Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 4

Тэнгэрийн Хааны тухай өгүүлдэг үйл явдал

Тэнгэрийн Хааны тухай өгүүлдэг үйл явдал

«Энэ нь миний биеийг бэлгэддэг. ... Энэ нь ... “гэрээний цусыг” минь бэлгэддэг» (МАТ. 26:26–28).

ДУУ 14 Бүх юмыг шинэ болгоно

ТОЙМ *

1, 2. а) Есүсийн нас барсныг яагаад энгийн даруухан тэмдэглэдэг вэ? б) Есүсийн ямар зан чанарын тухай авч үзэх вэ?

ХРИСТИЙН нас барсныг жил бүр дурсах үед юу болдгийг та дүрслэн хэлж чадах уу? Энгийн даруухан тэмдэглэдэг учраас бидний ихэнх нь хэлж чадна. Гэхдээ энэ нь маш чухал үйл явдал юм. «Тэгвэл яагаад энгийн даруухан тэмдэглэдэг юм бэ?» гэж та асуух байх.

2 Есүс дэлхий дээр байхдаа маш чухал үнэнийг энгийн, тодорхой, ойлгомжтой заадаг байснаараа алдартай байсан (Мат. 7:28, 29). Тийм ч учраас үхлийг нь энгийн боловч утга учиртай дурсан тэмдэглэхийг * захижээ. Дурсах цуглааны талаар болон Есүсийн хэлсэн, хийсэн зарим зүйлийг дэлгэрэнгүй авч үзвэл хэчнээн даруу, зоригтой, хайр халамжтай нэгэн гэдгийг бүр ч сайн ойлгоно. Бас илүү сайн дуурайх аргыг сурна.

ЕСҮС ДАРУУ

Есүс бидний төлөө амиа өгснийг болон одоо тэнгэрт хаан ширээнд заларч байгааг Дурсах цуглааны талх, дарс сануулдаг (3–5-р догол мөрийг үзээрэй)

3. Матай 26:26–28-д бичсэнээр, Есүс Дурсах цуглааныг хэрхэн зохион байгуулсан бэ? Талх, дарс юуг төлөөлж байсан бэ?

3 Есүс үнэнч 11 элчдээ үхлийг нь дурсахыг захиж, хэрхэн тэмдэглэхийг зааж өгсөн. Тэрээр Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэж дуусаад энэ үйл явдлыг зохион байгуулжээ (Матай 26:26–28-ыг уншина). Ингэхдээ баяраар хэрэглэсэн идээ ундаанаас үлдсэн дарс, исгээгүй талхыг зоог болгон барьсан. Эдгээр идээ ундаа төгс бие, цусыг нь төлөөлж байгааг Есүс хэлжээ. Тэрээр өөрийгөө олны төлөө тахил болгон өргөх гэж байлаа. Маш чухал энэ үйл явдлыг энгийн даруухан тэмдэглэхэд нь элчүүд гайхаагүй биз ээ. Яагаад?

4. Есүс Мартад ямар зөвлөгөө өгсөн бэ? Өгсөн зөвлөгөөгөө өөрөө хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

4 Хэдэн сарын өмнө юу болсныг авч үзье. Есүс үйлчлэлийнхээ гурав дахь жилд дотнын анд Лазар Марта Мариа гурвын гэрт зочилжээ. Тэрээр тухлан суугаад сургаалаа айлдаж эхлэв. Марта тэнд байсан ч хүндэт зочиндоо хоол унд хийгээд тун ч завгүй байлаа. Үүнийг харсан Есүс тансаг идээ ундаа тийм ч чухал биш гэдгийг Мартад эвтэйхэн ойлгуулсан (Лук 10:40–42). Өгсөн зөвлөгөөгөө хожим нь, нас барахаасаа хэдхэн цагийн өмнө өөрөө хэрэгжүүлжээ. Юу гэвэл, энгийн хоол хүнсийг Дурсах цуглааны идээ ундаа болгосон. Үүнээс Есүсийн талаар юу мэдэж болох вэ?

5. Дурсах цуглааны үед хэрэглэдэг зоог энгийн байдаг нь Есүсийн талаар юу хэлдэг вэ? Энэ нь Филиппой 2:5–8-тай хэрхэн тохирдог вэ?

