Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 16

Үхлийн тухай үнэнийг баримталцгаая

Үхлийн тухай үнэнийг баримталцгаая

«Бид үнэн мэдээг худлаас нь ялгаж салгадаг» (1 ЁОХ. 4:6).

ДУУ 137 Зоригтой байхад туслаач

ТОЙМ *

Бурханд таалагддаггүй зан үйлээс хол байхын зэрэгцээ хагацал үзэж буй хамаатнуудаа тайвшруулаарай (1, 2-р догол мөрийг үзээрэй) *

1, 2. а) Сатан хүмүүсийг хэрхэн хуурдаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

«ХУДАЛ хуурмагийн эцэг» Сатан анхны хоёр хүний үеэс л хуурч мэхлэх аргыг хэрэглэжээ (Ёох. 8:44). Үхлийн тухай, үхлийн дараах амьдралын тухай худал сургаал бол Сатаны тараадаг худал хуурмагийн нэг юм. Олон үндэстний дунд түгээмэл байдаг ёс заншил, зан үйл эдгээр сургаалд үндэслэн бий болжээ. Гэр бүл, хамаатан садны хүн нас барвал бид «итгэлийн төлөө шаргуу тэмцэх» хэрэгтэй болдог (Юуд. 3).

2 Ийм сорилтын үед үхлийн тухай Библийн сургаалыг тууштай баримтлахад юу тус болох вэ? (Эф. 6:11). Бурханд таалагддаггүй зан үйлээс болоод хамаатан садандаа дарамтлагдаж байгаа итгэл нэгтнээ хэрхэн тайвшруулж, зоригжуулах вэ? Ехова ямар заавар өгдгийг энэ өгүүллээр үзье. Библид үхлийн талаар юу гэж байдгийг эхлээд ярилцъя.

ҮХЛИЙН ТУХАЙ ҮНЭН

3. Анхны худал үг ямар балаг тарьсан бэ?

3 Бурхан хүнийг үхдэгээр бүтээгээгүй. Адам Ева хоёр мөнх амьдрахын тулд Еховад дуулгавартай байх ёстой байв. Ехова тэдэнд «Сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэсэн тушаал өгсөн (Эх. 2:16, 17). Тэгтэл Сатан гай болов. Могойн цаанаас Еватай ярьж «Та нар ерөөсөө үхэхгүй» гэлээ. Харамсалтай нь Ева энэ худал үгэнд үнэмшиж жимснээс авч идэв. Дараа нь нөхөр нь иджээ (Эх. 3:4, 6). Ийнхүү нүгэл, үхэл бүх хүнд тархсан (Ром 5:12).

4, 5. Сатан хүмүүсийг хэрхэн хууран мэхэлсээр байна вэ?

4 Бурхны хэлсэн ёсоор Адам Ева хоёр үхсэн боловч Сатан үхлийн талаар худал ярихаа болиогүй. Хожим нь янз бүрийн худал сургаал зохиожээ. Тэдгээрийн нэг нь, хүний махан бие үхдэг ч сүнс нь үргэлжлэн амьдардаг гэсэн сургаал юм. Хүн төрөлхтөн олон хувилбартай энэ сургаалд итгэн өнөөг хүртэл төөрөлдөж явна (1 Тим. 4:1).

5 Тийм олон хүн хууртдагийн учир юу вэ? Мөнх амьдрахаар бүтээгдсэн учраас ямар ч хүн үхэхийг хүсдэггүй. Энэ хүслийг нь далимдуулаад Сатан хүмүүсийг мэхэлдэг (Ном. 3:11). Библид үхлийг дайсан гэдэг (1 Кор. 15:26).

6, 7. а) Сатан үхлийн тухай үнэнийг нууж чадсан уу? Тайлбарлана уу. б) Библийн үнэн сургаал биднийг айдсаас хэрхэн чөлөөлдөг вэ?

