Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 5

Бид яагаад цуглаанд явдаг вэ?

Бид яагаад цуглаанд явдаг вэ?

«Эзнийг иртэл үхлийг нь тунхагладаг» (1 КОР. 11:26).

ДУУ 149 Золиосны төлөө талархъя

ТОЙМ *

1, 2. а) Олон сая хүн Эзний оройн зоогт очих үед Ехова юу хардаг вэ? (Хавтасны нүүрэн дэх зургийг үзээрэй). б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

ДЭЛХИЙ даяар сая сая хүн Эзний оройн зоогт очих үед Ехова юу олж хардаг вэ? Олон хүн иржээ гэж харахаас гадна, ирсэн хүн нэг бүрийг ажигладаг. Жишээ нь жил алгасалгүй ирдэг хүмүүсийг хардаг. Тэдний дунд харгис хавчлагыг үл тоон ирдэг хүн бий. Бусад цуглаанд тогтмол явдаггүй хэр нь Дурсах цуглаанд очихыг үүрэг гэж үздэг хүн бас байдаг. Анх удаа ирсэн хүнийг ч Ехова ажиглан хардаг. Тэд сониуч зандаа хөтлөгдөөд ирсэн байж болох юм.

2 Дурсах цуглаанд хүрэлцэн ирсэн олон хүнийг Ехова хараад баярладаг нь эргэлзээгүй (Лук 22:19). Гэхдээ хамгийн гол нь, ирсэн хүмүүсийн тоог анхаардаг юм биш ээ. Ирэх болсон шалтгаан нь Еховад илүү чухал байдаг. «Бид яагаад Дурсах цуглаанд жил бүр очдог вэ? Мөн 7 хоног тутмын цуглаануудад очдогийн маань учир юу вэ?» гэсэн чухал асуултыг энэ өгүүллээр авч үзье.

(1, 2-р догол мөрийг үзээрэй) *

ДАРУУ УЧРААС...

3, 4. а) Бид яагаад цуглаанд очдог вэ? б) Цуглаанд явдгаас маань бидний талаар юу мэдэж болох вэ? в) 1 Коринт 11:23–26-г үзвэл Дурсах цуглаанд заавал очих ёстойн учир юу вэ?

3 Цуглаан бол шүтлэгийн маань салшгүй хэсэг юм. Тийм учраас бид цуглаанд явдаг. Түүнээс гадна Еховагаар заалгахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Бардам хүн заалгах дургүй байдаг (3 Ёох. 9). Харин бид Еховагаар заалгаж, Еховагийн байгууллагаас заавар зөвлөгөө авах дуртай (Ис. 30:20; Ёох. 6:45).

4 Тэгэхээр цуглаанд явдгаас маань бидний талаар юу мэдэж болох вэ? Даруу, юм сурах дуртай, заалгахад бэлэн гэдгийг мэдэж болно. Есүсийн нас барсныг дурсах цуглаанд очихыг бид зөвхөн үүрэг гэж боддоггүй. Есүст дуулгавартай учраас энэ чухал үйл явдлыг тэмдэглэхээр очдог. Тэрээр: «Намайг дурсаж ийнхүү үйлдэж байгаарай» хэмээн захисан билээ (1 Коринт 11:23–26-г уншина). Дурсах цуглаанд суухаар ирээдүйд итгэх итгэл батжихын зэрэгцээ Еховагийн агуу хайрыг санадаг. Гэхдээ жилд ганц л удаа урамшин зоригжих нь хангалтгүйг Ехова мэддэг. Тиймд 7 хоног бүр цуглаан зохион байгуулдаг бөгөөд тэнд очихыг уриалдаг. Бурханд дуулгавартай байхад даруу зан түлхэц болдог. Бид 7 хоног бүр багагүй цагийг цуглаанд бэлдэх, оролцоход зарцуулдаг.

5. Яагаад даруу хүмүүс Еховагийн урилгыг хүлээж авдаг вэ?

5 Еховагийн урилгыг хүлээж аваад дуртайяа заалгадаг даруу хүн олон байдаг (Ис. 50:4). Дурсах цуглаанд очоод сайхан санагдсан учраас тэд бусад цуглаанд ч явж эхэлдэг (Зех. 8:20–23). Бид тийм хүмүүстэй хамт «тусламж хийгээд ... аврагч» Бурхан Еховагаар заалгаж, удирдуулдагтаа баярладаг (Дуу. 40:17). Ехова Есүс хоёрын урилгыг хүлээн авч тэднээр заалгахаас илүү сайхан, илүү чухал юм байна гэж үү? (Мат. 17:5; 18:20; 28:20).

