Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 19

Хайр ба шударга ёс—Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах нь

Хайр ба шударга ёс—Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах нь

«Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ. Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй» (ДУУ. 5:4).

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

ТОЙМ *

1-3. a) Дуулал 5:4–6-д бичсэнээр, Ехова хорон мууг хэрхэн үздэг вэ? б) Хүүхдийн хүчирхийллийг яагаад «Христийн хуулийг» зөрчсөн хэрэг гэх вэ?

ЕХОВА БУРХАН хорон мууг үзэн яддаг (Дуулал 5:​4–​6-г уншина). Тэгвэл хүүхэд хүчиндэхийг ямар их үзэн яддаг бол оо! Энэ бол жигшмээр бузар хэрэг мөн. Гэрчүүд бид Ехова Бурхнаа дуурайн хүүхдийн хүчирхийллийг үзэн яддаг бөгөөд хуралд ийм хэрэг гарвал нэн даруй арга хэмжээ авдаг (Ром 12:9; Евр. 12:15, 16).

2 Хүүхдийг ямар ч байдлаар хүчирхийлэх нь «Христийн хуулийг» зөрчсөн хэрэг болно! (Гал. 6:2). Яагаад? Христийн хууль хайранд үндэслэдэг бөгөөд шударга ёсыг хөхиүлэн дэмждэгийг өмнөх өгүүллээр ярилцсан билээ. Есүсийн заасан сургаал, үлгэрлэн үзүүлсэн бүхнийг Христийн хууль гэдэг. Жинхэнэ дагалдагчид энэ хуулийг сахидаг учраас хүүхдийг айлгаж ичээдэггүй, чин сэтгэлээсээ хайрладаг. Хүүхдийн хүчирхийлэл бол аминч үзлээс үүдэлтэй, шударга бус, хүүхдийг айлгаж түгшээдэг, харгис үйлдэл юм.

3 Харамсалтай нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл дэлхий даяар тахал мэт дэлгэрчээ. Христийн жинхэнэ дагалдагчид ч энэ тахалд өртдөг. Яагаад? «Муу хүмүүс болон мэхлэгчид» олширч, зарим нь бүр хуралд шургалан орохыг оролддог (2 Тим. 3:13). Түүнээс гадна, хурлын гишүүн болсон зарим хүн гаж хүслээ хангах гээд хүүхэд хүчиндсэн байна. Хүүхдийн хүчирхийллийг яагаад жигшүүрт нүгэл гэж хэлж болох вэ? Хурлын гишүүн ноцтой нүгэл үйлдвэл, тодруулбал хүүхэд хүчиндвэл энэ хэргийг ахлагчид хэрхэн шийдвэрлэх вэ? Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ? * Эдгээр асуултыг ярилцъя.

ЖИГШҮҮРТ НҮГЭЛ

4, 5. Хүүхдийн хүчирхийллийг яагаад хүүхдийг хохироосон нүгэл гэдэг вэ?

4 Хүүхдийн хүчирхийлэл ноцтой үр дагавартай. Бага насны хохирогчид болон тэднийг асран хамгаалдаг гэр бүлийнхэн, итгэл нэгтнүүд нь давхар хохирдог. Хүүхдийн хүчирхийлэл бол жигшүүрт нүгэл мөн.

5 Хүүхдийг хохироосон нүгэл. * Ийм гэмт хэргийн хохирогчид бие, сэтгэлийн зовлон эдэлдэг. Хүчирхийлэгч этгээдийн учруулсан хохирлоос болж хүүхэд хүнд цохилтод ордог (Энэ тухай дараагийн өгүүллээр үзнэ). Хүүхдийн халдашгүй эрхийг зөрчиж итгэлийг нь эвддэг. Бид ийм бузар хэргээс хүүхдийг хамгаалах ёстой. Хохирогчийг тайвшруулж, тусламж үзүүлэх шаардлагатай (1 Тес. 5:14).

6, 7. Хүүхдийн хүчирхийллийг яагаад хурлын нэр хүндийг унагадаг, мөн төр засгийн эсрэг нүгэл гэж хэлж болох вэ?

