Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 17

Еховагаас тусламж авч чөтгөрүүдийг эсэргүүцье

Еховагаас тусламж авч чөтгөрүүдийг эсэргүүцье

«Бид ... тэнгэр дэх чөтгөрүүдтэй тэмцдэг» (ЭФ. 6:12).

ДУУ 33 Тэднээс бүү ай!

ТОЙМ *

1. Эфэс 6:10–13-т бичсэнээр, Ехова бидэнд хэрхэн санаа тавьдаг вэ? Тайлбарлана уу.

ЕХОВА үйлчлэгч бидэндээ санаа тавьдаг. Жишээ нь дайснуудыг эсэргүүцэхэд тусалдаг. Бидний гол дайсан бол Сатан болон чөтгөрүүд юм. Ехова эдгээр дайсны талаар сэрэмжлүүлж, тэднийг эсэргүүцэхэд хэрэгтэй бүхнийг өгдөг (Эфэс 6:10–13-ыг уншина). Хэрэв бид Еховад бүрэн итгэж, тусламжийг нь авбал Диаволыг эсэргүүцэж чадна. Элч Паулынхтай адилхан итгэлтэй байх боломж бидэнд бий. Тэрээр: «Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэж чадах юм бэ?» хэмээн бичжээ (Ром 8:31).

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Христийн жинхэнэ дагалдагч бид Сатан болон чөтгөрүүдийг тэгтлээ анхаараад байдаггүй. Еховаг улам бүр танин мэдэж, түүнд үйлчлэхийг л голчлон анхаардаг (Дуу. 25:5). Гэхдээ Сатаны хэрэглэдэг аргуудыг мэдэх шаардлагатай. Ингэвэл түүнд мэхлэгдэхгүй (2 Кор. 2:11). Энэ өгүүллээр, Сатан болон чөтгөрүүдийн хэрэглэдэг хуурч мэхлэх гол аргыг авч үзээд, тэднийг хэрхэн эсэргүүцэхийг ярилцъя.

ЧӨТГӨРҮҮД ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН МЭХЭЛДЭГ ВЭ?

3, 4. а) Чөтгөрүүдтэй холбоо тогтоосон хүн яадаг вэ? б) Сүнс чөтгөрт итгэх явдал хэр өргөн тархсан бэ?

3 Сатан болон чөтгөрүүдийн хэрэглэдэг хуурч мэхлэх гол арга бол өөрсөдтэйгөө холбоо тогтоолгох явдал юм. Тэдэнтэй холбоо тогтоосон хүмүүс жирийн хүний мэдэж, хянаж чадахгүй зүйлийг мэддэг, хянадаг гэж ярьдаг. Жишээ нь мэргэ төлгө, зурхайн аргаар ирээдүйг мэдэж чадна гэж ярьдаг. Зарим нь нас барагсадтай ярьж байгаа юм шиг харагддаг. Ид шид үйлдэж, тэр байтугай хараал хийдэг хүн ч бий. *

4 Сүнс чөтгөрт итгэх явдал хэр өргөн тархсан бэ? Латин Америк болон Карибын тэнгис хавийн 18 улсад хийсэн судалгаанд оролцогчдын гуравны нэг нь ид шид, далдын хүчинд итгэдэг байхад, гуравны нэг нь сүнснүүдтэй харьцах боломжтой гэдэгт итгэдэг ажээ. Африкийн 18 оронд хийсэн өөр нэг судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь далдын хүчинд итгэдэг гэжээ. Бид хаана ч амьдардаг бай, чөтгөртэй холбогдохоос сэрэмжлэх ёстой. Сатан «дэлхийн суугчдыг бүгдийг нь» мэхлэхийг оролддог (Илч. 12:9).

5. Сатан болон чөтгөрүүдтэй холбоо тогтоохыг Ехова юу гэж үздэг вэ?

