Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Аливаа хэргийг дор хаяж хоёр гэрчийн мэдүүлгээр нотолно гэж Библид бичсэн байдаг (Тоо. 35:30; Д.хууль 17:6; 19:15; Мат. 18:16; 1 Тим. 5:19). Гэхдээ Мосегийн хуульд «Сүй тавьсан бүсгүйтэй хэн нэгэн эр хөдөө хээр тааралдаад хүчиндсэн байвал зөвхөн тэр хүчиндсэн эрийг л алах ёстой» гээд «Учир нь ... тэр сүйт бүсгүй хашхирсан» гэжээ. Хэргийг нотлох гэрчгүй атал яагаад бүсгүйг буруугүй, эрэгтэйг буруутай гэсэн бэ?

Тэр эрэгтэй хүчингийн хэрэг үйлдсэн нь нэгэнт тогтоогдсон учраас буруутай нь ойлгомжтой. Харин Дэд хууль 22:25-27-д бүсгүйн буруугүйг нотлохыг голлон анхаарчээ. Хам сэдвийг нь авч үзье.

Дэд хууль 22:23, 24-т нэгэн эр сүй тавьсан эмэгтэйтэй «хотын дотор учраад» унтсан тухай гардаг. Сүй тавьсан эмэгтэйг гэрлэсэн гэж үздэг учраас тэр эрийг завхайрсанд тооцно. Тэгвэл эмэгтэй нь буруутай юу? «Эмэгтэй хотын дотор байсан ч хашхираагүй». Хэрэв хашхирсан бол хүмүүс сонсоод ирж туслах байсан. Тиймээс эмэгтэйг бас завхайрсан гэж үзээд, хоёуланг нь шийтгэдэг байжээ.

Цааш нь уншвал, дээрхээс өөр тохиолдол гарч байна. «Хэрвээ хүнтэй сүй тавьсан бүсгүйтэй хэн нэгэн эр хөдөө хээр тааралдаад хүчиндсэн байвал зөвхөн тэр хүчиндсэн эрийг л алах ёстой. Тэр бүсгүй алуулбал зохих нүгэлгүй учир түүнийг зүгээр орхи. Энэ нь хэн нэг хүн хөрш уруугаа дайран амийг нь хороосонтой адил хэрэг юм. Учир нь тэр эр бүсгүйтэй хөдөө хээр тааралдах үед тэр сүйт бүсгүй хашхирсан ч гэсэн түүнийг аврах хэн ч байхгүй байсан» (Д.хууль 22:25–27).

Энэ тохиолдолд, эмэгтэйг буруугүй гэдэгт итгэж болно. Яагаад ингэж хэлж болох вэ? Учир нь «бүсгүй хашхирсан ч гэсэн түүнийг аврах хэн ч байхгүй байсан». Тэгэхээр, эмэгтэй завхайраагүй. Харин эрэгтэй нь сүй тавьсан тэр бүсгүйг хүчиндсэн учраас завхайрсан нь тодорхой.

Энэ хууль нь эмэгтэйн буруугүйг нотлоход чиглэсэн хэдий ч эрэгтэй хүчингийн хэрэг хийж, завхайрсныг давхар баталж байна. Шүүгчид хэргийг «сайтар шалгаж үздэг» байв. Тэгээд Мосегийн хуульд олонтоо дурдсан Бурхны тов тодорхой хэм хэмжээнд нийцүүлэн шийдвэр гаргадаг байсан. Үүнд эргэлзэх хэрэггүй (Д.хууль 13:14; 17:4; Ег. 20:14).