Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 1

«Бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан»

«Бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан»

«Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална» (ИС. 41:10).

ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал

ТОЙМ *

1, 2. а) Исаиа 41:10-т байдаг үг Ёошико гэдэг Гэрчид хэрхэн нөлөөлсөн бэ? б) Ехова энэ үгийг хэний төлөө бичүүлсэн бэ?

ЁОШИКО гэдэг үнэнч Гэрч эмэгтэй муу мэдээ сонсжээ. Эмч нь түүнд хэдхэн сарын нас үлдсэнийг хэлсэн байна. Хайртай итгэл нэгтэн маань яасан бол? Дуртай Библийн зүйлээ санажээ. Тэр нь Исаиа 41:10 байлаа (уншина). Ёошикогийн сэтгэл тайвширч, хамаг бүхнээ Еховад даатгажээ. Тэгээд эмчдээ «Ехова гараас минь атгаж байгаа учраас би айхгүй байна» гэж тайван хэлэв. * Хүнд бэрх үед энэ зүйл биднийг ч тайвшруулдаг. Яаж тайвшруулдгийг үзэхээсээ өмнө Ехова Бурхан зөнч Исаиад яагаад энэ үгийг хэлснийг үзье.

2 Ехова Вавилонд олзлогдох гэж байсан иудейчүүдийг тайвшруулахын тулд энэ үгийг хэлжээ. Гэхдээ зөвхөн тэдний төлөө биш, өнөөг хүртэл амьдарч ирсэн бүх үйлчлэгчийнхээ төлөө энэ мэдээгээ Исаиагаар бичүүлсэн (Ис. 40:8; Ром 15:4). «Исаиа» номд бичсэн сэтгэл сэргээм үг «эцсийн өдрүүдэд» амьдарч буй бидэнд бүр ч их хэрэгтэй (2 Тим. 3:1).

3. а) 2019 оны уриа болгон сонгосон Исаиа 41:10-т ямар гурван амлалт байдаг вэ? б) Бидэнд яагаад баталгаа хэрэгтэй вэ?

3 Исаиа 41:10-т 1) «Би чамтай хамт», 2) «Би чиний Бурхан», 3) «Чамд тусална» гэсэн Еховагийн гурван амлалт бий. Эдгээрийг судалж итгэлээ батжуулцгаая. Бид Ёошикогийн нэгэн адил, янз бүрийн зовлон амсах нь дамжиггүй. Дэлхий ертөнцөд болж буй муу муухай явдлын улмаас зовох нь ч бий. Мөн засгийн газар биднийг хавчиж эсэргүүцдэг. Тийм учраас эдгээр баталгаа * зайлшгүй хэрэгтэй. Одоо нэг нэгээр нь авч үзье.

«БИ ЧАМТАЙ ХАМТ»

4. а) Эхний баталгаа юу вэ? (Бас зүүлтийг үзнэ үү). б) Ехова биднийг гэсэн сэтгэлээ хэрхэн илэрхийлсэн бэ? в) Бурхны хэлсэн үг танд хэрхэн нөлөөлж байна вэ?

4 Ехова эхлээд «Би чамтай хамт байгаа тул бүү ай!» * гэж хэлэн биднийг тайвшруулж байна. Тэрээр үйлчлэгчдээ цаг ямагт анхаарч, халуун сэтгэлээр хайрладаг. Энэ нь хамт байгаагийн баталгаа юм. Ехова: «Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй бөгөөд Би чамд хайртай» гэж хэлснийг үзэхэд ямар сэтгэлтэй нь харагддаг (Ис. 43:4). Үйлчлэгчдээ хайрлахад нь хэн ч, юу ч саад болж чадахгүй. Тэрээр бидэнд гуйвшгүй үнэнч байдаг (Ис. 54:10). Биднийг хайрлаж, анд нөхдөө гэж үздэгийг нь бодохоор зориг ордог. Ехова: «Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай» гэж өөрийн анд Абрамд (Абрахамд) хэлээд түүнийг хамгаалсан шигээ биднийг ч хамгаална (Эх. 15:1).

