Skip to content

Гарчиг руу орох

Рүтэрфорд ах 1919 оны чуулган дээр илтгэл тавьж байгаа нь, Охайо муж, Сидар Пойнт хот

1919—Зуун жилийн өмнө

1919—Зуун жилийн өмнө

ДӨРВӨН жил гаруй үргэлжилсэн Их дайн (сүүлд дэлхийн І дайн гэгдэх болсон) 1919 он гэхэд дууссан байлаа. 1918 оны сүүлчээр улс гүрнүүд өөр хоорондоо дайтахаа болив. 1919 оны 1 дүгээр сарын 18-нд Парисын энхийн бага хурал эхэлжээ. Тус хурлын нэг амжилт нь Версалын гэрээ юм. Талууд 1919 оны 6 дугаар сарын 28-нд уг гэрээнд гарын үсэг зурснаар Герман болон Холбоотнуудын хоорондох дайн албан ёсоор дуусгавар болжээ.

Түүнчлэн бага хурлаар Үндэстнүүдийн Холбоо гэдэг байгууллагыг шинээр байгуулав. Холбооны зорилго нь «олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад» чиглэж байлаа. Христийн сүмүүд Үндэстнүүдийн холбоог дэмжсэн. Уг байгууллагыг Америк дахь Христийн сүмүүдийн Холбооны Зөвлөл магтаж «Бурхны Хаант төрийн дэлхий дээрх илэрхийлэл» гэжээ. Мөн Парисын энхийн бага хуралд төлөөлөгчдөө илгээсэн. Тэр төлөөлөгчдийн нэг нь хэлэхдээ, бага хурал хуралдсанаар «дэлхийн түүхэнд шинэ эрин эхэллээ» гэжээ.

Шинэ эрин эхэлсэн нь үнэн. Гэхдээ энхийн бага хуралд оролцогчид эхлэлийг нь тавиагүй. 1919 онд Ехова ард түмэндээ асар их эрч хүч өгснөөр дэлгэрүүлэх ажлын шинэ эрин үе эхэлсэн. Гэхдээ Библи Судлаачид эхлээд хэцүү даваа давах ёстой болжээ.

ТӨВӨГТЭЙ АСУУДЛЫГ ШИЙДСЭН НЬ

Жосеф Ф. Рүтэрфорд

Библи ба танилцуулгын Харуулын Цамхаг нийгэмлэгийн захирлуудын жил тутмын сонгуулийг 1919 оны 1 дүгээр сарын 4-ний бямба гарагт хийхээр товлосон байв. Тэр үед Еховагийн ард түмнийг тэргүүлж байсан Жосеф Ф. Рүтэрфорд долоон андтайгаа АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын шоронд хилс хэргээр хоригдсон байжээ. Тиймээс шоронд байгаа захирлуудыг дахин сонгох уу, оронд нь өөр хүмүүсийг сонгох уу гэдгийг шийдэх хэрэгтэй болсон.

Ивандер Ж. Ковард

Рүтэрфорд ах шоронд байхдаа байгууллагынхаа төлөө санаа зовж байжээ. Өөр хүнийг ерөнхийлөгчөөр сонгох хүсэлтэй хүмүүс байгааг ч мэдэж байв. Иймээс хуралдаанд оролцогчдод захидал бичиж Ивандер Ж. Ковардыг ерөнхийлөгчөөр сонгох саналтай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Ковардыг «тайван», «ухаалаг», «Эзэнд үнэнч» гэж тодорхойлсон. Гэвч сонгуулийг 6 сараар хойшлуулах хүсэлтэй хүн олон байлаа. Шоронд суугаа ах нарыг өмгөөлж байсан хуулийн багийнхан ч санал нэгтэй байв. Хуралдаан хурц ширүүн шинжтэй болжээ.

Ричард Х. Барбер

Тэгээд яасан бэ? Ричард Х. Барбер хожим нь дурсахдаа «Далайн давлагааг тос асгаж намжаадагтай» адилхан юм болсон гэжээ. Тэнд байсан ах нарын нэг нь босож үг хэлсэн байна. Тэрээр: «Би хуулийн мэргэжилтэн биш ч үнэнч шударга байна гэж юу болохыг мэднэ. Бурхан үнэнч шударга байхыг шаарддаг. Бурханд үнэнчээ батлах хамгийн сайн арга нь Рүтэрфорд ахыг ерөнхийлөгчөөр дахин сонгох явдал юм» гэжээ (Дуу. 18:25).

