Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 15

Есүсийг дуурайж тайван байцгаая

Есүсийг дуурайж тайван байцгаая

«Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг ... та нарт өгч, зүрх сэтгэл[ийг] ... тань хамгаална» (ФЛП. 4:7).

ДУУ 39 Амар тайвныг эрхэмлэе

ТОЙМ *

1, 2. Есүс яагаад шаналсан бэ?

ЕСҮС дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн өдөр маш их шаналж байлаа. Тун удахгүй муу хүмүүсийн гарт тарчилж үхнэ. Гэхдээ гол нь үхнэ гэдэгтээ биш, харин үүнээс ч чухал асуудлаас болж санаа зовжээ. Тэрээр Эцэгтээ үнэхээр их хайртай бөгөөд Эцгийгээ баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсэх ажээ. Сорилтын үед үнэнч байвал Еховагийн нэрийг цагаатгахад хувь нэмэр оруулна гэдгээ мэднэ. Бас хүмүүст хайртай бөгөөд тэдний ирээдүй өөрөөс нь шалтгаалахыг ойлгож байв. Хэрэв Есүс үхэн үхтэлээ Еховад үнэнч байвал хүн төрөлхтөн мөнх амьдарна.

2 Сэтгэлийн зовлонтой байсан ч Есүс тайван байв. Тийм учраас «Би та нарыг амар тайван байлгадаг» гэж элч нартаа хэлжээ (Ёох. 14:27). Бурхан түүнийг «амар тайван» болгосон. Еховатай дотно хүн тайван байдаг. Есүс санаа зовохгүй, тайван байж чадсан нь ийм учиртай (Флп. 4:6, 7).

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Есүсийн үзсэн яг тийм зовлон бидний хэнд ч тохиолдохгүй. Гэхдээ Есүсийг дагадаг бүх хүн соригдоно (Мат. 16:24, 25; Ёох. 15:20). Заримдаа Есүс шиг зовж шаналах нь дамжиггүй. Тийм үед хэтэрхий их санаа зовж, айж түгшихгүйн тулд яах нь зүйтэй вэ? Есүс дэлхий дээр үйлчилж байх хугацаандаа ямар гурван зүйл хийснийг, бэрхшээл тохиолдоход Есүс шиг тайван байхын тулд яах хэрэгтэйг энэ өгүүллээр үзье.

ЕСҮС БАЙНГА ЗАЛБИРДАГ БАЙСАН

Залбирдаг бол тайван байна (4–7-р догол мөрийг үзээрэй)

4. 1 Тесалоник 5:17-г бодонгоо, Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн өдөр олон удаа залбирсныг дурдана уу.

4 1 Тесалоник 5:17-г уншина. Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн өдөр олон удаа залбирчээ. Үхлийг нь хэрхэн дурсан санахыг шавь нартаа захиж талх, дарс дамжуулахаасаа өмнө залбирсан (1 Кор. 11:23​–​25). Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэчихээд, явахаасаа өмнө шавь нартайгаа хамт залбирсан (Ёох. 17:1​–​26). Тэр шөнө шавь нараа дагуулан Чидун ууланд гараад дахин дахин залбирсан (Мат. 26:36​–​39, 42, 44). Амьсгал хураахаасаа өмнө эцсийн удаа залбирсан (Лук 23:46). Ийнхүү Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн өдөр болсон бүх үйл явдлын талаар Эцэгтээ хэлж залбирчээ.

5. Элч нар яагаад зоригтой байж чадаагүй вэ?

5 Есүс олон удаа залбирч, сорилтыг тэвчихэд туслахыг гуйсан нь Эцэгтээ найдаж байсны баталгаа юм. Харин элч нар тэр шөнө шаргуу залбираагүйн улмаас сорилт тулгарах үед зоригтой байж чадаагүй (Мат. 26:40, 41, 43, 45, 56). Бид сорилтын үед Есүсийг дуурайж, «тасралтгүй залбирсан» цагт л үнэнч байж чадна. Юу гэж залбирах вэ?

6. Еховад бат итгэдэг хүн яагаад тайван байдаг вэ?

