Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 3

Зүрхээ хэрхэн хамгаалах вэ?

Зүрхээ хэрхэн хамгаалах вэ?

«Юуны түрүүнд зүрхээ хамгаал» (СУР. 4:23).

ДУУ 52 Зүрхээ хамгаалъя

ТОЙМ *

1-3. а) Ехова Соломоныг яагаад хайрласан бэ? Соломон ямар ивээл хүртсэн бэ? б) Энэ өгүүллээс ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

СОЛОМОН залуудаа Израйлын хаан болжээ. Тэгтэл Ехова зүүдэнд нь үзэгдэж, «Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун» гэхэд Соломон: «Би балчир хүүхэд юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ. ... Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг [«дуулгавартай зүрхийг», ШЕ] боолдоо өгөөч» хэмээн гуйжээ (Х.дээд 3:5–10). «Дуулгавартай зүрхийг» гуйдаг хэчнээн даруу хүн бэ! Тийм учраас Ехова Соломоныг хайрладаг байв (2 Сам. 12:24). Бурхан залуу хааны хүсэлтийг дуртайяа хүлээн авч «мэргэн, ухааран ялгах чадвартай зүрхийг» өгсөн (Х.дээд 3:12).

2 Соломон Еховад үнэнч байхдаа янз бүрийн ивээл хүртжээ. «Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж» сүм барих хүндтэй завшаан эдэлсэн (Х.дээд 8:20). Бурхнаас авсан мэргэн ухаанаараа алдаршсан. Бурхны агуу хүчээр удирдуулан Библийн гурван номыг бичиж үлдээсэн. Үүний нэг нь «Сургаалт үгс» ном юм.

3 «Сургаалт үгс» номд зүрх гэдэг үгийг 100 орчим удаа дурдсан байдаг. Жишээлбэл Сургаалт үгс 4:23-т «Юуны түрүүнд зүрхээ хамгаал» гэжээ. Энд «зүрх» гэдгээр юуг хэлсэн бэ? Сатан бидний зүрхийг бузарлахыг хэрхэн оролддог вэ? Зүрхээ хамгаалахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханд үнэнч байя гэвэл энэ чухал асуултуудын хариуг мэдэж авах шаардлагатай.

«ЗҮРХ» ГЭЖ ЮУ ВЭ?

4, 5. а) Дуулал 51:6-г үзвэл «зүрх» гэдэг үг ямар утгатай вэ? б) Дотор хүнээ анхаарахын чухлыг жишээгээр тайлбарлана уу.

4 Сургаалт үгс 4:23-т гардаг «зүрх» гэдэг үгээр «сэтгэлийн гүнд» төрдөг бодол, мэдрэмж, сэдэл, хүслийг буюу дотор хүнийг хэлдэг (Дуулал 51:6-г уншина). Хүнийг гаднаас нь хараад тодорхой хэмжээгээр дүгнэж болох ч чухам хэн бэ гэдгийг дотор хүн нь хэлж өгдөг.

5 Дотор хүнээ анхаарах нь чухал гэдгийг ойлгохын тулд эрүүл мэндийг жишээ болгон авч үзье. Нэгд, эрүүл байя гэвэл зөв зохистой хооллож, биеийн тамирын дасгалыг тогтмол хийх шаардлагатай. Үүнтэй адил, бэлгэдлийн зүрхээ эрүүл байлгая гэвэл Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг тогтмол уншиж, Еховад итгэдгээ байнга батлах ёстой. Яаж батлах вэ? Сурснаа хэрэгжүүлж, итгэл үнэмшлийнхээ талаар хүмүүст ярих хэрэгтэй (Ром 10:8–10; Яак. 2:26). Хоёрт, хүн өөрийгөө эрүүл гэж боддог ч үнэн хэрэгтээ аль нэг эрхтэн нь өвчилсөн байх нь бий. Үүн шиг, цуглаанд явдаг, дэлгэрүүлдэг гэх зэрэгтээ дулдуйдаад бат итгэлтэй гэж боддог ч буруу юм хүсдэг болсон байж мэднэ (1 Кор. 10:12; Яак. 1:14, 15). Сатан биднийг өөрийнхтэйгөө адилхан үзэл бодолтой болгох гэж оролддогийг мартах ёсгүй. Чухам яаж оролддог вэ? Бид өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

САТАН ЗҮРХИЙГ МААНЬ БУЗАРЛАХЫГ ОРОЛДДОГ

6. Сатан ямар зорилготой вэ? Зорилгодоо хүрэхийн тулд яадаг вэ?