6 Хурлын нэр хүндийг унагадаг нүгэл. Хурлын гишүүн хүн хүүхэд хүчирхийлбэл Еховагийн Гэрчүүдийн нэр хүнд унана (Мат. 5:16; 1 Петр 2:12). Манай байгууллага ийм явдлыг нүдээ аниад өнгөрөөдөггүй. Хэрэв тэгдэг байсан бол «итгэлийн төлөө шаргуу тэмцэж» буй сая сая үнэнч Гэрчийн хувьд туйлын шударга бус явдал болно! (Юуд. 3). Хурлын нэр хүндийг унагаж, бузар хэрэг хийсэн атлаа гэмшдэггүй хүнийг бид хуралдаа байлгадаггүй.

7 Төр засгийн эсрэг нүгэл. Христийн дагалдагчид «дээд эрх мэдлүүдэд ... захирагдах» ёстой (Ром 13:1). Бид аж төрж буй улсынхаа хуулийг зохих ёсоор хүндэлж, сахин биелүүлдэг. Хэрэв өөрийгөө хурлын гишүүн гэж үздэг хүн эрүүгийн хуулийг зөрчиж хүүхдийн хүчирхийлэл зэрэг гэмт хэрэг үйлдвэл төр засгийн эсрэг нүгэл үйлдсэн гэсэн үг (Үйлс 25:8-тай харьцуулаарай). Тухайн улсын хуулийг сахиулах нь ахлагчдын үүрэг биш. Мөн гэмт этгээдийг ял шийтгэлээс өмгөөлж хамгаалдаггүй (Ром 13:4). Нүгэлтэн юу тарьснаа л хурааж авна (Гал. 6:7).

8. Хүний эсрэг үйлдсэн нүглийг Ехова юу гэж үзэх вэ?

8 Хамгийн гол нь, Бурхны эсрэг нүгэл (Дуу. 51:4). Хүний эсрэг нүгэл үйлдсэн бол Еховагийн эсрэг нүгэл үйлдсэн гэсэн үг. Израйлчуудад зориулсан Бурхны хуулийг жишээ болгон авъя. Андынхаа эд зүйлийг хулгайлсан эсвэл луйвардсан хүнийг «ЭЗЭНд үнэнч бус» гэж уг хуульд бичжээ (Лев. 6:​2–​4). Тэгэхээр, хүүхдийн хүчирхийлэл үйлдэж дархан эрхэнд нь халдсан хурлын гишүүнийг Бурханд үнэнч бус гэж үзнэ. Тийм хүн Еховагийн нэр хүндийг аймшигтайгаар гутаан доромжилдог. Ийм учраас хүүхдийн хүчирхийллийг Бурхны эсрэг үйлдсэн жигшүүрт нүгэл гэж үзэх ёстой.

9. Еховагийн байгууллага Библид үндэслэсэн ямар мэдээллийг олон жил өгч байна вэ? Яагаад?

9 Еховагийн байгууллага олон жилийн турш хүүхдийн хүчирхийллийн тухай сэдвээр Библид үндэслэсэн маш их мэдээлэл өгсөөр ирсэн. Жишээлбэл «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс сэтгэлийн шархаа хэрхэн эдгээх, бусад хүн тэднийг хэрхэн тайвшруулах, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хамгаалах тухай өгүүллүүд гарч байсан. Мөн ахлагчид сургалтад хамрагдах үедээ хүүхэд хүчирхийлсэн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар Библийн үндэстэй нарийвчилсан заавар авдаг. Түүнээс гадна, уг зааврыг байнга хянаж, шаардлагатай бол шинэчилдэг. Учир нь бид энэ асуудлыг Христийн хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.

АХЛАГЧИД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

10-12. а) Ахлагчид ноцтой нүгэл үйлдсэн хүний асуудлыг шийдвэрлэхдээ юуг санах хэрэгтэй вэ? Юуг голчлон анхаарах вэ? б) Яаков 5:14, 15-д бичсэний дагуу, ахлагчид яадаг вэ?

10 Ахлагчид ноцтой нүгэл үйлдсэн хүний асуудлыг шийдвэрлэхдээ Христийн хуулийг санах ёстой. Уг хуулиар бол ахлагчид сүргийг хайрлаж, зөв бөгөөд шударга гэж Бурхны хэлдэг тэр зүйлийг хийх учиртай. Ноцтой нүгэл үйлдсэн хэрэг гарвал ахлагчид олон талаас нь нухацтай бодох шаардлагатай. Юуны түрүүнд Бурхны нэрийг цэвэр ариун байлгахыг онцгой анхаарна (Лев. 22:31, 32; Мат. 6:9). Бас нэг чухал зорилго бол Еховатай дотно байхад нь хурлын гишүүдэд туслах, хохирогчдыг тайвшруулах юм.