5 Ехова бол «үнэний Бурхан» (Дуу. 31:5). Тийм учраас Сатан болон чөтгөрүүдтэй холбоо тогтоохыг үзэн яддаг! Ехова израйлчуудад «Та нарын дунд, хүү юм уу охиноо галын дундуур гаргагчид, мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин, хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг. Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй» хэмээн хэлжээ (Д.хууль 18:10–12). Израйлчуудад зориулсан Еховагийн хуулийг Христийн дагалдагч бид сахидаггүй. Гэхдээ чөтгөртэй холбоо тогтоохыг Ехова одоо ч үзэн яддагийг уг хуулиас мэддэг (Мал. 3:6).

6. а) Сатан ямар зорилго өвөрлөж өөртэйгөө болон чөтгөрүүдтэй холбоо тогтоолгох гэж оролддог вэ? б) Номлогчийн үгс 9:5-ыг үзвэл үхсэн хүн ямар байдалтай байдаг вэ?

6 Сатан хүмүүсийг хорлохын тулд өөртэйгөө болон чөтгөрүүдтэй холбоо тогтоолгох гэж оролддогийг Ехова мэддэг учраас үүний аюулаас сэрэмжлүүлдэг. Сатан энэ аргаа хэрэглэдэг нь худал хуурмагийг дэлгэрүүлэх зорилготой. Жишээ нь үхсэн хүн өөр ертөнцөд амьдардаг гэж худал ярьдаг (Номлогчийн үгс 9:5-ыг уншина). Бас хүмүүсийг айдаст автуулж, Еховагаас холдуулах зорилготой. Хүмүүс Еховад итгэхийн оронд, чөтгөрүүдтэй ямар нэгэн байдлаар холбогдож тэдэнд итгэдэг болбол Сатаны зорилго биелэх нь тэр.

ЧӨТГӨРҮҮДИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ

7. Ехова бидэнд юу хэлж өгдөг вэ?

7 Сатан болон чөтгөрүүдийн хэрэглэдэг хуурч мэхлэх гол аргыг Ехова бидэнд хэлж өглөө. Ийм учраас Сатан болон чөтгөрүүдэд мэхлэгдэхгүй байх боломжтой. Тэдэнтэй тэмцэх аргыг одоо үзье.

8. а) Чөтгөрүүдийг эсэргүүцэх гол арга юу вэ? б) Үхэгсдийн талаарх Сатаны худал сургаалыг Дуулал 146:4 хэрхэн илчилдэг вэ?

8 Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн бодоорой. Энэ бол чөтгөрүүдийн тараадаг худал сургаалд хууртахгүй байх гол арга юм. Хурц илдтэй зүйрлэм Бурхны Үг Сатаны түгээдэг худал хуурмагийг илчилдэг (Эф. 6:17). Жишээлбэл үхэгсэд амьд хүнтэй харьцдаг гэсэн ойлголт худлаа гэдгийг илчилдэг (Дуулал 146:4-ийг уншина). Мөн Ехова л ганцаараа ирээдүйг яг таг хэлдгийг сануулдаг (Ис. 45:21; 46:10). Бурхны Үгийг тогтмол уншиж, эргэцүүлэн боддог бол чөтгөрүүдийн тараадаг худал сургаалд хууртахгүй. Харин ч үзэн ядна.

9. Далдын хүчтэй холбоотой юунаас хол байх хэрэгтэй вэ?

9 Сатан болон чөтгөрүүдтэй ямар ч байдлаар бүү холбогдоорой. Яагаад гэвэл бид бол Христийн жинхэнэ дагалдагчид юм. Тийм учраас сүнс зуучлагч дээр очдоггүй, үхэгсэдтэй ямар нэгэн аргаар харьцаа холбоо тогтоодоггүй. Мөн үхэгсэд одоо ч хаа нэгтээ амьд яваа гэдэг сургаалд үндэслэсэн оршуулгын зан үйлийг үйлддэггүйг өмнөх өгүүллээр ярилцсан билээ. Түүнчлэн зурхай, мэргэ төлгө ашиглан ирээдүйг мэдэх гэж оролддоггүй (Ис. 8:19). Энэ бүхэн аюултай бөгөөд эдгээр зан үйлийг үйлдвэл Сатан болон чөтгөрүүдтэй холбогдоно гэдгийг бид мэддэг.

