Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 52

Эцэг эхчүүд ээ, Еховаг хайрлахыг хүүхдэдээ заагаарай

Эцэг эхчүүд ээ, Еховаг хайрлахыг хүүхдэдээ заагаарай

«Үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг» (ДУУ. 127:3).

ДУУ 41 Залуугаасаа Еховаг шүтээрэй

ТОЙМ *

1. Ехова эцэг эхчүүдэд ямар үүрэг өгсөн бэ?

ЕХОВА анхны хосыг хүүхэдтэй болох хүсэлтэйгээр бүтээжээ. «Үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг» гэж Библид байдаг (Дуу. 127:3). Энэ нь ямар утгатай вэ? Дотнын найз тань маш их хэмжээний мөнгөө танд захиж үлдээвэл та яах вэ? Итгэл хүлээлгэсэнд нь баярлах байх. Гэхдээ яаж найдвартай хадгалах вэ гэж санаа зовж магадгүй. Эцэг эхчүүд та нарын хамгийн дотнын найз Ехова мөнгөнөөс ч илүү үнэтэй зүйлийг та нарт захиж үлдээсэн. Энэ нь үр хүүхдээ сайн сайхан, аз жаргалтай байлгах хариуцлагатай үүрэг юм.

2. Ямар асуултыг авч үзэх вэ?

2 Эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй болох эсэхийг, хэзээ хүүхэдтэй болохыг хэн шийдэх ёстой вэ? Хүүхдээ сайн сайхан амьдруулахын тулд эцэг эх яах нь зүйтэй вэ? Зөв шийдвэр гаргахад нь эхнэр нөхөрт тус болох Библийн зарим зарчмыг авч үзье.

ЭХНЭР НӨХӨР ХОЁРЫН ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ НЬ

3. а) Эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй болох эсэхийг хэн шийдэх вэ? б) Шинэхэн гэрлэгсдийн найз нөхөд, аав ээж нь Библийн ямар зарчмыг санаж явах хэрэгтэй вэ?

3 Шинэхэн гэрлэсэн хос бушуухан хүүхэдтэй болох ёстой гэсэн үзэл зарим улс оронд бий. Тэр бүү хэл, эцэг эх, төрөл садан нь хүүхэдтэй болохыг шахаж шаарддаг. Азид амьдардаг Жетро гэдэг Гэрч эрэгтэй: «Хүүхэдтэй итгэл нэгтнүүдийн зарим нь хүүхэдгүй гэр бүлийг хүүхэд гарга гэж ятгадаг» гэжээ. Азид амьдардаг Жеффри гэдэг Гэрч: «Хүүхэд гаргахгүй бол өтлөхийн цагт асрах хүн олдохгүй шүү гэж хэлдэг хүн байдаг» гэсэн юм. Гэхдээ хүүхэдтэй болох уу, үгүй юү гэдгээ хосууд өөрсдөө шийдэх ёстой. Энэ бол тэдний л шийдэх асуудал, тэдний л үүрэг юм (Гал. 6:5). Найз нөхөд, аав ээж нь шинэхэн хосыг жаргалтай байлгах гэж хүсэлгүй л яах вэ! Гэхдээ хүүхэдтэй болох эсэхийг зөвхөн эхнэр нөхөр хоёр шийднэ гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай (1 Тес. 4:11).

4, 5. Хосууд ямар хоёр асуултыг ярилцах хэрэгтэй вэ? Хэзээ ярилцах нь хамгийн тохиромжтой вэ? Тайлбарлана уу.

4 Эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй болохоор шийдэхдээ дараах хоёр чухал асуултыг өөрсдөөсөө асуух нь зүйтэй. Нэгдүгээрт, хэзээ хүүхэдтэй болох вэ? Хоёрдугаарт, хэдэн хүүхэдтэй болох вэ? Энэ хоёр асуулт яагаад чухал вэ? Хэдийд ярилцвал хамгийн тохиромжтой вэ?

