Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 43

Еховад чин үнэнч байгтун

Еховад чин үнэнч байгтун

«ЭЗЭН бол хартай [«чин үнэнч байхыг шаарддаг», ШЕ] ... Бурхан юм» (НАХ. 1:2).

ДУУ 7 Еховад өөрийгөө зориулъя

ТОЙМ *

1. Бид яагаад зөвхөн Еховад чин үнэнч байх ёстой вэ?

БИД Еховад чин үнэнч байх ёстой. Яагаад гэвэл тэрээр биднийг бүтээж, амь өгсөн (Илч. 4:11). Уг нь бид Еховаг хайрлаж, хүндэлдэг. Гэхдээ нэг аюул бий. Өөр юмыг илүү чухал гэж үздэг болж магадгүй. Яагаад гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Эхлээд, үнэнч байна гэж юу гэсэн үг болохыг үзье.

2. Еховад чин үнэнч хүн Египетээс гарсан нь 34:14-т бичсэний дагуу ямар байдаг вэ?

2 Бурханд үнэнч байх гэдэг нь түүнд үнэн голоосоо хайртай байх гэсэн үг юм. Еховад чин үнэнч бол зөвхөн түүнийг л шүтнэ. Өөр хэн нэгнийг эсвэл ямар нэгэн юмыг зүрх сэтгэлдээ багтаахгүй (Египетээс гарсан нь 34:14-ийг уншина).

3. Бид юу ч бодохгүйгээр Еховад өөрсдийгөө зориулаагүй гэж яагаад хэлж болох вэ?

3 Бид юу ч бодохгүйгээр Еховад өөрсдийгөө зориулсан юм биш ээ. Яагаад гэвэл Еховагийн тухай баримт нотолгоог судалсан. Гайхалтай сайхан зан чанарыг нь бахдан биширдэг болсон. Юунд дуртай, юунд дургүйг нь мэддэг, санал нийлдэг. Хүн төрөлхтний төлөө юу хийх гэж байгааг нь ойлгодог, дэмждэг. Анд нөхөр нь болох боломж олгосонд нь талархдаг (Дуу. 25:14). Бүтээгчийнхээ тухай юу л мэдэж авна, тэгэх бүрдээ улам дотносдог (Яак. 4:8).

4. а) Биднийг Еховад чин үнэнч биш болгохын тулд Диавол юу ашигладаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Диавол эрхшээлдээ байдаг энэ ертөнцийг ашиглан хүмүүсийн хүслэн болдог зүйлийг эрхэмлэдэг болгохыг, мөн жам ёсны хүслийг өдөөхийг оролддог (Эф. 2:1–3; 1 Ёох. 5:19). Хэрэв Диаволын зорилго биелбэл бид өөр зүйлийг хайрладаг болж, Еховад хоёргүй сэтгэлээр үйлчлэхээ болино. Тодорхой хэмжээгээр үр дүнд хүрдэг хоёр аргыг нь авч үзье. Нэгдүгээрт, эд хөрөнгийн хойноос хөөцөлдүүлэх гэж оролддог. Хоёрдугаарт, зугаацаж цэнгэх, үзэж харах юмыг маань буруу сонгуулахыг хичээдэг.

МӨНГИЙГ ХАЙРЛАХААС БОЛГООМЖИЛ

5. Мөнгийг хайрлахаас болгоомжлох ёстойн учир юу вэ?

5 Мөр бүтэн, гэдэс цатгалан явж, тохилог орон байранд амьдрахыг хүн болгон хүсдэг. Гэхдээ бид мөнгийг хайрлахаас болгоомжлох ёстой. Өнөөдөр олон хүн «мөнгөнд дуртай», мөнгөөр худалдаж авч болдог бүхнийг эрхэмлэдэг болжээ (2 Тим. 3:2). Дагалдагчдад нь ийм сорилт тулгарна гэдгийг Есүс мэдэж байсан. Тийм учраас «Хэн ч хоёр эзний боол байж чадахгүй. Учир нь нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгэнд нь үнэнч байж, нөгөөг нь үл тооно. Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй» гэжээ (Мат. 6:24). Еховаг шүтдэг хүн эд хөрөнгөтэй болох гэж хэтэрхий их цаг, хүч зарцуулдаг бол хоёр эзэнд үйлчлэхийг хичээж байгаа хэрэг. Тийм хүн Еховад чин үнэнч байж чадахгүй.

Лаодикчууд өөрсдийгөө ингэж дүгнэж байхад ... Ехова Есүс хоёрт иймэрхүү харагдсан (6-р догол мөрийг үзээрэй)

6. Лаодик дахь хурлынханд хандаж хэлсэн Есүсийн үгээс юу ойлгож болох вэ?