5 Есүсийн үг яриа, үйл хэргийг бодож үзвэл үнэхээр даруу хүн байжээ. Тэрээр дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө ч туйлын даруу байсан (Мат. 11:29). Хүн төрөлхтний төлөө хамгийн агуу тахил өргөх гэж байгаагаа, Ехова өөрийг нь амилуулж тэнгэрийн Хаан болгох гэж байгааг мэдэж байсан. Гэсэн хэдий ч хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулж, үхлийг нь сүржин тэмдэглэхийг тушаагаагүй. Харин жилд ганцхан удаа өөрийг нь дурсаж байхыг шавь нартаа захижээ (Ёох. 13:15; 1 Кор. 11:23–25). Энгийн боловч тохирсон идээ ундаа нь Есүсийг бардам хүн биш байсныг харуулдаг. Даруу зантай тэнгэрийн Хаантайдаа бид үнэхээр баярладаг (Филиппой 2:5–8-ыг уншина).

6. Яавал Есүс шиг даруу байх вэ?

6 Яавал Есүс шиг даруу байх вэ? Бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавих хэрэгтэй (Флп. 2:3, 4). Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө яалаа? Удахгүй тарчилж үхнэ гэдгээ мэдэж байсан ч үнэнч элчүүдийнхээ төлөө маш их санаа зовж байсан. Учир нь тэд Багшийгаа алдаад уй гашууд автах гэж байв. Тиймээс тэдэнд захиасаа хэлж, урмыг нь бадрааж, итгэл найдвар төрүүлэхэд эцсийн шөнөө зориулжээ (Ёох. 14:25–31). Бусдыг сайн сайхан байлгах гэсэндээ өөрийнхөө эрх ашгийг хойш тавьсан нь даруугийн шинж юм. Ямар сайхан жишээ вэ!

ЕСҮС ЗОРИГТОЙ

7. Есүс гайхалтай зоригтой хүн гэдгээ хэрхэн баталсан бэ?

7 Есүс, Эзний оройн зоогийг зохион байгуулсныхаа дараа гайхалтай зоригтой хүн гэдгээ баталжээ. Яаж? Бурхныг доромжилсон хэргээр яллагдана гэдгээ мэдэж байсан ч Эцгийнхээ хүслийг биелүүлэхээр болсон (Мат. 26:65, 66; Лук 22:41, 42). Еховагийн нэрийг алдаршуулж, хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжиж, гэмшсэн хүмүүст мөнх амьдрах үүдийг нээж өгөхийн тулд чин үнэнч байсан. Үүний зэрэгцээ удахгүй тулгарах сорилтод дагалдагчдаа бэлдсэн.

8. а) Есүс үнэнч элчүүддээ юу гэж захисан бэ? б) Есүсийг нас барснаас хойш дагалдагчид нь хэрхэн зоригтой байсан бэ?

8 Есүс зоригтой нь өөр юунаас харагддаг вэ? Тэрээр олон зүйлээс болж санаа зовж байсан ч тэр бүхнээ хойш нь тавьсан. Бас үнэнч элч нараа зоригжуулсан. Есүс Юудасыг явуулчихаад Дурсах цуглаан зохион байгуулж, тэр үеэр энгийн зоог барьсан. Тослогдсон дагалдагчид нь энэ зоогоос хүртээд Есүсийн асгаруулсан цусны үнэ цэнг болон шинэ гэрээнд оролцохоо санах ажээ (1 Кор. 10:16, 17). Дагалдагчид нь тэнгэрт амьдрах зохистойгоо батлах шаардлагатай байв. Есүс тэдэнд яах ёстойг нь хэлж өгсөн (Ёох. 15:12–15). Бас ямар сорилт тулгарахыг хэлээд, өөр шиг нь зоригтой байхыг уриалжээ (Ёох. 16:1–4а, 33). Түүнээс хойш олон жил өнгөрөхөд шавь нар нь Есүсийг дуурайн бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавихын зэрэгцээ зориг гаргасаар байлаа. Янз бүрийн сорилт тулгарахад хар амиа бодолгүй ах дүүгээ дэмждэг байжээ (Евр. 10:33, 34).

9. Есүсийг дуурайн хэрхэн зоригтой байх вэ?

9 Бид бас Есүсийг дуурайн зоригтой байдаг. Жишээлбэл итгэл үнэмшлээсээ болоод хавчигдаж буй ах дүүдээ туслахын тулд зориг гаргах хэрэгтэй болдог. Зарим ах дүүг маань шударга бусаар шоронд хорьдог. Ийм үед тэднийгээ өмгөөлөн хамгаалахын тулд чадах бүхнээ хийх ёстой (Флп. 1:14; Евр. 13:19). Зоригтой байх өөр нэг арга нь «эр зоригтой тунхагласаар» байх юм (Үйлс 14:3). Хүмүүс эсэргүүцэж хавчсан ч бид Хаант төрийн тухай мэдээг Есүсийн адил зоригтой тунхагладаг. Гэхдээ заримдаа айж хулчийдаг. Тэгвэл яах вэ?