5 Хосууд хүүхэдтэй болох эсэхээ их төлөв гэрлэхээсээ өмнө ярилцах нь сайн байдаг. Яагаад? Энэ талаар хоёулаа адилхан бодолтой байх нь маш чухал. Түүнээс гадна, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд бэлэн эсэхээ ярилцах шаардлагатай. Зарим хос гэрлэснээсээ хойш ядаж нэг юм уу хоёр жил хүүхэд гаргахгүй байхаар шийддэг. Хэрэв аав ээж болчихвол хүүхдэдээ маш их цаг хүч зарцуулах шаардлага гардаг учраас тэр юм. Хүүхэд гаргалгүй хэсэг азнавал хамтын амьдралдаа дасаж, бие биетэйгээ улам дотносдог (Эф. 5:33).

6. Бид ямар цаг үед амьдарч байгаа вэ? Зарим хос яахаар шийддэг вэ?

6 Зарим Гэрч Ноагийн гурван хүү, гурван бэрийн жишээг дагаж амьдрахаар шийддэг. Тэр гурван гэр бүл юу юуны туханд хүрэлгүй хүүхэдтэй болчихоогүй шүү дээ (Эх. 6:18; 9:18, 19; 10:1; 2 Петр 2:5). Есүс өнөө үеийг «Ноагийн үетэй адил» гэж хэлсэн байдаг. Бидний амьдарч буй энэ цаг үе «илүү хэцүү цаг» гэдэг нь яахын аргагүй үнэн (Мат. 24:37; 2 Тим. 3:1). Ийм шалтгааны улмаас зарим гэр бүл хүүхэдтэй болохоо хойшлуулахаар шийддэг. Ингэснээр Бурхны ажилд түлхүү оролцох боломжтой болдог.

Ухаалаг хосууд хүүхэдтэй болох эсэх, хэдэн хүүхэдтэй болохоо шийдэхдээ «зардлыг нь тооцоолдог» (7-р догол мөрийг үзээрэй) *

7. Лук 14:28, 29 болон Сургаалт үгс 21:5-д байдаг зарчмууд эхнэр нөхөр хоёрт ямар ач тустай вэ?

7 Хүүхэдтэй болох уу, үгүй юү, хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгээ шийдэхдээ ухаалаг хосууд «зардлыг нь тооцоолдог» (Лук 14:28, 29-ийг уншина). Хүүхэд өсгөхөд мөнгө төгрөг их зарцуулахаас гадна ихээхэн цаг хүч шаарддагийг туршлагатай эцэг эхчүүд батлан хэлдэг. Иймээс хосууд дараах асуултыг бодож үзэх нь маш чухал. «Гэр бүлийнхээ наад захын хэрэгцээг хангахын тулд хоёулаа ажиллах уу? “Наад захын хэрэгцээ”-ний талаар бид хоёр адилхан ойлголттой юу? Хоёулаа ажил хийвэл хүүхдээ хэнээр харуулах вэ? Хүүхдийн маань үзэл бодол, үйл хэрэгт хэн их нөлөөлөх вэ?». Эдгээр асуултыг ярилцах нь Сургаалт үгс 21:5-ын зарчмыг хэрэгжүүлж байгаа хэрэг юм (уншина).

Халамжтай нөхрүүд эхнэртээ чадах чинээгээрээ тусалдаг (8-р догол мөрийг үзээрэй)

8. Хосуудад ямар бэрхшээл тулгарч болох вэ? Халамжтай нөхрүүд ямар байдаг вэ?

8 Эцэг эхийн хэн хэн нь багагүй цаг, хүчийг хүүхдэдээ зарцуулах шаардлагатай байдаг. Хэрэв ойр ойрхон гарсан олон хүүхэдтэй бол хүүхэд нэг бүрдээ хараа хяналт тавих амаргүй. Бага насны олон хүүхэдтэй байсан зарим гэр бүл их туйлдаж ядарснаа ярьсан байдаг. Ээж нь байнга ядарч, сэтгэлийн дарамттай байдаг ажээ. Үүний улмаас Библи судлах, Бурхандаа залбирах, тогтмол дэлгэрүүлэх тэнхэлгүй болдог. Мөн цуглааны үеэр анхаарлаа төвлөрүүлэх, ойлгож тогтооход амаргүй байдаг байна. Халамжтай нөхрүүд цуглаан дээр ч, гэртээ ч хүүхдээ асарч халамжлахад нь эхнэртээ чадах чинээгээрээ тусалдаг нь мэдээж. Жишээ нь гэр орныхоо ажилд тусалдаг. Гэр бүлийн хичээлийг тогтмол бөгөөд бүгдэд нь үр ашигтай хийхийн тулд хүчээ дайчлан ажилладаг. Мөн Гэрч аавууд гэр бүлийнхэнтэйгээ хамт тогтмол дэлгэрүүлдэг.