6 Сатан үхлийн тухай үнэнийг нууж чадаагүй. Үхлийн тухай, нас барагсдын ирээдүйн тухай Библид бичсэн үнэнийг мэдэж аваад тунхаглаж байгаа хүн эдүгээ олон болжээ (Ном. 9:5, 10; Үйлс 24:15). Энэ үнэнийг мэддэг болсон бид тайвширч, үхлээс айх айдсаас чөлөөлөгдөж, талийгаачийнхаа төлөө санаа зовохоо больсон. Тэд нэгэнт амьгүй болсон учраас хэнд ч хор учруулж чадахгүй. Яг л, бөх нойрсож байгаа хүнтэй адил юм (Ёох. 11:11–14). Цаг хугацаа хэрхэн өнгөрөхийг ч мэдэхгүй. Тийм учраас Бурхан тэднийг амилуулахад нүд ирмэхийн зуур унтаад боссон мэт санана.

7 Үхлийн тухай үнэн бол тодорхой, энгийн, ойлгомжтой гэдгийг та зөвшөөрнө биз дээ? Гэтэл Сатаны худал сургаал тэс ондоо! Хүмүүсийн толгойг эргүүлж төөрөлдүүлэхээс гадна Бүтээгчийг маань гүтгэн гүжирддэг. Сатаны учруулсан хохирлыг илүү сайн ойлгохын тулд дараах асуултыг бодъё. Сатаны худал сургаал Еховагийн нэр төрийг хэрхэн гутаадаг вэ? Христийн золиосыг хэрхэн үнэ цэнгүй болгодог вэ? Хүн төрөлхтний зовлон дээр хэрхэн зовлон нэмдэг вэ?

САТАНЫ ХУДАЛ СУРГААЛ ХОР ХӨНӨӨЛТЭЙ

8. Иеремиа 19:5-ыг үзвэл, үхэгсдийн талаарх Сатаны худал сургаал Еховагийн нэр төрийг хэрхэн гутаадаг вэ?

8 Үхэгсдийн талаарх Сатаны худал сургаал Еховагийн нэр төрийг гутаадаг. Тэр сургаалын тоонд үхэгсэд галт тамд мөнхөд тарчилдаг гэдэг сургаал ордог. Энэ сургаал Бурхныг яаж гутаадаг вэ? Хайр халамжтай Бурхныг Диавол шиг харгис нэгэн гэж ойлгуулдаг (1 Ёох. 4:8). Танд ямар санагдаж байна вэ? Хамгийн гол нь, харгис хэрцгий явдлыг үзэн яддаг Еховад ямар санагддаг бол? (Иеремиа 19:5-ыг уншина).

9. Ёохан 3:16; 15:13-ыг бодонгоо, үхлийн тухай Сатаны худал сургаал Христийн золиосыг хэрхэн үнэ цэнгүй болгодгийг тайлбарлана уу.

9 Үхлийн тухай Сатаны худал сургаал Христийн золиосыг үнэ цэнгүй болгодог (Мат. 20:28). Хүнд үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэдэг сургаал бол Сатаны тараадаг худал хуурмагийн нэг юм. Хэрэв энэ нь үнэн байсан бол бүх хүн мөнх амьдардаг болж таарна. Тэгвэл Христ хүмүүсийг мөнх амьдруулах гэж амиа золиослох шаардлагагүй болно. Христийн золиос бол хүн төрөлхтнийг гэсэн хамгийн агуу хайрын илрэл шүү дээ (Ёохан 3:16; 15:13-ыг уншина). Ийм үнэтэй бэлгийг үнэ цэнгүй болгодог сургаал Ехова Есүс хоёрт ямар санагддагийг төсөөл дөө!

10. Үхлийн талаарх Сатаны худал сургаал хүмүүсийн зовлон дээр зовлон нэмдэг гэхийн учир юу вэ?