11 Түүнээс гадна, нүгэл үйлдсэн этгээд гэмшсэн үү, үгүй юү гэдгийг ахлагчид олж тогтооно. Гэмшсэн бол Еховатай дахин сайн харьцаатай болоход нь тусална (Яаков 5:14, 15-ыг уншина). Гаж хүсэлдээ хөтлөгдөөд ноцтой нүгэл үйлдсэн Гэрч өвчтэй хүнтэй адил юм. Еховатай сайн харьцаатай байхаа больсон гэсэн үг. * Ахлагчдыг эмчтэй зүйрлэж болно. Тэд «өвчтэй нэгнийг» буюу нүгэл үйлдсэн хүнийг «эдгээхийн» тулд Библид үндэслэсэн зөвлөгөө өгдөг. Тэр хүн чин сэтгэлээсээ гэмшсэн цагт л ахлагчдын хүчин чармайлтын үр шимийг хүртэж Бурхантай дахин анд нөхөр болно (Үйлс 3:19; 2 Кор. 2:​5–​10).

12 Тэгэхээр ахлагчид маш хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой байна. Тэд Бурхны хариуцуулж өгсөн сүргийг анхаарч халамжилдаг (1 Петр 5:​1–​3). Хурлын гишүүдийг айх аюулгүй, амар тайван байлгахыг хичээдэг учраас хүүхдийн хүчирхийлэл гэх мэтийн маш ноцтой нүгэл үйлдсэн хэрэг гарвал тэр даруй арга хэмжээ авдаг. Одоо  13,  15,  17-р догол мөрийн эхэнд байгаа асуултуудыг ярилцъя.

13, 14. Ахлагчид хүүхдийн хүчирхийллийн талаар төрийн байгууллагад мэдэгдэх ёстой юу? Тайлбарлана уу.

 13 Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийг төрийн байгууллагад мэдэгдэх тухай хуулийг ахлагчид дагаж мөрдөх шаардлагатай юу? Хэрэв тухайн улсад ийм хууль байдаг бол дагаж мөрдөх шаардлагатай (Ром 13:1). Энэ нь Бурхны хуультай зөрчилдөхгүй (Үйлс 5:28, 29). Тиймд ахлагчид хүүхдийн хүчирхийллийн талаар мэдсэн даруйдаа салбартай холбоо барьж, зохих байгууллагад нь мэдэгдэх тухай хуулийг хэрхэн дагаж мөрдөхийг лавлана.

14 Ахлагчид хохирогч хүүхэд, түүний эцэг эх болон энэ хэргийн талаар мэдсэн хүмүүстэй ярилцахдаа зохих байгууллагад мэдэгдэх эрхтэйг нь тэдэнд сануулна. Хурлын гишүүн хүн гэмт хэрэг үйлдсэнийг мэдэгдсэнээс болж олон нийтийн дунд шуугиан дэгдвэл яах вэ? Хэргийг мэдэгдсэн Гэрч Бурхны нэр хүндийг унагасан болох уу? Үгүй. Бурхны нэрийг гутаасан этгээд бол гэмт хэрэг өдүүлсэн хүн юм.

15, 16. а) 1 Тимот 5:19-д бичсэнээр, ахлагчид эрх зүйн хороо байгуулахаасаа өмнө яагаад дор хаяж хоёр гэрчээс мэдүүлэг авах ёстой вэ? б) Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл хуралд гарвал ахлагчид яах вэ?

 15 Ахлагчид эрх зүйн хороо байгуулахаасаа өмнө яагаад дор хаяж хоёр гэрчээс мэдүүлэг авах ёстой вэ? Энэ нь Библийн шаардлага юм. Сэжигтэн хэргээ хүлээхгүй байвал ахлагчид эрх зүйн хороо байгуулахаасаа өмнө хоёр гэрчээс мэдүүлэг авна (Д.хууль 19:15; Мат. 18:16; 1 Тимот 5:19-ийг уншина). Хүүхдийн хүчирхийлэл нь төр засгийн хуулийг зөрчсөн гэмт хэрэг тул зохих байгууллагад мэдэгдэх нь иргэний үүрэг юм. Ахлагч эсвэл өөр хэн ч мэдэгдэж болно. Тэгвэл мэдэгдэхээсээ өмнө хоёр гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай юу? Үгүй.