ЕХОВАГ ХАЙРЛАХЫГ ХҮҮХДЭДЭЭ ЗААХ НЬ

9, 10. Эцэг эх нь хүүхдэдээ туслахын тулд юу хийх ёстой вэ?

9 Еховаг хайрлахыг хүүхдэдээ заахын тулд эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ? Хүүхдээ энэ ертөнцийн муу нөлөөнөөс хэрхэн хамгаалах вэ? Одоо эдгээр асуултад хариулъя.

10 Еховагаас тусламж гуйгаарай. Самсоны эцэг эхийн жишээг бодоорой. Маноа ба түүний эхнэр хүүтэй болох гэж байгаагаа мэджээ. Тэгмэгц Маноа хүүгээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх удирдамж зааврыг Еховагаас гуйсан.

11. Шүүгчид 13:8-д бичсэн Маноагийн жишээг эцэг эхчүүд хэрхэн дагаж болох вэ?

11 Босни-Херцеговинд амьдардаг Нихад Алма хоёр Маноагаас суралцжээ. «Бид хоёр Маноаг дуурайн Еховад залбирч, сайн эцэг эх байхад хэрэгтэй удирдамж заавар өгөхийг гуйсан. Ехова залбиралд маань Судраар, Библийн ном хэвлэлээр, цуглаанаар, чуулганаар гээд янз бүрийн аргаар хариулсан» гэж ярьсан юм (Шүүгчид 13:8-ыг уншина).

12. Иосеф Мариа хоёр хүүхдүүддээ хэрхэн үлгэр дуурайл болсон бэ?

12 Үлгэр дуурайл болоорой. Та хүүхдэдээ юу ярих нь чухал ч, юу хийж байгаагаараа илүү их нөлөөлнө гэдгийг санаарай. Иосеф Мариа хоёр хүүхдүүддээ, ялангуяа Есүст сайн жишээ үзүүлсэн нь лавтай. Иосеф гэр бүлээ тэжээхийн тулд нөр их хөдөлмөрлөдөг байжээ. Бас Еховаг шүтэх нь маш чухал гэдгийг гэрийнхэндээ зааж сургасан (Д.хууль 4:9, 10). Хуулийн шаардлага биш байсан ч Иосеф гэрийнхнийгээ бүгдийг нь аваад Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр «жил бүр» Иерусалим руу явдаг байжээ (Лук 2:41, 42). Тэр үеийн зарим аав цаг, мөнгө хэмнэх гээд, биеийн амрыг бодоод гэр бүлийнхнийгээ орхиод явдаг байсан байх. Харин Иосеф Еховаг шүтэх асуудлыг чухалд үздэг байсан бөгөөд хүүхдүүдээ ч тийм үзэлтэй болгож хүмүүжүүлсэн. Түүнээс гадна, Мариа Судрыг сайн мэддэг байв. Тэрбээр хүүхдүүддээ Бурхны Үгийг эрхэмлэхийг үг сургаалаараа, ажил үйлээрээ зааж сургасан нь эргэлзээгүй.

13. Нэг хос Иосеф Мариа хоёрыг хэрхэн дуурайсан бэ?

13 Дээр дурдсан Нихад Алма хоёр Иосеф Мариа хоёрыг дуурайхыг хичээжээ. Бурхныг хайрладаг, Бурханд үйлчилдэг хүн болоход нь тэд хүүдээ хэрхэн тусалсан бэ? «Еховагийн зарчмыг баримтлах нь үнэхээр сайн гэдгийг бид яаж амьдарч байгаагаараа хүүдээ харуулахыг хичээсэн» гэсэн юм. Нихад цааш нь «Та хүүхдээ ямар хүн болгомоор байна, өөрөө тийм байгаарай» гэжээ.

14. Эцэг эх нь хүүхдээ хэнтэй нөхөрлөдгийг яагаад мэдэх хэрэгтэй вэ?

