Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 18

Хайр ба шударга ёс—Христийн дагалдагчдын хуралд

Хайр ба шударга ёс—Христийн дагалдагчдын хуралд

«Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэж байгаарай. Тэгвэл Христийн хуулийг биелүүлж байгаа хэрэг» (ГАЛ. 6:2).

ДУУ 2 Ехова танд баярлалаа

ТОЙМ *

1. Ямар хоёр зүйлд итгэж болох вэ?

ЕХОВА БУРХАН үйлчлэгчдээ хайрласаар ирсэн, хайрлах ч болно. Бас шударга ёсыг эрхэмлэдэг (Дуу. 33:5). Тиймд бид дараах хоёр зүйлд итгэдэг. 1) Үйлчлэгчдэд нь шударга бус хандвал Ехова эмзэглэдэг. 2) Тэрээр шударга ёсыг тогтооно. Израйлчуудад Мосегоор дамжуулан өгсөн Еховагийн хууль хайранд үндэслэснийг энэхүү цувралын * эхний өгүүллээр үзсэн. Хайранд үндэслэсэн хууль нь бүх хүнд, ялангуяа ядуу дорой хүмүүст шударга хандахыг хөхиүлэн дэмждэг (Д.хууль 10:18). Ехова үйлчлэгчдэдээ маш их санаа тавьдгийн баталгаа нь энэ хууль юм.

2. Ямар асуултын хариуг авах вэ?

2 МЭ 33 онд Мосегийн хууль хүчингүй болж, Христийн дагалдагчдын хурал байгуулагджээ. Христийн дагалдагчид хайранд үндэслэсэн, шударга ёсыг хөхиүлэн дэмждэг хууль сахих шаардлагагүй болсон хэрэг үү? Үгүй! Тэд шинэ хуультай болсон. Эхлээд, уг хуулийн тухай ярилцъя. Дараа нь, «Яагаад хайранд үндэслэсэн хууль гэж хэлж болох вэ? Шударга ёсыг хөхиүлэн дэмждэг гэхийн учир юу вэ? Энэ хуулийг сахидаг эрх мэдэлтэй хүмүүс бусдад хэрхэн хандах ёстой вэ?» гэсэн асуултын хариуг авъя.

«ХРИСТИЙН ХУУЛЬ» ГЭЖ ЮУ ВЭ?

3. Галат 6:2-т дурдсан «Христийн хууль» гэдэгт юу ордог вэ?

3 Галат 6:2-ыг уншина. Христийн дагалдагчид «Христийн хуулийг» сахидаг. Есүс дагалдагчдадаа хууль бичиж өгөөгүй ч заавар, тушаал, зарчим өгчээ. «Христийн хууль» гэдэгт Есүсийн заасан бүхэн ордог. Одоо энэ хуулийн талаар дэлгэрэнгүй мэдэж авъя.

4, 5. Есүс яаж заадаг байсан бэ? Хэзээ заасан бэ?

4 Есүс яаж заадаг байсан бэ? Нэгдүгээрт, хэлж захидаг байсан. Бурхны тухай үнэнийг өгүүлдэг, амьдралын жинхэнэ утга учрыг хэлж өгдөг, хүн төрөлхтний бүхий л зовлонг Бурхны Хаант төр эцэслэнэ гэж заадаг байсан учраас үг нь «хүчтэй» байв (Лук 24:19). Хоёрдугаарт, хэрхэн амьдрах ёстойг Есүс үлгэрлэн үзүүлжээ (Ёох. 13:15).

5 Есүс хэзээ зааж сургасан бэ? Дэлхий дээр үйлчилж байх хугацаандаа (Мат. 4:23). Бас амилсныхаа дараа. Жишээлбэл нэг удаа 500 гаруй шавьтайгаа уулзаад «Бүх үндэстнийг дагалдагч болгогтун» гэсэн тушаал өгчээ (Мат. 28:19, 20, 1 Кор. 15:6). Хурлын тэргүүн тэрээр тэнгэрт буцаж очсоныхоо дараа ч шавь нартаа зааж сургасаар байсан. Тухайлбал, тослогдсон дагалдагчдын урмыг сэргээ, зөвлөгөө өг гэсэн зааврыг МЭ 96 оны орчим элч Ёоханд өгчээ (Кол. 1:18; Илч. 1:1).