Христийн эртний дагалдагчдыг дуурайн сүнс чөтгөртэй холбоотой эд зүйлээсээ салж, далдын хүчтэй холбоотой зүйлийг үзэж харж, уншиж сонсохоос эрс татгалзаарай (10–12-р догол мөрийг үзээрэй)

10, 11. а) I зууны зарим хүн үнэнийг мэдээд яасан бэ? б) 1 Коринт 10:21-д бичсэнээр, бид яагаад Христийн эртний дагалдагчдыг дуурайх ёстой вэ? Хэрхэн дуурайх вэ?

10 Ер бусын, далдын хүчтэй холбоотой эд зүйлийг устгаарай. Нэгдүгээр зуунд Эфэс хотод амьдарч байсан зарим хүн сүнс, чөтгөртэй холбоотой зан үйл үйлддэг байжээ. Харин үнэнийг мэдээд шийдэмгий арга хэмжээ авсан. «Ид шид үйлддэг байсан олон хүн номнуудаа авчирч олны өмнө шатаав» (Үйлс 19:19). Тэд чөтгөрүүдийг эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Ид шидийн тухай бичсэн номууд нь маш үнэтэй байсан ч хүмүүст өгөх юм уу заралгүй шууд устгажээ. Номынхоо үнийг бус, харин Еховагийн таалалд нийцүүлэхийг л бодсон байна.

11 Нэгдүгээр зуунд амьдарч байсан тэдгээр дагалдагчийг хэрхэн дуурайх вэ? Далдын хүчтэй холбоотой эд зүйлээ устгах нь зүйтэй. Үүнд гай барцад, ад зэтгэрээс хамгаалах зорилгоор биедээ зүүж явдаг эсвэл өөртөө байлгадаг сахиус болон үүнтэй төстэй бусад зүйл орно (1 Коринт 10:21-ийг уншина).

12. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

12 Үзэж хардаг, уншиж сонсдог зүйлээ сайтар шалгаарай. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. Миний сонирхдог ном, сэтгүүл, өгүүлэл, хөгжим, кино, телевизийн нэвтрүүлэг, видео тоглоом далдын хүч, сүнс чөтгөртэй холбоотой юу? Цус сорогч, зомби (амилсан хүүр), ер бусын хүчний тухай гардаг уу? Ид шид, хараалыг хал балгүй, зугаатай зүйл мэтээр харуулдаг уу? Зөгнөлт зохиол, үлгэрүүд бүгдээрээ сүнс чөтгөртэй холбоотой байх албагүй л дээ. Гэхдээ үзэж хардаг, уншиж сонсдог зүйлээ шалгаад Еховагийн жигшдэг бүхнээс хол байхад тустайг нь сонгож байгаарай. Бид Бурхныхаа өмнө «хүний мөсөөр сайн байхын» тулд чадах бүхнээ хийх учиртай (Үйлс 24:16). *

13. Юунаас зайлсхийх шаардлагатай вэ?

13 Чөтгөрүүдийн тухай сэдвээр ярихаас зайлсхийгээрэй. Ингэхийн тулд Есүсийг дуурайх хэрэгтэй (1 Петр 2:21). Есүс дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт амьдарч байсан учраас Сатан болон чөтгөрүүдийн тухай сайн мэддэг байв. Тэглээ ч гэсэн, тэдний тухай ярьдаггүй байсан. Яагаад гэвэл Еховаг гэрчлэхийг хүссэнээс бус, Сатаны төлөөлөгч байхыг хүсээгүй. Бид бас сүнс чөтгөртэй холбоотой элдэв юм ярихгүй байвал Есүсийг дуурайж байгаа хэрэг юм. Зүрхэнд маань бялхаж буй «сайн үг» буюу үнэнийг ярьцгаая (Дуу. 45:1).