14 Сайн найзтай болоход нь хүүхдэдээ туслаарай. Эцэг эхийн хэн хэн нь хүүхдээ хэнтэй нөхөрлөдөг, юу хийдгийг мэддэг байх шаардлагатай. Олон нийтийн сүлжээ, гар утсаараа хэнтэй харилцдагийг нь мэдэх хэрэгтэй гэсэн үг. Хүүхдийн бодол санаа, үйл хэрэгт найзалж буй хүмүүс нь нөлөөлдөг (1 Кор. 15:33).

15. Эцэг эхчүүд Жессигээс юу сурч болох вэ?

15 Эцэг эхчүүд гар утас, компьютер сайн мэдэхгүй бол яах вэ? Филиппинд амьдардаг Жесси гэдэг аав: «Эхнэр бид хоёр сүүлийн үеийн техник хэрэгслийг сайн мэдэхгүй ч цахим хэрэгслийн аюулын талаар хүүхдүүддээ сануулдаг байсан» гэж ярьсан юм. Жесси цахим хэрэгслийг мэдэхгүй ч хүүхдүүдээ хорьж байгаагүй ажээ. Тэрбээр: «Хэл сурах, цуглаанд бэлдэх, Библиэ өдөр бүр уншихын тулд хэрэглэх нь сайн гэдгийг би хүүхдүүддээ хэлдэг байсан» гэжээ. Та хүүхэдтэй бол jw.org® сайтын «Өсвөр насныхан» гэдэг хэсгээс мессеж бичих, олон нийтийн сүлжээнд зураг тавих тухай зөвлөгөөг хүүхэдтэйгээ хамт уншиж, ярилцаж үзсэн үү? «Хэн нь эзэн бэ?—Чи юу? Чиний гар утас уу?», «Олон нийтийн сүлжээг ухаалаг ашиглая» * гэдэг видеоны талаар ярилцсан уу? Цахим хэрэгслээ хэрхэн ухаалаг хэрэглэхийг хүүхдэдээ заахад эдгээр материал ихээхэн тус болно (Сур. 13:20).

16. Эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө юу хийдэг вэ? Ямар үр дүнд хүрдэг вэ?

16 Хүүхдээ Бурханд үйлчилдэг үлгэр жишээч хүмүүстэй нөхөрлүүлэхийг хичээдэг эцэг эхчүүд олон байдаг. Жишээ нь Кот Дивуарт амьдардаг Ндени Бомин хоёр дүүрэг хариуцагчийг гэртээ байлгадаг байжээ. Ндени: «Энэ нь манай хүүд их сайнаар нөлөөлсөн. Хүү маань эхлэгч болсон, одоо дүүрэг хариуцагчийн орлогчоор үйлчилж байна» гэсэн юм. Та хүүхдийнхээ төлөө иймэрхүү санаачилга гаргаж чадах уу?

17, 18. Эцэг эхчүүд хүүхдээ хэзээнээс сургах хэрэгтэй вэ?

17 Хүүхдээ аль болох багаас нь сургаарай. Хүүхдийг багаас нь сургах нь маш сайн (Сур. 22:6). Элч Паултай хамт дэлгэрүүлэх аялал хийдэг байсан Тимотыг ээж Юник, эмээ Лой нь нялх байхаас нь сургажээ (2 Тим. 1:5; 3:15).

18 Кот Дивуарт амьдардаг Жан Клод, түүний эхнэр Пийс зургаан хүүхдээ бүгдийг нь Еховад хайртай хүн болгон өсгөжээ. Тэднийг Бурхны сайн үйлчлэгч болгоход юу тус болсон бол? Юник Лой хоёрын жишээ. «Бид хүүхдүүдээ төрөөд удаагүй байхаас нь л Бурхны Үгийг хичээнгүйлэн заадаг байсан» гэж ярьсан юм (Д.хууль 6:6, 7).

19. Бурхны Үгийг хүүхдэдээ хичээнгүйлэн заах гэж яахыг хэлдэг вэ?

19 Еховагийн Үгийг хүүхдэдээ «хичээнгүйлэн заах» гэж яахыг хэлдэг вэ? Дэд хууль 6:7-д гардаг «заах» гэж орчуулсан еврей үг нь «дахин дахин сануулах» гэсэн утгатай. Эцэг эхчүүд хүүхдэдээ «хичээнгүйлэн заахын» тулд цаг заваа тогтмол зориулах хэрэгтэй. Нэг зааснаа дахин дахин заах хэрэг гардаг учраас заримдаа цөхөрмөөр санагдаж болох юм. Гэхдээ энэ аргаар заавал хүүхэд Бурхны Үгийг ойлгоод, хэрэгжүүлнэ.

