Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 22

Судлах аргаа сайжруулагтун!

Судлах аргаа сайжруулагтун!

«Илүү чухал юмыг магадалдаг бай» (ФЛП. 1:10).

ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»

ТОЙМ *

1. Зарим хүн яагаад Библиэ судлах тэнхэлгүй байдаг вэ?

ӨНӨӨ үед хүмүүс талхныхаа мөнгийг олох гэж нөр их хөдөлмөрлөж байна. Гэр бүлийнхнийхээ наад захын хэрэгцээг хангахын тулд олон цагаар ажилладаг ах дүү нар өдий төдий бий. Ажилдаа явах, гэртээ харих замдаа өчнөөн цаг зарцуулна. Биеийн хүчний хүнд хүчир ажил хийж гэр бүлээ тэжээнэ. Орой нь гэртээ ихэд ядарчихсан ирдэг! Тийм болохоор Библиэ судлах ч тэнхэлгүй болсон байдаг.

2. Та хэдийд судалдаг вэ?

2 Гэхдээ бид Библи болон ном хэвлэлээ сайтар судлах цаг зав гаргах зайлшгүй шаардлагатай. Еховатай дотно байх, мөнх амьдрах эсэх маань үүнээс л шалтгаална! (1 Тим. 4:15, 16). Зарим хүн өглөө эрт, нам гүм үеийг ашиглан тархи толгой сэргэг байгаа дээрээ бие даан судалдаг. Зарим нь үдэш орой болсон хойно Библи болон ном хэвлэлээ судалж, эргэцүүлэн боддог.

3, 4. Ямар өөрчлөлт гарсан бэ? Яагаад?

3 Судлах цаг гаргах нь чухал гэдгийг та хүлээн зөвшөөрөх биз ээ. Тэгвэл юу судлах вэ? «Унших юм хэтэрхий их байна. Бүгдийг нь уншиж амжихгүй юм» гэж та хэлэх байх. Зарим итгэл нэгтэн маань бүх материалыг уншиж судлаад ач тус хүртэж амждаг байхад, амжихгүй явдаг ах дүү нар олон. Удирдах Зөвлөл үүнийг мэддэг учраас хэвлэмэл болон цахим материалын тоог цөөлөх шийдвэрийг саяхан гаргасан билээ.

4 Жишээлбэл jw.org® болон JW телевизийн сар бүрийн хөтөлбөрт урамтай, сонирхолтой янз бүрийн түүх, тохиолдол орсон байдаг учраас «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-ыг хэвлэхээ больсон. Нийтэд зориулсан «Харуулын цамхаг» болон «Сэрцгээ!» сэтгүүлийг жилд тус бүр гурван удаа гаргадаг боллоо. Ертөнцийн юманд илүү их цаг зарцуулах боломж олгох гээд ингэж өөрчилсөн юм биш ээ. Харин «илүү чухал юмыг» анхаараасай гэснийх юм (Флп. 1:10). Илүү чухал юмаа хэрхэн тодорхойлох вэ? Библийг бие дааж судлахын ач тусыг бүрэн хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ? Эдгээр асуултыг авч үзье.

ИЛҮҮ ЧУХАЛ ЮМАА ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ?

5, 6. Ямар ном хэвлэлийг нямбай судлах шаардлагатай вэ?

5 Юуг хамгийн түрүүнд судлах ёстой вэ? Бурхны Үгийг судлах цаг завыг өдөр бүр гаргах шаардлагатай. Библиэс уншсан хэсгээ эргэцүүлэн бодох, нэмэлт судалгаа хийхэд илүү их цаг зарцуулаасай гэсэндээ Библиэс унших 7 хоног бүрийн хуваарьт өөрчлөлт оруулж, унших материалыг багасгасан. Бидний зорилго бол заасан материалыг уншиж дуусгах биш, харин тухайн хэсгийг сэтгэлээ хөдөлтөл уншиж судлаад Еховатай улам дотносох явдал юм (Дуу. 19:14).

6 Өөр юуг нямбай судлах шаардлагатай вэ? «Харуулын цамхаг» судлалын цуглаан болон ажлын өдөр болдог цуглаанаар үзэх материалуудаа уншиж судлан сайн бэлдэх хэрэгтэй. Бас судлах болон тараах «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн дугаар бүрийг унших учиртай.

