Skip to content

Гарчиг руу орох

«Талархаж бай»

«Талархаж бай»

ТА ӨӨРИЙГӨӨ талархах сэтгэлтэй гэж боддог уу? Энэ асуултыг бид дор бүрнээ бодох учиртай. Өнөө үед олон хүн «талархдаггүй» болохыг Библид зөгнөсөн байдаг (2 Тим. 3:2). Надад л өгөх ёстой, миний л төлөө хийх ёстой гэсэн үзэлтэй хүнтэй та тааралдаж байсан байх. Тэд авсан бүхнийхээ төлөө талархах шаардлагагүй гэж боддог гэлтэй. Тийм хүмүүстэй хамт байх нь таатай санагдахгүй биз дээ?

Харин Ехова үйлчлэгчдэдээ «Үргэлж талархаж бай» хэмээн уриалдаг. Бид бүхий л зүйлийн төлөө «талархаж байх» учиртай (Кол. 3:15; 1 Тес. 5:18). Талархах сэтгэлтэй болох нь үнэндээ бидэнд сайн. Яагаад? Олон шалтгаан бий.

ӨӨРИЙГӨӨ ЗӨВ ҮНЭЛНЭ

Талархах сэтгэлтэй болох нэг чухал шалтгаан нь бусдыг баярлуулаад зогсохгүй өөрийгөө зөв үнэлнэ. Яагаад? Хэрэв талархах сэтгэлтэй бол, хүмүүс намайг үнэлж хүндэлдэг юм байна, хэрэгтэй хүн гэж боддог юм байна гэж ойлгодог. Жишээ нь, нэг хүн танд санаа тавиад ямар нэгэн сайн юм хийж өглөө гэж бодъё. Таныг талархал хүлээх зохистой хүн гэж үзсэнийх биз дээ? Та хүндтэй, хэрэгтэй хүн гэдгээ мэдэрвэл баярлаж, өөрийгөө зөв үнэлдэг болно. Рутэд бас тэгж санагдсан байх. Боаз Рутэд өгөөмөр сэтгэл гаргасан. Өөрт нь санаа тавьж, өөрийг нь үнэлж хүндэлж байгааг Рут ойлгоод баярласан нь лавтай (Рут 2:10–13).

Ялангуяа Бурханд талархаж байх нь зүйтэй. Бурхны өгдөг, цаашид ч өгөх олон сайхан бэлгийн талаар та хааяа боддог байх (Д.хууль 8:17, 18; Үйлс 14:17). Гэхдээ Бурхны сайхан сэтгэл, сайн үйлсийн талаар бодоод өнгөрөх бус, харин зориуд цаг зав гаргаж байгаад Бурхан таныг болон хайртай хүмүүсийг тань хэр их ивээдгийг эргэцүүлэн бодвол ямар вэ? Бүтээгчийнхээ өгөөмөр сэтгэлийг эргэцүүлбэл улам их талархана. Мөн танд ямар их хайртайг, хэрэгтэй хүн гэж үздэгийг бүр ч сайн ойлгоно (1 Ёох. 4:9).

Гэхдээ Бурхны өгөөмөр сэтгэл, ивээл хишгийн тухай эргэцүүлэн бодох нь нэг хэрэг. Энэ бүхнийх нь төлөө талархлаа илэрхийлэх нь хамгийн чухал (Дуу. 100:4, 5). Талархлаа илэрхийлдэг хүн жаргалтай байдаг.

НӨХӨРЛӨЛ ЗУЗААРНА

Талархах нь сайн байдгийн бас нэг шалтгаан нь нөхөрлөлийг батжуулдагтай холбоотой. Талархлын үг сонсож, хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхийг бид бүгдээрээ хүсдэг. Сайн юм хийсэн хүнд чин сэтгэлээсээ талархвал хоорондоо дотносно (Ром 16:3, 4). Түүнээс гадна, талархдаг хүмүүс тусч байдаг. Тэд бусдын илэрхийлж буй сайхан сэтгэлийг мэдэрдэг бөгөөд хариу талархах дуртай. Тийм ээ, бусдад тусалбал жаргалтай болдог. Энэ нь Есүсийн хэлсэнтэй тохирдог. Тэрбээр: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж хэлсэн (Үйлс 20:35).