Эцэг эхчүүд хүүхэд бүрийг хэрхэн сургахаа мэдэж авах хэрэгтэй (20-р догол мөрийг үзээрэй) *

20. Дуулал 127:4-ийг хүүхэд хүмүүжүүлэхэд хэрхэн хэрэглэж болох вэ?

20 Хүүхдээ сайн мэддэг болоорой. 127-р дуулалд хүүхдийг сумтай зүйрлэсэн байдаг (Дуулал 127:4-ийг уншина). Сумыг янз бүрийн материалаар, өөр өөр хэмжээтэй хийж болдог. Харин яг адилхан хоёр хүүхэд гэж байдаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд нэг бүрийг хэрхэн сургахаа мэдэж авах хэрэгтэй. Хоёр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлэн Бурхны үйлчлэгч болгосон израйл эхнэр нөхөр хоёр хэрхэн амжилтад хүрсэн тухайгаа ярихдаа «Бид хүүхдүүдтэйгээ тус тусад нь Библийн хичээл хийдэг байсан» гэжээ. Яг ийм аргаар хүүхэдтэйгээ хичээл хийх эсэх нь өрхийн тэргүүний шийдэх асуудал гэдэг нь ойлгомжтой.

ЕХОВА ТУСАЛНА

21. Ехова эцэг эхчүүдэд хэрхэн тусалдаг вэ?

21 Хүүхдийг сурган хүмүүжүүлэх нь эцэг эхчүүдэд заримдаа амаргүй санагддаг. Гэхдээ хүүхэд бол Еховагийн өгсөн бэлэг юм. Ехова эцэг эхчүүдэд туслахад хэзээд бэлэн байдаг. Залбирлыг нь дуртайяа сонсдог. Эцэг эхчүүд Библи, ном хэвлэл, туршлагатай итгэл нэгтнүүдийн жишээ болон зөвлөгөөнөөс залбирлынхаа хариуг авдаг.

22. Эцэг эхийн өгдөг хамгийн сайн бэлэг юу вэ?

22 Хүүхэд өсгөх нь 20 жилийн төсөл хэрэгжүүлэхтэй адил гэж зарим хүн ярьдаг. Гэхдээ эцэг эхчүүд хэзээд эцэг эх хэвээрээ л байна. Үр хүүхдээ хайрлаж, цагаа зориулж, Библийн дагуу сурган хүмүүжүүлдэг бол хамгийн сайн бэлэг өгч байгаа нь тэр. Хүүхэд бүр энэ бэлгийг өөр өөрөөр хүлээж авна. Гэхдээ Еховаг хайрладаг эцэг эхийн гар дээр өссөн олон хүн Азид амьдардаг Жоанна Мэй гэдэг Гэрч бүсгүйтэй адилхан бодолтой явдаг. Тэрбээр: «Намайг хүмүүжүүлж, Еховаг хайрлахыг надад зааж өгсөн аав ээж хоёртоо би маш их талархдаг. Тэд намайг төрүүлж өсгөсөн төдийгүй, утга учиртай амьдралыг бэлэглэжээ» хэмээн ярьсан юм (Сур. 23:24, 25). Олон сая Гэрч үүнийг хүлээн зөвшөөрдөг.

ДУУ 9 Ехова Бурхнаа магтъя!

^ д/м 5 Эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй байх ёстой юу? Хэдэн хүүхэд гаргах вэ? Яавал хүүхдээ Еховаг хайрладаг хүн болгох вэ? Эдгээр асуултын хариуг мэдэхэд тус болох орчин үеийн жишээг энэ өгүүллээр үзэж, Библийн зарчмуудыг ярилцана.

^ д/м 15 Түүнчлэн «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал»-ын 2018 оны 6-р сарын дугаарт нийтлэгдсэн «Олон нийтийн сүлжээ—Далд аюул» гэсэн өгүүллийг үзээрэй.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Залуу хос хүүхэдтэй болох эсэхээ ярилцаж, сайн муу талыг нь тооцож байна.

^ д/м 64 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хүүхдүүдийнхээ нас, чадварт тохируулан, тус бүртэй нь хичээл хийж буй эхнэр нөхөр хоёр.