7. Манай вэб саит болон JW телевизээр гарсан бүхнийг үзэж амжихгүй байгаа бол яагаад сэтгэлээр унах хэрэггүй вэ?

7 «За, тийм байдаг байж. Тэгвэл манай jw.org вэб саитад байгаа материалууд, JW телевизээр гарсан видеонуудыг яах вэ? Маш их юм байгаа шүү дээ!» гэж та хэлэх байх. Жишээгээр бодъё. Ресторанд арааны шүлс асгаруулам амттай хоол төрөл төрлөөрөө байдаг. Гэвч үйлчлүүлэгчид хоол болгоныг идэж чадахгүй нь ойлгомжтой. Хэдхэн төрлийг л сонгож авна. Үүнтэй адил, цахим материалыг нэг бүрчлэн үзэж амжихгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Чадахыгаа л үзэж, уншаарай. Судална гэж яахыг хэлдгийг, судлахын ач тусыг бүрэн хүртэхийн тулд яах хэрэгтэйг одоо ярилцъя.

СУДЛАХ НЬ НӨР ИХ ХӨДӨЛМӨР МӨН

8. «Харуулын цамхаг» сэтгүүлийг ямар дарааллаар судлах вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

8 Судлах гэдэг нь чухал юм мэдэж авъя гэсэн зорилготойгоор анхаарлаа төвлөрүүлж уншихыг хэлнэ. Тухайн материалыг гүйлгэж уншаад асуултын хариуг доогуур нь зурах төдий юм биш ээ. Жишээлбэл, «Харуулын цамхаг» судлалын цуглаанд бэлдэхдээ өгүүллийн эхэнд байгаа тоймыг эхлээд уншина. Дараа нь, гол гарчиг, дэд гарчгууд, давтах асуултуудыг үзнэ. Тэгээд өгүүллээ яаралгүй, анхааралтай уншина. Догол мөрийн гол санааг илэрхийлж буй өгүүлбэрийг анхаарна. Ийм өгүүлбэр их төлөв догол мөрийн эхэнд байдаг. Өгүүллээ унших явцдаа тухайн догол мөр нь гол болон дэд гарчигтайгаа ямар холбоотойг эргэцүүлж бодно. Шинээр мэдсэн болон гүнзгийрүүлж судалмаар байгаа зүйлээ тэмдэглэж авна.

9. а) «Харуулын цамхаг» сэтгүүлийг судалж байхдаа Библийн зүйлийг яагаад онцгой анхаарах шаардлагатай вэ? Яаж анхаарах вэ? б) Иошуа 1:8-д бичсэнээр, Библийг уншихаас гадна өөр яах хэрэгтэй вэ?

9 «Харуулын цамхаг» судлалын цуглаанаар гол нь Библийг судалдаг. Тиймээс дурдсан болон эш татсан, ялангуяа цуглаан дээр унших Библийн зүйлүүдийг онцгой анхаараарай. Уг зүйлд гарч буй гол үг догол мөрд дэвшүүлсэн санааг хэрхэн дэмжиж байгааг анхаарч уншаарай. Түүнээс гадна, Библийн зүйлийг уншсаныхаа дараа зориуд цаг зав гаргаад эргэцүүлэн бодоорой. Бас тухайн зүйлийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг нухацтай бодоорой (Иошуа 1:8-ыг уншина).

Эцэг эхчүүд ээ, хэрхэн судлахыг хүүхдэдээ заагаарай (10-р догол мөрийг үзээрэй) *

10. Еврей 5:14-ийг бодож үзвэл, хүүхдэд яагаад судлах аргыг зааж өгөх хэрэгтэй вэ?