6 МЭ I зууны сүүлчээр Лаодик дахь хурлын гишүүд: «Би баян. Эд баялаг хураасан бөгөөд дутах юм огт алга» хэмээн сайрхаж байжээ. Гэвч тэд Ехова Есүс хоёрын нүдэнд «хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй, ядуу, сохор, нүцгэн» харагдсан. Есүс тэднийг баян байсан болохоор нь бус, харин эд баялгийг Еховатай тогтоосон харьцаанаасаа илүү чухал гэж үзэж байсан учраас зөвлөгөө өгчээ (Илч. 3:14–17). Хэрэв эд мөнгийг хайрлаж эхэлснээ анзаарсан бол нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай (1 Тим. 6:7, 8). Тэгэхгүй бол Бурхныг бүх зүрхээрээ хайрлахаа больж, шүтлэг маань дэмий хоосон болно. Ехова бол «хартай» буюу чин үнэнч байхыг шаарддаг Бурхан юм (Д.хууль 4:24). Яавал мөнгийг илүү чухал гэж үздэг болж мэдэх вэ?

7-9. Дэйвид гэдэг ахлагчид тохиолдсон явдлаас та юу мэдэж авсан бэ?

7 АНУ-д амьдардаг Дэйвид гэдэг ахлагчийн тухай ярилцъя. Тэрээр өөрийгөө ажлын төлөө төрсөн юм шиг гэж тодорхойлсон юм. Аятайхан ажилтай, ахиухан цалинтай байсан тэрээр улсынхаа хамгийн чадварлаг мэргэжилтнүүдийн нэгд тооцогддог байжээ. Дэйвид: «Би тэр үед энэ бүхнийг Ехова ивээж байгаагийн шинж гэж боддог байсан» гэжээ. Үнэхээр тийм байсан уу?

8 Ажил нь Еховатай тогтоосон харьцаанд муугаар нөлөөлж байгааг Дэйвид аажмаар ойлгож эхэлжээ. Тэрээр: «Цуглаан дээр, тэр байтугай дэлгэрүүлж явахдаа ажил дээр гарсан асуудлыг бодож явдгаа анзаарсан. Би их мөнгө олдог байсан ч сэтгэл улам хямарч, уур уцаартай болж байлаа. Эхнэртэйгээ ч таарахаа больсон» гэж ярьсан юм.

9 Дэйвид эн тэргүүнд тавьдаг юмаа дахин нягтлах хэрэгтэйгээ ойлгожээ. «Шийдвэртэй арга хэмжээ авахаар эргэлт буцалтгүй шийдсэн» гэж тэрээр ярьсан юм. Ингээд ажлын шинэ төлөвлөгөө боловсруулж түүнийгээ захиралдаа танилцуулжээ. Юу болсон бол? Ажлаасаа халагдаж орхив! «Маргааш нь би туслах эхлэгчээр тасралтгүй үйлчлэх анкет бөглөсөн» гэж Дэйвид ярьсан юм. Амь зуухын тулд эхнэртэйгээ хоёулаа цэвэрлэгээний ажил хийдэг болжээ. Хэсэг хугацааны дараа байнгын эхлэгч болов. Дараа нь эхнэр нь эхлэгчийн эгнээнд багтав. Хүмүүсийн голдог ажлыг хийж байгаадаа энэ хоёр огт санаа зовдоггүй ажээ. Орлого нь урьдынхаасаа 10 дахин багассан боловч сар бүрийн зардлаа нөхөхөд хангалттай мөнгө олдог. Тэд Еховаг эн тэргүүнд тавихыг хичээдэг. Хаант төрийг голлон анхаардаг хүмүүст Ехова санаа тавьдгийг биеэрээ үзэж байна (Мат. 6:31–33).

10. Зүрхээ хэрхэн хамгаалах вэ?

10 Бид чинээлэг, даржин аль нь ч бай, зүрхээ хамгаалах нь маш чухал. Яаж хамгаалах вэ? Эд мөнгийг бүү хайрлаарай. Ажил албыг Еховад үйлчлэхээс илүү чухал гэж бүү бодоорой. Ийм үзэлтэй болсон эсэхээ яаж мэдэх вэ? Өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. «Би цуглаан дээр эсвэл дэлгэрүүлж байхдаа алба ажлаа бодоод явдаг юм биш биз? Ирээдүйд мөнгө төгрөгөөр гачигдах байх гэж байнга санаа зовдог уу? Мөнгө төгрөг, эд хөрөнгөөс болж ханьтайгаа муудалцдаг уу? Хэрэв хүмүүсийн голдог ажил Еховад илүү олон цаг үйлчлэх боломж олгохоор бол би хийх үү?» (1 Тим. 6:9–12). Эдгээр асуултыг бодохдоо Ехова танд хайртайг санаарай. Бас өөрт нь чин үнэнч хүнд Ехова: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» гэж амласныг мартахгүй байцгаая. Элч Паул: «Мөнгийг бүү хайрла» хэмээн бичсэний учир нь энэ юм (Евр. 13:5, 6).

