Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 11

Еховагийн дууг сонсоорой

Еховагийн дууг сонсоорой

«Энэ бол миний ... хүү. ... Түүний үгийг дагаж байгтун» (МАТ. 17:5).

ДУУ 120 Дуулгавартай байж, ивээл хүртье

ТОЙМ *

1, 2. а) Ехова хүмүүстэй хэрхэн ярьдаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

ЕХОВА бидэнтэй ярих дуртай. Эрт цагт зөнчид, тэнгэрийн элчүүд, Хүү Христ Есүсээрээ дамжуулан үйлчлэгчидтэйгээ харьцдаг байсан (Ам. 3:7; Гал. 3:19; Илч. 1:1). Өнөөдөр Библиэр дамжуулан бидэнтэй ярьдаг. Бодлоо илчилж, арга замуудаа ойлгуулахын тулд Үгээ өгсөн билээ.

2 Есүсийг дэлхий дээр байхад Ехова тэнгэрээс гурван удаа ярьсан. Чухам юу гэж хэлсэн, бид юу ойлгох хэрэгтэй, хэлсэн үгнийх нь ач тусыг хүртэхийн тулд яах шаардлагатайг ярилцъя.

«ЧИ БОЛ ... ХАЙРТ ХҮҮ МИНЬ БИЛЭЭ»

3. Марк 1:9–11-ийг үзвэл Есүсийг баптисм хүртэж байхад Ехова юу гэж хэлсэн бэ? Эндээс ямар гурван чухал зүйлийг мэдэж болох вэ?

3 Ехова тэнгэрээс өөрөө ярьсан эхний тохиолдлыг Марк 1:9–11-д бичжээ (уншина). Тэрээр: «Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» гэсэн. Эцэг нь өөрт нь хайртай бөгөөд итгэдгээ хэлэхийг сонсоод Есүсийн сэтгэл ямар их хөдөлсөн бол оо! Еховагийн хэлсэн энэ үгнээс Есүсийн тухай гурван чухал зүйлийг мэдэж болно. Нэгдүгээрт, Есүс бол Бурхны Хүү. Хоёрдугаарт, Ехова Хүүдээ хайртай. Гуравдугаарт, Ехова Хүүгээ таалан соёрхдог. Эдгээрийг тус тусад нь авч үзье.

4. Ехова Есүст «Чи бол ... Хүү минь билээ» гэж яагаад хэлсэн бэ?

4 «Чи бол ... Хүү минь билээ». Ехова яагаад энэ үгийг хэлсэн бэ? Есүс тэнгэрт байхаасаа л Бурхны хүү байв. Харин баптисм хүртэж Бурхны агуу хүчээр тослогдсоноор тэнгэрт буцаж очоод Хаант төрийн Хаан, Тэргүүн тахилч болох найдвартай болсон. Ехова үүнийг онцлохын тулд дээрх үгийг хэлжээ (Лук 1:31–33; Евр. 1:8, 9; 2:17). Тэгэхээр Есүсийг баптисм хүртэх үед Эцэг нь: «Чи бол ... Хүү минь билээ» гэж хэлсэн нь ийм учиртай (Лук 3:22).

Магтаал, урамшуулал сэтгэл сэргээдэг (5-р догол мөрийг үзээрэй) *

5. Еховаг хэрхэн дуурайх вэ?

5 «Чи бол ... хайрт Хүү минь». Ехова хүүгээ хайрладгаа хэлсэн нь дуурайвал зохих жишээ юм. Бид боломж бүрийг ашиглан нэг нэгэндээ урам хайрлах хэрэгтэй (Ёох. 5:20). Хайрлаж хүндэлдэг хүнээсээ магтаал сонсож, хайрыг нь мэдэрсэн хүний сэтгэл сэргэж, урамшин зоригждог. Үүн шиг, хурлынхан болон гэрийнхэнд маань бидний хайр халамж, магтаал урамшуулал хэрэгтэй. Тэд магтаал сонсоод урамшин зоригжиж, Еховад бат итгэлтэй, тууштай үйлчилнэ. Эцэг эхчүүд хүүхдээ магтаж байх нь онцгой чухал. Тэднийгээ чин сэтгэлээсээ магтаж, хайрлан энхрийлдэг бол урам нь сэргэнэ.

6. Есүс Христэд яагаад итгэж болох вэ?

