Skip to content

Гарчиг руу орох

Бурхны «хар салхи» ойртож байгааг хүмүүст дуулгах шаардлагатай!

Бурхны шүүлт—Хангалттай хугацаа олгодог уу?

Бурхны шүүлт—Хангалттай хугацаа олгодог уу?

ХҮН АМ шигүү суурьшсан газар луу хөнөөлт хар салхи асар хурдан ойртож байгааг цаг уурч радарын зургаас харвал яах вэ? Ард иргэдийг хар салхины аюулд өртөх вий гэсэндээ цаг алдалгүй сэрэмжлүүлнэ.

Цаг агаарын үзэгдлээс ч илүү аюултай «хар салхи» ойртож буйг Ехова дэлхийн хүн амд сэрэмжлүүлдэг. Хэрхэн сэрэмжлүүлдэг вэ? Яаралтай арга хэмжээ авах хангалттай цаг бий эсэхэд яагаад эргэлзэх хэрэггүй вэ? Эдгээр асуултад хариулахын тулд Еховагийн өгч байсан зарим сэрэмжлүүлгийн тухай эхлээд үзье.

БУРХАН УРЬДААС СЭРЭМЖЛҮҮЛСЭН

Библи бичигдэж байх үед Ехова янз бүрийн «хар салхины» талаар сэрэмжлүүлж байсан. Өөрөөр хэлбэл хууль тушаалыг нь санаатайгаар зөрчдөг хүмүүсийг шийтгэх гэж байгаагаа урьдчилан сануулдаг байв (Сур. 10:25; Иер. 30:23). Тухай бүрд нь эртнээс анхааруулж, хүсэл тааллынх нь дагуу өөрчлөгдөх аргыг дуулгаваргүй хүмүүст зааж өгчээ (Х.дэд 17:12–15; Нех. 9:29, 30). Дэлхий дэх үнэнч үйлчлэгчдээрээ шүүх мэдээгээ тунхаглуулж, яаралтай арга хэмжээ авахыг хүмүүст сануулдаг байв (Ам. 3:7).

Ноа бол тэдгээр үнэнч үйлчлэгчийн нэг юм. Тэр үед садар самуун явдал, хүчирхийлэл газар авсан байв. Дэлхий дахинд үерийн гамшиг болох гэж байгааг Ноа зоригтой сэрэмжлүүлжээ (Эх. 6:9–13, 17). Мөн яавал аврагдахыг хэлж өгсөн учраас хожим нь түүнийг «шударга сайныг тунхагласан» гэжээ (2 Петр 2:5).

Ноа байдгаараа хичээсэн ч хүмүүс Бурхны мэдээг үл тоомсорлосон. Тэд огтхон ч итгээгүй. Үүний уршгаар «үер бууж өөрсдийг нь хаман одоход» амиа алджээ (Мат. 24:39; Евр. 11:7). Үхлийн аюул ойртож байгааг сэрэмжлүүлээгүй гэж Бурхныг буруутгах ямар ч үндэс байхгүй.

Заримдаа Ехова шүүх ажиллагаа эхлэхийн өмнөхөн анхааруулдаг байв. Тэглээ ч гэсэн хүлээж аваад өөрчлөгдөх хангалттай хугацаа олгодог байжээ. Тухайлбал, эртний Египетэд Арван гамшиг буулгахаасаа өмнө урьдчилан сэрэмжлүүлсэн. Мосе Аарон хоёрыг фараон ба түүний зарц нар луу явуулж долоо дахь гамшгаар асар их хөнөөлтэй мөндөр буулгах гэж байгаагаа хэлүүлсэн нь үүний нэг жишээ юм. Мөндөр маргааш нь буух гэж байв. Мөндөрт цохиулж үхэхгүйн тулд хоргодох байр олох хангалттай хугацааг Бурхан египетчүүдэд олгосон уу? Библид «Фараоны зарц нарын зарим нь ЭЗЭНий үгээс айж, өөрсдийн боол, малыг гэртээ бөөгнүүлэв. Харин ЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь өөрсдийн боол, малыг хээр орхив» гэж бичжээ (Ег. 9:18–21). Ехова хангалттай хугацаа олгосон нь тодорхой. Тийм учраас сэрэмжлүүлгийг анхаарсан хүмүүс тэр гамшигт нэрвэгдээгүй.