ЗУГААГАА ГАРГАХ ЗҮЙЛИЙГ ЗӨВ СОНГООРОЙ

11. Ертөнцийн зугаа цэнгэл хүнийг ямар болгож мэдэх вэ?

11 Ехова биднийг баярлуулахыг хүсдэг. Үзэж харах, зугаа гаргах зүйл баяр хөөртэй амьдрахад хэрэгтэй. Тэгээд ч Бурхны Үгэнд «Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй» гэж бий (Ном. 2:24). Гэхдээ энэ ертөнцийн зугаацуулж цэнгүүлдэг ихэнх зүйл бидэнд муугаар нөлөөлдөг. Бурхны Үгэнд буруушаадаг зүйлийг хүлцэн тэвчихийг, тэр байтугай хайрлахыг хүмүүст уриалснаараа ёс суртахууны хэм хэмжээг гажуудуулдаг.

Таны үзэж хардаг юм хаанаас эхтэй вэ? (11–14-р догол мөрийг үзээрэй) *

12. 1 Коринт 10:21, 22-ыг харвал, зугаацаж цэнгэх зүйлийг яагаад болгоомжтой сонгох ёстой вэ?

12 Еховад чин үнэнч байхыг хүсдэг хүн «Еховагийн ширээ» болон «чөтгөрүүдийн ширээнээс» нэгэн зэрэг хоол иддэггүй (1 Коринт 10:21, 22-ыг уншина). Хэн нэгэнтэй хамт хоол иднэ гэдэг бол дотно байдгийн шинж юм. Махан биеийн хүслийг дэвэргэдэг хүчирхийлэл, ид шид, садар самуун гэх зэргийн зүйлээр зугаагаа гаргах нь Бурхны дайснуудын хийсэн хоолыг тэдэнтэй хамт идсэнтэй адил. Тэгвэл өөрөө хохироод зогсохгүй Еховатай тогтоосон харьцаагаа эвдэн бусниулж болзошгүй.

13, 14. Яаков 1:14, 15-ыг бодож үзвэл зугаа цэнгэлийг яагаад болгоомжтой сонгох ёстой вэ? Жишээ хэлнэ үү.

13 Зугаа цэнгэл, үзэж харах зүйл юугаараа хоолтой адилхан байдгийг бодъё. Бид юу халбагадах, халбагадахгүйгээ өөрөө шийдэх эрхтэй. Харин нэгэнт залгисан бол хоол шингэх үйл явцыг санаснаараа зохицуулах боломжгүй. Зөв зохистой хоол эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг бол муу хоол биед хортой. Үр дүн нь шууд харагдахгүй ч яваандаа тодорхой болно.

14 Үүнтэй адил, үзэж харах зүйлээ бид өөрсдөө сонгох эрхтэй. Харин нэгэнт сонгоод үзэж харсан бол оюун ухаан, зүрх сэтгэлд яаж нөлөөлөхийг зохицуулах боломжгүй. Сайн зүйл сонгосон бол сэтгэл сэргэнэ, зохисгүйг сонгосон бол хохирол амсана (Яаков 1:14, 15-ыг уншина). Муу юмаар зугаагаа гаргасан бол үр дүн нь тэр дороо харагдахгүй ч аажимдаа илэрхий болно. Тийм учраас Библид «Бүү мэхлэгд. Хэн ч Бурхныг хуурч чадахгүй. Яагаад гэвэл хүн юу тарьснаа хурааж авдаг. Нүгэлт хүсэлдээ хөтлөгдөн тарьдаг хүн ялзралыг хурааж авна» гэсэн анхааруулга байдаг (Гал. 6:7, 8). Еховагийн үзэн яддаг зүйлийг өөгшүүлдэг зугаа цэнгэлээс татгалзах нь туйлын чухал! (Дуу. 97:10).

15. Ехова биднийг баясгах ямар бэлэг өгсөн бэ?

15 Еховагийн олон үйлчлэгч JW телевиз үзэх дуртай. Энэ бол манай байгууллагын интернэт телевиз юм. Мэрилин гэдэг Гэрч эмэгтэй: «JW телевизийн ачаар би өөдрөг болсон. Бас алийг нь үзэж болох вэ, алийг нь болохгүй вэ гэж болгоомжлох хэрэггүй. Би ганцаардсан, сэтгэлээр унасан үедээ илтгэл сонсох юм уу Библи судлах өглөөний хөтөлбөр үзэхээрээ сэргэдэг. Тэгээд Еховатай, байгууллагатай нь илүү дотно болсноо мэдэрдэг. JW телевиз намайг эрс өөрчилсөн» гэж ярьсан юм. Та Еховагийн өгсөн энэ бэлгийн ач тусыг хүртэж байгаа юу? Сар бүр шинэ дугаар гарахаас гадна аудио, видео хөтөлбөрүүд, сайхан дуунууд видео санд бий.

