Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 50

Ехова таныг чөлөөлнө

Ехова таныг чөлөөлнө

«Нутаг даяар бүх оршин суугчдад эрх чөлөөг зарлагтун» (ЛЕВ. 25:10).

ДУУ 136 Хаанчлал тань ирэх болтугай!

ТОЙМ *

1, 2. а) Эврийн бүрээдэлт гэж юу вэ? ( «Эврийн бүрээдэлт гэж юу вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). б) Лук 4:16–19-ийг үзвэл, Есүс юуны тухай ярьсан бэ?

ЗАРИМ улсад хаан юм уу хатныхаа хаан ширээнд заларсны 50 жилийн ойг ёслон тэмдэглэдэг. Энэ ойн баярыг нэг өдөр, 7 хоног эсвэл түүнээс ч удаан хугацаагаар тэмдэглэдэг ч дуусдаг. Тэгээд удалгүй мартагддаг.

2 Эртний израйлчууд бас 50 жил тутамд том баяр тэмдэглэдэг байжээ. Бүтэн жил үргэлжилдэг байсан тэр баярыг «эврийн бүрээдэлт» гэдэг. Эврийн бүрээдэлтээр израйлчууд эрх чөлөөтэй болдог байв. Тэгвэл энэ нь бидэнд ямар хамаатай вэ? Үүнийг сонирхон судалбал Ехова биднийг үүрд эрх чөлөөтэй болгохын тулд юу хийснийг санана. Ач тусыг нь одоо ч хүртэх боломжтой. Есүс бас энэ эрх чөлөөний тухай дурдсан байдаг (Лук 4:16–19-ийг уншина).

Эврийн бүрээдэлтийн жилд боол хүн гэр бүл, нутаг усандаа эргэж очдог учир израйлчууд баяр хөөр болдог байжээ (3-р догол мөрийг үзээрэй) *

3. Левит 25:8–12-ыг үзвэл, Эврийн бүрээдэлтийн жил израйлчуудад ямар ач холбогдолтой байсан бэ?

3 Бурхан Эврийн бүрээдэлтийн жилийг тэмдэглэж байхыг израйлчуудад тушаасны учрыг эхлээд судалбал Есүс яагаад эрх чөлөөний тухай ярьсныг илүү сайн ойлгоно. Ехова израйлчуудад «Та нар тавь дахь жилийг ариусган, нутаг даяар бүх оршин суугчдад эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эврийн бүрээдэлт болох бөгөөд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж явна. Хүн нэг бүр өөрийн ураг уруугаа буцаж явах болой» хэмээн айлджээ (Левит 25:8–12-ыг уншина). Өмнөх өгүүллээр, Амралтын өдрийн хууль израйлчуудад ямар ач тустай байсныг үзсэн. Тэгвэл Эврийн бүрээдэлт тэдэнд ямар ач тустай байсан бол? Жишээ нь израйл хүн өр тавьсан гэж бодъё. Өрөө төлөхийн тулд арга буюу газраа зарав. Харин Эврийн бүрээдэлтийн жил «өөрийн эзэмшил уруу буцаж явах» буюу газраа буцааж авна. Ингэснээр үр удамдаа өвлүүлэх газартайгаа үлдэх ажээ. Өөр жишээ авъя. Өрөнд орсон хүн хүүхдээ боол болгон худалдах юм уу өөрөө боол болдог байв. Харин Эврийн бүрээдэлтийн жил болоход «ураг уруугаа буцаж» очих эрхтэй болно. Ийм учраас насан туршдаа боолчлогддоггүй байжээ! Ехова ард түмэндээ үнэхээр санаа тавьдгийг энэ үйл явдал харуулдаг.

4, 5. Эртний израйлчуудын тэмдэглэдэг байсан Эврийн бүрээдэлтийн жилийг яагаад судлах хэрэгтэй вэ?

4 Эврийн бүрээдэлт өөр ямар ач холбогдолтой байсан бэ? «Чиний Бурхан ЭЗЭНий чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг үнэнхүү ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно» гэж Ехова хэлсэн байдаг (Д.хууль 15:5). Баячууд нь хагартлаа баяжиж, ядуус нь тартагтаа тулдаг өнөөгийн нийгмээс эрс ялгаатай байгаа биз?