6 Сатан биднийг өөр шигээ болгохыг хүсдэг. Хэрэв бид хар амиа бодож, Еховагийн хэм хэмжээг уландаа гишгэвэл Сатан баярлана. Биднийг албадаж чадахгүй ч янз бүрийн арга хэрэглэн зорилгодоо хүрэхийг хичээдэг. Жишээ нь нөлөөнд нь автсан бузар зүрхтэй хүмүүсээр биднийг хүрээлүүлдэг (1 Ёох. 5:19). Муутай нөхөрлөвөл үзэл бодол, үйл хэрэг маань завхран гажуудна гэдгээ бид мэддэг. Гэхдээ Сатан биднийг тийм хүмүүстэй шадарлан нөхөрлөнө гэж битүүхэн горьддог (1 Кор. 15:33). Соломон хааныг энэ урхиндаа оруулж чадсан. Соломон харийн олон эмэгтэйтэй гэрлэсний улмаас эхнэрүүд нь яваандаа «түүний сэтгэлийг урвуулж» Еховагаас холдуулжээ (Х.дээд 11:3).

Сатаныхтай адилхан үзэл бодолтой болох аюулаас зүрхээ хэрхэн хамгаалах вэ? (7-р догол мөрийг үзээрэй) *

7. Сатан биднийг өөрийнх шигээ үзэл бодолтой болгохын тулд өөр юу ашигладаг вэ? Бид яагаад болгоомжтой байх ёстой вэ?

7 Сатан биднийг өөрийнх шигээ үзэл бодолтой болгохын тулд кино, телевизийн нэвтрүүлгийг ашигладаг. Кино зохиол, ёгт үлгэр зэрэг нь хүний бодол санаа, сэтгэл мэдрэмж, үйл хэрэгт нөлөөлдөг учраас илүү үр дүнтэй байдгийг тэрээр ойлгодог. Есүс заах ажилдаа энэ аргыг сайн хэрэглэдэг байсан. Жишээ нь сайхан сэтгэлт самари хүний тухай, гэрээсээ яваад өв хөрөнгөө үрэн таран хийсэн хүүгийн тухай үлгэрийг бодоод үз дээ (Мат. 13:34; Лук 10:29–37; 15:11–32). Сатаны нөлөөнд автсан хүмүүс биднийг завхруулахын тулд үлгэр зохиодог. Тиймээс бид ухаалаг байх шаардлагатай. Ухаан санааг хордуулахгүйгээр зугаацуулж, сургамж өгдөг кино, телевизийн нэвтрүүлэг байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ л болгоомжтой байх ёстой. Үзэх харах зүйлээ сонгохдоо «Энэ киног (нэвтрүүлгийг) үзвэл махан биеийн хүслээ хангах нь буруу биш гэсэн бодол төрөх үү?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй (Гал. 5:19–21; Эф. 2:1–3). Хэрэв Сатаны үзэл бодлыг хөхүүлэн дэмжсэн хөтөлбөр гэдгийг анзаарсан бол яах ёстой вэ? Халдварт өвчинтэй адилтган үзээд зугтах хэрэгтэй!

8. Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?

