олоод асуулт асуугаарай. Үнэхээр санаа тавьж байгааг тань анзаарвал тэр хүн өөрийнхөө тухай ярьж магадгүй. Нөгөө талаар, бүх юмаа нэгд нэгэнгүй ярьдаг хүн бас байдаг. Тийм итгэл нэгтнийхээ яриаг таслалгүй тэвчээртэй сонсоорой. Тэгвэл ямар байгааг нь илүү сайн ойлгоно. Тэр хүн ч танд итгэж, хэлэх үгийг тань сайн сонсох нь лавтай. Чин сэтгэлээсээ санаа тавьж байгаагаа мэдүүлбэл зовж шаналж буй итгэл нэгтнүүд тань тайвшрах биз ээ.

14. Яагаад шүүмжлэхээс зайлсхийх хэрэгтэй вэ?

14 Бүү шүүмжлээрэй. Сэтгэл санаа нь хямарсан хүнийг шүүмжилбэл зовлонг нь нимгэлэх гэсэн оролдлого маань талаар болно. «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» (Сур. 12:18). Бид шаналсан нэгнээ гомдоох гэж сэтгэл шархлуулам үгийг зориуд хэлэхгүй нь мэдээж. Гэхдээ бодлогогүй яривал тус биш ус болно. Итгэл нэгт ах дүүгийнхээ сэтгэлийг тайтгаруулъя гэвэл ямар байгааг нь ойлгохыг хичээж, надад ийм зовлон тохиолдсон бол яах байсан бол гэж бодож үзэх хэрэгтэй (Мат. 7:12).

15. Итгэл нэгтнээ тайвшруулъя гэвэл ямар хэвлэл ашиглаж болох вэ?

15 Бурхны Үгээр тайвшруулаарай (Ром 15:4, 5-ыг уншина). Ариун Судрыг сэтгэл тайвшруулам үгсээр дүүрэн эрдэнэсийн авдартай зүйрлэж болно. Яагаад гэвэл «тэвчээртэй байхад тань тусалдаг, тайвшруулдаг Бурхан» Библийг өгсөн билээ. Түүнээс гадна бидэнд Библи судлах гарын авлага олон бий. Итгэл нэгт ах дүүгээ тайвшруулж, зоригжуулахдаа ашиглах Библийн зүйл, ном хэвлэлийг «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг», «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-аас олж болно.

16. Ямар зан чанартай байвал сэтгэл нь хямарсан ах дүүгээ зоригжуулах вэ?

16 Өрөвч сэтгэлтэй байгаарай. Энэ бол хувиа бодохгүйгээр бусдыг хайрладаг хүний нэг онцгой шинж юм. Бид итгэл нэгтнээ зоригжуулж, сэргээе гэвэл ийм л байх хэрэгтэй. Ехова бол «энэрч өршөөдөг Эцэг, ямар ч үед тайвшруулдаг Бурхан» юм. Тэрээр үйлчлэгчдээ өрөвдөн хайрладаг (2 Коринт 1:3–6-г уншина; Лук 1:78; Ром 15:13). Паул Еховатай адилхан өрөвч сэтгэлтэй байсан. Тийм учраас «Та нарт хандахдаа үр хүүхдээ энхрийлэн асрах хөхүүл эх мэт зөөлөн байсан. Та нарт үнэхээр их хайртай болсон учир Бурхны сайн мэдээг тунхаглаад зогсохгүй та нарын төлөө амиа өгөхөд бэлэн байсан» гэж бичжээ (1 Тес. 2:7, 8). Бид бас Ехова шиг өрөвч сэтгэлтэй байдаг бол шаналж зовсон хүмүүсийг тайвшруулж чадна. Тэд ч залбирлынхаа хариуг авснаа ойлгоно.

17. Итгэл нэгтнийхээ урмыг бадраая гэвэл яах хэрэгтэй вэ?

17 Төгс байхыг ах дүүгээсээ бүү шаардаарай. Итгэл нэгтнүүдийнхээ талаар зөв үзэл бодолтой байгаарай. Тэднийг ямар ч өө сэвгүй юм шиг санах нь бодит байдалд нийцэхгүйгээр барахгүй, эцэстээ гонсойж мэднэ (Ном. 7:21, 22). Ехова үйлчлэгчдээ байгаагаар нь хүлээж авдгийг санаарай. Хэрэв бид Еховаг дуурайвал итгэл нэгтэндээ тэвчээртэй хандана (Эф. 4:2, 32). Ах дүүгээ басах юм уу бусадтай харьцуулан сэтгэлээр бүү унагаагаарай. Харин хийж чадаж байгаа зүйлийг нь чин сэтгэлээсээ магтаарай. Тэгвэл урамшин зоригжиж сэтгэл нь сэргээд Еховад баяр хөөртэй үйлчлэх биз ээ (Гал. 6:4).

18. Бид яагаад итгэл нэгтнээ хайрлан зоригжуулдаг вэ?

18 Ехова үйлчлэгч бүрээ үнэ хүндтэй гэж үздэг. Есүс ч бас тэгж үздэг учраас амиа золиос болгон өгсөн билээ (Гал. 2:20). Бид итгэл нэгт ах дүү нартаа хайртай. Тийм учраас тэдэндээ халуун сэтгэлээр санаа тавьдаг. «Эвтэй байхын тулд, бие биеэ урамшуулан зоригжуулахын тулд чадах бүхнээ хийцгээе» (Ром 14:19). Бид бүгдээрээ диваажинг сэтгэл догдлон хүлээдэг. Тэнд биднийг гонсойлгох юм огт байхгүй! Өвчин эмгэг, дайн дажин, нүглийн үр дагавар болсон үхэл, хавчлага, гэр бүлийн асуудал, сэтгэлийн зовлон шаналал үүрд байхгүй болно. Мянган жилийн засаглалын үе дуусахад хүн төрөлхтөн төгс болно. Эцсийн сорилтыг давсан хүмүүсийг Ехова Бурхан дэлхий дэх хүүхдүүдээ болгон үрчилж авна. Тэд «Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдэлнэ» (Ром 8:21). Тиймээс нэг нэгэндээ хайраа илэрхийлж, Бурхны амласан шинэ ертөнцөд эсэн мэнд очиход нь тусалж явцгаая.