Skip to content

Гарчиг руу орох

Сайхан сэтгэл—Үүнийг хэрхэн илэрхийлж сурах вэ?

Сайхан сэтгэл—Үүнийг хэрхэн илэрхийлж сурах вэ?

САЙН хүн гэж хэлүүлэхийг бид бүгдээрээ хүсдэг. Гэхдээ өнөөгийн ертөнцөд сайн хүн байх амаргүй. Нэг шалтгаан нь «сайныг үзэн ядагч» олон байна (2 Тим. 3:3). Юу хийж болох, юу хийж болохгүйг тэд өөрсдөө тогтоож, тэр дагуу явдаг учраас «мууг сайн, сайныг муу» гэж хэлдэг (Ис. 5:20). Түүнээс гадна бид төгс бус, мөн амьдралд тохиолдсон таагүй явдлаас болоод сайн хүн байх нь амаргүй санагддаг. Энн * гэдэг Гэрч эмэгтэй Еховад олон жил үйлчилж байгаа хэр нь «Би сайн хүн болж чадна гэдэгтээ эргэлздэг» гэжээ. Бидэнд бас тийм сэтгэгдэл төрж болох юм.

Гэхдээ бид бүгдээрээ сайхан сэтгэлтэй сайн хүн болж чадна! Сайхан сэтгэл бол Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар юм. Бидэнд тохиолддог ямар ч бэрхшээл Бурхны агуу хүчинд саад болж чадахгүй. Ямар хүнийг сайхан сэтгэлтэй гэх вэ? Сайхан сэтгэлийг хэрхэн илэрхийлж сурах вэ?

ЯМАР ХҮНИЙГ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ГЭХ ВЭ?

Товчхон хэлбэл, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримтлан, муу юмнаас хол байж, бусдад туслах арга замыг хайн, үргэлж сайн юм хийдэг хүнийг сайхан сэтгэлтэй хүн гэнэ.

Гэхдээ зарим хүн гэр бүл, найз нөхдөдөө л сайн юм хийхээс цаашгүй байдгийг та анзаарсан уу? Үнэндээ өөгүй сайн хүн гэж ерөөсөө байхгүй. Библид энэ тухай бичихдээ «Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө» хэмээжээ (Ном. 7:20). Элч Паул: «Миний дотор буюу махан биед минь ямар ч сайн юм байдаггүйг би мэднэ» хэмээн үнэнээ хэлсэн (Ром 7:18). Тэгэхээр, сайхан сэтгэлтэй байя гэвэл энэ зан чанарын Эх булаг болсон Еховагаас суралцах нь зүйд нийцнэ.

«ЕХОВА БОЛ САЙН»

Юу нь сайн, юу нь зөв гэдгийг Ехова Бурхан тогтоодог. Еховагийн талаар Библид «Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Өөрийн зарлигуудыг надад заагаач» гэж бичжээ (Дуу. 119:68). Энэ зүйлд Еховаг «сайн», «сайныг үйлддэг» гэжээ. Үүнийг тус тусад нь ярилцъя.

Ехова бол сайн. Сайхан сэтгэл бол Еховагийн нэг чухал зан чанар юм. Ехова Мосед «Би Өөрөө Өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнүүр өнгөрүүлнэ» гэж хэлсний дараа юу болсон бэ? Еховагийн «бүх сайн сайхан» Мосегийн өмнүүр өнгөрчээ. Тэгтэл «ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй» гэх дуу сонсдов (Ег. 33:19; 34:6, 7). Эндээс, Ехова Бурхан бүх талаараа төгс сайн гэдэг нь харагдаж байна. Есүс энэ дэлхий дээрх хамгийн сайн хүн байсан атлаа «Бурхнаас өөр хэн ч сайн биш» гэж хэлжээ (Лук 18:19).

Еховагийн сайхан сэтгэл бүтээлээс нь харагддаг

Ехова сайныг үйлддэг. Бурхны бүхий л үйл хэргээс сайхан сэтгэл нь харагддаг. «ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг» (Дуу. 145:9). Ехова сайхан сэтгэлтэй, шударга Бурхан учраас бүх хүнд амь бэлэглэсэн төдийгүй амьд явахад хэрэгтэй бүхнийг өгдөг (Үйлс 14:17). Бас хүмүүсийг уучилдаг нь сайхан сэтгэлийн илрэл юм. Дуулалч: «ЭЗЭН Та сайн бөгөөд уучлахад бэлэн» хэмээн бичжээ (Дуу. 86:5). «Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй» (Дуу. 84:11).