Бид давалгаа мэт бэрхшээлийг, гал мэт зовлонг Еховагийн дэмээр давж чадна (5, 6-р догол мөрийг үзээрэй) *

5, 6. а) Ехова зовж яваа хүн нэг бүрд туслахад бэлэн байдгийг хаанаас мэдэж болох вэ? б) Ёошико эгчээс юу сурах вэ?

5 Ехова хүн нэг бүрийг анхаарч, зовох үед нь туслахад бэлэн байдаг. Учир нь тэрээр: «Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй» хэмээн амласан билээ (Ис. 43:2). Энэ нь ямар утгатай вэ?

6 Ехова амьдралд тулгарах бэрхшээлийг арилгана гэж амлаагүй. Гэхдээ биднийг зовлонгийн «галд» шатахаас, бэрхшээлийн «голд» живэхээс хамгаална. Хүнд бэрхийг «гатлахад» маань тусалж бидэнтэй хамт байна гэдгээ баталдаг. Яаж туслах вэ? Айдсыг маань арилгаж, биднийг тайвшруулна. Бид үхэлтэй нүүр тулсан ч Еховад үнэнч хэвээрээ байна (Ис. 41:13). Үүний нэг жишээ нь өгүүллийн эхэнд гарсан Ёошико эгч юм. Охин нь түүний тухай дурсахдаа «Ээж маань ямар тайван байсан гэж санана! Ехова л тайвшруулсан. Ээж маань нас бартлаа сувилагч нарт, өвчтөнүүдэд Еховагийн тухай, амлалтынх нь тухай байнга ярьдаг байсан» гэжээ. Ёошико эгчээс юу сурах вэ? «Би чамтай хамт байна» хэмээсэн Бурхны амлалтад итгэх хэрэгтэй. Тэгдэг бол зовлон нүүрлэхэд зоригтой, сэтгэлийн хаттай байна.

«БИ ЧИНИЙ БУРХАН»

7, 8. а) Хоёр дахь баталгаа юу вэ? Энэ нь ямар утгатай вэ? б) Ехова иудейчүүдэд яагаад «Бүү санаа зов» гэсэн бэ? в) Исаиа 46:3, 4-т байдаг ямар үг Бурхны ард түмнийг тайвшруулсан бэ?

7 Исаиагийн бичсэн хоёр дахь баталгааг анхааръя. «Бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан». Энэ үг ямар утгатай вэ? Эх Библийг үзвэл «санаа зовох» гэж орчуулсан үг нь «ямар нэгэн аюул учрах вий гэж айснаасаа болоод байн байн эргэж харах» эсвэл «аюул тулгарахад учраа олохгүй мэгдэн сандрах» гэсэн утга илэрхийлдэг.

8 Вавилонд олзлогдох гэж байсан иудейчүүдэд Ехова яагаад «Бүү санаа зов» гэж хэлсэн бэ? Учир нь Меде Персийн хүчирхэг арми Вавилон руу дайрах бөгөөд вавилончууд айдаст автахыг Ехова мэдэж байсан. Энэ үйл явдал иудейчүүдийг Вавилонд олзлогдсоноос хойш 70 жилийн дараа болох юм. Ехова ард түмнээ чөлөөлөхдөө Меде Персийн армийг ашиглах ажээ (Ис. 41:2–4). Вавилончууд дайсан ирж явааг мэдээд зоригжихын тулд «Зоригтой бай» гэж бие биедээ хэлэх бөгөөд өөрсдийгөө хамгаалах гэж хиймэл шүтээнүүдийг нэмж бүтээнэ (Ис. 41:5–7). Харин Ехова: «[Бусад үндэстэнтэй адилгүй] Миний боол Израиль аа! ... Бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан» хэмээн хэлж иудейчүүдийг тайвшруулна (Ис. 41:8–10). «Би чиний Бурхан» гэснийг анхааръя. Үнэнч үйлчлэгчдээ мартаагүй, Бурхан нь хэвээрээ байгаа, ард түмнээ гэж үзэхээ болиогүйгээ Ехова ийнхүү батлан хэлнэ. Мөн «Та нарыг ... Би авч явна ... аварна» гэж хэлэх ажээ. Олзлогдсон иудейчүүд энэ үгийг сонсоод тайвширч, сэтгэлийн тэнхээтэй болох нь лавтай (Исаиа 46:3, 4-ийг уншина).