10. Дурсах цуглааны өмнөх хэдэн 7 хоногийн хугацаанд юу хийх хэрэгтэй вэ? Яагаад?

10 Христийн золиосны ачаар ямар боломж олдсоныг эргэцүүлж бодвол зориг орно (Ёох. 3:16; Эф. 1:7). Золиосны төлөө талархах сэтгэлээ Дурсах цуглааны өмнөх хэдэн 7 хоногийн хугацаанд лавшруулах боломжтой. Тухайлбал, Эзний оройн зоогт зориулсан хуваарийн дагуу Библиэ уншиж, Есүсийн үхэлтэй холбоотой үйл явдлуудыг залбирч байгаад эргэцүүлэн бодох нь зүйтэй. Тэгвэл Дурсах цуглаанд очоод золиос болон золиосыг төлөөлдөг бэлгэдлийн идээний утга учрыг илүү сайн ойлгоно. Ехова Есүс хоёр бидний төлөө юу хийснийг, энэ нь бидэнд болон ойр дотнын маань хүмүүст ямар ач тустайг ойлгоно. Улмаар итгэл найдвар батжиж, төгсгөл хүртэл зоригтой, тэвчээртэй байх хүсэл бадарна (Евр. 12:3).

11, 12. Бид юуны тухай ярилцсан бэ?

11 Эзний оройн зоог Есүсийн золиосны үнэ цэнг төдийгүй даруу зан, эр зоригийг нь сануулдгийг ярилцлаа. Бидний төлөө Бурхнаас тусламж гуйдаг тэнгэрийн Тэргүүн тахилч маань одоо ч даруу, зоригтой хэвээрээ байгаа гэхлээр талархах сэтгэл төрдөг! (Евр. 7:24, 25). Чин сэтгэлээсээ талархдаг бол тушаасных нь дагуу Есүсийн нас барсныг дурсан тэмдэглэнэ (Лук 22:19, 20). Бид энэ үйл явдлыг жилд ганцхан удаа, нисан сарын 14-нд тэмдэглэдэг.

12 Хүн төрөлхтний төлөө амиа зориулахад хүргэсэн Есүсийн өөр нэг чанарыг энэ чухал үйл явдлаас мэдэж авдаг. Есүс дэлхий дээр байхдаа тэр зан чанараараа алдаршсан билээ. Тэр нь юу вэ?

ЕСҮС ХАЙР ХАЛАМЖТАЙ

13. Ехова Есүс хоёрын илэрхийлсэн хайрын талаар Ёохан 15:9; 1 Ёохан 4:8–10-т юу гэж бичсэн бэ? Тэдний хайрын ач тусыг ямар хүн хүртэх вэ?

13 Биднийг гэсэн Еховагийн халуун хайрыг Есүс ямар ч үед төгс илэрхийлдэг байсан (Ёохан 15:9; 1 Ёохан 4:8–10-ыг уншина). Хамгийн гол нь, хайрандаа хөтлөгдөн бидний төлөө амиа өгсөн. Тослогдогсод, «өөр хоньдын» хэн хэн нь Ехова болон Хүүгийнх нь илэрхийлсэн хайр буюу золиосны ач тусыг хүртдэг (Ёох. 10:16; 1 Ёох. 2:2). Дурсах цуглааны үед хэрэглэдэг бэлгэдлийн идээний талаар бодоод үзвэл Есүс шавь нартаа ямар их хайртай нь харагддаг.

Есүсийн зохион байгуулсан, ямар ч нөхцөлд тэмдэглэж болдог Эзний оройн зоогийг олон зуун жил тэмдэглэж ирсэн (14–16-р догол мөрийг үзээрэй) *

14. Есүс шавь нараа хайрладаг нь юунаас харагддаг вэ?

14 Есүс энгийн зоог барьсан бөгөөд төвөгтэй зан үйл үйлдээгүй нь тослогдсон дагалдагчдаа хайрладгийн баталгаа юм. Тослогдсон дагалдагчид нь Есүсийн нас барсныг жил бүр дурсах ёстой болсон. Цагийн аясаар янз бүрийн нөхцөлд, тэр байтугай шоронд тэмдэглэх шаардлага гарчээ (Илч. 2:10). Тэд Есүсийн захиасыг биелүүлж чадсан уу? Тийм ээ, чадсан!

15, 16. Хүнд нөхцөлд Эзний оройн зоог тэмдэглэсэн жишээ хэлнэ үү.