10 Эцэг эхчүүд 7 хоног бүрийн гэр бүлийн хичээлийг хүүхдэдээ сонирхолтой болгох гэж хичээдэг нь зүйн хэрэг. Тийм учраас юу судлахаа нарийн төлөвлөдөг. Гэхдээ онцгой, сэтгэл хөдөлгөм зүйлийг долоо хоног бүр сэдэх ёстой гэсэн үг биш. Гэр бүлийн хичээлээрээ JW телевизийн сар бүрийн нэвтрүүлгийг үзэж болно. Хааяа Ноагийн хөвөгч авдрын загвар хийх гэх мэтийн тусгай хөтөлбөр оруулж болно. Бас яаж судлахыг хүүхдэд зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь цуглаандаа бэлдэхийн тулд цуглааны материалыг судлах, сургууль дээр гарсан төвөгтэй асуудлын талаар судалгаа хийх зэргийг хүүхдэд заах шаардлагатай (Еврей 5:14-ийг уншина). Хүүхэд Библитэй холбоотой сэдвээр гэртээ судалгаа хийгээд сурчихвал цуглаан, чуулганы хөтөлбөрийг анхааралтай сонсож сурна. Яагаад гэвэл цуглаан, чуулган дээр дандаа видео үзүүлэхгүй шүү дээ. Гэр бүлийн хичээлийг хэр удаан хийх нь хүүхдийн нас, онцлогоос шалтгаалах нь ойлгомжтой.

11. Бие дааж үр өгөөжтэй судлах арга барилыг суралцагчдаа эзэмшүүлэх нь яагаад чухал вэ?

11 Суралцагч маань ч судлах арга барилыг эзэмших шаардлагатай. Шинэхэн суралцагч Библийн хичээлдээ юм уу цуглаанд бэлдээд, хариултын доогуур зураад ирвэл бид баярладаг. Гэхдээ бие даан судалж, эргэцүүлэн бодох аргыг тэдэнд заах хэрэгтэй. Ингэснээр, ямар нэгэн төвөгтэй асуудал гарвал бусдаас тусламж гуйхыг урьтал болгохын оронд өөрсдөө байгууллагын ном хэвлэлийг судалж үзээд, ашигтай зөвлөгөө олж авдаг болно.

ЗОРИЛГОТОЙ СУДЛААРАЙ

12. Судлахдаа ямар зорилго тавьж болох вэ?

12 Та судлах дуртай хүн биш бол судлахын баяр хөөр гэж юу байдгийг төсөөлөх ч үгүй байж болох юм. Гэхдээ судлахын баяр хөөрийг амсах боломжтой. Үүний тулд богино хугацаагаар судалж эхлээрэй. Дараа нь цагаа бага багаар уртасгаарай. Ямар нэгэн зорилго тавиарай. Хамгийн гол зорилго бол Еховатай улам дотносох гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ давын өмнө, хүний асуусан асуултад хариулах эсвэл тохиолдож буй бэрхшээлийнхээ талаар судалж болох юм.

13. а) Сурагчид итгэл үнэмшлээ тайлбарлахын тулд яах хэрэгтэй вэ? б) Чи Колосай 4:6-д бичсэн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлье гэж бодож байна вэ?

13 Чи сургуульд сурдаг уу? Тийм бол ангийнхан чинь бүгдээрээ эволюцийн онолд итгэдэг байх. Харин чи Библийн сургаалд итгэдэг. Яагаад гэдгээ тайлбарлая гэсэн ч, чадахгүй байх гэж боддог байж магадгүй. Тэгвэл судалгаа хийх хэрэгтэй! Хоёр зорилго тавьж болно. 1) Бурхан бүх юмыг бүтээсэн гэдэгт өөрөө бат итгэх, 2) Итгэж үнэмшдэг зүйлээ илүү сайн тайлбарлаж сурах (Ром 1:20; 1 Петр 3:15). Эхлээд өөрөөсөө «Манай ангийн хүүхдүүд яагаад эволюцид итгэдэг вэ?» гэж асуугаарай. Дараа нь байгууллагын ном хэвлэлийг ашиглаад гүнзгийрүүлж судлаарай. Итгэл үнэмшлээ тайлбарлах нь чиний бодсоноос ч амархан байж болно шүү дээ. Ихэнх хүн хүндэлж биширдэг хүнээ дагаад л эволюцид итгэчихсэн байдаг. Чи ганц хоёр баримт олсон байхад л үнэнийг мэдэхийг үнэхээр их хүсэж байгаа хүнд тусалж чадна (Колосай 4:6-г уншина).