6 «Миний таалан соёрхдог». Хүслийг минь үнэнчээр биелүүлнэ гэж Ехова Хүүдээ итгэж байсныг энэ үг баталдаг. Тийм учраас Есүс Эцгийнхээ бүх амлалтыг биелүүлнэ гэдэгт бид бас бүрэн итгэж болно (2 Кор. 1:20). Есүсийн үлдээсэн жишээг бодож үзвэл түүнээс суралцъя, мөрөөр нь алдалгүй дагая гэж баттай шийднэ. Ехова Есүст итгэж байсан шигээ, үйлчлэгчдэдээ итгэдэг бөгөөд Хүүгээс нь байнга суралцана гэж найддаг (1 Петр 2:21).

«ТҮҮНИЙ ҮГИЙГ ДАГАЖ БАЙГТУН»

7. Матай 17:1–5-д бичсэнийг үзвэл, ямар үйл явдлын үеэр Ехова тэнгэрээс ярьсан бэ? Юу гэж хэлсэн бэ?

7 Матай 17:1–5-ыг уншина. Есүсийг «хувирч өөрчлөгдөж» байх үед Ехова тэнгэрээс хоёр дахь удаагаа ярьжээ. Есүс, Петр Яаков Ёохан гурвыг дагуулаад өндөр ууланд гарав. Тэнд тэд ер бусын юм үзлээ. Есүсийн нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гялалзан гялтганах нь тэр! Мосе Елиа хоёр Есүстэй, үхээд амилах талаар нь ярилцаж байх юм. Гурван элч «нойрмог байсан боловч сэргэж» энэ гайхалтай үзэгдлийг үзлээ (Лук 9:29–32). Тэгтэл гэрэлтсэн үүл тэднийг бүрхэв. Үүлнээс нэг дуу гарлаа. Энэ нь Бурхны дуу байв! Ехова Есүсийг баптисм хүртэх үед хэлсэн үгээ хэлжээ. «Энэ бол миний хайртай хүү. Би хүүгээ таалан соёрхдог» гэлээ. Гэхдээ энэ удаа «Түүний үгийг дагаж байгтун» хэмээн нэмж хэлжээ.

8. Есүс болон шавь нар үзэгдэл үзээд яасан бэ?

8 Есүс ирээдүйд Бурхны Хаант төрийн хүчирхэг, цог жавхлант Хаан болохыг энэ үзэгдэл харуулсан. Христ зовж тарчилж үхэх гэж байсан ч энэ үзэгдлийг үзээд зоригжсон нь эргэлзээгүй. Шавь нарынх нь ч итгэл батажжээ. Үүний үрээр, ирээдүйд тулгарах сорилтыг даван туулж, нөр их ажлыг хийх сэтгэлийн хаттай болсон. Элч Петр 30-аад жилийн дараа энэхүү үзэгдлийг дурдсаныг харахад санаанд нь тод үлджээ (2 Петр 1:16–18).

9. Есүс шавь нартаа ямар зөвлөгөө өгсөн бэ?

9 «Түүний үгийг дагаж байгтун». Ехова биднээс Хүүгийнх нь үгийг сонсоод, дагаж байгаасай гэж хүсдэгээ тодорхой хэлжээ. Есүс дэлхий дээр байхдаа юу ярьдаг байсан бэ? Маш чухал олон зүйлийг ярьдаг байв. Жишээлбэл сайн мэдээг хэрхэн дэлгэрүүлэхийг дагалдагчдадаа зааж, сонор сэрэмжтэй байхыг дахин дахин захисан (Мат. 24:42; 28:19, 20). Бас хамаг хүчээ дайчлахыг зөвлөж, бууж өгөхгүй байхыг уриалжээ (Лук 13:24). Бие биеэ хайрлах, эв нэгдэлтэй байх, тушаалыг нь дагахын чухлыг онцолсон (Ёох. 15:10, 12, 13). Есүс шавь нартаа хэчнээн ашигтай зөвлөгөө өгдөг байж вэ! Тэр зөвлөгөө өнөөдөр ч үнэ цэнтэй.

10, 11. Есүсийг сонсох гэж яахыг хэлдэг вэ?

10 Есүс: «Үнэний талд байдаг хүн бүр миний дууг сонсдог» гэжээ (Ёох. 18:37). Түүний дууг сонсох гэж яахыг хэлдэг вэ? «Хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байхыг» хэлнэ (Кол. 3:13; Лук 17:3, 4). Бас «тайван цагт ч, хэцүү цагт ч» сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлж байгаа бол Есүсийн дууг сонсож байгаа хэрэг (2 Тим. 4:2).