6. Нэг хүн яагаад Дурсах цуглаанд очсон бэ?

6 Бид жил бүр Есүсийн нас барсныг дурсах цуглаанд аль болох олон хүнийг урих гэж ихээхэн хичээл зүтгэл гаргадаг. Урилгыг маань хүлээн авсан даруу хүмүүс ач тусыг нь хүртдэг. Жишээ авъя. Хэдэн жилийн өмнө Гэрч эрэгтэй нэг хүнд Дурсах цуглааны урилга өгчээ. Гэвч тэр хүн очиж чадахгүйгээ хэлэв. Тэгсэн атлаа Дурсах цуглаан болох тэр орой танхимд хүрээд иржээ! Итгэл нэгтнүүд маань халуун дотноор угтан авч мэндлэхэд сэтгэл нь хөдөлсөн тэрээр 7 хоног бүрийн цуглаанд очдог болсон байна. Бүтэн жилийн хугацаанд 3 удаа л цуглаанд ирээгүй ажээ. Яагаад бүх цуглаанд явдаг болсон юм бол? Даруу учраас бодлоо өөрчилжээ. Түүнийг урьсан Гэрч хожим нь «Тэр үнэхээр даруу хүн» гэжээ. Ехова энэ хүнийг өөртөө татсан нь эргэлзээгүй. Одоо тэрээр баптисм хүртсэн Гэрч болжээ (2 Сам. 22:28; Ёох. 6:44).

7. Цуглаанаас мэдэж авсан, Библиэс уншсан зүйл даруу байхад тустай гэхийн учир юу вэ?

7 Цуглаанаас мэдэж авсан, Библиэс уншсан зүйл даруу байхад тустай. Есүсийн үлдээсэн жишээ, амиа золиос болгон өгөхдөө илэрхийлж байсан даруу занг Дурсах арга хэмжээний өмнөх хэдэн 7 хоногийн турш цуглаан дээр голлон авч үздэг. Түүнээс гадна Есүс амиа хэрхэн алдсан, хэрхэн амилсан зэрэг үйл явдлыг Дурсах цуглааны өмнөх хэдэн өдрийн турш уншвал сайн байдаг. Цуглаанаас мэдэж авсан, Библиэс уншсан зүйл маань Есүсийн золиосны төлөө талархах сэтгэлийг лавшруулдаг. Талархах сэтгэл лавшрахаар, хэцүү үед ч Еховагийн хүсэл таалалд нийцүүлж, Есүс шиг даруу байх гэж хичээнэ (Лук 22:41, 42).

ЗОРИГТОЙ УЧРААС...

8. Есүс хэрхэн зориг гаргасан бэ?

8 Бид Есүсийг дуурайн зоригтой байх гэж хичээдэг. Есүс амиа алдахынхаа өмнөх өдөр хэрхэн зориг гаргасныг бодоод үз дээ. Удахгүй дайснуудад доромжлуулж, зодуулж, цаазлуулна гэдгээ сайн мэдэж байсан (Мат. 20:17–19). Гэсэн ч үхэлтэй нүүр тулахад бэлэн байв. Цаг нь болоход Гетсемани цэцэрлэгт хамт байсан үнэнч элчүүддээ «Бос, явцгаая. Цаана чинь, урвагч ирж байна» гэж хэлжээ (Мат. 26:36, 46). Зэвсэглэсэн бөөн хүн түүнийг барихаар ирэв. Тэгэхэд Есүс урагш гарч өөрийгөө илчлээд зогсохгүй элчүүдийг явуулахыг цэргүүдээс хүссэн (Ёох. 18:3–8). Ямар гайхалтай эр зориг вэ! Өнөө үед, тослогдогсод болон өөр хоньд Есүс шиг зоригтой байхыг хичээдэг. Яаж?

Цуглаанд очихын тулд зориг гаргадаг таныг бусад хүн хараад урамшдаг (9-р догол мөрийг үзээрэй) *

9. а) Цуглаанд тогтмол явахад яагаад зоригтой байх шаардлага гардаг вэ? б) Итгэл үнэмшлээсээ болоод шоронд хоригдсон ах дүү нарт маань бидний жишээ хэрхэн нөлөөлөх вэ?

