Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Сатан Евад сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэн ч үхэхгүй гэж хэлэхдээ өнөө үед түгээмэл болсон ойлголт буюу үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэсэн санааг илэрхийлсэн үү?

Үгүй бололтой. Бурхны хориглосон жимсийг идвэл бие нь үхлээ ч сүнс нь хаа нэгтээ амьдарна гэж Диавол Евад хэлээгүй. Тэр модны жимсийг идвэл «ерөөсөө үхэхгүй», харин ч үргэлж амьд байн Бурхнаас хамааралгүйгээр газар дэлхий дээрээ сайн сайхан амьдарна гэж могойн цаанаас хэлжээ (Эх. 2:17; 3:3–5).

Үхэшгүй мөнхийн сүнсний тухай худал сургаал Еден цэцэрлэгийн үед бий болоогүй юм бол хэзээ бий болсон бэ? Баттай хэлэх боломжгүй. Ноагийн үед болсон үерээр бүх худал сургаал номлол устаж үгүй болсныг бид мэддэг. Учир нь Бурхны үнэнч үйлчлэгч Ноа гэр бүлийнхэнтэйгээ л үерийг эсэн мэнд давж гарсан билээ.

Тэгэхээр хүн үхэшгүй мөнхийн сүнстэй гэсэн хуурамч сургаал нь үерээс хойш бий болсон байх нь ээ. Бурхан Бабелын хүмүүсийн хэлийг хутгалдуулан самууруулахад тэд «бүх дэлхий даяар» таран одохдоо энэ сургаалыг түгээн дэлгэрүүлсэн нь эргэлзээгүй (Эх. 11:8, 9). Үхэшгүй мөнхийн сүнсний тухай сургаал хэзээ бий болсон нь тодорхой биш ч «худал хуурмагийн эцэг» Сатан Диавол энэ сургаалыг зохиосон нь ойлгомжтой. Сургаал нь хэр өргөн тархсаныг хараад баярладаг нь лавтай (Ёох. 8:44).