СУРАХ ХҮСЛЭЭ БАДРААГААРАЙ

14-16. а) Тийм ч сайн мэдэхгүй Библийн номтой танилцъя гэвэл яах хэрэгтэй вэ? б) Дурдсан Библийн зүйлүүд «Амос» номыг илүү сайн ойлгоход тус болно гэхийн учир юу вэ? (Бас  «Библийн баатруудыг сэтгэлдээ амилуулаарай!» гэсэн хавсралтыг үзнэ үү).

14 Библид байдаг, зөнчдийн бичсэн жижиг номуудын нэгийг цуглаан дээр судлах гэж байна гэж бодъё. Гэтэл тэр номыг бичсэн зөнчийг та тийм ч сайн мэдэхгүй байлаа. Тэгвэл энэ зөнч юу бичсэнийг мэдэх гэсэн хүслээ эхлээд бадраах хэрэгтэй. Яаж?

15 Нэгдүгээрт, «Энэ номыг бичсэн хүний талаар би юу мэдэх вэ? Ямар хүн байсан бэ? Хаана амьдарч байсан бэ? Ямар ажил эрхэлдэг байсан бэ?» гэж өөрөөсөө асуугаарай. Тэр хүний тухай мэддэг болохын хэрээр яагаад тийм үг сонгож, тийм жишээ татсаныг улам сайн ойлгоно. Библийг уншиж байхдаа тухайн номыг бичсэн хүний зан чанар, онцлогийг мэдэхэд тус болох үг хэллэгийг анхаараарай.

16 Хоёрдугаарт, уг номыг хэдийд бичсэнийг мэдэх нь чухал. Үүнийг «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ын арын хуудсан дахь «Библийн номнуудын хүснэгт»-ээс хялбархан мэдэж болно. Бас «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлоос хаад, зөнчдийн тухай бичсэн 3-р хүснэгтийг үзээрэй. Та Библид байдаг зөгнөлийн номыг судалж байгаа бол тухайн үеийн хүмүүсийн амьдрал ямар байсныг мэдвэл сайн. Тэр зөнч ард олонд ямар муу хандлага, үйл хэргээ засахыг уриалж байсан бэ? Өөр хэн хэн тэр зөнчийн үед амьдарч байсан бэ? Илүү сайн ойлгохын тулд Библийн бусад номыг үзэх хэрэгтэй болж мэднэ. Жишээ нь, зөнч Амосын үед юу болсныг сайн мэдье гэвэл англи хэлээрх «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ын голын баганад бичсэн холбогдох Библийн зүйлүүдийг унших нь тустай. Тухайлбал, Амос 1:1-тэй холбоотой Библийн зүйлийн жагсаалтад Хаадын дэд, Шастирын дэд ном оржээ. Мөн Хосеагийн номыг үзээрэй. Тэрээр Амосын үед амьдарч байсан бололтой. Амосын үед хүмүүсийн амьдрал ямар байсныг энэ мэтийн эх сурвалж хэлээд өгнө (Х.дэд 14:​25–​28; Ш.дэд 26:​1–​15; Хос. 1:​1–​11; Ам. 1:1).

НАРИЙН ШИРИЙН ЗҮЙЛИЙГ АНХААРААРАЙ

17, 18. Тийм ч чухал биш харагдах мэдээллийг анхаарч судалбал бие даасан судлал сонирхолтой болдгийг жишээгээр ярина уу.

17 Библийг уншихдаа илүү ихийг мэдээд авчихъя гэсэн ирмүүн хүсэлтэй байх нь сайн. Жишээ нь та «Зехариа» номын 12 дугаар бүлгээс Мессиагийн үхлийн тухай зөгнөлийг уншиж байна гэж бодъё (Зех. 12:10). 12 дугаар зүйлд «Натаны гэрийн ураг» Мессиаг нас барахад ихэд гашуудах тухай байдаг. Цааш нь уншихын оронд түр зогсоод, «Натаны гэр Мессиатай ямар холбоотой юм бол оо? Хаанаас мэдэж болох вэ?» гэж өөрөөсөө асуугаарай. Тэгээд бяцхан «мөрдөлт» хийгээрэй. «Ариун Судрын Шинэ Ертөнц» орчуулгын голын баганад 2 Самуел 5:13, 14 гэж байгаа. Давид хаанд Натан гэдэг хүү байсныг тэнд бичжээ. Дараа нь байгаа Лук 3:23, 31-ийг уншвал Есүсийн эх Мариа нь Натаны удмын хүн гэдэг нь тодорхой болно («Харуулын цамхаг» сэтгүүлийн 2017 оны 8-р сарын дугаарын 32-р хуудасны 4-р догол мөрийг үзнэ үү). Тиймээс танд улам сонирхолтой санагдана! Уг нь та Есүсийг Давидын удмаас гарна гэж зөгнөснийг мэддэг (Мат. 22:42). Гэтэл Зехариа Давидын 20 гаруй хүүгээс Натаныг онцолж, түүний үр удам Есүсийг нас барахад гашуудна гэсэн нь гайхалтай биш гэж үү?