Александр Х. Макмиллан

Маргааш нь Рүтэрфорд ах шоронгийн өрөөнийхөө ханыг тогшоод хажуугийн өрөөнд хоригдож байсан А. Х. Макмилланд «Гараа нааш нь өг дөө» гэв. Тэгээд цахилгаан мэдээ өгчээ. Макмиллан хэдхэн үгтэй уг цахилгааныг уншмагцаа ямар утгатайг тэр даруй ойлгов. Тэнд «РҮТЭРФОРД ВАЙС ВАН БАРБЕР АНДЕРСОН БҮЛЛИ СПИЛЛ НАР ЗАХИРАЛ ЭХНИЙ ГУРАВ АЛБАНДАА ХАЙРТАЙ ШҮҮ» гэж бичжээ. Захирлуудыг бүгдийг нь улируулан сонгосон, Жосеф Рүтэрфорд, Виллиам Ван Амбург нар хуучин албандаа үлдсэн гэсэн утгатай ажээ. Ингээд Рүтэрфорд ах ерөнхийлөгч хэвээрээ үлджээ.

СУЛЛАГДСАН НЬ!

Найман ахыг шоронд байхад үнэнч Библи Судлаачид юу хийж байсан бол? Ах нарыг шоронгоос суллуулах өргөдөл бичээд 700 000 гаруй хүнээр гарын үсэг зуруулжээ. Гэвч өргөдлөө өргөн барихаас нь өмнө буюу 1919 оны 3 дугаар сарын 26-ны лхагва гарагт Рүтэрфорд нарын хариуцлагатай ах нарыг шоронгоос сулласан байна.

Рүтэрфорд ах шоронгоос суллагдсаныхаа дараа цугласан хүмүүст хандан «Энэ явдал илүү хэцүү цагийн төлөө биднийг бэлдлээ гэж бодож байна. ... Та нарын тэмцэл ах дүү нараа шоронгоос гаргах төдий биш байлаа. Жинхэнэ зорилго нь биш байсан. ... Та нар Үнэнийг гэрчлэх зорилгын төлөө тэмцсэн. Тэмцсэн хүмүүс Еховаг алдаршуулж гайхалтай ивээл хүртлээ» гэж хэлжээ.

Ах нартай холбоотой шүүх ажиллагааг харвал Ехова удирдаж байсан гэлтэй. 1919 оны 5 дугаар сарын 14-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаас шийтгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Учир нь уг хэрэгт холбогдогчдыг шударга шүүгээгүй гэж үзсэн байна. Ах нарт ноцтой хэрэг тулгасан байжээ. Зүгээр л өршөөлөө эсвэл ялыг нь хөнгөрүүллээ гэсэн шийдвэр гаргасан бол хувийн хэрэгт нь бичих байсан. Тэгсэн бол ажилд ороход нь саад учирна. Харин ялыг бүрмөсөн цагаатгаж гэмт хэрэг үйлдээгүй гэсэн шийдвэр гаргасан учир Рүтэрфорд ах шүүгч, хуульчаар ажиллах эрхтэй болсон төдийгүй АНУ-ын Дээд шүүх дээр Еховагийн ард түмнийг олон удаа хамгаалсан юм.

ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭР ШИЙДСЭН НЬ

Макмиллан ах: «Эзэн ирээд биднийг тэнгэрт аваачтал гараа хумхиад суухыг хэн маань ч хүсээгүй. Эзний хүсэл юу вэ гэдгийг мэдэхийн тулд ямар нэгэн юм хийх хэрэгтэйгээ ойлгосон» гэж ярьжээ.

Гэвч байгууллагын төвд үйлчилдэг ах нар олон жил хийж ирсэн ажлаа үргэлжлүүлэх аргагүй болсон юм. Яагаад? Тэднийг шоронд байх зуур ном хэвлэл хэвлэхэд хэрэглэдэг баруудыг бүгдийг нь устгажээ. Энэ нь сэтгэл өвтгөм явдал байлаа. Дэлгэрүүлэх ажил дууссан байх гэсэн бодол заримд нь төрсөн гэдэг.