6, 7. а) Есүсийн сургаалыг ямар номд бичиж үлдээсэн бэ? б) Яавал Христийн хуулийг сахиж байна гэсэн үг вэ?

6 Есүсийн сургаалыг ямар номд бичиж үлдээсэн бэ? Дэлхий дээр байхдаа юу хэлж, хийж байсныг нь Сайн мэдээний дөрвөн номд тэмдэглэжээ. Грек Судрын бусад номд Есүсийн бодол санааг ойлгоход тустай олон зүйлийг бичсэн байдаг. Учир нь тэдгээр номыг Христийнхтэй адил бодолтой хүмүүс Бурхны агуу хүчээр удирдуулан бичсэн (1 Кор. 2:16).

7 Сургамж: Есүсийн сургаал амьдралын бүхий л асуудалд хамаатай. Тиймд бид гэртээ, ажил дээрээ, хуралд гээд хаана ч, юу ч хийсэн Христийн хуулийг сахих шаардлагатай. Энэ хуулийг мэдэж авахын тулд Грек Судрыг уншиж, эргэцүүлэн бодох нь зүйтэй. Грек Сударт байдаг тушаал, заавар, зарчмыг баримталбал Христийн хуулийг сахиж байна гэсэн үг. Улмаар Есүсийн сургаалын Эх булаг, халамжтай Бурхан Еховадаа дуулгавартай байгаа хэрэг болно (Ёох. 8:28).

ХАЙРАНД ҮНДЭСЛЭСЭН ХУУЛЬ

8. Христийн хууль юунд үндэслэсэн бэ?

8 Байшингийн суурь бат бөх бол оршин суугчид нь айж түгшихгүй, амар тайван амьдарна. Үүн шиг, хуулийн үндэс суурь нь «бат бөх» бол хуулийг сахигчид айж түгшихгүй, амар тайван байна. Христийн хууль бол хайр гэдэг бат бөх суурь бүхий байшинтай адил юм. Яагаад хайранд үндэслэсэн гэж хэлж болох вэ?

«Христийн хуулийг» сахина гэдэг нь бүх хүнтэй хайрын сэтгэлээр харьцахыг хэлнэ (9–14-р догол мөрийг үзээрэй) *

9, 10. Есүс юу ч хийсэн хайрандаа хөтлөгддөг байсныг харуулах жишээ хэлнэ үү. Бид хэрхэн дуурайх вэ?

9 Нэгдүгээрт, Есүс юу ч хийсэн хайрандаа хөтлөгддөг байсан. Өрөвч сэтгэл бол хайрын илрэл юм. Тэрээр хүмүүсийг өрөвдсөндөө сургаал айлдаж, өвчтэйг нь эдгээж, өлссөнийг нь хооллож, үхсэнийг нь амилуулсан (Мат. 14:14; 15:​32–​38; Марк 6:34; Лук 7:​11–​15). Энэ бүхний төлөө маш их цаг, хүч зарцуулах хэрэгтэй байсан ч Есүс бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавихдаа дуртай байв. Тэр бүү хэл, хүмүүсийн төлөө амиа өгч агуу хайраа илэрхийлжээ (Ёох. 15:13).

10 Сургамж: Бид бас Есүсийг дуурайн бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавих нь зүйтэй. Бас хэсгийнхээ хүмүүсийг өрөвдөх хэрэгтэй. Өрөвч сэтгэлдээ хөтлөгдөөд сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлддэг бол Христийн хуулийг сахиж байгаа хэрэг юм.