9, 10. Бид яагаад айх хэрэггүй вэ? Жишээ хэлнэ үү.

9 Дэлхийн нөхцөл байдал улам дордож, хүмүүс урьдынхаасаа илүү их санаа зовж байна. Бид ч зовлон бэрхшээлээс ангид байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ айх хэрэг байхгүй. Учир нь Ехова бидэнд «Би чиний Бурхан» гэж хэлдэг. Энэ үг яагаад тайвшруулдаг вэ?

10 Дараах жишээг бодъё. Билгүүн Дөлгөөн хоёрын зорчиж явсан онгоц хүчтэй салхинд цохигдон дайвалзаж эхэлжээ. Тэгтэл чанга яригчаар «Агаарын хүчтэй урсгалд өртсөн тул нэг хэсэгтээ донсолно. Та бүхэн суудлынхаа бүсийг бүсэлсэн эсэхээ шалгаарай» гэв. Билгүүн маш их айлаа. Нисгэгч цааш нь «Тайван байгаарай. Нисгэгчдээ найдаарай» гэхэд Билгүүн толгой сэгсэрч «Нисгэгч хэллээ гээд тайвширчихдаг юм гэнэ ээ» гэлээ. Тэгснээ, огтхон ч санаа зовсон шинжгүй суугаа Дөлгөөнийг хараад «Чи яагаад ийм тайван байгаа юм бэ?» гэж асуув. Дөлгөөн инээмсэглэн «Энэ нисгэгчийг би сайн мэднэ. Миний аав байгаа юм!» хэмээн хариуллаа. Тэгээд «Би чамд аавынхаа тухай ярьж өгье. Аав маань онгоцоо яаж жолооддог, ямар нисгэгч гэдгийг мэдвэл чи ерөөсөө айхгүй» гэв.

11. Хоёр зорчигчийн жишээнээс юу ойлгож болох вэ?

11 Дээрх жишээнээс юу ойлгож болох вэ? Аавыгаа сайн мэддэг Дөлгөөнтэй адил, бид тэнгэрийн Эцэг Еховагаа маш сайн мэддэг учраас тайван байдаг. Энэ тогтолцооны эцсийн өдрүүдэд хүчтэй салхи мэт янз бүрийн бэрхшээл тулгарахад Ехова найдвартай удирдана гэдэгт итгэдэг (Ис. 35:4). Ертөнц тэр чигээрээ айдаст автаж байхад бид Еховад найддаг учраас тайван байдаг (Ис. 30:15). Бас Дөлгөөнтэй адил, Бурханд яагаад итгэх хэрэгтэйг хүмүүст ярьж өгдөг. Ямар ч бэрхшээл тулгарахад Ехова тусална гэдэгт тэд бас итгэдэг болж болох юм.

«БИ ЧАМАЙГ ТЭНХРҮҮЛЖ, ... ЧАМД ТУСАЛНА»

12. а) Гурав дахь баталгаа юу вэ? б) Еховагийн «мутар» гэж юу вэ?