18 Өөр жишээ авъя. «Лук» номын эхний бүлэгт Габриел гэдэг тэнгэрийн элч Мариа дээр ирээд хүү төрүүлэх гэж байгааг нь дуулган, «Тэр агуу хүн болж, Хамгийн дээд Бурхны Хүү гэгдэнэ. Ехова Бурхан өвөг Давидынх нь хаан ширээг түүнд өгнө. Тэрээр Хаан болж Иаковын үр удмыг үүрд захирна» гэж хэлдэг (Лук 1:32, 33). Есүс «Хамгийн дээд Бурхны Хүү гэгдэнэ» гэсэн эхний хэсгийг л бид анхаараад байдаг. Гэтэл Габриел Есүсийг «Хаан болж захирна» гэж зөгнөсөн шүү дээ. Габриелын хэлсэн энэ үгийг сонсоод Мариад юу бодогдсон бол? «Есүс Херод хааны эсвэл түүний залгамжлагчдын халааг авч Израйлын удирдагч болох уу? Хэрэв тэгвэл би эх хатан болж, манайхан гэр бүлээрээ хааны ордонд амьдрах уу?» гэх мэтийн асуулт төрсөн байж болох юм. Гэхдээ Мариа Габриелаас иймэрхүү асуулт асуусан тухай мэдээлэл Библид огт байхгүй. Мөн Есүсийн хоёр шавь шиг, Хаант төрд дээгүүр албанд томилж өгөөч гэж гуйсан тухай байдаггүй (Мат. 20​:​20–​23). Иймэрхүү жижиг сажиг зүйлийг бодож үзвэл Мариа дэндүү даруу эмэгтэй байсныг мэдэж болно.

19, 20. Яаков 1:22–25; 4:8-д бичсэнээр, бид ямар зорилгоор бие даан судлах хэрэгтэй вэ?

19 Бурхны Үг болон байгууллагын ном хэвлэлийг судлахдаа хамгийн гол нь Еховатай дотносох зорилгоо мартахгүй байцгаая. Бас ямар хүн гэдгээ «толинд» бүр сайн харах гэж, Бурханд таалагдахын тулд юугаа өөрчлөх хэрэгтэйгээ мэдэх гэж судалдаг шүү дээ (Яаков 1​:​22​–​25; 4:8-ыг уншина). Тиймээс судлах болгондоо эхлээд Еховагаас агуу хүчийг нь гуйх хэрэгтэй. Тухайн мэдээллийг судлаад ач тусыг нь хүртэхэд туслаач, юугаа өөрчлөх хэрэгтэйгээ олж мэдэхэд туслаач гэж гуйх нь маш чухал.

20 Бид бүгдээрээ дуулалчийн бичсэн хүн шиг байхыг хүсдэг. Бурханд үнэнч тийм хүн «ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. ... Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй» (Дуу. 1:2, 3).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

^ д/м 5 Ехова бидэнд үзэх, унших, судлах материалыг элбэг дэлбэг өгдөг. Юу судлахаа шийдэхэд тань энэ өгүүлэл тус болно. Мөн бие дааж судлахын ач тусыг бүрэн дүүрэн хүртэхэд тустай зөвлөгөө өгнө.

^ д/м 61 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Долоо хоног бүрийн «Харуулын цамхаг» судлалын цуглаанд хэрхэн бэлдэхийг аав ээж нь хүүхдүүддээ зааж байна.

^ д/м 63 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Зөнч Амосын талаар судалж буй Гэрч эрэгтэй. Тэрээр Библид гарч буй үйл явдлыг уншиж, эргэцүүлэн бодоод юу төсөөлж байгааг ард нь дүрсэлжээ.