8 Сатан хүүхдийн зүрхийг бузарлахыг оролддог. Тиймээс хүүхдээ энэ аюулаас хамгаалах нь эцэг эхийн үүрэг юм. Та хүүхдээ өвчнөөс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийдэг нь дамжиггүй. Гэр орноо цэвэрлэж ариутган, өвчин үүсгэж болзошгүй гэсэн бүхнийг хаядаг байх. Үүнтэй адилхан, Сатаны бодол санааг хүүхдийн тань оюун ухаанд оруулж болзошгүй кино, телевизийн нэвтрүүлэг, компьютер тоглоом, вэбсаитаас хүүхдээ хамгаалах шаардлагатай. Та Еховагийн найз болоход нь хүүхдэдээ туслах үүрэгтэй. Энэ үүргийг Ехова эцэг эхэд өгсөн (Сур. 1:8; Эф. 6:1, 4). Тиймд Библийн зарчимд үндэслэн гэрийн дүрэм зохиож мөрдүүлэхээс бүү зовоорой. Юу үзэж болох, болохгүйг хүүхдэдээ хэлж, яагаад ийм дүрэм гаргасныг ойлгуулаарай (Мат. 5:37). Хүүхдээ жаахан томрохоор Ехова юуг зөв, юуг буруу гэж үздэгийг өөрөө ялгаж салгадаг болоход нь туслаарай (Евр. 5:14). Түүнээс гадна хүүхэд тань та нарын үг ярианаас бус, үйл хэргээс суралцдагийг санаарай (Д.хууль 6:6, 7; Ром 2:21).

9. Сатаны хөхүүлэн дэмждэг нэг үзэл нь юу вэ? Яагаад аюултай вэ?

9 Сатан бас бидний зүрхийг бузарлахын тулд Еховагийн бус, хүний мэргэн ухаанд найддаг болгохыг оролддог (Кол. 2:8). Жишээ нь амьдралын хамгийн чухал зорилго бол баяжих гэсэн үзлийг хөхүүлэн дэмждэг. Ийм бодолтой явдаг хүн баяжиж ч магадгүй, үгүй ч байж магадгүй. Аль нь ч байсан аюултай. Яагаад гэвэл мөнгөтэй болох гэсэн зорилгодоо хүрэхийн тулд эрүүл мэнд, гэр бүлийн дотно харьцаа, тэр байтугай Бурхантай тогтоосон харьцаагаа золиосолж мэдэх юм (1 Тим. 6:10). Мөнгөний талаар зөв үзэлтэй байхад тусалдаг мэргэн ухаант тэнгэрийн Эцэгтээ талархах хэрэгтэй (Ном. 7:12; Лук 12:15).

ЗҮРХЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Эртний харуулууд болон хаалгачдын адил сонор сэрэмжтэй байж, нэн даруй арга хэмжээ авдаг бол зүрх маань бузарлагдахгүй (10, 11-р догол мөрийг үзээрэй) *

10, 11. а) Зүрхээ хамгаалахын тулд яах шаардлагатай вэ? б) Эрт цагт харуулууд юу хийдэг байсан бэ? Мөс чанар яаж харуулын үүрэг гүйцэтгэдэг вэ?

10 Зүрхээ сайн хамгаалъя гэвэл ямар аюул байгааг мэдэж аваад, нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай. Сургаалт үгс 4:23-т «хамгаалах» гэж орчуулсан үг нь харуулын ажлыг санагдуулдаг. Соломон хааны үед харуулууд хотын хэрмэн дээр зогсож, аюул ойртож буйг харсан бол дохио өгдөг байжээ. Энэ дүр зургийг сэтгэлдээ төсөөлөөрэй. Тэгвэл ухаан санааг тань хордуулах гэсэн Сатаны оролдлогыг таслан зогсоох ёстойгоо ойлгоно.

11 Эрт цагт харуулууд хаалгачидтай нягт хамтарч ажилладаг байжээ (2 Сам. 18:24–26). Хэрмийн хаалгануудыг хааж, дайснуудыг хот руу цөмрөн орохоос сэргийлэх үүргийг хамтран гүйцэтгэдэг байв (Нех. 7:1–3). Библийн зарчмын дагуу сургасан мөс чанар * маань харуулын үүрэг гүйцэтгэдэг. Сатан зүрхэнд маань «цөмрөн орж» бидний бодол, сэтгэл, сэдэл, хүслийг өөрчлөх гэж байгааг мөс чанар маань анхааруулдаг. Ийнхүү дохио өгвөл хүлээж аваад «хаалгаа хаах» шаардлагатай.

