Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 14

Та Бурхандаа сайн үйлчилж байна уу?

Та Бурхандаа сайн үйлчилж байна уу?

«Сайн мэдээг тасралтгүй тунхаглаж, Бурхандаа сайн үйлчил» (2 ТИМ. 4:5).

ДУУ 142 Бүх хүнд дэлгэрүүлцгээе

ТОЙМ *

Есүс амилсныхаа дараа шавь нартайгаа уулзаад «Явж ... шавь болгогтун» гэж тушаажээ (1-р догол мөрийг үзээрэй)

1. Бурхны үйлчлэгч бүрийн хүсэл юу вэ? Яагаад? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

ЕСҮС ХРИСТ дагалдагчдадаа «Явж бүх үндэстнийг шавь болгогтун» хэмээн тушаажээ (Мат. 28:19). Энэ тушаалыг үнэнчээр биелүүлж «Бурхандаа сайн үйлчилж» сурахыг бид бүгдээрээ хүсдэг (2 Тим. 4:5). Тэгээд ч энэ бол хамгийн түрүүнд хийх ёстой, хамгийн чухал, хамгийн утга учиртай ажил юм. Бид дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд аль болох олон цаг зарцуулахыг хүсдэг. Гэвч тэр бүр санаснаар болдоггүй.

2. Бурхандаа үйлчлэхийн зэрэгцээ ямар асуудлыг зохицуулах хэрэгтэй болдог вэ?

2 Цаг зав, хүч чадал шаардсан өөр олон чухал үүрэг хариуцлага бидэнд тулгардаг. Өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ наад захын хэрэгцээг хангахын тулд олон цагаар ажиллах шаардлагатай. Үүнээс гадна гэр бүлийн өмнө хүлээсэн янз бүрийн үүрэг бий. Өвчин эмгэг, сэтгэл санааны хямрал, өтөл насны зовлон гээд бэрхшээл тохиолддог. Энэ бүхний хажуугаар «Бурхандаа сайн үйлчилье» гэвэл яах вэ?

3. Матай 13:23-т буй Есүсийн үгийг үзвэл ямар дүгнэлт хийж болох вэ?

3 Еховад олон цагаар үйлчлэх боломжгүй хүн сэтгэлээр унах хэрэггүй. Хүн болгон яг адилхан үйлчилж чадахгүйг Есүс мэдэж байсан (Матай 13:23-ыг уншина). Чадлынхаа хэрээр үйлчлээд л байвал Ехова өндөр үнэлнэ (Евр. 6:10–12). Нөгөө талаар, одоогийнхоосоо илүү ихийг хийж чадах юм шиг санагдаж болох юм. Бурханд үйлчлэх асуудлыг хэрхэн эн тэргүүнд тавих вэ? Яавал энгийн амьдрах вэ? Дэлгэрүүлэх, заах чадвараа сайжруулахын тулд яах хэрэгтэй вэ? Эдгээр асуултад хариулахаасаа өмнө «Бурхандаа сайн үйлчилнэ» гэдэг нь юу гэсэн үг болохыг ярилцъя.

4. Бурхандаа сайн үйлчилнэ гэж яахыг хэлдэг вэ?

4 Товчхон хэлбэл, Бурхандаа сайн үйлчлэхийн тулд дэлгэрүүлэх, заах ажилд чадах чинээгээрээ оролцох ёстой. Зарцуулж буй цаг чухал ч, ямар сэтгэлээр дэлгэрүүлж байгааг маань Ехова голлон анхаардаг. Бид Еховад болон хүмүүст хайртай учраас энэ ажилд бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг * (Марк 12:30, 31; Кол. 3:23). Бурханд сайн үйлчлэх гэдэг нь Бурхны үйл хэрэгт өөрийгөө зориулж, хамаг хүч чадлаа дайчилна гэсэн үг. Дэлгэрүүлэх ажилд оролцох завшаанаа өндөр үнэлдэг бол аль болох олон хүнд сайн мэдээ хүргэхийг хичээнэ.

5, 6. Завгүй хүн дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавьж болдгийг жишээгээр тайлбарлана уу.

5 Жишээ авъя. Боломж л гарвал гитар тоглох дуртай залуу нэгэн кафед ажиллахаар болжээ. Тэр нь амралтын өдрүүдэд гитар тоглодог ажил байлаа. Гэвч цалин нь хаанаа ч хүрэхгүй байсан болохоор даваагаас баасан гарагт хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлыг давхар хийхээр болов. Ихэнх цагаа дэлгүүрт өнгөрөөдөг ч сэтгэл санаа нь хөгжим рүүгээ тэмүүлнэ. Ур чадвараа сайжруулж, өдөр бүр хөгжимчнөөр ажиллахыг мөрөөднө. Боломж л гарвал хоромхон зуур ч атугай гитараа дуртайяа тоглоно.