11 «Миний хонь дууг минь таньдаг» гэж Есүс хэлжээ (Ёох. 10:27). Христийн дагалдагчид үгийг нь анхаараад зогсохгүй ажил хэрэг болгодог. Амьдралын төлөө тэгтлээ их санаа зовдоггүй (Лук 21:34). Харин хэзээ ямагт, тэр байтугай маш хүнд үед ч Есүсийн тушаалыг дагахыг онцгой анхаардаг. Олон итгэл нэгтэн маань эсэргүүцэгчдийн дайралтад өртөх, үгээгүй хоосон болох, байгалийн гамшигт нэрвэгдэх зэргийн хүнд бэрх сорилтыг туулдаг. Гэхдээ хэчнээн их зовж байсан ч Еховад үнэнч байдаг. Есүс тийм хүмүүст дараах амлалтыг өгсөн. «Миний тушаалыг зөв гэж үздэг, биелүүлдэг хүн бол надад хайртай хүн. Надад хайртай хүнийг Эцэг минь хайрлана» (Ёох. 14:21).

Дэлгэрүүлдэг бол анхаарал сарнихгүй (12-р догол мөрийг үзээрэй)⁠ *

12. Есүсийг сонсох өөр нэг арга юу вэ?

12 Есүсийг сонсох өөр нэг арга нь томилсон хүмүүстэй нь хамтран ажиллах юм (Евр. 13:7, 17). Сүүлийн жилүүдэд Бурхны байгууллагад олон өөрчлөлт гарсан. Дэлгэрүүлэх ажилд шинэ арга нэвтэрч, янз бүрийн багаж хэрэгсэл ашигладаг болсон. Ажлын өдрийн цуглаанд өөрчлөлт орсон. Цуглааны танхим барих, засах, арчилж тордох арга шинэчлэгдсэн. Сайтар бодож боловсруулсан, ашиг тустай заавар авдагтаа бид үнэхээр их баярладаг! Байгууллагаас ирж буй цаг үеэ олсон удирдамж зааврыг дагах гэж хичээж байгаа биднийг Ехова заавал ивээнэ.

13. Есүсийг сонсохын ач тус юу вэ?

13 Есүсийн заасан бүхнийг сонсдог бол ач тус хүртэнэ. Сургаалыг нь сонсвол сэргэнэ гэдгийг Есүс шавь нартаа хэлж байсан билээ. «Та нар сэргэх болно. Яагаад гэвэл миний буулга эвтэйхэн, миний ачаа хөнгөн» гэсэн (Мат. 11:28–30). Бурхны Үгийг, ялангуяа Есүсийн амьдрал, үйл хэргийн талаар бичсэн сайн мэдээний дөрвөн номыг уншвал сэргэж, эрч хүчтэй, ухаантай болдог (Дуу. 19:7; 23:3). Есүс: «Бурхны үгийг сонсоод сахидаг хүн илүү жаргалтай!» хэмээжээ (Лук 11:28).

«БИ НЭРЭЭ ... АЛДАРШУУЛНА»

14, 15. а) Ехова тэнгэрээс ярьсан гурав дахь тохиолдлын талаар Ёохан 12:27, 28-д юу гэж бичсэн байдаг вэ? б) Еховагийн үгийг сонсоод Есүс яагаад тайвширч, зоригжсон бэ?

14 Ёохан 12:27, 28-ыг уншина. Ехова тэнгэрээс ярьсан гурав дахь тохиолдлыг «Ёохан» номд бичжээ. Есүс амиа алдахаасаа хэдхэн хоногийн өмнө Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр Иерусалимд ирчихээд байв. Тэрээр: «Би шаналж байна» гээд «Эцэг минь, нэрээ алдаршуулаач» гэж хэлсэн. Тэгтэл Эцэг нь тэнгэрээс ярьж «Би нэрээ алдаршуулсан. Дахиж алдаршуулна» гэв.

15 Еховад үнэнч байх гэсэн асар их хариуцлагатай үүргээ бодоод Есүс шаналжээ. Хэрцгий догшин хүмүүсийн гарт тарчилж үхнэ гэдгээ мэдэж байв (Мат. 26:38). Есүсийн хувьд хамгийн чухал зүйл нь Эцгийнхээ нэрийг алдаршуулах байлаа. Гэтэл хүмүүс түүнийг Бурхныг доромжилсон гэж буруутган, цаазаар авах гэж байв. Үүнээс болоод Бурхны нэр хугарах вий гэж санаа зовсон. Ийм үед Еховагийн үгийг сонсоод ямар их зоригжсон бол оо! Еховагийн нэр алдаршина гэдэгт бүрэн итгэсэн. Есүс, Эцгийнхээ хэлсэн үгийг сонсоод тайвширч, зовлонтой нүүр тулах зоригтой болжээ. Тэр үед Еховагийн үгийг ойлгосон цорын ганц хүн нь Есүс байсан байх. Гэлээ ч Ехова бидний төлөө энэ үгээ бичүүлж үлдээжээ (Ёох. 12:29, 30).