16 Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг хуралд гарвал ахлагчид, дээр дурдсанаар, хуулийн дагуу зохих байгууллагад мэдэгдэнэ. Тэгээд, чухам юу болсныг магадалсны дараа эрх зүйн хороо байгуулах эсэхийг Библид үндэслэн шийднэ. Сэжигтэн хэргээ хүлээхгүй бол тухайн хэргийг мэдсэн хүмүүсээс мэдүүлэг авна. Ядаж хоёр хүн уг хэргийг нотолж чадвал эрх зүйн хороо байгуулна. * Хоёр гэрчийн нэг нь уг этгээдийг буруутан хэмээн сэжиглэгч, нөгөө нь болсон явдлыг баталж чадах эсвэл урьд нь иймэрхүү хэрэг үйлдсэнийг мэдэх хүн байна. Хэрэв гэм бурууг нь хоёр гэрчийн мэдүүлгээр нотлох боломжгүй бол ганц гэрчийн мэдүүлгийг хэрэгсэхгүй болгох уу? Үгүй. Сэжигтэн бусдыг хохироосон ноцтой нүгэл үйлдсэн байж болох учир ахлагчид үүнийг анхааралдаа авна. Мөн хохирсон гэх хүмүүст санаа тавьсаар байна. Түүнээс гадна, болзошгүй аюулаас хурлыг хамгаалахын тулд сэжигтнээс хараагаа салгахгүй (Үйлс 20:28).

17, 18. Эрх зүйн хорооны ахлагчдын үүрэг юу вэ?

 17 Эрх зүйн хорооны ахлагчдын үүрэг юу вэ? «Эрх зүй» гэхээр хэрэгтэнг шүүх, хуулийн байгууллагаар шийтгүүлэх нь ахлагчдын үүрэг гэж ойлгож болохгүй. Хууль сахиулах ажлыг төрийн байгууллага хийх ёстой учраас ахлагчид оролцдоггүй (Ром 13:​2–​4; Тит 3:1). Харин эрх зүйн хорооны ахлагчдын үүрэг нь тухайн хүнийг хуралд байлгах эсэхийг шийдэх юм.

18 Эрх зүйн хорооны ахлагчид зөвхөн шашин шүтлэгийн асуудлыг шийднэ. Тэд гэм буруутайд тооцогдож буй хүний гэмшсэн эсэхийг тогтоохдоо Библийг үндэс болгоно. Гэмшээгүй бол хурлаас хасах бөгөөд энэ талаар хурлынханд зарлана (1 Кор. 5:​11–​13). Харин гэмшиж байвал тэр хүнийг хурлын гишүүн хэвээр нь үлдээнэ. Гэхдээ цаашид хуралтай холбоотой ямар ч даалгавар өгөхгүй, хариуцлагатай ажилд томилохгүй болсныг ахлагчид тэр хүнд мэдэгдэнэ. Түүнээс гадна, хурлынхаа хүүхдүүдэд санаа тавина. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдүүд мөнөөх этгээдтэй харьцах үед нүд салгахгүй ажиглаж байхыг эцэг эхэд нь аминчлан захина. Ингэхдээ гэмт үйлдэлд өртөж хохирсон хүмүүсийн хувийн нууцыг чандлан хадгална.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ҮР ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Эцэг эх нь үр хүүхдээ бэлгийн хүчирхийллээс хамгаалж сексийн талаар зохих боловсрол олгох учиртай. Үүний тулд Бурхны байгууллагаас гаргасан мэдээллийг ашиглаж байна (Догол мөр 19​–​22-ыг үзнэ үү).

19-22. Эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

19 Хүүхдийг хамгаалах нь хэний үүрэг вэ? Эцэг эхийн үүрэг. * Ехова та нарт итгээд үр хүүхдийг бэлэг болгон өгсөн (Дуу. 127:3). Тиймээс эцэг эхчүүд та нар итгэлийг нь дааж үр хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Үр хүүхдээ хүчирхийллээс хэрхэн хамгаалах вэ?