10 Сатаны худал сургаал хүмүүсийн зовлон дээр зовлон нэмдэг. «Бурхан хүүхдийг чинь элчээ болгохоор тэнгэрт аваачсан». Хүүхдээ алдаад гашуудаж буй эцэг эхчүүдэд ингэж хэлэх нь бий. Сатаны зохиосон энэ худал үг хүний зовлонг нимгэлэх үү, зовлон дээр нь зовлон нэмэх үү? Бас тамын тухай сургаалыг бодъё. Католик сүмийнхэн сургаалыг нь эсэргүүцэгчдийг тэрс үзэлтнүүд гэж үзээд, шонд хүлж шатаах зэргээр тамладаг байжээ. Тамын тухай сургаалыг ашиглан харгис үйлдлээ цагаатгадаг байв. Тэрс үзэлтнүүдийг тарчлааж «мөнхийн галт тамын амтыг» мэдрүүлбэл үхэхээсээ өмнө гэмшиж, галт тамд унах аюулаас аврагдана гэж тайлбарладаг байсныг Испанийн католик шашны эрүү шүүлтийн тухай нэг номд бичжээ. Талийн одсон өвөг дээдсээ шүтэх, хүндлэх, ивээл гуйх хэрэгтэй гэж боддог хүн олон оронд бий. Хорлогдохоос айж сүнсийг нь аргаддаг хүмүүс ч байдаг. Сатанаас эхтэй иймэрхүү сургаал хүмүүсийг жинхэнэ ёсоор тайвшруулдаггүй нь харамсалтай. Харин ч санааг нь зовоож, айдаст автуулдаг.

БИБЛИЙН ҮНЭНИЙГ БАРИМТЛАХ НЬ

11. Хамаатнууд, найзууд биднийг хэрхэн дарамталж магадгүй вэ?

11 Хамаатан садан, найз нөхөд маань бидэнд сайн санасандаа, үхэгсэдтэй холбоотой зан үйл үйлдүүлэх гэж албадаж магадгүй. Талийгчаа хайрладаггүй, хүндэлдэггүй гэх мэтээр зэмлэж эвгүй байдалд оруулж болох юм. Эсвэл та нараас болоод талийгч маань биднийг араасаа дагуулбал яах вэ гэж хэлж мэднэ. Хэрэв бид Бурхныг хайрлаж, Үгийг нь эрхэмлэдэг бол тэдний нөлөөнд автахгүй. Библийн үнэнийг хэрхэн баримтлах вэ? Дараах зарчмыг авч үзье.

12. Библийн сургаалтай илт зөрчилддөг ямар сургаал, ёс заншил байдаг вэ?

12 Библитэй зөрчилддөг сургаал, ёс заншлаас «тусгаар байхаар» шийдээрэй (2 Кор. 6:17). Хүнийг үхсэний дараа сүнс нь үлдэж хоцроод, өөртэй нь муухай харьцаж байсан хүмүүсийг шийтгэдэг гэсэн ойлголт Карибын ард түмний дунд бий. Тэр сүнс «нийгэмд ч хор хөнөөл учруулж» мэднэ гэж нэгэн тайлбар тольд бичжээ. Талийгчийн гэрт байгаа бүх толийг юмаар бүтээж, гэрэл зургуудыг хана руу харуулдаг ёс Африкт байдаг. Яагаад тэгдэг вэ? Үхэгсэд өөрсдийгөө харах ёсгүй гэж зарим хүн ярьдаг. Еховагийн үйлчлэгч бид Сатаны худал хуурмагийг хөхиүлэн дэмждэг ямар ч үлгэр домогт итгэдэггүй, зан үйлд оролцдоггүй! (1 Кор. 10:21, 22).

Библийг сайтар судлан, Гэрч биш төрөл садандаа сайн тайлбарлаж өгвөл хэцүү асуудлаас зайлсхийж чадна (13, 14-р догол мөрийг үзээрэй) *

13. Зарим нэг зан үйлийн учир холбогдлыг мэдэхгүй бол, Яаков 1:5-д бичсэнээр яах хэрэгтэй вэ?

13 Та зарим нэг ёс заншил, зан үйлийн учир холбогдлыг мэдэхгүй бол Еховад залбирч мэргэн ухаан гуйгаарай (Яаков 1:5-ыг уншина). Дараа нь байгууллагын ном хэвлэлийг судлаарай. Шаардлагатай бол ахлагчдаас зөвлөгөө аваарай. Тэд юу хийхийг тань заахгүй ч холбогдох Библийн зарчмуудыг хэлж өгнө. Ийнхүү «оюун ухаанаа байнга дайчилбал» «зөв бурууг ялгаж сурна» (Евр. 5:14).

14. Хүмүүсийг бүдрүүлэхээс хэрхэн зайлсхийх вэ?