5 Бид Христийн дагалдагчид учраас Мосегийн хуулийг сахидаггүй. Өөрөөр хэлбэл, боолчлолоос чөлөөлөгдөх, өрнөөс салах, эзэмшил газраа буцааж авах зэрэг эрх чөлөө олгодог Эврийн бүрээдэлтийн жилийг тэмдэглэдэггүй (Ром 7:4; 10:4; Эф. 2:15). Гэлээ ч энэхүү үйл явдлын талаар судалж мэдэх нь их чухал. Яагаад? Ехова биднийг нүглээс чөлөөлөхийн тулд юу хийснийг санадаг.

ЕСҮС ЭРХ ЧӨЛӨӨГ ЗАРЛАН ТУНХАГЛАСАН

6. Хүн төрөлхтөн юунаас чөлөөлөгдөх хэрэгтэй вэ?

6 Хүн төрөлхтөнд эрх чөлөө хэрэгтэй. Яагаад? Бүх хүн нүглийн боол билээ. Энэ бол адгийн муу боолчлол юм. Бид нүгэлтэй учраас өвдөж, хөгширч, үхдэг. Хүн толинд харахаараа эсвэл өвчин тусахаараа энэ үнэнийг ойлгодог. Бас нүгэл үйлдээд сэтгэлээр унадаг. Элч Паул: «Миний биед ... байдаг нүглийн ... хууль ... намайг хоригдлоо болгодог» гэж бичжээ. Тэрбээр цааш нь «Би ямар өрөвдөлтэй хүн бэ? Үхэл рүү хөтөлдөг энэ биеэс хэн намайг аврах вэ?» гэсэн (Ром 7:23, 24).

7. Исаиа юуны тухай зөгнөсөн бэ?

7 Аз болоход, аврагдах буюу нүглээс чөлөөлөгдөх замыг Бурхан бидэнд нээж өгсөн! Биднийг чөлөөлөгдөхөд Есүс гол үүрэгтэй. МЭӨ 8-р зууны үед зөнч Исаиа ирээдүйд хүн төрөлхтний эдлэх агуу эрх чөлөөний талаар зөгнөжээ. Тэр нь Эврийн бүрээдэлтийн жилийнхтэй харьцуулшгүй агуу эрх чөлөө юм. Исаиа: «Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхагла[хын тулд илгээсэн]» гэж бичжээ (Ис. 61:1). Хэний тухай зөгнөсөн бэ?

8. Исаиа хэний тухай зөгнөсөн бэ?

8 Эрх чөлөөний тухай энэ зөгнөл Есүсийг үйлчлэлээ эхэлсэн тэр үеэс биелжээ. Тэрбээр өссөн хот Назарынхаа синагогт ороод цугласан олонд Исаиагийн энэ зөгнөлийг уншиж өгсөн. Тэгээд өөрийнх нь тухай зөгнөснийг тайлбарлаж «Ехова надад агуу хүчээ өгсөн. Учир нь ядууст сайн мэдээ тунхаглуулахаар намайг томилсон билээ. Олзлогдогсдод эрх чөлөөтэй болох тухай, хараагүйчүүдэд хараа орох тухай мэдээ тунхаглуулж, дарлагдсан хүмүүсийг суллуулахаар, Еховагийн тааллыг олох цагийн талаар тунхаглуулахаар намайг явуулсан» гэжээ (Лук 4:16–19). Энэ зөгнөлийг Есүс хэрхэн биелүүлсэн бэ?

ЧӨЛӨӨЛӨГДСӨН АНХНЫ ХҮМҮҮС

Есүс Назарын синагогт эрх чөлөөний тухай тунхаглаж байна (8, 9-р догол мөрийг үзээрэй)

9. Есүсийн үеийн хүмүүс юунаас чөлөөлөгдөхийг хүсэн хүлээж байсан бэ?

9 Исаиагийн зөгнөсөн, Есүсийн уншиж сонордуулсан тэрхүү эрх чөлөөг нэгдүгээр зууны хүмүүс эдэлж эхэлжээ. «Сая сонссон зүйл тань өнөөдөр биелж байна» гэж Есүсийн хэлснээс үүнийг мэдэж болно (Лук 4:21). Есүсийн яриаг сонссон олон хүн Ромын боолчлолоос чөлөөлөгдөхийг хүсэн хүлээж байсан нь илт. Шавь нар нь ч бас тийм бодолтой байсан байх. Учир нь хоёр шавь нь: «Бид түүнийг Израйлыг аврах хүн мөн гэж найдаж байлаа» гэж хэлсэн байдаг (Лук 24:13, 21). Гэхдээ Есүс дагалдагчдаа Ромын хүнд буулганы эсрэг бослого гаргахыг уриалаагүй. Харин «Цезарийн юмыг Цезарьт» төлөхийг захижээ (Мат. 22:21). Тэгвэл Есүс тэр үеийн хүмүүсийг юунаас чөлөөлсөн бэ?