«САЙНЫГ ҮЙЛДЭХЭД СУРАЛЦ»

Хүмүүс бид Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн учраас сайн хүн байх, сайн юм хийх чадвартай (Эх. 1:27). Гэхдээ хар аяндаа ийм болчихдоггүй. Тийм учраас «Сайныг үйлдэхэд суралц» гэж Бурхан үйлчлэгчдэдээ уриалдаг (Ис. 1:17). Хэрхэн суралцах вэ? Гурван аргыг үзье.

Нэгдүгээрт, Бурхны агуу хүчийг гуйж залбираарай. Жинхэнэ ёсоор сайхан сэтгэлтэй, сайн хүн болоход агуу хүч нөлөөлдөг (Гал. 5:22). Сайнд дурлаж, мууг жигшдэг болоход Бурхны агуу хүч тусална (Ром 12:9). Ехова биднийг «үргэлж сайн юм хийж ярьдаг болгон батжуулна» гэж Библид байдаг (2 Тес. 2:16, 17).

Хоёрдугаарт, Бурхны Үгийг уншаарай. Тэгвэл Ехова «сайн сайхан зам болгоныг» зааж, биднийг «аливаа сайн үйлд бүрэн» бэлтгэнэ (Сур. 2:9; 2 Тим. 3:17). Библиэ уншаад эргэцүүлэн боддог бол зүрх сэтгэл гэдэг эрдэнэсийн авдраа Бурхны болон хүсэл тааллынх нь тухай сайн сайхан юмаар дүүргэнэ. Ийнхүү нэмж олсон эрдэнэ хожим хэрэг болно (Лук 6:45; Эф. 5:9).

Гуравдугаарт, «сайныг дуурайх» гэж чадах бүхнээ хийгээрэй (3 Ёох. 11). Дуурайвал зохих жишээ Библид байдаг. Ехова Есүс хоёрын жишээ хамгийн сайн гэдэг нь ойлгомжтой. Сайхан сэтгэлтэй, сайныг үйлддэгээрээ алдаршсан хүмүүсийг ч анхаарах хэрэгтэй. Тэдний тоонд Табита Барнаб хоёр орно (Үйлс 9:36; 11:22–⁠24). Хүмүүст хэрхэн тусалж байсныг нь анхаарч судалбал тэднийг дуурайх хүсэл төрөх биз ээ. Гэрийнхэн болон хурлынхандаа яаж тусалж болохыг бодоорой. Түүнээс гадна Табита Барнаб хоёр бусдын төлөө сайныг үйлдээд ямар ач тус хүртсэнийг анхаараарай. Тэднийг дуурайх нь танд ч тустай.

Сайн юм хийдэг орчин үеийн хүмүүсийн тухай ч бодож үзэх нь зүйтэй. Тухайлбал «сайнд дуртай», хөдөлмөрч ахлагчид байдаг. Бас үг яриа, үйл хэргээрээ «сайныг заадаг» үнэнч эмэгтэйчүүдийг бүү мартаарай (Тит 1:8; 2:3). Розлин гэдэг Гэрч эмэгтэй: «Найз маань хурлынхандаа туслахыг онцгой их анхаардаг юм. Ямаршуухан байгааг нь бодоод, жаахан ч гэсэн юм өгч урмыг нь сэргээдэг. Эсвэл өөр ямар нэгэн аргаар тусалдаг. Үнэхээр сайн хүн шүү» хэмээн ярьжээ.

Ехова «сайныг хайхыг» үйлчлэгчдэдээ уриалдаг (Ам. 5:14). Сайныг хайхын хэрээр Еховагийн хэм хэмжээг үнэлж эрхэмлэдэг болоод зогсохгүй, сайн юм хийх хүсэлтэй болно.