6 Үүнтэй адилхан, та дэлгэрүүлэх ажилд хүссэнээрээ оролцож чаддаггүй байж болох юм. Гэхдээ дэлгэрүүлэх дуртай учраас хүмүүст сайн мэдээ дуулгаж сэтгэлийг нь хөдөлгөхийн тулд чадвараа сайжруулахыг хичээнэ. Санаа тавих зүйл олон байгаа болохоор дэлгэрүүлэх ажлыг яаж эн тэргүүнд тавих вэ гэж боддог байж магадгүй.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫГ ЭН ТЭРГҮҮНД ТАВИХ НЬ

7, 8. Есүсийг хэрхэн дуурайх вэ?

7 Дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавих талаар хамгийн сайн үлгэр жишээ үзүүлсэн хүн бол Есүс юм. Бурхны Хаант төрийн тухай ярих нь Есүсийн амьдралын хамгийн чухал зүйл байсан (Ёох. 4:34, 35). Аль болох олон хүнд дэлгэрүүлэхийн тулд хэдэн зуун километр замыг явган туулжээ. Хүмүүстэй ярих боломж бүрийг ашиглан олон нийтийн газраар, айлаар явдаг байв. Ийнхүү дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавьж амьдарчээ.

8 Бид Христийг дуурайн, хүмүүстэй сайн мэдээний тухай ярилцах боломж бүрийг хайдаг. Энэ ажилд оролцохын тулд тух алдахыг юман чинээ боддоггүй (Марк 6:31–34; 1 Петр 2:21). Зарим Гэрч туслах, байнгын, тусгай эхлэгчээр үйлчилдэг. Зарим нь гадаад хүмүүст дэлгэрүүлэхийн тулд хэлийг нь сурдаг байхад, дэлгэрүүлэгч хэрэгтэй газар нүүж очдог хүмүүс ч бий. Ийм боломжгүй хэр нь чадах бүхнээ хийдэг бусад дэлгэрүүлэгч Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах ажилд маш их хувь нэмэр оруулдаг. Аль нь ч байлаа гэсэн, Ехова хэрээс нь хэтэрсэн юмыг үйлчлэгчдээсээ шаарддаггүй. «Алдарт сайн мэдээг» тунхаглах ажилд хүн бүр баяр хөөртэй оролцоосой гэж «жаргалтай Бурхан» Ехова хүсдэг (1 Тим. 1:11; Д.хууль 30:11).

9. а) Паул ажил хийж байсан ч дэлгэрүүлэх ажлыг хэрхэн эн тэргүүнд тавьсан бэ? б) Үйлс 28:16, 30, 31-ийг үзвэл, Паул дэлгэрүүлэх ажилд хэрхэн ханддаг байсан бэ?

9 Дэлгэрүүлэх ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавих талаар үлгэр дуурайл болсон өөр нэг хүн бол элч Паул юм. Тэрээр миссионерын хоёр дахь аяллаараа Коринт хотод байхдаа хоолныхоо мөнгийг олохын тулд майхан оёх ажил хийжээ. Гэхдээ энэ ажлыг хамгийн чухал гэж үзээгүй юм. Майхан хийж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулдаг учраас тэрээр Коринтынхноос «юу ч авалгүй» сайн мэдээг тунхаглаж чаджээ (2 Кор. 11:7). Паул ажил хийх шаардлагатай байсан ч Бурханд үйлчлэхийг хэзээ ямагт эн тэргүүнд тавьж, Амралтын өдөр бүр дэлгэрүүлдэг байв. Нөхцөл байдал дээрдмэгц дэлгэрүүлэх ажлыг илүү их анхаарах болжээ. Тэрээр «Бурхны үгийг тунхаглах ажилд өөрийгөө бүрэн зориулж Есүс бол Христ гэдгийг батлан иудейчүүдэд гэрчилж байлаа» (Үйлс 18:3–5; 2 Кор. 11:9). Хожим Ром хотод гэрийн хорионд хоёр жил байхдаа өөр дээр нь ирсэн хүмүүст дэлгэрүүлэхээс гадна захидал бичдэг байв (Үйлс 28:16, 30, 31-ийг уншина). Паул юунд ч сатааралгүй Бурханд үйлчлэхээр эргэлт буцалтгүй шийджээ. Тэрээр: «Бурхан ... энэ ажлыг даалгасан учир бид шантардаггүй» хэмээн бичжээ (2 Кор. 4:1). Бид бас мөнгө олох ажилд чамгүй их цаг зарцуулах шаардлагатай ч Хаант төрийн ажлыг эн тэргүүнд тавьж чадна.