10. Есүс юунаас чөлөөлөгдөх боломжийг хүмүүст олгосон бэ?

10 Бурхны Хүү хүмүүсийг хоёр зүйлээс чөлөөлөхөөр иржээ. Нэгдүгээрт, шашны удирдагчдын заадаг харгис бурангуй номлолоос чөлөөлөгдөх боломж олгосон. Тэр үеийн иудейчүүд хүний зохиосон ёс заншил, хуурамч сургаалын боол байв (Мат. 5:31–37; 15:1–11). Бурханд үйлчлэхэд нь бусдад тусалж байна гэж ярьдаг хүмүүс өөрсдөө Бурханд зөв зохистой үйлчилдэггүй учир сохор хүнтэй адил байлаа. Тэд Мессиаг болон Мессиагийн заасан үнэнийг хүлээж аваагүй учраас нүгэлтэй, харанхуй чигээрээ үлдсэн (Ёох. 9:1, 14–16, 35–41). Есүс сайн үйл хийж, зөв сургаал зааснаараа худал сургаалаас чөлөөлөгдөх үүдийг даруу хүмүүст нээж өгчээ (Марк 1:22; 2:23—3:5).

11. Есүс өөр юунаас чөлөөлөгдөх үүдийг хүн төрөлхтний өмнө нээсэн бэ?

11 Хоёрдугаарт, Есүс амиа золиос болгон өгснөөрөө хүн төрөлхтнийг нүглийн боолчлолоос чөлөөлөх үүд хаалгыг нээсэн. Тийм учраас золиосонд итгэдгээ үйлсээрээ баталдаг хүмүүсийн нүглийг Бурхан уучилна (Евр. 10:12–18). Есүс: «Хүү та нарыг чөлөөлбөл та нар жинхэнэ ёсоор чөлөөлөгдөнө» гэжээ (Ёох. 8:36). Энэ эрх чөлөөг эртний Израйлд тэмдэглэдэг байсан Эврийн бүрээдэлтийн жилийн эрх чөлөөтэй харьцуулшгүй юм. Жишээлбэл израйл хүн Эврийн бүрээдэлтийн жил эрх чөлөөтэй боллоо ч дахин боол болохгүй гэх баталгаа байгаагүй, мөн эцэстээ үхэх нь зайлшгүй байсан.

12. Есүсийн тунхагласан эрх чөлөөг эхлээд ямар хүмүүс эдэлсэн бэ?

12 Ехова МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар элч нар тэргүүтэй үнэнч хүмүүсийг агуу хүчээрээ тосолжээ. Ийнхүү хүүхдээ болгон үрчилж авснаар тэд тэнгэрт амилж Есүстэй хамт захирах боломжтой болсон (Ром 8:2, 15–17). Назарын синагогт Есүсийн тунхагласан эрх чөлөөг эдэлсэн анхны хүмүүс бол тэд юм. Учир нь Иудейн шашны удирдагчдын заадаг худал сургаал, Судрын үндэсгүй ёс заншлын боол байхаа больжээ. Бас Бурхан тэднийг Адамаас удамшсан нүглээс чөлөөлөгдсөн гэж үзсэн. Хүн төрөлхтөнд эрх чөлөө олгох арга хэмжээ хэзээ эхэлсэн бэ? Ехова МЭ 33 онд Христийн дагалдагчдыг тосолсон тэр цагаас эхэлсэн. Хэзээ дуусах вэ? Есүсийн Мянган жилийн засаглалын эцэст дуусна. Энэ хугацаанд ямар үйл явдал болох вэ?

САЯ САЯ ХҮН ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ

13, 14. Есүсийн тунхагласан эрх чөлөөг тослогдогсдоос гадна өөр ямар хүмүүс эдлэх боломжтой вэ?

13 Бүх үндэстнээс бүрдсэн чин сэтгэлтэй олон сая хүн «өөр хоньдын» тоонд багтаж байна (Ёох. 10:16). Бурхан тэднийг Есүстэй хамт захируулахаар сонгоогүй ч дэлхий дээр мөнх амьдрах боломж олгосон. Та тэдний нэг үү?