Ехова фараон ба түүний зарц нарыг арав дахь гамшигт нэрвэгдэх аюулаас бас сэрэмжлүүлсэн. Гэвч тэд мунхаг зан гаргаж сэрэмжлүүлгийг үл тоомсорложээ (Ег. 4:22, 23). Үүний гайгаар ууган хөвгүүдээ алдсан. Хэчнээн харамсалтай вэ! (Ег. 11:4–10; 12:29). Тэдэнд цаг байгаагүй юү? Үгүй ээ, байсан! Мосе израйлчуудад арав дахь гамшгийн талаар тэр дор нь сануулж, гэр бүлээрээ аврагдахад тустай заавар өгсөн (Ег. 12:21–28). Хэр олон хүн Мосегийн зааврыг дагасан бэ? Зарим тооцоогоор, израйлчууд болон «холилдсон үй олон хүн» (египетчүүд гэх зэрэг израйл биш хүмүүс)-ээс бүрдсэн гурван сая хүн Бурхны шийтгэлийг амсахгүйн тулд Египетээс явжээ (Ег. 12:38).

Эдгээр жишээнээс харвал Ехова сэрэмжлүүлэхдээ яаралтай арга хэмжээ авах хангалттай цаг хугацаа олгодог байх нь ээ (Д.хууль 32:4). Ехова яагаад ийнхүү сэрэмжлүүлдгийг элч Петр тайлбарлан, «Тэр хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгодог» гэжээ (2 Петр 3:9). Тийм ээ, Бурхан хүмүүст санаа тавьсан. Шүүх ажиллагаа явуулахаас өмнө гэмшээсэй, зөвлөгөөг минь дагаасай гэж хүссэн (Ис. 48:17, 18; Ром 2:4).

БУРХНЫ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨНӨӨ ҮЕД

Өнөөдөр ч дэлхий дахинд маш чухал сэрэмжлүүлэг өгч байна. Үүнийг бүх хүн хүлээж аваад дагах шаардлагатай. Есүс дэлхий дээр байхдаа өнөөгийн тогтолцоо «агуу их гамшгаар» устгагдахыг анхааруулж байсан билээ (Мат. 24:21). Тэрээр ирээдүйд болох Бурхны шүүлтийн талаар нарийн ширийн зүйлийг зөгнөжээ. Тэр цаг ойртохын хэрээр дагалдагчид нь юу үзэж туулахыг хэлж өгсөн. Дэлхийг хамарсан томоохон үйл явдлуудын тухай Есүсийн зөгнөл өнөөдөр биелж байна (Мат. 24:3–12; Лук 21:10–13).

Иймээс Ехова хүн бүрд хандан надад үйлчилж, захирагдаарай хэмээн уриалж байна. Дуулгавартай хүмүүсийг одоо ч, ирээдүйн шинэ ертөнцөд ч сайхан амьдруулахыг Ехова хүсдэг (2 Петр 3:13). Амлалтад нь итгээсэй гэсэндээ амь аврах мэдээ дуулгадаг. Энэ бол «бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана» хэмээн Есүсийн зөгнөсөн «Хаант төрийн тухай ... сайн мэдээ» юм (Мат. 24:14). Бурхан үнэнч үйлчлэгчдээ зохион байгуулснаар тэд 240 улсад «энэхүү сайн мэдээг» «гэрчлэл болгон» тунхаглаж байна. Аль болох олон хүн сэрэмжлүүлгийг анхаарч удахгүй болох зөв шударга шүүлтэд өртөхгүй байгаасай гэж Ехова хүсдэг (Зеф. 1:14, 15; 2:2, 3).

Тэгэхээр Ехова хүмүүст сэрэмжлүүлэг өгөхдөө яаралтай арга хэмжээ авах хангалттай хугацаа олгодог уу, үгүй юү гэдэг чухал асуултын хариу тодорхой боллоо. Хангалттай хугацаа олгодгийг баримт харуулж байна. Харин хүмүүс Бурхны сэрэмжлүүлгийг анхаарах болов уу? Бурхны мэдээг тунхаглагч бид энэ ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давахад нь аль болох олон хүнд туслахыг хичээцгээе.