12 Исаиагийн бичсэн гурав дахь баталгааг авч үзье. «Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална». Ехова өөрийн хүмүүсийг хэрхэн тэнхрүүлэхийг Исаиа бичихдээ «Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна» гэжээ (Ис. 40:10). Библид «мутар» гэдэг үгээр голдуу эрх мэдлийг илэрхийлдэг. Тэгэхээр Ехова мутраараа захирна гэдэг нь Ехова бол эрх мэдэл, сүр хүчтэй Хаан гэсэн утгатай. Тэрээр эртний үйлчлэгчдээ юунд ч дийлдэшгүй хүчээрээ дэмжиж, хамгаалдаг байсан шигээ өөрт нь итгэж найддаг өнөөгийн үйлчлэгчдээ тэнхрүүлж, хамгаалдаг (Д.хууль 1:30, 31; Ис. 43:10).

Еховагийн хүчирхэг мутрын эсрэг нэг ч зэвсэг «бүтэлтэй болохгүй» (12–16-р догол мөрийг үзээрэй) *

13. а) Ехова биднийг тэнхрүүлнэ гэсэн амлалтаа ялангуяа ямар үед биелүүлдэг вэ? б) Ехова юу гэж амласан бэ?

13 Ялангуяа дайснуудад хавчигдах үед Ехова амласан ёсоороо биднийг тэнхрүүлдэг. Өнөөдөр зарим улс орон дэлгэрүүлэх ажлыг зогсоохыг оролдож, манай байгууллагын үйл ажиллагааг хориглож байна. Гэлээ ч бид иймэрхүү дайралтаас болж тэгтлээ их санаа зовдоггүй. Ехова баталгаа өгсөн учраас бид хүч тэнхээ, итгэл найдвараар дүүрэн байдаг. Тэрээр: «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» гэж амласан билээ (Ис. 54:17). Энэ амлалт гурван чухал зүйлийг сануулдаг.

14. Бурхны дайснууд бидэн рүү дайрахад яагаад гайхах хэрэггүй вэ?

14 Нэгдүгээрт, бид Христийн дагалдагч учраас үзэн ядагдах нь зайлшгүй (Мат. 10:22). Дагалдагчид нь эцсийн өдрүүдэд ширүүн эсэргүүцэлтэй тулгарахыг Есүс зөгнөсөн (Мат. 24:9; Ёох. 15:20). Хоёрдугаарт, дайснууд зөвхөн үзэн ядаад зогсохгүй, бидний эсрэг янз бүрийн зэвсэг хэрэглэнэ гэж анхааруулсныг Исаиагийн зөгнөлөөс мэдэж болно. Зэвсэг гэдэг нь заль мэх, худал хуурмаг, харгис хавчлага юм (Мат. 5:11). Эдгээр зэвсгийг хэрэглэхэд нь Ехова дайснуудад саад учруулахгүй (Эф. 6:12; Илч. 12:17). Тэглээ ч бид айх хэрэггүй. Яагаад?

15, 16. а) Санаж явах ёстой гурав дахь зүйл юу вэ? Үүнийг Исаиа 25:4, 5 хэрхэн баталдаг вэ? б) Исаиа 41:11, 12-т бичсэнээр, бидэнтэй тэмцэгчид ямар үр дүнд хүрэх вэ?

15 Санах ёстой гурав дахь зүйлийг авч үзье. Бидний эсрэг хэрэглэх «нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» гэж Ехова хэлсэн. Аадар бороо орж, хүчтэй салхи шуурга дэгдэхэд хана хэрэм хамгаалалт болдгийн адил, Ехова биднийг «харгис догшины амьсгалаас» хамгаалдаг (Исаиа 25:4, 5-ыг уншина). Дайснууд яаж ч хичээгээд биднийг мөнхөд хохироож чадахгүй (Ис. 65:17).

16 Бидэнд «хилэгнэсэн бүхэнд» юу тохиолдохыг Ехова нэг бүрчлэн хэлж, итгэл найдварыг маань батжуулдаг (Исаиа 41:11, 12-ыг уншина). Дайсан хэчнээн хүчтэй ч, хэчнээн ширүүн довтолсон ч үр дүн нь яг адилхан. Бурхны ард түмний дайснууд бүгдээрээ «юу ч биш болж, сөнөнө».