Чөтгөрүүдээс бүү айгаарай. Ехова, Есүс болон тэнгэрийн элчүүд тэднээс хамаагүй хүчтэй (14, 15-р догол мөрийг үзээрэй) *

14, 15. а) Чөтгөрүүдээс яагаад айх хэрэггүй вэ? б) Ехова орчин үеийн үйлчлэгчдээ хамгаалдгийг нотлох ямар баримт байна вэ?

14 Чөтгөрүүдээс бүү айгаарай. Сатаны ертөнц байгаа цагт бидэнд муу юм тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Аюул осол, өвчин зовлон, бүр үхэл хагацал ч хэлж ирдэггүй, хийсэж ирдэг шүү дээ. Гэхдээ Сатан, чөтгөрүүдээс боллоо гэж бодож болохгүй. «Цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» хэнийг ч ялгадаггүйг Библид бичсэн байдаг (Ном. 9:11, ШЕ). Ехова чөтгөрүүдтэй харьцуулшгүй агуу хүчтэйгээ батлан харуулсан. Жишээ нь Иовыг алахыг Сатанд зөвшөөрөөгүй (Иов 2:6). Мосегийн үед Ехова Египетийн илбэчидтэй зүйрлэхийн аргагүй хүчтэйгээ баталсан (Ег. 8:18; 9:11). Еховагаас хүч, эрх мэдэл авсан Есүс Сатан болон чөтгөрүүдийг дэлхий рүү хаяж хүч чадлаа харуулжээ. Ойрын ирээдүйд тэд ёроолгүй нүхэнд хоригдох учир хэнд ч хор хүргэж чадахгүй (Илч. 12:9; 20:2, 3).

15 Ехова орчин үеийн үйлчлэгчдээ хамгаалдгийг нотлох өдий төдий баримт бий. Жишээ нь бид Бурхны тухай үнэнийг дэлхийн өнцөг булан бүрд тунхаглаж, шавь бэлдэж байна (Мат. 28:19, 20). Ийнхүү Диаволын бузар үйлсийг илчилдэг. Хэрвээ Сатан чаддаг байсан бол бидний үйл ажиллагааг зогсоох байсан. Гэвч чадахгүй. Тийм учраас чөтгөрүүдээс айх хэрэг байхгүй. «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг» гэдгийг бид мэддэг (Ш.дэд 16:9). Еховад л үнэнч байвал чөтгөрүүд биднийг үүрд хохироож чадахгүй.

ЕХОВAГИЙН ТУСЛАМЖИЙГ АВБАЛ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ

16, 17. Чөтгөрүүдийг эсэргүүцэхэд зориг хэрэгтэй байдгийг харуулах жишээ хэлнэ үү.

16 Найз нөхөд, хамаатан садан маань биднийг бодсондоо эсэргүүцэж болох юм. Ийм үед зориг гаргавал чөтгөрүүдийг эсэргүүцэж байгаа хэрэг болно. Зоригтой хүнийг Ехова ивээдэг. Ганад амьдардаг Эрика гэдэг Гэрч эмэгтэйн жишээг ярилцъя. Тэрээр Библийн хичээл хийж эхлэхдээ 21-тэй байжээ. Мэргэ төлгө, ид шид үйлддэг аав нь Эрикагаар сүнс чөтгөртэй холбоотой зан үйл үйлдүүлэх гэж оролджээ. Жишээ нь өвөг дээдсийнхээ сүнсэнд зориулж өргөсөн тахилын махыг идүүлэх гэв. Эрика татгалзжээ. Гэрийнхэн нь Эрикаг бурхан шүтээнээ доромжиллоо хэмээн загнав. Учир нь тэд өвөг дээдсийнхээ сүнсийг хилэгнүүлбэл бие, сэтгэлийн өвчин тусна гэдэгт итгэдэг ажээ.