Ехова нэрээ алдаршуулж, ард түмнээ аварна (16-р догол мөрийг үзээрэй)⁠ *

16. Бид ямар учраас Бурхны нэр хугарах вий гэж санаа зовж магадгүй вэ?

16 Еховагийн нэр хугарах вий гэж бид Есүстэй адил санаа зовж болох юм. Яагаад? Есүс шударга бус явдлын хохирогч болсон шиг бидэнд бас тийм аюул тулгарч болзошгүй. Эсвэл эсэргүүцэгчид бидний талаар худал мэдээ тарааж магадгүй. Үүнээс болоод Ехова болон байгууллага маань нэр хүндээ алдах вий гэсэн бодол төрөх байх. Ийм үед Еховагийн үг тайвшруулдаг. Бид тэгтлээ их санаа зовох шаардлагагүй. «Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан [бидэнд] өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг [маань] хамгаална» гэдэгт итгэж болно (Флп. 4:6, 7). Ехова нэрээ цаг ямагт алдаршуулна. Хаант төр нь Сатан болон түүний ертөнцийн учруулсан бүх хохирлыг арилгана (Дуу. 94:22, 23; Ис. 65:17).

ЕХОВАГИЙН ДУУГ СОНСОХ НЬ ӨНӨӨДӨР АЧ ТУСТАЙ

17. Исаиа 30:21-д бичсэнээр Ехова бидэнтэй хэрхэн ярьдаг вэ?

17 Ехова өнөө үед ч бидэнтэй ярьдаг (Исаиа 30:21-ийг уншина). Гэхдээ тэнгэрээс ярьдаг гэсэн үг биш л дээ. Өөрийн Үг Библийг бидэнд өгсөн. Библиэс Еховагийн зааврыг мэдэх боломжтой. Түүнээс гадна «итгэмжит нярав» агуу хүчээр удирдуулан Еховагийн үйлчлэгчдийг «хоол ундаар» хангадаг (Лук 12:42). Хэвлэмэл болон онлаин материал, видео, аудио бичлэг хэчнээн элбэг дэлбэг байна вэ! Эдгээр нь итгэл батжуулах «хоол унд» юм.

18. Еховагийн үгийг санаж явбал итгэл батжиж, урам зоригтой болно гэхийн учир юу вэ?

18 Есүсийг дэлхий дээр байхад Ехова түүнд юу гэж хэлснийг санаж явцгаая! Ехова бүхнийг мэддэг бөгөөд Сатан болон түүний бузар муу ертөнцөөс үүдэлтэй хор хохирлыг байхгүй болгоно гэж Библид байдаг шүү дээ. Еховагийн хэлсэн үгэнд итгэцгээе. Еховагийн дууг анхааралтай сонсоцгооё. Тэгдэг бол одоо ч, ирээдүйд ч ямар ч бэрхшээл тохиолдсон даван туулна. «Бурхны таалалд нийцүүлснийхээ дараа л амлалт биелэхийг үзэх тул та нарт тэвчээр хэрэгтэй» гэсэн сануулга Библид бий (Евр. 10:36).

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

^ д/м 5 Есүсийг дэлхий дээр байхад Ехова гурван удаа тэнгэрээс ярьсан. Нэг удаад нь Христийн дагалдагчдад хандан Хүүг минь сонсоорой гэж хэлсэн. Өнөө үед Ехова Үгээрээ, түүн дотор бичигдсэн Есүсийн сургаалаар, байгууллагаараа дамжуулан бидэнтэй ярьдаг. Ехова Есүс хоёрыг сонсвол ямар ач тустайг энэ өгүүллээр үзнэ.

^ д/м 52 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Туслах үйлчлэгч цуглааны танхимын довжоог цэвэрлэж байна; ном хэвлэлийн тасагт ажиллаж байна. Ахлагч тэр залууг ажиглаад магтаж байна.

^ д/м 54 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Сьерра Леонд үйлчилдэг эхнэр нөхөр хоёр нутгийн загасчинд цуглааны урилга өгч байна.

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Манай үйл ажиллагааг хязгаарласан улсад амьдардаг Гэрчүүд айлд цуглаан хийж байна. Тэд бусдын анхаарлыг татахааргүй хувцас өмсжээ.