15 Христийн жинхэнэ дагалдагчид Багшийнхаа нас барсныг дурсан тэмдэглэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж иржээ. Тэд маш хүнд нөхцөлд ч Эзний оройн зоогийг зааврын дагуу тэмдэглэх гэж хамаг чадлаараа хичээдэг байсан. Үүнийг дараах жишээ батална. Харолд Кинг ах Хятадын шоронгийн ганцаарчлан хорих өрөөнд хоригдож байхдаа Эзний оройн зоог тэмдэглэх арга зам хайжээ. Тэгээд өөрт нь өгсөн идэх юмыг бэлгэдлийн идээ болгохоор сэмхэн бэлдсэн байна. Бас Дурсах цуглаан болох өдөр цагийг чадах ядахаараа тооцож гаргажээ. Ингээд тэр өдөр болоход шоронгийн өрөөнд ганцаархнаа дуулж, залбирч, Сударт үндэслэсэн илтгэл тавьсан гэдэг.

16 Өөр нэг жишээ. Дэлхийн ІІ дайны үед хорих лагерьт хоригдож байсан хэдэн Гэрч эмэгтэй Эзний оройн зоогийг тэмдэглэхийн тулд амь насаараа дэнчин тавьжээ. Гэхдээ энэхүү тэмдэглэлт үйл явдлын үед хэрэглэдэг зүйлс нь энгийн учраас тэд хэнд ч мэдэгдэлгүй тэмдэглэж чадсан юм. «Бид жижигхэн сандлыг цагаан даавуугаар бүтээж дээр нь талх, дарсаа тавиад, түүнийгээ тойрон бие биетэйгээ ойрхон зогссон. Гэрэл асаавал баригдана гэж бодоод лаа асаасан. ... Ариун нэрийг нь ариусгахын тулд бүх хүчээ дайчилна гэдгээ Эцэгтээ дахин дахин амласан» гэжээ. Ямар гайхалтай итгэл бэ! Тийм хүнд нөхцөлд ч Дурсах цуглаан хийх боломжтой болгосон нь Есүсийн хайрын илрэл мөн!

17. Өөрөөсөө ямар асуулт асуух хэрэгтэй вэ?

17 Дурсах цуглаан болох дөхөж буй энэ үед дараах асуултыг өөрөөсөө асуух нь зүйтэй. «Би Есүсийг дуурайн бусдыг хэрхэн хайрлах вэ? Итгэл нэгтнүүдийнхээ эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавих талаар боддог билүү? Чадахгүй юмыг нь шаарддаг уу? Эсвэл хэр чадлыг нь харгалзан үздэг үү?». Цаг үргэлж Есүсийг дуурайцгаая. Хэзээ ямагт «бие биеэ гэсэн сэтгэлтэй» байцгаая (1 Петр 3:8).

ЭДГЭЭР СУРГАМЖИЙГ САНАЖ ЯВ

18, 19. а) Бид юуг мартахгүй вэ? б) Та яахаар шийдсэн бэ?

18 Христийн нас барсныг дурсах цуглааныг үүрд мөнхөд хийхгүй. Есүс агуу их гамшгийн үед «ирээд» «Бурхны сонгосон хүмүүсийг» тэнгэрт цуглуулна. Тэр үеэс эхлэн Дурсах цуглаан хийх шаардлагагүй болно (1 Кор. 11:26; Мат. 24:31).

19 Гэхдээ энгийн даруухан тэмдэглэдэг энэхүү үйл явдлыг Еховагийн ард түмэн хэзээ ч мартахгүй бөгөөд Есүсээс өөр хэний ч илэрхийлж байгаагүй даруу зан, эр зориг, хайрыг санан дурссаар байх болно. Та энэ онцгой үйл явдалд оролцож байсан тухайгаа шинэ ертөнцөд очсон хойноо бусдын төлөө ярьж өгөх нь лавтай. Гэхдээ яг одоо ач тус хүртье гэвэл Есүс шиг даруу, зоригтой, хайр халамжтай байхыг цаг ямагт хичээх хэрэгтэй. Тэгвэл Ехова шагнах нь гарцаагүй (2 Петр 1:10, 11).

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

^ д/м 5 Удахгүй бид Есүс Христийн нас барсныг дурсах цуглаанд очно. Энгийн даруухан тэмдэглэдэг энэ чухал үйл явдлаас Есүсийн даруу зан, эр зориг, хайрын талаар их зүйлийг мэдэж авдаг. Есүсийг хэрхэн дуурайхыг энэ өгүүллээр ярилцана.

^ д/м 2 ҮГИЙН ТАЙЛБАР: Дурсан тэмдэглэх гэдэг нь хүн ба үйл явдлыг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэх зорилгоор тусгай ёслол хийхийг хэлдэг.

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Үнэнч үйлчлэгчид Дурсах цуглаан хийж байгаа нь: І зуун; 1800-гаад оны сүүлч; нацистын хорих лагерьт; орчин үе (Өмнөд Америкийн халуун орны танхим).