6 «Илүү бат итгэлтэй болгож өгөөч» гэж Еховад залбирах нь зүйтэй (Лук 17:5; Ёох. 14:1). Есүсийг дагадаг бүх хүнийг Сатан сорих учраас бид Еховад бат итгэдэг байх хэрэгтэй (Лук 22:31). Ийм итгэл байвал зовлон бэрхшээл ар араасаа тохиолдсон үед ч тайван байна. Яагаад? Чадах юмаа хийгээд, чадахгүйгээ Еховад даатгадаг. Тухайн асуудлыг Ехова хамгийн зөв шийдвэрлэж чадна гэдэгт итгэдэг учраас юунд ч санаа зовохгүй, тайван байж чаддаг (1 Петр 5:6, 7).

7. Та Робертын хэлсэн үгээс юу ойлгосон бэ?

7 Ямар ч бэрхшээл тохиолдсон, үргэлж тайван амгалан байхад залбирал тустай. Одоо 80 гарч яваа үнэнч ахлагч Робертыг жишээ болгон ярилцъя. Тэрээр: «Амьдралд тохиолддог олон бэрхшээлийг давахад Филиппой 4:6, 7-д байдаг зөвлөгөө надад тустай байдаг. Мөнгөний асуудал тулгарч байлаа. Хэсэг хугацаанд ахлагчаар үйлчлэх эрхгүй болж байв» гэж ярьсан юм. Үргэлж тайван байхад нь Робертод юу тус болсон бол? «Санаа зовж эхэлмэгцээ л залбирдаг. Хэдийчинээ шаргуу залбирна, төдийчинээ тайван болдог» гэж Роберт ярьжээ.

ЕСҮС ИДЭВХТЭЙ ДЭЛГЭРҮҮЛДЭГ БАЙСАН

Дэлгэрүүлдэг бол тайван байна (8–10-р догол мөрийг үзээрэй)

8. Ёохан 8:29-д бичсэнийг үзвэл, Есүс яагаад тайван байсан бэ?

8 Ёохан 8:29-ийг уншина. Есүс Еховагийн таалалд нийцүүлдэг учир хавчигдаж байхдаа ч тайван байжээ. Хэцүү санагдсан үед ч дуулгавартай байсан. Эцэгтээ хайртай тэрээр Еховад үйлчлэхийг амьдралынхаа хамгийн чухал зорилго болгожээ. Дэлхийд ирэхээсээ өмнө Бурхны «уран дархан» байсан (Сур. 8:30, МБОХ 2004). Дэлхий дээр байхдаа Эцгийнхээ талаар хүмүүст уйгагүй ярьдаг байв (Мат. 6:9; Ёох. 5:17). Энэ ажлыг хийхээрээ баяр хөөр болдог байжээ (Ёох. 4:34–36).

9. Дэлгэрүүлэх ажилд өөрийгөө бүрэн зориулахаар яагаад тайван байдаг вэ?

9 Бид Есүсийг дуурайн Еховад дуулгавартай байж, «Эзний үйл хэргээр үргэлж бялхдаг» (1 Кор. 15:58). Дэлгэрүүлэх ажилд «өөрийгөө бүрэн зориулбал» өөдрөг болж, туулж буй зовлонгоо анхаарахаа болино (Үйлс 18:5). Жишээ нь дэлгэрүүлж явахад биднээс илүү зовж яваа хүмүүс тааралддаг. Тэд Еховаг хайрлаж, зөвлөгөөг нь дагахаараа өөрчлөгдөж, баяр баясгалантай болдог. Ийм явдлыг харах бүрд Ехова надад санаа тавих юм байна гэсэн итгэл улам батаждаг. Итгэл батжихын хэрээр сэтгэл тайван байдаг. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог, сэтгэл гутрах өвчтэй нэг Гэрч эмэгтэй үүнийг биеэрээ мэдэрчээ. Тэрээр: «Дэлгэрүүлэх ажилд оролцоод завгүй байх үед санаа сэтгэл тогтвортой, баяр хөөртэй байдаг. Яагаад гэвэл дэлгэрүүлж байхдаа Еховатай илүү дотно байгаагаа мэдэрдэг» гэж ярьсан юм.

10. Та Брэндагийн жишээнээс юу мэдэж авсан бэ?