20 Нэгдүгээрт, хүчирхийллийн талаар судалж мэдээрэй. Хүүхэд хүчирхийлэгчид ямар хүмүүс байдгийг, ямар арга заль хэрэглэдгийг судлаарай. Болзошгүй аюулыг тооцож сэрэмжтэй байгаарай (Сур. 22:3; 24:3). Хүчирхийлэгчид голдуу тухайн хүүхдийн сайн танил, итгэж найддаг хүмүүс нь байдгийг санаарай.

21 Хоёрдугаарт, хүүхэдтэйгээ байнга ярилцаж байгаарай (Д.хууль 6:6, 7). Хүүхдийнхээ юу ярихыг сайн сонсоорой (Яак. 1:19). Ер нь, хүчирхийлэлд өртсөн хүүхэд энэ хэргийн талаар ярих дургүй байдгийг санаарай. Яагаад гэвэл хэн ч үнэмшихгүй байх вий гэж айдаг. Эсвэл гэмт этгээд хүүхдийг айлган сүрдүүлж, болсон явдлын талаар хэнд ч хэлэхгүй байхыг тулган шаарддаг. Хэрэв танд сэжигтэй санагдвал хүүхдээсээ эвтэйхэн асуугаад юу ч ярьсан тэвчээртэй сонсоорой.

22 Гуравдугаарт, хүүхдэдээ заагаарай. Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг насанд нь тохируулан олгож байгаарай. Хэн нэгэн этгээд биеийнх нь хүрэх ёсгүй хэсэгт хүрэх гэвэл юу хэлэх, яах хэрэгтэйг зааж өгөөрэй. Үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар Бурхны байгууллагаас гаргасан мэдээллийг ашиглан заагаарай ( «Судалж мэдээд хүүхдэдээ заагаарай» гэсэн хавсралтыг үзээрэй).

23. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг бид юу гэж үздэг вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

23 Еховагийн Гэрчүүд бид хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг маш ноцтой, жигшүүрт хэрэг гэж үздэг. Бид Христийн хуулийг сахидаг учраас хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хамгаалж хаацайлдаггүй. Дараагийн өгүүллээр, хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөн итгэл нэгтэндээ хэрхэн туслахыг ярилцана.

ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»

^ д/м 5 Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хэрхэн хамгаалахыг энэ өгүүллээр үзнэ. Ахлагчид хурлыг, эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн хамгаалахыг ярилцана.

^ д/м 3 ҮГИЙН ТАЙЛБАР: Насанд хүрэгчид бэлгийн хүслээ хангах зорилгоор хүүхдийг ашиглахыг хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гэнэ. Үүнд хурьцах, ам болон хошногоор секс хийх, хөх, бөгс, бэлэг эрхтнийг илж таалах зэрэг гаж үйлдэл орно. Хохирогчдын дийлэнх нь охид байдаг ч хөвгүүд бас ийм хэргийн золиос болдог. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх нь эрчүүд байдаг боловч эмэгтэйчүүд бас хүүхэд хүчинддэг байна.

^ д/м 5 ҮГИЙН ТАЙЛБАР: Хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүнийг энэ болон дараагийн өгүүлэлд «хохирогч» гэж бичлээ. Гэмт хэргийн золиос болж, бие сэтгэлээрээ хохирсон нь тэр хүүхдийн буруу биш гэдгийг тодорхой болгох үүднээс энэ үгийг хэрэглэв.

^ д/м 11 Гэхдээ «өвчтэй» гэдэг нь нүглийг цайруулах шалтгаан биш юм. Тиймээс нүгэл үйлдсэн Гэрч хийсэн хэргийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх ёстой бөгөөд Еховад тайлангаа өгнө (Ром 14:12).

^ д/м 16 Ахлагчид сэжигтэнтэй ярилцахдаа тухайн хүүхдийг байлцуулах шаардлагагүй. Эцэг эх нь эсвэл итгэлийг нь хүлээсэн хүн уг хэргийг ахлагчдад мэдэгдэнэ. Гэхдээ хүүхдийн сэтгэлийн шархыг сэдрээхээс болгоомжлох ёстой.

^ д/м 19 Эцэг эхчүүдэд өгч буй мэдээлэл тухайн хүүхдийг хууль ёсоор асран хамгаалдаг бүх хүнд хамаатай.