Библи Судлаачдын дэлгэрүүлдэг Хаант төрийн тухай мэдээг сонсох хүн байсан болов уу? Энэ асуултын хариуг мэдэхийн тулд Рүтэрфорд ах олон нийтэд зориулж илтгэл тавихаар шийджээ. «Тэр цуглаанд хэн ч ирэхгүй бол ажил маань дууссан гэсэн үг» гэж Макмиллан ах ярьжээ.

Сонины зарлал. Рүтэрфорд ах Калифорни мужийн Лос-Анжелес хотод «Зовлонт хүн төрөлхтний найдвар» гэсэн илтгэл тавих тухай, 1919 он

Рүтэрфорд ах хүнд өвчтэй байсан ч Калифорни мужийн Лос-Анжелес хотод 1919 оны 5 дугаар сарын 4-ний ням гарагт «Зовлонт хүн төрөлхтний найдвар» гэсэн илтгэл тавьжээ. 3 500-гаад хүн илтгэл сонссон ч, танхимд багталгүй буцсан хүн өдий төдий байлаа. Маргааш нь 1 500 хүн иржээ. Асуултын хариу тодорхой болов. Сонирхсон хүмүүс байж байлаа!

Тэгэхээр нь Библи Судлаачид нэг юм хийжээ. Тэр нь Еховагийн Гэрчүүдийн өнөөг хүртэл хэрэглэж буй дэлгэрүүлэх аргын эхлэл байсан юм.

ЕХОВАГИЙН АЖЛЫГ ХИЙХЭД БЭЛЭН БОЛСОН НЬ

9 дүгээр сарын эхээр Охайо мужийн Сидар Пойнт хотод болох чуулганы тухай зарлал «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1919 оны 8 дугаар сарын 1-ний дугаарт нийтлэгджээ. Кларенс Б. Бити гэдэг Библи Судлаач тэр үед залуухан байв. Тэрээр: «Тэнд заавал очих ёстой гэж хүн болгон бодож байсан» гэж ярьжээ. Уг чуулганд 6 000 гаруй Библи Судлаач очсон нь санаснаас ч олон байлаа. Мөн ойролцоох Эри нууранд 200 гаруй хүн баптисм хүртэхэд олон хүний сэтгэл хөдөлжээ.

«Алтан үе» сэтгүүлийн анхны дугаарын нүүр (1919 оны 10-р сарын 1-ний дугаар)

Чуулганы 5 дахь өдөр буюу 1919 оны 9 дүгээр сарын 5-нд Рүтэрфорд ах «Хамтран зүтгэгчдэдээ» гэдэг илтгэл тавьсан юм. Бас «Алтан үе» * сэтгүүл шинээр гарсныг зарлаж, «болж буй агуу үйл явдлуудын учир холбогдлыг Сударт үндэслэн тайлбарлаж сүүлийн үеийн чухал мэдээ хүргэх» нь энэ сэтгүүлийн зорилго гэжээ.

Шинэ сэтгүүлээ ашиглан зоригтой дэлгэрүүлэхийг Библи Судлаачдад уриалжээ. Дэлгэрүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах гэж байгаа талаар бичихдээ «Бурханд өөрийгөө зориулсан [баптисм хүртсэн] хүн бүр үйлчлэх завшаанаа санаж, боломж бүрийг ашиглан ертөнцөд гэрчлэх агуу ажилд оролцогтун!» гэсэн байна. Библи Судлаачид энэ уриалгыг баяртайгаар хүлээн авчээ. Хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгчид 12 дугаар сар гэхэд шинэ сэтгүүлийн 50 000 гаруй захиалга авсан байлаа.

«Алтан үе» сэтгүүл ачсан машины урд зогсож буй Библи Судлаачид, Нью-Йорк, Брүүклин

1919 оны сүүлчээр Еховагийн ард түмэн зохион байгуулалт сайтай, урам зоригтой болжээ. Мөн тэр үед эцсийн өдрүүдийн тухай хэдэн чухал зөгнөл биелсэн. Малахи 3:1–4-т зөгнөсний дагуу, Бурхны ард түмнийг шалгаж, цэвэршүүлээд «Агуу Вавилоны» савраас чөлөөлөв. Дараа нь Есүс «итгэмжит, ухаалаг боолыг» томилжээ * (Илч. 18:2, 4; Мат. 24:45). Библи Судлаачид Еховагийн ажлыг хийхэд бэлэн болсон байлаа.

^ д/м 22 «Алтан үе» сэтгүүл 1937 онд «Тайвшрал», 1946 онд «Сэрцгээ!» нэртэй болсон.