11, 12. а) Есүс Эцгийнхээ хайрыг хэрхэн ил тод болгосон бэ? б) Хайр халамжтай Ехова Бурхнаа хэрхэн дуурайх вэ?

11 Хоёрдугаарт, Есүс Эцгийнхээ хайрыг ил тод болгосон. Ехова үйлчлэгчдэдээ ямар их санаа тавьдгийг Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа харуулжээ. Тэрээр олон зүйлийг заасан. Тухайлбал, тэнгэрийн Эцэг хүн бүрийг үнэ цэнтэй гэж үздэгийг хэлж өгсөн билээ (Мат. 10:31). Гэмшээд, хуралдаа ирж буй төөрсөн хонь шиг хүмүүсийг Ехова баяртайгаар угтан авдаг (Лук 15:7, 10). Хүүгээ золиос болгон өгч бидэнд хайртайгаа баталсан (Ёох. 3:16).

12 Сургамж: Хайр халамжтай Ехова Бурхнаа хэрхэн дуурайх вэ? (Эф. 5:1, 2). Итгэл нэгтэн болгоноо үнэ цэнтэй гэж үзэцгээе. Еховадаа эргээд ирж буй «төөрсөн хонь шиг» хүнийг баяртайгаар угтан авцгаая (Дуу. 119:176). Хэрэгтэй үед нь цаг, хүчээ тэдэнд зориулж хайраа илэрхийлцгээе (1 Ёох. 3:17). Энэ мэтээр бусдад хайртайгаа баталбал Христийн хуулийг сахиж байна гэсэн үг.

13, 14. а) Ёохан 13:34, 35-д бичсэнээр, Есүс дагалдагчдадаа юу гэж тушаасан бэ? Энэ тушаал яагаад шинэ вэ? б) Шинэ тушаалыг хэрхэн биелүүлэх вэ?

13 Гуравдугаарт, Есүс дагалдагчдадаа амин хувиа бодохгүйгээр бусдыг хайрлахыг тушаасан (Ёохан 13:34, 35-ыг уншина). Энэ нь шинэ тушаал юм. Учир нь Мосегийн хуульд ийм тушаал байдаггүй. Есүс биднийг яаж хайрласан шиг бид итгэл нэгтнээ тийн хайрлах учиртай. Өөрөөр хэлбэл, тэдний эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавьж, шаардлага гарвал тэдний төлөө ямар нэгэн юмаа эсвэл амиа өгөхөд бэлэн байна гэсэн үг. Ийнхүү ах дүүгээ өөрөөсөө илүү хайрлах ёстой.

14 Сургамж: Шинэ тушаалыг хэрхэн биелүүлэх вэ? Товчхондоо бол, итгэл нэгтнүүдийнхээ төлөө ямар нэгэн юмаа золиослох хэрэгтэй. Тэднийхээ төлөө амиа өгөх зэргээр том юм золиослоход бэлэн байхаас гадна жижиг зүйлийг ч дуртайяа золиослох нь чухал. Жишээлбэл настай ах эгч нараа цуглаанд тогтмол хүргэж өгөх, хайртай хүнийхээ төлөө дуртай юмаа хойш нь тавих, амралтаа аваад гамшигт өртөгсдөд туслах зэрэг нь Христийн хуулийг сахиж буй хэрэг юм. Бас цуглааны танхимыг айх аюулгүй, амар тайван газар болгоход хувь нэмэр оруулж болно.

ШУДАРГА ЁСЫГ ХӨХИҮЛЭН ДЭМЖДЭГ ХУУЛЬ

15-17. а) Есүс шударга ёсыг эрхэмлэдгээ үйл хэргээрээ хэрхэн баталсан бэ? б) Бид Есүсийг хэрхэн дуурайх вэ?

15 Бурхны зөв гэж үздэг юмыг хийхдээ хоёр нүүр гаргахгүй байхыг Библид «шударга байх» гэж бичжээ. Христийн хууль шударга ёсыг хөхиүлэн дэмждэг гэж яагаад хэлж болох вэ?