10 Брэнда гэдэг Гэрч эмэгтэйн жишээг авч үзье. Тэрээр охинтойгоо хоёулаа тархмал хатуурал гэдэг хүнд өвчтэй ажээ. Брэнда тэргэнцэр дээр суудаг, тамир тэнхээ муутай. Чадал нь хүрвэл айлаар дэлгэрүүлдэг ч ихэнхдээ захиа бичдэг. Тэрээр: «Миний өвчин одоо биш, шинэ ертөнцөд л эдгэхийг би оюун ухаан, сэтгэл зүрхээрээ ойлгомогцоо дэлгэрүүлэх ажлыг голлон анхаарах болсон. Би дэлгэрүүлэхээрээ санаа зовоосон асуудлаа мартагнадаг. Харин хэсгийнхээ хүмүүст яаж туслахаа боддог. Бас намайг ямар сайхан ирээдүй хүлээж байгааг байнга санадаг» гэжээ.

ЕСҮС НӨХДИЙНХӨӨ ТУСЛАМЖИЙГ АВДАГ БАЙСАН

Сайн найзуудтай бол тайван байна (11–15-р догол мөрийг үзээрэй)

11-13. а) Элч нар болон бусад хүн Есүсийн жинхэнэ найз гэдгээ хэрхэн баталсан бэ? б) Есүс найзуудынхаа талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

11 Есүсийг дэлхий дээр үйлчилж байх хугацаанд үнэнч элч нар жинхэнэ анд нөхөд нь байв. «Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү» гэсэн үг үнэн гэдгийг тэд баталсан (Сур. 18:24). Есүст тийм найзууд үнэ цэнтэй байлаа. Дэлхий дээр үйлчилж байхад нь нэг ч дүү нь түүнд итгээгүй (Ёох. 7:3–5). Түүгээр ч зогсохгүй, хамаатнууд нь Есүсийг солиорчээ гэж боджээ (Марк 3:21). Харин үнэнч элч нар нь тэс өөр байлаа. Есүс нас барахынхаа өмнөх үдэш тэдэнд «Намайг зовж байхад хажууд минь байсан хүмүүс бол та нар» гэж хэлсэн (Лук 22:28).

12 Элч нар заримдаа Есүсийн урмыг хугалж байсан нь үнэн. Гэлээ ч Есүс тэдний алдааг бус, өөрт нь итгэдгийг голлон анхаардаг байв (Мат. 26:40; Марк 10:13, 14; Ёох. 6:66–69). Цаазлагдахаасаа өмнө тэдэнтэй хамт өнгөрүүлсэн сүүлчийн үдшээ «Би та нарыг анд нөхөд гэсэн. Учир нь би Эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн» гэжээ (Ёох. 15:15). Найзууд нь Есүст маш их урам зориг хайрладаг байсан нь эргэлзээгүй. Дэлгэрүүлэх ажилд нь туслахад Есүс баяр хөөр болдог байжээ (Лук 10:17, 21).

13 Есүс элч нараас гадна эрэгтэй, эмэгтэй олон найзтай байсан. Тэд дэлгэрүүлэх ажилд нь дэм болохын зэрэгцээ өөр янз бүрээр тусалдаг байжээ. Зарим нь Есүсийг гэртээ урьж, хоол ундаар дайлна (Лук 10:38–42; Ёох. 12:1, 2). Дагаж яваад, байгаа юмнаасаа хуваалцдаг хүмүүс ч байлаа (Лук 8:3). Есүс өөрөө сайн найз байсан учраас олон сайн найзтай байжээ. Тэдэндээ тусалдаг, хэрээс нь хэтэрсэн юм шаарддаггүй байв. Есүс төгс хүн хэдий ч төгс бус найзуудынхаа тус дэмийг өндөр үнэлдэг байжээ. Найзууд нь ч тусалдаг учраас Есүс санаа зовох юмгүй тайван байсан нь лавтай.

14, 15. Яавал сайн найзтай болох вэ? Тэд хэрхэн тусалдаг вэ?