Бид сайн хүн байж, сайн юм хийхийг хичээдэг

Сайн юм хийх гэдгийг жишээгээр тайлбарлая. Зураач хүн ганц хоёрхон бийрээр хөрөг зурдаггүй. Олон янзын бийр хэрэглэдэг. Үүн шиг, сайныг үйлдэх гэдэг нь ганц нэг удаа агуу үйлс бүтээх юм уу үнэтэй бэлэг өгөх биш, харин хүнд тустай жижиг сажиг зүйлийг байнга хийхийг хэлнэ. Бид ийм байдаг бол сайхан сэтгэлтэй, сайн хүн гэгдэнэ.

Сайн үйл хийхэд «бэлэн» байгаарай гэсэн уриалга Библид бий (2 Тим. 2:21; Тит 3:1). Хүмүүст юу тохиолдоод байгааг анхаарч явдаг бол тэдний «сайн сайхныг бодон» «урамшуулан зоригжуулах» арга олдоно (Ром 15:2). Жишээ нь байгаа юмнаасаа хуваалцаж болно (Сур. 3:27). Гэртээ урьж хамт хоол идэх юм уу ярьж хөөрөх нь сэтгэл сэргээх сайн арга юм. Өвдсөн нэгэндээ ил захидал бичиж өгөх, эргэж тойрох, утсаар ярих нь тустай. Үнэндээ, «дэм болох сайн юмыг л хэрэгтэй үед ярьж байх» боломж их олддог (Эф. 4:29).

Бид Еховаг дуурайн бүх хүнд сайныг үйлдэхийг хичээдэг. Тийм учраас хэнийг ч ялгаварладаггүй. Үүний нэг баталгаа нь Хаант төрийн тухай сайн мэдээг бүх хүнд дэлгэрүүлдэг. Мөн эсэргүүцдэг хүмүүст ч сайн юм хийгээрэй гэсэн Есүсийн тушаалыг дагахыг хичээдэг (Лук 6:27). Бусдад сайхан сэтгэлээр хандаж, сайн юм хийгээд байвал хэзээ ч буруудахгүй. Үүнийг «хориглодог хууль байхгүй» (Гал. 5:22, 23). Эсэргүүцэл тулгарсан ч, зовлон учирсан ч биеэ зөв авч яваад байвал хүмүүс биднийг хараад үнэнийг сонирхож, Бурхныг алдаршуулж болох юм (1 Петр 3:16, 17).

САЙНЫГ ҮЙЛДДЭГ ХҮН ИВЭЭЛ ХҮРТДЭГ

«Сайн хүн өөрийн хийсэн үйлсдээ сэтгэл ханах болно» (Сур. 14:14). Бид хүмүүсийн төлөө сайныг үйлддэг бол хүмүүс бидний төлөө сайныг үйлдэнэ (Сур. 14:22). Тэгээгүй байлаа ч тэдний төлөө сайн юм хийсээр байх хэрэгтэй. Тэгвэл тэд хандлагаа өөрчилж болох юм (Ром 12:20).

Муу юм хийхээ больж, сайн юм хийдэг болохын ач тусыг олон хүн биеэрээ үздэг. Нэнсигийн тухай ярилцъя. Тэрээр: «Би танхай, завхай, бүдүүлэг хүн байсан. Харин Ехова Бурхан юуг сайн гэж хэлдгийг мэдэж аваад хэрэгжүүлдэг болсноор жаргалтай хүн болсон. Одоо би өөрийгөө үнэлж хүндэлдэг» хэмээн ярьсан юм.

Бид хамгийн гол нь Еховаг баярлуулахын тулд сайхан сэтгэлтэй, сайн юм хийдэг хүн болохыг хичээдэг. Юу хийж байгааг маань хүмүүс харахгүй байлаа ч Ехова хардаг. Сайн юм хийж, сайн юм бодож байгааг маань Ехова мэднэ (Эф. 6:7, 8). Тэгээд шагнана. Яаж? «Сайн хүн ЭЗЭНээс тааллыг хүртэнэ» (Сур. 12:2). Тиймээс сайхан сэтгэл илэрхийлж сурахыг үргэлж хичээцгээе. «Сайн юм хийдэг хүн бүр ... алдар хүндтэй, амар тайван байх болно» гэсэн Еховагийн амлалт байдаг (Ром 2:10).

^ д/м 2 Зарим нэрийг өөрчлөв.