12, 13. Бидэнд ямар сорилт тулгарч магадгүй вэ? Яах хэрэгтэй вэ?

12 Сатаны үзэл бодлын нөлөөнд автахаас өөрийгөө хэрхэн хамгаалахыг жишээгээр үзье. «Садар самуун, аливаа бузар булай» зүйлийн талаар дурсах ч учиргүйг Ехова бидэнд анхааруулдаг (Эф. 5:3). Ажлынхан, ангийн хүүхдүүд шалиг завхай юм ярьж эхэлбэл яах вэ? Бид «Бурхны хүсэл таалалд нийцдэггүй болон энэ ертөнцөд байдаг муу муухай бүхнийг хүсэхгүй» нь ойлгомжтой (Тит 2:12). Энэ үед мөс чанар гэдэг харуул маань аюулын дохио өгнө (Ром 2:15). Харин бид үүнийг анхаарахын оронд тэр хүмүүсийн яриаг сонсмоор, үзүүлж байгаа зургийг нь хармаар санагдаж магадгүй. Одоо л «хотын хаалгануудыг хаах» цаг даа. Ярианы сэдвийг өөрчлөх юм уу эсвэл бүр гараад явах хэрэгтэй гэсэн үг.

13 Буруу юм бодуулах, хийлгэх гэсэн үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад автахгүйн тулд зоригтой байх хэрэгтэй. Хичээл зүтгэл гаргаж байгаа биднийг Ехова харж байдаг бөгөөд Сатаны үзэл бодлыг эсэргүүцэхэд хэрэг болох хүч, мэргэн ухааныг өгөх нь дамжиггүй (Ш.дэд 16:9; Ис. 40:29; Яак. 1:5). Зүрхээ хамгаалахын тулд өөр юу хийх шаардлагатай вэ?

СЭРЭМЖТЭЙ БАЙ

14, 15. а) Зүрхнийхээ «хаалгыг» яагаад нээх шаардлагатай вэ? Яаж нээх вэ? б) Сургаалт үгс 4:20–22-т бичсэнээр, Библи уншаад илүү их ач тус хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ? (Бас  «Хэрхэн эргэцүүлэн бодох вэ?» гэсэн хавсралтыг үзнэ үү).

14 Хэрэмтэй хотын жишээг дахин бодъё. Хаалгач хүн дайсан цөмрөн орохоос сэргийлж хаалгануудыг хаадаг ч бусад үед хоол хүнс, эд бараа оруулахын тулд нээлттэй байлгадаг байсан. Хаалгануудыг огт онгойлгодоггүй бол оршин суугчид өлбөрч үхнэ. Бид бас хаалгачтай адил байх ёстой. Яаж? Муу юмыг зүрх сэтгэлдээ оруулахгүйг хичээх хэрэгтэй. Мөн үүний зэрэгцээ Бурхны үзэл бодлыг зүрх сэтгэлдээ тогтмол шингээх шаардлагатай.

15 Еховагийн үзэл бодлыг Библиэс мэдэж болно. Библи унших бүрд Еховагийн үзэл бодол бидний оюун ухаан, сэтгэл мэдрэмж, үйл хөдлөлд нөлөөлдөг. Библи уншаад илүү их ач тус хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ? Залбирах нь маш чухал. Нэг Гэрч эмэгтэй: «Би Библи уншихаасаа өмнө, таны Үгэнд байгаа “гайхамшигт зүйлсийг” олж харахад туслаач гэж Еховад залбирдаг» хэмээн ярьсан юм (Дуу. 119:18). Түүнээс гадна уншсанаа эргэцүүлэн бодох хэрэгтэй. Залбирч байгаад Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн боддог бол үзэл бодлыг нь «өр зүрхэндээ хадгалж», үнэлж эрхэмлэдэг болно (Сургаалт үгс 4:20–22-ыг уншина; Дуу. 119:97).

16. Олон хүн JW телевиз үзээд ямар ач тус хүртдэг вэ?