14 Еховад үнэнч байхад сайн найзын тус дэм их ээ. Сайн найзтай болъё гэвэл өөрөө сайн найз байх хэрэгтэй (Мат. 7:12). Жишээлбэл хүмүүст, ялангуяа «гачигдаж дутагдсан хүнд» цаг, хүчээ зориулж байхыг Библи уриалдаг (Эф. 4:28). Та хурлынхаа хэнд тусалъя гэж бодож байна вэ? Гэрээсээ гарч чаддаггүй итгэл нэгтэндээ дэлгүүрээс юм авахад нь тусалж чадах уу? Мөнгө төгрөгөөр гачигдаж яваа айлд хоол хийж өгөх боломжтой юу? Хэрэв jw.org® вэб саит болон JW Library® аппликейшн ашиглаж чаддаггүй хүн байвал та туслах уу? Бусдад туслаад завгүй байдаг бол илүү их баяр хөөртэй болох нь дамжиггүй (Үйлс 20:35).

15 Бэрхшээл тохиолдсон үед санаа зовохгүй тайван байхад найзууд маань тусалдаг. Иовыг зовлонгоо ярихад Елиху сонссон шиг, биднийг зовлонгоо ярихад найзууд маань тэвчээртэй сонсдог (Иов 32:4). Бид найз нөхдөөрөө асуудлаа шийдүүлэх ёсгүй ч Библийн үндэстэй зөвлөгөөг нь сонсох хэрэгтэй (Сур. 15:22). Давид даруу байж нөхдийнхөө тусламжийг авсан. Үүнтэй адил, бид бас даруу байж найзуудынхаа тусламжийг авах учиртай (2 Сам. 17:27–29). Түшиг тулгуур болдог найзууд бол Еховагийн өгсөн бэлэг юм (Яак. 1:17).

ҮРГЭЛЖ ТАЙВАН БАЙХЫН ТУЛД

16. Филиппой 4:6, 7-д бичсэнээр, бид яавал амар тайван болох вэ? Тайлбарлана уу.

16 Филиппой 4:6, 7-г уншина. Ехова яагаад зөвхөн «Христ Есүсээр дамжуулан» амар тайвныг өгнө гэж хэлсэн бэ? Яагаад гэвэл, бид Есүсийн үүргийг ойлгож, сэтгэл зүрхээрээ хүлээн зөвшөөрвөл цаг үргэлж амар тайван байна. Жишээ нь, Есүс амиа золиос болгон өгснөөр бид нүглээ уучлуулах боломжтой болсон (1 Ёох. 2:12). Ингэж бодохоор сэтгэл уужирдаг! Бид Сатан болон түүний ертөнцөөс болж янз бүрийн зовлон туулж байна. Бурхны Хаант төрийн Хаан Есүс тэр бүх зовлонг үгүй хийнэ (Ис. 65:17; 1 Ёох. 3:8; Илч. 21:3, 4). Ийм сайхан ирээдүй биднийг хүлээж байна! Есүс бидэнд амаргүй даалгавар өгсөн ч энэ тогтолцооны эцсийн өдрүүдэд хамт байхаа амласан (Мат. 28:19, 20). Тийм учраас бид зоригтой байдаг! Тайвшрал, найдвар, зориг бол тайван байхад хэрэгтэй чухал зүйлүүд юм.

17. а) Христийн дагалдагч хүн яавал амар тайван байх вэ? б) Ёохан 16:33-т бичсэнээр бид яаж чадах вэ?

17 Хүнд бэрх сорилтын үед үргэлж тайван байя гэвэл яах нь зөв бэ? Есүсийг дуурайх хэрэгтэй. Яаж? Нэгдүгээрт, залбираарай. Юу ч болж байсан залбираад л бай. Хоёрдугаарт, хэчнээн хэцүү санагдсан ч Еховад дуулгавартай байж, идэвхтэй дэлгэрүүлээрэй. Гуравдугаарт, хэцүү үед найзуудаасаа тусламж аваарай. Тэгвэл Бурхан таныг амар тайван болгож оюун бодол, зүрх сэтгэлийг тань хамгаална. Та ямар ч бэрхшээлийг Есүстэй адил давж чадна (Ёохан 16:33-ыг уншина).

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

^ д/м 5 Янз бүрийн бэрхшээл тохиолдоход тайван байх амаргүй. Хүнд бэрх сорилтыг давахад Есүст ямар гурван зүйл тустай байсныг энэ өгүүллээр авч үзнэ. Мөн ямар ч үед, тэр байтугай зовлон учирсан ч тайван байхын тулд яах хэрэгтэйг ярилцана.