9 Цуглаанд тогтмол очихын тулд зоригтой байх шаардлага гардаг. Зарим итгэл нэгтэн маань уй гашуу, сэтгэлийн хямрал, өвчин эмгэгээс болоод шаналж байсан ч, нөгөө зарим нь гэр бүлийнхэн эсвэл төр засгийн эрх баригчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч цуглаандаа явдаг. Сорилтыг үл тоон Еховад үнэнч үйлчилж байгаа тэдний энэ жишээ итгэл үнэмшлээсээ болоод шоронд хоригдож буй Гэрчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ? (Евр. 13:3). Итгэлтэй, зоригтой, үнэнч байх шийдвэрийг нь батжуулна. Ромд шоронд хоригдож байсан элч Паулд бас ийм явдал тохиолджээ. Тэрээр Бурханд үнэнч үйлчилж байгаа итгэл нэгтнүүдийнхээ талаар сонсох бүрдээ баярладаг байв (Флп. 1:3–5, 12–14). Суллагдахаасаа өмнө эсвэл суллагдсаныхаа дараахан үнэнч еврей итгэл нэгтнүүддээ захидал бичихдээ «бие биеэ ах дүүгийн ёсоор үргэлж хайрлан», цуглаанаа таслахгүй байхыг захижээ (Евр. 10:24, 25; 13:1).

10, 11. а) Дурсах цуглаанд ямар хүмүүсийг урих хэрэгтэй вэ? б) Тэднийг урих ямар шалтгааныг Эфэс 1:7-д бичсэн байдаг вэ?

10 Дурсах цуглаанд хамаатан садан, хамт ажилладаг хүмүүс, айл хөршийнхнийгөө урихад зориг хэрэгтэй. Бид яагаад тэднийг урьдаг вэ? Ехова Есүс хоёрын хийсэн бүхний төлөө үнэхээр их талархдаг учраас Дурсах цуглаанд хүмүүсийг урихгүй байж чаддаггүй. Еховагийн нигүүлслийн илрэл болсон золиосны ач тусыг хүртээсэй гэсэндээ тэднийг урьдаг (Эфэс 1:7-г уншина; Илч. 22:17).

11 Бид зоригтой учраас цуглаанд явдгийг ярилцлаа. Үүнээс гадна Ехова Есүс хоёрт байдаг өөр нэг чухал зан чанарыг бид бас илэрхийлдэг.

ХАЙРАНДАА ХӨТЛӨГДӨӨД...

12. a) Цуглаанд очих тусам Ехова Есүс хоёрыг улам их хайрладаг болно гэхийн учир юу вэ? б) 2 Коринт 5:14, 15-д ямар уриалга байдаг вэ?

12 Ехова Есүс хоёрыг гэсэн хайр маань цуглаанд очих бас нэгэн хөшүүрэг болдог. Цуглаанд очоод мэдлэгээ арвижуулах тусам Еховаг болон Хүүг нь улам их хайрладаг. Бидний төлөө юу хийснийг нь цуглаанд очих бүрдээ санадаг (Ром 5:8). Ялангуяа Дурсах цуглаанд суувал Ехова Есүс хоёрын хайрыг мэдэрнэ. Золиосны үнэ цэнг мэддэггүй хүмүүсийг ч хайрладгийг нь бодохлоор талархах сэтгэл лавширна. Тэгээд Есүсийг өдөр бүр дуурайхыг хичээнэ (2 Коринт 5:14, 15-ыг уншина). Мөн золиос өгсөн Еховаг магтан алдаршуулах хүсэл бадарна. Еховаг магтах нэг арга нь цуглаан дээр хариулж сэтгэлийнхээ үгийг хэлэх явдал юм.

13. Ехова Есүс хоёрт үнэхээр хайртайгаа хэрхэн батлах вэ? Тайлбарлана уу.

13 Ехова Есүс хоёрын төлөө аливаа бүхнээ золиослоход бэлэн байдаг маань тэдэнд үнэхээр хайртайн шинж юм. Ер нь бид цуглаанд очихын тулд янз бүрийн юмаа золиослох ёстой болдог. Жишээ нь ажлын өдрүүдэд оройн цагаар ядарсан байдаг ч цуглаандаа очдог. Мөн амралтын өдрүүдэд ихэнх хүн гэртээ амарч байхад, бид цуглаандаа явдаг. Ядарч байсан ч цуглаандаа очдог биднийг Ехова хардаг болов уу? Тэгэлгүй яах вэ! Еховад хайртайгаа батлах гэж хэдийчинээ их хичээл зүтгэл гаргана, Ехова тэр хайрыг маань төдийчинээ их үнэлдэг (Марк 12:41–44).