«Бурхандаа сайн үйлчлэх» арга олон (10, 11-р догол мөрийг үзээрэй)

10, 11. Өвчин хуучтай хүмүүс Бурхандаа хэрхэн сайн үйлчлэх вэ?

10 Нас хөгшрөөд эсвэл эрүүл мэнд муудсанаас болоод айлаар дэлгэрүүлэх ажилд хүссэнээрээ оролцох боломжгүй болбол өөр аргаар дэлгэрүүлж болно. Нэгдүгээр зууны дэлгэрүүлэгчид хаа ч явсан сайн мэдээ тунхагладаг байсан. Айлаар, олон нийтийн газар, албан бусаар гээд «таарсан хүн болгонд» үнэний тухай ярих боломж бүрийг алдахгүйг хичээдэг байв (Үйлс 17:17; 20:20). Хэрэв та их явж чадахгүй бол хөл ихтэй гудамжинд суугаад дэлгэрүүлж болно шүү дээ. Эсвэл албан бусаар, утсаар дэлгэрүүлэх юм уу захиа бичиж болно. Иймэрхүү аргаар дэлгэрүүлээд баяр хөөртэй, сэтгэл хангалуун яваа дэлгэрүүлэгч олон бий.

11 Өвчин хуучтай хүн ч Бурхандаа сайн үйлчлэх бүрэн боломжтой. Элч Паулын жишээг дахин ярилцъя. Тэрээр: «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж хэлсэн байдаг (Флп. 4:13). Паул миссионерын аяллаар явж байхдаа өвджээ. Тэр үед Бурхан түүнд хүч тэнхээ өгсөн. Паул Галатынханд «Өвчин эмгэгээс болж өөрсдөд чинь сайн мэдээ тунхаглах боломж надад олдсон» хэмээн тайлбарлажээ (Гал. 4:13). Хэрэв та өвдвөл эмч, сувилагч, асрагч гээд эмнэлгийн ажилтнуудад сайн мэдээ тунхаглах боломж олдлоо гэж бодоорой. Тэд их төлөв ажил дээрээ байдаг учраас дэлгэрүүлэгчдийг гэрээр нь очиход тааралддаггүй.

ЭНГИЙН АМЬДРАХ НЬ

12. Матай 6:22-т бичсэн Есүсийн үг ямар утгатай вэ?

12 Есүс: «Биеийн дэн бол нүд. Нүд чинь нэг л юмыг хардаг бол [эсвэл “энгийн бол,” зүүлт] бие чинь бүхэлдээ гэрэлтэй байна» гэжээ (Мат. 6:22). Юу хэлэх гэсэн юм бол? Энгийн амьдрах буюу нэг л зорилгыг анхаарч юунд ч сатаарахгүй үйлчлэхийг сануулжээ. Есүс дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавьж амьдарсан бөгөөд Еховад үйлчлэхийг болон Хаант төрийг анхаарлынхаа төвд байлгахыг шавь нартаа захидаг байсан. Бид Есүсийг дуурайн «Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрахыг» хичээдэг (Мат. 6:33).

13. Дэлгэрүүлэх ажлаа голлон анхаарахын тулд яах хэрэгтэй вэ?

13 Дэлгэрүүлэх ажлыг голлон анхаарах нэг арга нь энгийн амьдрах юм. Ингэснээр хүмүүсийн төлөө илүү их цаг зав гаргаж, Еховаг таньж мэдээд хайрладаг болоход нь тусалж чадна. * Жишээлбэл ажлынхаа цагийг зохицуулаад дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцох боломж танд бий юү? Зугаа цэнгэлд зарцуулдаг цагаа багасгаж чадах уу?

14. Нэгэн гэр бүлийн хоёр, дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохын тулд юу хийсэн бэ?

14 Элиас гэдэг ахлагч болон түүний гэргийн туршлагыг сонирхъё. Элиас: «Бид хоёр хэзээ нэгэн цагт эхлэгч болно доо гэж бодож байсан. Гэхдээ шууд чадаагүй. Бурханд үйлчлэх цагаа нэмэхийн тулд бага багаар өөрчлөлт гаргаж эхэлсэн. Жишээ нь зардлаа багасгалаа. Амарч зугаацах цагаа бас багасгасан. Урьд нь хэтэрхий их зугаацдаг байсан юм билээ. Ажлын цагийг өөрчилж өгөхийг захирлуудаасаа гуйлаа. Үүний дүнд бид оройн цагаар дэлгэрүүлдэг болсон, Библийн хичээлийн тоо нэмэгдсэн, тэр ч байтугай ажлын өдрүүдэд сард хоёр удаа дэлгэрүүлж байгаа. Ёстой сайхан байна!» гэж ярьсан юм.