17 Тэд ёс заншлаа сахиулах гэж хүчилсэн боловч Эрика бууж өгсөнгүй. Үүнээс болоод гэрээсээ хөөгдөв. Зарим Гэрч Эрикаг гэртээ байлгажээ. Тэрээр итгэл нэгтнүүдээсээ бүрдсэн шинэ гэр бүлийн гишүүн болсон нь Еховагийн ивээл байв. Гэрчүүд Эрикагийн хувьд төрсөн ах дүү шиг болжээ (Марк 10:29, 30). Гэрийнхэндээ гологдож, юмнуудаа шатаалгасан ч Эрика Еховад үнэнч байж, баптисм хүртсэн бөгөөд одоо байнгын эхлэгчээр үйлчилж байна. Тэрээр чөтгөрүүдээс айдаггүй ажээ. Төрсөн гэр бүлийнхээ тухай ярихдаа «Манайхан Еховатай танилцаж ивээл хүртээсэй, хайр халамжтай Бурханд үйлчлээд жинхэнэ эрх чөлөөг эдлээсэй гэж би өдөр бүр залбирдаг» гэсэн юм.

18. Еховад найддаг бол ямар ивээл хүртэх вэ?

18 Бидний итгэл яг ингэж соригдоно гэсэн үг биш л дээ. Гэхдээ бид бүгдээрээ чөтгөрүүдийг эсэргүүцэхийн зэрэгцээ Еховад найдах ёстой. Тэгвэл янз бүрийн ивээл хүртэнэ. Бас Сатанд мэхлэгдэхгүй. Түүнээс гадна чөтгөрүүдээс айхгүй. Хамгийн гол нь Еховатай улам дотно болно. Шавь Яаков: «Бурханд захирагд. Диаволыг эсэргүүц. Тэгвэл Диавол та нараас зайлна. Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» хэмээн бичжээ (Яак. 4:7, 8).

ДУУ 49 Еховад хоргодъё

^ д/м 5 Ехова бидэнд хайртай учраас чөтгөрүүдийн аюулаас сэрэмжлүүлдэг. Чөтгөрүүд хүмүүсийг яаж мэхэлдэг вэ? Тэднийг хэрхэн эсэргүүцэх вэ? Нөлөөнд нь автахгүй байхад Ехова хэрхэн тусалдгийг энэ өгүүллээр авч үзнэ.

^ д/м 3 ҮГИЙН ТАЙЛБАР: Сатан болон чөтгөрүүдтэй холбоо тогтоосон хүмүүс чөтгөртэй холбоотой сургаал номлолд итгэдэг эсвэл зан үйл үйлддэг. Жишээ нь хүнийг үхэхэд сүнс нь махан биеэ орхидог бөгөөд амьд хүнтэй, ялангуяа сүнс зуучлагчтай харьцдаг гэдэгт итгэдэг. Мөн муу ёрын сүнсний хүчийг ашиглан ид шид үйлдэж, ирээдүйг зөгнөдөг. Ер бусын, далдын хүчтэй холбоотой зан үйлийг энэ өгүүлэлд ид шид гэсэн. Үүнд хараал хийх, хараалыг хариулах орно. Харин гарын хурдан шаламгай хөдөлгөөнөөр хүмүүсийг зугаацуулдаг илбийг хэлээгүй.

^ д/м 12 Юу үзэж болох, болохгүй талаар дүрэм зохиох эрх ахлагчдад байхгүй. Христийн дагалдагч бүр унших, үзэх, сонсох, тоглох зүйлээ сонгохдоо Библийн зарчмын дагуу сургасан мөс чанартаа захирагдах ёстой. Ухаалаг эрчүүд гэрийнхнийхээ үзэж харж, уншиж сонсож буй зүйлийг Библийн зарчмын дагуу байгаа эсэхэд хяналт тавьдаг (jw.org® саитын БИДНИЙ ТУХАЙ > БАЙНГА ТАВЬДАГ АСУУЛТ руу орж «Еховагийн Гэрчүүдэд хориотой кино, ном, дуу байдаг уу?» гэсэн өгүүллийг үзнэ үү).

^ д/м 54 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Сүр хүчит Хаан Есүс тэнгэрийн дайчдаа удирдаж байна. Дээр нь Еховагийн сэнтий байна.