Есүс эмэгтэйчүүдийг болон нийгэмд ад үзэгддэг хүмүүсийг хүндэлж, найрсаг ханддаг байсан (16-р догол мөрийг үзээрэй) *

16 Нэгдүгээрт, Есүс шударга ёсыг эрхэмлэдгээ үйл хэргээрээ баталсныг бодоод үз дээ. Тэр үед Иудейн шашны удирдагчид бусад үндэстнийг жигшдэг, боловсролгүй иудейчүүдийг ад үздэг, эмэгтэйчүүдийг хүндэлдэггүй байсан. Харин Есүс хоёр нүүр гаргалгүй шударга харьцдаг байв. Өөрт нь итгэдэг иудей биш хүмүүсийг ч дагалдагчаа болгосон (Мат. 8:​5–​10, 13). Баян, ядуу гэж ялгалгүй бүх хүнд дэлгэрүүлсэн (Мат. 11:5; Лук 19:2, 9). Эмэгтэйчүүдийг хэзээ ч доромжилж байгаагүй. Харин ч тэднийг хүндэлж, найрсаг ханддаг байв. Нийгмийн хог шаар мэт үзэгддэг хүмүүст ч мөн тэгж ханджээ (Лук 7:​37–​39, 44–​50).

17 Сургамж: Хэнтэй ч хоёр нүүр гаргалгүй харьцаж, сайн мэдээ сонсохыг хүссэн бүхэнд нийгмийн байдал, шашин шүтлэгээр нь ялгалгүй дэлгэрүүлцгээе. Гэрч эрчүүд ээ, эмэгтэй хүнийг хүндэлцгээе. Ийнхүү Есүсийг дуурайдаг бол Христийн хуулийг сахиж байгаа нь тэр.

18, 19. Шударга байх талаар Есүс юу заасан бэ? Бид юу ойлгох хэрэгтэй вэ?

18 Хоёрдугаарт, шударга байх талаар Есүс юу заасныг бодъё. Бусадтай харьцахдаа шударга байхад тус болох зарчмыг дагалдагчдадаа хэлж өгсөн. Жишээ нь Алтан дүрмийг аваад үзье (Мат. 7:12). Хүмүүс намайг алагчлахгүй байгаасай гэж бид бүгдээрээ хүсдэг шүү дээ. Тэгвэл бид өөрсдөө бусдыг алагчлах ёсгүй. Бид тэдэнд эрх тэгш хандвал тэд ч бидэнд эрх тэгш хандах биз ээ. Хүмүүс таныг ад үздэг бол яах вэ? Ехова Бурхан «өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах ... [хүмүүсийн] төлөө шударга шийдвэр» гаргана гэдэгт итгээрэй гэж Есүс хэлсэн (Лук 18:6, 7). Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд ямар бэрхшээл тохиолдохыг шударга Бурхан мэддэг учраас цаг нь болохоор та нарын төлөө шударга шийдвэр гаргана гэж амласнаас өөрцгүй (2 Тес. 1:6).

19 Сургамж: Бид Есүсийн хэлсэн зарчмыг баримталбал бусдыг алаг үзэхгүй. Хэрэв та Сатаны энэ ертөнцөд шударга бус явдлын золиос болж яваа бол Ехова таны төлөө шударга шийдвэр гаргах нь гарцаагүй. Тийм учраас тайван байгаарай.

ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮМҮҮС БУСДАД ХЭРХЭН ХАНДАХ ЁСТОЙ ВЭ?

20, 21. а) Эрх мэдэлтэй хүмүүс бусдад хэрхэн хандах ёстой вэ? б) Амин хувиа бодохгүйгээр эхнэрээ хайрладаг нөхөр хүн ямар байдаг вэ? Аав хүн ямар байх ёстой вэ?