ДЭЛГЭРҮҮЛЭХ, ЗААХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

Цуглаанаас сурсан аргаа дэлгэрүүлэх ажилдаа хэрэглэдэг бол ахиц дэвшил гаргасаар байна (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15, 16. 1 Тимот 4:13, 15-д бичсэнээр, дэлгэрүүлэх чадвараа хэрхэн сайжруулах вэ? (Бас  «Бурхандаа сайн үйлчлэхэд тустай зорилго» гэсэн хавсралтыг үзээрэй).

15 Бурхандаа сайн үйлчлэх өөр нэг арга нь дэлгэрүүлэх ур чадвараа сайжруулах юм. Байнга суралцаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай ажил гэж байдаг. Хаант төрийн тухай мэдээ тунхаглах нь үүнтэй адилхан. Байнга суралцвал дэлгэрүүлэх, заах арга барил сайжирна (Сур. 1:5; 1 Тимот 4:13, 15-ыг уншина).

16 Тэгвэл чадвараа улам сайжруулахын тулд яах нь зүйтэй вэ? Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг цуглаанд онцгой анхаарал хандуулаарай. Дэлгэрүүлэх арга барилаа алхам алхмаар сайжруулахад энэ цуглаан тустай байдаг. Жишээлбэл цуглаан хөтлөгч даалгавар биелүүлсэн хүмүүст зөвлөгөө өгдөг. Тэр үед анхаарч сонсвол чадварлаг дэлгэрүүлэгч болоход тустай зүйлийг мэдэж авна. Тэгээд сурсан аргаа дэлгэрүүлэх ажилдаа хэрэглээрэй. Дэлгэрүүлэх ажлын бүлэг хариуцагчаас тусламж авах юм уу хамт дэлгэрүүлээрэй. Бас туршлагатай дэлгэрүүлэгч, эхлэгч, дүүрэг хариуцагчтай хамт дэлгэрүүлэхийг хичээгээрэй. Заах ажлын багажны хайрцагт байгаа бүх багажийг сайн ашиглаж сурвал дэлгэрүүлэх, заах ажлаа баяр хөөртэй хийнэ.

17. Бурхандаа сайн үйлчлэхийн ач тус юу вэ?

17 Ехова биднийг хамтран зүтгэгчээ болгосон нь юутай их завшаан бэ! (1 Кор. 3:9). Та «илүү чухал юмыг магадалж», Ехова Бурханд үйлчлэхийг голлон анхаардаг бол «баяртайгаар үйлчилнэ» (Флп. 1:10; Дуу. 100:2). Саад бэрхшээл тохиолдсон ч, эрүүл мэнд муудсан ч та Бурхандаа сайн үйлчилж чадна гэдэгтээ итгэлтэй байгаарай. Яагаад гэвэл Бурхан танд хүч тэнхээ өгнө (2 Кор. 4:1, 7; 6:4). Дэлгэрүүлэх ажилд хүссэнээрээ оролцож чадах байсан ч, чадахгүй байсан ч сэтгэл зүрхээ зориулсан цагт «өөрийнхөө үйлсэд баярлана» (Гал. 6:4). Бурхандаа сайн үйлчилбэл Еховаг болон хүмүүсийг хайрладгаа батална. «Ингэвэл өөрийгөө ч, сонсогчоо ч аварна» (1 Тим. 4:16).

ДУУ 141 Амар тайвныг эрхэмлэдэг хүнийг хайцгаая

^ д/м 5 Есүс бидэнд Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх даалгавар өгсөн билээ. Яавал бэрхшээлийг үл тоон, даалгавраа сайн биелүүлэхийг энэ өгүүллээр үзнэ. Түүнчлэн дэлгэрүүлэх ажлаа илүү их үр өгөөжтэй, баяр хөөртэй хийхийн тулд яах хэрэгтэйг ярилцана.

^ д/м 4 ҮГИЙН ТАЙЛБАР: Бурханд үйлчлэх гэдэгт дэлгэрүүлэх, заах, Бурхны байгууллагын барилга байгууламжийг барих, засварлах, гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажил ордог (2 Кор. 5:18, 19; 8:4).

^ д/м 13 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 7-р сарын дугаарын 10-р хуудасны «Амьдралаа энгийн болгох арга» хавсралтад жагсаасан долоон аргыг үзээрэй.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч бүсгүй давтан уулзаж байгаагаар даалгавар биелүүлж байна. Дараа нь цуглаан хөтлөгчийн зөвлөгөөг «Зааж сургах» товхимол дээрээ тэмдэглэж авч байна. Амралтын өдөр дэлгэрүүлэхдээ цуглаанаас сурсан аргаа хэрэглэж байна.