ЕХОВАД УЛАМ ИХ ИТГЭЖ НАЙДАХЫН ТУЛД

Библиэ тогтмол уншдаг бол Еховад улам их найдаж сурна (17, 18-р догол мөрийг үзээрэй) *

17, 18. а) Библи уншвал яагаад Бурханд улам их итгэж найдах вэ? Жишээ хэлнэ үү. б) 2019 оны уриаг эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

17 Улам их итгэж найдахын тулд Еховаг илүү сайн мэдэх хэрэгтэй. Цорын ганц арга нь Библийг анхааралтай уншиж, уншсанаа эргэцүүлэн бодох юм. Ехова эрт үед өөрийн хүмүүсийг хэрхэн хамгаалж байсныг Библид тодорхой бичсэн байдаг. Үүнийг уншиж судалбал Ехова одоо ч хамгаална гэдэгт итгэнэ.

18 Ехова хэрхэн хамгаалдгийг Исаиа тун оновчтой дүрслэн бичжээ. Тэрээр Еховаг хоньчинтой, үйлчлэгчдийг нь хургатай зүйрлэсэн. Еховагийн тухай бичихдээ «Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэвэрнэ» гэсэн (Ис. 40:11). Ехова хүчирхэг мутраараа тэвэрч байгааг мэдэрсэн хүн аюулгүй, тайван байдаг. Зовлон нүүрлэсэн ч тайван байхад маань туслах зорилгоор итгэмжит, ухаалаг боол Исаиа 41:10-ыг 2019 оны уриа болгон сонгосон. «Бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан» хэмээсэн энэ амлалтыг эргэцүүлэн бодоорой. Зовох цагт таныг тэнхрүүлнэ.

ДУУ 60 Бурхан таныг бататгана

^ д/м 5 Дэлхий ертөнцөд муу муухай явдал ихсэж, бидний амьдралд бэрхшээл тулгарч байна. Ийм үед ч тайван байж болдгийн гурван шалтгааныг 2019 оны урианаас мэдэж болно. Одоо эдгээр шалтгааныг ярилцъя. Ингэвэл Еховад улам бүр найдна, хэтэрхий их санаа зовохгүй. Жилийн уриаг эргэцүүлэн бодоорой. Чадвал цээжлээрэй. Энэ оны уриаг санаж явбал бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээтэй болно.

^ д/м 1 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 7-р сарын дугаарын 18-р хуудсыг үзнэ үү.

^ д/м 3 ҮГИЙН ТАЙЛБАР: Баталгаа гэдэг нь үнэн гэж хэлсэн үг эсвэл заавал биелнэ гэсэн амлалт юм. Еховагийн өгсөн баталгаа нь амьдралд тулгарах бэрхшээлээс болж хэтэрхий их санаа зовохгүй байхад тустай.

^ д/м 4 «Бүү ай» гэдэг үг Исаиа 41:10, 13, 14-т нийт гурван удаа гардаг. Бас эдгээр зүйлд «Би» (Еховаг хэлж байна) гэдэг үгийг олон удаа бичжээ. Ехова энэ үгийг яагаад ийм олон удаа бичүүлсэн бэ? Зөвхөн Еховад найдвал айж түгшихгүй, амар тайван байна гэдгийг онцлохын тулд ажээ.

^ д/м 52 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэр бүлийн гишүүн бүрд сорилт тулгарч байна (ажил дээр, эмнэлэгт, дэлгэрүүлж явахад, сургууль дээр).

^ д/м 54 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрчүүдийг айлд цуглаанаа хийж байхад цагдаа нар дайран орлоо. Гэлээ ч итгэл нэгтнүүд маань айж сандрахгүй байна.

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэр бүлийн хичээлийг тогтмол хийдэг бол бэрхшээлийг давах хүч тэнхээтэй болдог.