14 Бурхны Хаант төрд багтах хүмүүсийн эдэлдэг завшааныг та одоо ч эдэлж байгаа. Тухайлбал, Есүсийн асгаруулсан цусанд итгэдэг учраас нүглийг маань уучлаач гэж Еховагаас гуйдаг. Тэгээд Бурхан таныг уучилж, та сэтгэл өвдөх юмгүй тайван байдаг биз ээ (Эф. 1:7; Илч. 7:14, 15). Библийн үндэсгүй сургаал, ёс заншлаас чөлөөлөгдөөд ямар ивээл хүртэж байгаагаа бас бодоод үз дээ. Есүс: «[Та нар] үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэсэн (Ёох. 8:32). Бид ийм эрх чөлөөтэй болсондоо ямар их баярладаг гээч!

15. Ирээдүйд бид ямар эрх чөлөө эдлэх вэ?

15 Та удахгүй бүр ч гайхалтай эрх чөлөөг эдэлнэ. Ойрын ирээдүйд Есүс хуурамч шашин, шударга бус засаглалыг устгана. Өөрт нь үйлчилдэг «үй олон хүнийг» Бурхан хамгаална. Дараа нь диваажин болсон дэлхийд жаргалтай амьдруулна (Илч. 7:9, 14). Тоймгүй олон хүн амилж Адамаас удамшсан нүглийн бүх үр дагавраас чөлөөлөгдөнө (Үйлс 24:15).

16. Хүн төрөлхтөн ямар агуу эрх чөлөөг эдлэх вэ?

16 Мянган жилийн засаглалын үед Есүс тэргүүтэй удирдагчид хүн төрөлхтнийг бие махбодын хувьд төгс болгоно. Мөн Бурхны хүүхэд болоход нь тусална. Израйлчууд Эврийн бүрээдэлтийн жил бүр эрх чөлөөтэй болдог байсан. Харин хүн төрөлхтөн Мянган жилийн засаглалын үед түүнээс ч агуу эрх чөлөөг эдэлнэ. Еховагийн бүх үнэнч үйлчлэгч нүгэлгүй, төгс болно.

Бид шинэ ертөнцөд сэтгэл сэргээм, үр ашигтай ажлыг баяр хөөртэй хийнэ (17-р догол мөрийг үзээрэй)

17. Исаиа 65:21–23-т Бурхны ард түмний талаар юу гэж зөгнөсөн бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

17 Дэлхий дээрх амьдрал ямар болохыг Исаиа 65:21–23-т зөгнөн бичжээ (уншина). Тэр үед Бурхны ард түмэн сэтгэл сэргээм, үр ашигтай ажил хийж, идэвхтэй амьдарна. Мянган жилийн засаглал дуусахад «бүтээл ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдлэх» нь гарцаагүй (Ром 8:21).

18. Биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт яагаад итгэж болох вэ?

18 Эртний Израйлын үед Ехова Бурхан ард түмнийхээ ажиллах, амрах цагийг зөв хуваарилж өгсөн. Христийн Мянган жилийн засаглалын үед ч мөн тэгнэ. Мэдээжээр, бид тэр үед Бурхнаа шүтнэ. Бурхныг шүтэх нь өнөөдөр ч, шинэ ертөнцөд ч жаргалтай байхад амин чухал юм. Мянган жилийн засаглалын үед бүх хүн сэтгэл сэргээм ажил хийхийн зэрэгцээ Бурхнаа шүтэх учраас баяр хөөртэй, аз жаргалтай амьдарна.

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

^ д/м 5 Ехова израйлчуудыг эрх чөлөөтэй болгохын тулд нэг чухал үйл явдлыг зохион байгуулжээ. Тавин жил тутамд тэмдэглэдэг байсан энэ үйл явдлыг Библид «эврийн бүрээдэлт» гэдэг. Христийн дагалдагчид Мосегийн хуулийг сахидаггүй ч Эврийн бүрээдэлт нь бидэнд хамаатай. Израйлчуудын тэмдэглэдэг байсан энэ ойн баярыг судалбал Ехова бидний төлөө юу хийснийг мэдэж авна.

^ д/м 61 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эврийн бүрээдэлтийн жил болоход боол эрчүүд эрх чөлөөтэй болж гэр бүл, нутаг усандаа буцаж очдог байжээ.