14. Есүс хэрхэн үлгэр дуурайл болдог вэ?

14 Есүс хувиа бодолгүй бусдыг хайрладаг байсан нь бидэнд үлгэр дуурайл болдог. Тэрээр шавь нарынхаа төлөө үхэхэд бэлэн байсан төдийгүй тэднийхээ эрх ашгийг өдөр бүр өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг байв. Жишээ нь маш их ядарсан, сэтгэл санаа нь хямарсан байхдаа ч дагалдагчидтайгаа уулздаг байжээ (Лук 22:39–46). Бусдаас юу авахыг бус, бусдад юу өгч чадахаа голлон анхаардаг байсан (Мат. 20:28). Хэрэв бид Еховаг, ах дүүгээ ийнхүү хайрладаг бол Эзний оройн зоог болон бусад бүх цуглаанд очихын тулд чадах бүхнээ хийнэ.

15. Бид ямар хүнд туслахыг бүр ч их анхаардаг вэ?

15 Дэлхий даяар буй Христийн жинхэнэ дагалдагч бид бүгдээрээ ахан дүүс билээ. Бас шинэ хүмүүстэй ах дүү бололцохын тулд тэднийг цуглаанд урих ажилд аль болох олон цаг зарцуулдаг. Идэвхгүй болсон итгэл нэгтнүүддээ туслахыг бүр ч их анхаардаг (Гал. 6:10). Тэднийг хайрладаг учраас цуглаануудад, ялангуяа Дурсах цуглаанд урьдаг. Бид халамжит Эцэг, Хоньчин Еховадаа эргээд ирсэн хүнийг хараад Ехова Есүс хоёр шиг хөөрөн баярладаг (Мат. 18:14).

16. a) Яавал нэг нэгэндээ урам нэмэх вэ? Цуглаанд очих нь ямар ач тустай вэ? б) Одоо яагаад Ёохан 3:16-д байдаг Есүсийн үгийг санахад тохиромжтой цаг вэ?

16 Дурсах цуглаан болоход хэдхэн хоног үлдэж байна. Энэ хугацаанд аль болох олон хүнийг уриарай. Уг арга хэмжээ 2019 оны 4 дүгээр сарын 19-ний баасан гаргийн орой болно ( «Та урина биз дээ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Бидний төлөө Еховагийн зохион байгуулдаг бүх цуглаанд тогтмол явж нэг нэгэндээ урам нэмцгээе. Өнөөгийн тогтолцооны төгсгөл ойртохын хэрээр цуглаандаа яваад байвал даруу, зоригтой байж, хайраар бялхана (1 Тес. 5:8–11). Биднийг үнэхээр их хайрладаг Ехова Есүс хоёрт хайртайгаа хамаг чадлаараа батлан харуулцгаая! (Ёохан 3:16-г уншина).

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

^ д/м 5 2019 оны 4 дүгээр сарын 19-ний баасан гаргийн орой болох Христийн нас барсныг дурсах цуглаан энэ оны хамгийн чухал үйл явдал байх юм. Бид яагаад энэ цуглаанд очдог вэ? Еховаг баярлуулахыг хүсдэг. Дурсах арга хэмжээ болон 7 хоног бүрийн цуглаанд явдгаас маань бидний талаар юу мэдэж болохыг энэ өгүүллээр үзнэ.

^ д/м 50 ХАВТАСНЫ НҮҮРЭН ДЭХ ЗУРАГ: Дэлхий даяар зохион байгуулах Эзний оройн зоогт сая сая хүнийг урьж байна

^ д/м 52 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Итгэл үнэмшлийн улмаас шоронд хоригдож буй Гэрч эрэгтэй гэрээсээ ирсэн захиаг уншаад урамшин зоригжиж байна. Хүмүүс өөрийг нь мартаагүй бөгөөд гэрийнхэн нь улс төрийн тогтворгүй байдлыг үл тоон Еховадаа үнэнч байгааг дуулаад баярлаж байна.