14 «Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хий. ... хэнийг ч бүдрүүлэх юм хийхээс зайлсхий» (1 Кор. 10:31, 32). Ямар нэгэн ёс заншил, зан үйлд оролцох эсэхээ шийдэхдээ хүмүүсийг, ялангуяа итгэл нэгтнүүдээ бодоорой. Бид хэнийг ч бүдрүүлэх учиргүй! (Марк 9:42). Түүнээс гадна Гэрч биш хүний сэтгэлийг сэвтүүлэхээс болгоомжлоорой. Бид бусдыг хайрладаг учраас тэдэнтэй хүндэтгэлтэй харьцаж Еховагаа алдаршуулах хэрэгтэй. Хэрэлдэж маргах юм уу ёс заншлыг нь шоолж доромжлох нь зүйд нийцэхгүй. Хайр хүчтэй! Тиймд эелдэг, хүндэтгэлтэй харьцвал эсэргүүцэгчдийн сэтгэлийг уярааж мэдэх юм.

15, 16. а) Яагаад итгэл үнэмшлийнхээ талаар эртнээс тайлбарлах шаардлагатай вэ? Жишээ хэлнэ үү. б) Ром 1:16-д байдаг Паулын үг бидэнд ямар хамаатай вэ?

15 Еховагийн Гэрч гэдгээ мэдэгдээрэй (Ис. 43:10). Ехова Бурхныг шүтдэгээ хамаатнууд, хөршүүддээ хэлдэг бол хурцадмал байдлаас эвтэйхэн гарч чадна. Мозамбикт амьдардаг Франсиско: «Эхнэр бид хоёр Библийн үнэнийг мэдсэнийхээ дараа өвөг дээдсээ шүтэхгүй гэдгээ хамаатнууддаа хэлсэн байв. Гэтэл хожим нь Каролинагийн эгчийг нас барахад бидэнд сорилт тулгарсан юм. Нутгийн заншлаар бол цогцсыг ваннтай усанд хийж угаадаг. Дараа нь цогцос угаасан усыг хаана асгана, тэнд ойрын хамаатан нь гурав хонох ёстой. Энэ нь талийгаачийн сүнсийг аргадаж байгаа хэрэг л дээ. Хамаатнууд нь энэ зан үйлийг Каролинагаар хийлгэх гээд байсан» гэж бичжээ.

16 Франсиско Каролина хоёр яасан бэ? «Бид хоёр Еховад хайртай, таалалд нь нийцүүлэхийг хүсдэг учраас тэр зан үйлд оролцохоос татгалзсан. Каролинагийн гэрийнхэн маш их уурлаж, талийгчийг хүндлэхгүй байна гэж биднийг буруутган манайхаар орохгүй, туслахгүй гэсэн. Бид бүр өмнө нь итгэл үнэмшлийнхээ талаар тайлбарласан байсан болохоор ууртай байхад нь юу ч яриагүй. Тэгтэл зарим хамаатан маань биднийг өмөөрч, үзэл бодлоо аль хэдийн хэлсэн шүү дээ гэж байлаа. Уурлаад байсан хүмүүс яваандаа тайвширч, бидэнтэй эвлэрсэн. Зарим нь бүр, Библид үндэслэсэн ном хэвлэл авахаар манайд ирсэн» гэж Франсиско ярьсан юм. Үхлийн тухай үнэнийг баримтлахаасаа хэзээ ч ичиж зовохгүй байцгаая (Ром 1:16-г уншина).

ГАШУУДАГСДЫГ ТАЙВШРУУЛЖ, ТҮШИГ БОЛОХ НЬ

Хагацал үзээд гашуудаж буй хүнийг жинхэнэ найзууд тайвшруулдаг (17–19-р догол мөрийг үзээрэй) *

17. Гашуудаж буй итгэл нэгтнээ тайвшруулахад юу тус болох вэ?

17 Итгэл нэгтэн маань хайртай хүнээ алдвал бид «хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» жинхэнэ анд найз, ах дүү нь гэдгээ батлах учиртай (Сур. 17:17). Ялангуяа Библитэй зөрчилддөг зан үйлээс болоод ах дүүдээ дарамтлагдаж байгаа итгэл нэгтнийхээ жинхэнэ анд нь байхын тулд яах вэ? Гашуудаж буй хүнийг тайвшруулахад Библийн зарчим тус болно. Хоёр зарчмыг авч үзье.