Калифорнийн их сургуулийн захирал Роберт Эммонс талархах тухай судалгаа хийгээд дараах дүгнэлтэд хүрчээ. «Талархдаг байхын тулд тусалж туслуулж, өгч авч амьдардгаа ойлгох хэрэгтэй». Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шүү дээ. Жишээ нь, биднийг өлсвөл хүмүүс хоол унд өгч, өвдвөл эмчилгээ хийдэг (1 Кор. 12:21). Талархах сэтгэлтэй хүн бусдын хийсэн зүйлийг үнэлж эрхэмлэдэг. Та ийм хүн мөн үү?

ӨӨДРӨГ БАЙНА

Талархдаг хүн сөрөг муу талыг бус, эерэг сайн талыг хардаг. Энэ бол талархаж сурах бас нэг шалтгаан юм. Шүүлтүүр сайн, мууг ялгаж шүүдэг шиг, хүний оюун ухаан хүрээлэн буй орчны зарим нэг зүйлийг голлон анхаарч, заримыг нь нэвтрүүлдэггүй. Хэрэв талархах сэтгэлтэй бол сайн талыг онцгой анхаарч, муу талыг барагтай бол анзаарахгүй. Талархах тусам сайн юмыг олж харах нь их байна. Тэр хэрээр бүр ч их талархдаг болно. Тэгээд Паулын хэлснээр «Эзэнд үйлчилдэгтээ үргэлж баярлана» (Флп. 4:4).

Талархдаг бол муу юм бодохгүй. Талархахын зэрэгцээ атаархах, гуниглах эсвэл өширхөх гэж байхгүй биз дээ? Талархах сэтгэлтэй хүмүүс эд хөрөнгийг чухалчилдаггүй. Тэд байгаа юмаа үнэлдэг бөгөөд илүү юмтай болъё гэж боддоггүй (Флп. 4:12).

ИВЭЭЛЭЭ БОДООРОЙ!

Сатан таныг өнөөгийн эцсийн өдрүүдэд тохиолдох янз бүрийн бэрхшээлээс болоод баяр баясгалангүй болоосой, сэтгэлээр унаасай гэж хүсдэгийг та Христийн дагалдагчийн хувьд сайн мэднэ. Хэрэв та муу талыг харж, юм болгонд дургүйцдэг болбол Сатаныг баярлуулна. Бас хүмүүс таны хүргэж буй сайн мэдээг сонсохгүй л болов уу. Үнэндээ талархах сэтгэл бол Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанаруудтай нягт холбоотой. Тухайлбал Бурхны өгдөг сайн сайхан бүхнийг харахаараа бид баярладаг, ирээдүйн тухай амлалтад нь итгэдэг (Гал. 5:22, 23).

Та Еховагийн үйлчлэгч учраас талархах талаар энэ өгүүлэлд бичсэн бүхнийг хүлээн зөвшөөрч байгаа биз ээ. Гэхдээ хар аяндаа талархах сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй болохгүйгээ ойлгодог байх. Тэглээ ч сэтгэлээр бүү унаарай. Та талархаж сураад, өөдрөг үзэлтэй хүн болж чадна. Яаж? Талархаж болох юу л байна, түүнийг өдөр бүр бодож байгаарай. Тэгэх тусам өөрийн эрхгүй талархдаг болно. Улмаар бэрхшээлээ анхаарахаа больж, илүү жаргалтай болно. Бурхны болон бусдын хийж өгсөн сайн сайхан бүхнийг эргэцүүлэн бодож байгаарай. Тэгвэл сэтгэл сэргэж, баяр баясгалантай болно. Өдрийн тэмдэглэл ч хөтөлж болно шүү дээ. Талархмаар санагдсан хоёр юм уу гурван зүйлийг тэр өдөртөө бичиж байгаарай.

Энэ сэдвээр судалгаа хийсэн зарим судлаачийн хэлснээр, «Үргэлж талархдаг хүний тархины эсийн үйл ажиллагаа өөрчлөгдөж амьдралыг илүү өөдрөгөөр харж сурдаг». Талархдаг хүн жаргалтай байдаг. Тиймд ямар ямар ивээл хүртсэнээ бодож, амьдралдаа тохиолдсон сайн сайхан явдлыг санаж, талархлаа илэрхийлж байгаарай! Сайн сайхан бүхнийг жирийн нэг байдаг л зүйл гэж бодохын оронд Еховад «талархал өргөгтүн». Учир нь «ЭЗЭН сайн» билээ. Тийм ээ, үргэлж «талархаж байцгаая» (Ш.дээд 16:34; 1 Тес. 5:18).