16 Бурхны үзэл бодлыг зүрх сэтгэлдээ шингээх өөр нэг арга нь JW телевиз үзэх юм. Нэг эхнэр нөхөр хоёр: «Сар бүрийн хөтөлбөр үзээд залбирлынхаа хариуг авдаг! Гуньж гутарсан, ганцаардсан үед биднийг зоригжуулж, сэтгэл сэргээдэг. Бас шинээр гарсан дуунуудыг гэртээ байнга сонсдог. Хоолоо хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа, цай уух зуураа ч сонсдог» гэж ярьсан юм. Манай байгууллагын телевизийн хөтөлбөр зүрхээ хамгаалахад үнэхээр тустай. Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болно, Сатаны үзэл бодлыг эсэргүүцэх аргыг мэдэж авна.

17, 18. а) Хаадын дээд 8:61-т бичсэнээр, Еховагаас сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ? б) Хезекиа хаанаас юу сурах вэ? в) Дуулал 139:23, 24-т бичсэн Давидын залбирлыг харвал, бид юу гэж залбирч болох вэ?

17 Зөв юм хийж ач тусыг нь хүртэх болгонд итгэл батаждаг (Яак. 1:2, 3). Ехова биднийг миний хүү, миний охин гэж бахархан дууддагийг бодохлоор сайхан санагдаж, Еховагаа баярлуулъя гэсэн хүсэл улам оргилдог (Сур. 27:11). Сорилт тулгарах болгонд халамжтай Эцэгтээ хоёргүй сэтгэлээр үйлчилдгээ батлах боломж олддог (Дуу. 119:113). Бид Еховаг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж, хууль тушаалыг нь дуртайяа дагаж, хүсэл таалалд нь нийцүүлэхэд бэлэн байдаг (Хаадын дээд 8:61-ийг уншина).

18 Бид хойшдоо алдаа гаргах уу? Төгс бус учраас алдах л байх. Харин алдаж эндсэн үедээ Хезекиа хааныг санацгаая. Тэрээр алдаж явсан. Гэхдээ гэмшиж, Еховад «бүхий л зүрхээрээ» үйлчилсэн (Ис. 38:3–6; Ш.дэд 29:1, 2; 32:25, 26). Тэгэхээр, өөрийнхтэйгөө адилхан үзэл бодолтой болгох гэж оролддог Сатаныг эсэргүүцэцгээе. «Дуулгавартай зүрхтэй» (ШЕ) болгож өгөөч гэж залбирч байцгаая (Х.дээд 3:9; Дуулал 139:23, 24-ийг уншина). Юуны түрүүнд зүрхээ хамгаалдаг бол Еховадаа үргэлж үнэнч байж чадна.

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

^ д/м 5 Еховад үнэнч байх уу эсвэл Сатаны урхинд орж Бурхнаасаа холдох уу? Энэ асуултад хэрхэн хариулах нь хэр их соригдохоос бус, зүрхээ хэр сайн хамгаалахаас шалтгаална. «Зүрх» гэдэг үг ямар утгатай вэ? Сатан зүрхийг маань бузарлахын тулд яадаг вэ? Бид зүрхээ хэрхэн хамгаалах вэ? Эдгээр чухал асуултын хариуг энэ өгүүллээс мэдэж аваарай.

^ д/м 11 ҮГИЙН ТАЙЛБАР: Бодол, сэтгэл, үйл хөдлөлөө шалгах хийгээд өөрийгөө шүүх чадварыг Ехова бидэнд өгсөн. Энэхүү чадварыг Библид мөс чанар, хүн чанар, сайн мууг ялгах төрөлхийн чадвар гэдэг (Ром 2:15; 9:1). Библийн зарчмын дагуу сургасан мөс чанар бол бидний бодол санаа, үг яриа, үйл хөдлөл зөв үү, буруу юу гэдгийг Еховагийн хэм хэмжээний дагуу шүүдэг шүүгч юм.

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй зурагт үзэж байтал садар самуунтай холбоотой юм гарч ирэв. Шийдвэрлэх мөч! Одоо яах бол?

^ д/м 58 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хотод аюул ойртсоныг харуул олж хараад хашхирахад доор байгаа хаалгачид хотын хаалгануудыг нэн даруй хаагаад түгжиж байна.