18. Есүс яагаад уйлсан бэ? Есүсээс юу сурах вэ?

18 «Уйлж буй хүмүүстэй хамт уйл» (Ром 12:15). Уй гашуу болж байгаа хүнд юу хэлэхээ мэдэхгүй бол яах вэ? Хамт уйлбал үг хэлснээс илүү тайвшруулж болох юм. Есүсийн анд Лазарыг нас барахад Мариа, Марта болон хамаатнууд нь уйлсан. Дөрвөн өдрийн дараа Есүс хүрч ирээд Лазарыг амилуулах гэж байсан хэр нь бас «уйлсан» (Ёох. 11:17, 33–35). Эндээс Еховагийн сэтгэлийг мэдэж болно. Мөн Есүс тэдэнд хайртай байсан нь харагддаг. Тиймээс Мариа Марта хоёр тайвширсан нь эргэлзээгүй. Үүнтэй адил, бид санаа тавьж, хайрлан халамжилбал итгэл нэгтэн маань ганцаараа биш юм байна гэдгээ ойлгож, жинхэнэ найз нөхөдтэйгөө мэдэж авна.

19. Гашуудаж буй итгэл нэгтнээ тайвшруулахдаа Номлогчийн үгс 3:7-г хэрхэн хэрэгжүүлэх вэ?

19 «Дуугүй байх хийгээд ярих цаг» (Ном. 3:7). Гашуудаж буй итгэл нэгтнээ тайвшруулах өөр нэг арга нь яриаг нь сайн сонсох юм. Дотрыг нь онгойтол яриулаарай. «Яаруу» үгс хэлж гонсойлгуузай (Иов 6:2, 3). Гэрч биш хамаатнууддаа дарамтлагдаад сэтгэл нь тавгүй байгаа шүү дээ. Тиймээс хамт залбираарай. Хүч, мэргэн ухаан өгөхийг «залбирлыг сонсдог Нэгнээс» гуйгаарай (Дуу. 65:2). Боломж олдвол Библийг хамт унших юм уу эсвэл сэтгэл сэргээм намтар гэх мэтийн тохирох өгүүллийг байгууллагынхаа хэвлэлээс уншиж өгөөрэй.

20. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

20 Үхэгсдийн тухай үнэнийг болон дурсамжийн булшинд байгаа хүмүүсийн ирээдүйг мэддэг болсон маань юутай их завшаан бэ! (Ёох. 5:28, 29). Тиймд үгээрээ, үйлдлээрээ Библийн үнэнийг зоригтой баримталцгаая. Энэ үнэнийг хүмүүст ярих боломж бүрийг алдалгүй ашиглацгаая. Үнэнийг мэдэхэд нь Сатан хүмүүст өөр нэг аргаар саад хийдгийг дараагийн өгүүллээр авч үзнэ. Энэ бол Сатан болон чөтгөрүүдтэй холбоо тогтоох явдал юм. Чөтгөрийн урхи занга болдог зан үйл, зугаа цэнгэлээс яагаад зайлсхийх ёстойг дараагийн өгүүллээр үзнэ.

ДУУ 16 Бурхны Хаанчлалд хоргодогтун!

^ д/м 5 Сатан болон чөтгөрүүд үхлийн талаар худал хуурмагийг тарааж хүмүүсийг хууран мэхэлдэг. Үүний улмаас Библийн сургаалтай зөрчилддөг янз бүрийн зан үйл гарчээ. Хүмүүс танаар тиймэрхүү зан үйл үйлдүүлэх гэвэл Еховад үнэнч байхын тулд яах хэрэгтэйг энэ өгүүллээс мэдэж аваарай.

^ д/м 55 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хагацал үзээд гашуудаж буй эмэгтэйг Гэрч хамаатнууд нь тайвшруулж байна.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу оршуулгын зан үйлийн талаар судалсныхаа дараа хамаатнууддаа итгэл үнэмшлийнхээ талаар эвтэйхэн тайлбарлаж байна.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хагацал үзээд гашуудаж буй Гэрчийг ахлагчид тайвшруулж байна.