16, 17. Зугаа цэнгэлд зарцуулдаг цагаа хянах нь яагаад чухал вэ? Хэрхэн хянах вэ?

16 Ямар зугаа цэнгэл сонгохоо анхаарахаас гадна хэр их цаг зарцуулахаа бодох ёстой. Тэгэхгүй бол Еховад үйлчлэхээс илүү их цагийг зугаа цэнгэлд зориулж магадгүй. Үзэж харах, зугаацаж цэнгэх зүйлд зарцуулдаг цагаа хянах нь олон хүнд амаргүй байдаг ажээ. Арван найман настай Абигаил гэдэг Гэрч охин: «Би орой зурагт үзээд өдрийн алжаалаа тайлдаг. Гэхдээ болгоомжтой байхгүй бол олон цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөчихсөн байдаг» гэжээ. Одоо 21-тэй Самуел: «Би заримдаа интернэтээр богино хэмжээний видео үздэг. Одоо нэгийг гэсээр байгаад нэг мэдэхэд 3, 4 цаг зарцуулчихсан байдаг» гэсэн юм.

17 Зугаа цэнгэлд зарцуулдаг цагаа хэрхэн хянаж болох вэ? Эхлээд хэдэн цаг зарцуулдгаа мэдэж аваарай. Нэг 7 хоногийн турш тэмдэглэл хөтлөөд үзвэл ямар вэ? Хэдэн цаг телевиз үзсэн, интернэт хэссэн, утсан дээрээ тоглоом тоглосноо календарь дээр тэмдэглээрэй. Хэтэрхий их цаг зарцуулж байгаагаа анзаарсан бол хуваарь гаргаарай. Хамгийн түрүүнд илүү чухал зүйлд, дараа нь зугаа цэнгэлд цагаа хуваарилаарай. Гаргасан төлөвлөгөөгөө биелүүлэхэд туслахыг Еховагаас гуйгаарай. Ингэвэл Библи судлах, гэр бүлийн хичээл хийх, цуглаанд явах, Еховадаа үйлчлэх буюу дэлгэрүүлэх, заах ажилд оролцох цаг ч гарна, хүч тэнхээтэй ч байна. Бас зугаа цэнгэлд их цаг зарцууллаа гэж өөрийгөө буруутгахгүй.

ЕХОВАД ХЭЗЭЭД ЧИН ҮНЭНЧ БАЙГААРАЙ

18, 19. Еховад чин үнэнчээ хэрхэн батлах вэ?

18 Сатаны ертөнц устгагдаж, шинэ ертөнц бий болох гэж байгааг элч Петр бичээд, «Хайрт ах дүү нар аа, та нар эдгээрийг хүлээж байгаа учир өөгүй, толбогүй бөгөөд өөртэй нь сайн харьцаатай гэж Бурханд тооцогдохын тулд чадах бүхнээ хий» хэмээн зөвлөжээ (2 Петр 3:14). Энэ зөвлөгөөг дагаж, ёс суртахууны хувьд цэвэр ариун амьдарч, Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэхийн тулд чадах бүхнээ хийдэг бол Еховад чин үнэнчээ батлан харуулна.

19 Сатан болон түүний ертөнц биднийг сорьж Еховаг бус, өөр зүйлийг эн тэргүүнд тавиулахыг оролдсоор байх болно (Лук 4:13). Гэхдээ ямар ч саад тотгор учирсан, Еховагаас өөр хэнийг ч, юуг ч илүү чухалд үзэхгүй байцгаая. Зөвхөн Еховад чин үнэнч байхаар бат шийдэцгээе!

ДУУ 51 Бид Еховад үнэнч

^ д/м 5 Бид Еховад бүхнээ зориулсан хүмүүс. Гэхдээ зөвхөн түүнд үнэнч байж чаддаг уу? Гаргадаг шийдвэр маань энэ асуултын хариу болно. Зөвхөн Еховад чин үнэнч эсэхээ мэдэхийн тулд хоёр зүйлтэй холбоотой ямар шийдвэр гаргадгаа ярилцъя.

^ д/м 53 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ариун цэврийн шаардлага хангаагүй гал тогоонд хийсэн бохир заваан хоол идэхийг хэн ч хүсэхгүй. Тэгвэл хүчирхийлэл, ид шид, садар самуунаар бохирдсон юмыг ч үзэх ёсгүй!