20 Христийн хуулийг сахих үүрэг бүхий эрх мэдэлтэй хүмүүс бусдад хэрхэн хандах ёстой вэ? Энэ хуулийн үндэс нь хайр учраас тэд удирдлага дор байдаг хүмүүсээ хүндэлж, хайрлах ёстой. Юу ч хийсэн хайрандаа хөтлөгдөөсэй гэж Христ хүсдэгийг санах хэрэгтэй.

21 Гэр бүлд. «Христ хурлыг хайрладаг» шиг нөхөр нь эхнэрээ хайрлах ёстой (Эф. 5:25, 28, 29). Эхнэрийнхээ хэрэгцээ шаардлага, эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг бол амин хувиа бодохгүйгээр бусдыг хайрладаг Христийг дуурайж байна гэсэн үг. Зарим эрчүүдэд энэ нь амаргүй байдаг. Яагаад гэвэл тэд хүйтэн хөндий харьцаатай, алагчлах үзэлтэй хүмүүсийн дунд өсөж хүмүүжсэн байж болох юм. Муу зуршлаасаа салахад амаргүй ч Христийн хуулийг сахихын тулд заавал өөрчлөгдөх шаардлагатай. Амин хувиа бодохгүйгээр эхнэрээ хайрладаг нөхрөө эхнэр нь хүндэлдэг. Аав нь хүүхдэдээ үнэхээр хайртай бол хэзээ ч муухай үг хэлэхгүй, муу юм хийхгүй (Эф. 4:31). Харин хайрлан энхрийлж, магтан сайшаана. Ингэвэл хүүхэд нь айж түгшихгүй, амар тайван байна, аавыгаа хайрлана, аавдаа итгэж найдна.

22. 1 Петр 5:1–3-т бичсэнийг үзвэл, «хоньд» хэний мэдлийнх вэ? Тэдэнд хэрхэн хандах ёстой вэ?

22 Хуралд. «Хоньд» бол өөрсдийнх нь мэдлийнх биш гэдгийг ахлагчид санах ёстой (Ёох. 10:16; 1 Петр 5:1–3-ыг уншина). «Бурхны сүрэг», «Бурхны таалалд нийцүүлэн», «Бурхны эзэмшил» гэх зэргээр бичсэн нь хоньд бол Еховагийнх гэдгийг ахлагчдад сануулж байна. Хоньдод минь санаа тавьж, хайрлан халамжлаарай гэж Ехова ахлагчдад уриалдаг (1 Тес. 2:7, 8). Хоньчны үүргээ биелүүлэхдээ хайрандаа хөтлөгддөг ахлагчдыг Ехова сайшааж, итгэл нэгтнүүд нь хайрлан хүндэлдэг.

23, 24. а) Хурлын гишүүн ноцтой нүгэл үйлдвэл ахлагчид яах вэ? б) Ахлагчид ямар асуултыг бодож үздэг вэ?

23 Хурлын гишүүн ноцтой нүгэл үйлдвэл ахлагчид яах вэ? Тэдний үүрэг Мосегийн хуулийг сахидаг байсан шүүгчид, ахмадуудынхаас ялгаатай. Мосегийн хуулиар бол хариуцлагатай үүрэг бүхий эрчүүд шүтлэгтэй холбоотой асуудлыг төдийгүй эрүүгийн хэргийг ч шүүн шийдвэрлэх эрхтэй байжээ. Харин Христийн хуулиар бол ахлагчид нүгэл үйлдсэн хүний шүтлэгтэй холбоотой асуудлыг л шийдвэрлэдэг. Иргэний болон эрүүгийн хэргийг шүүж, торгууль ногдуулах, шоронд хорих зэргээр шийтгэх эрхийг Ехова төр засгийн эрх мэдэлтнүүдэд өгсөн (Ром 13:​1–​4).

24 Ахлагчид нүгэл үйлдсэн хүний шүтлэгтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Судрыг үндэс болгон хэргийг шалгаж, шийдвэр гаргана. Христийн хуулийн үндэс нь хайр гэдгийг санаж явдаг учраас ахлагчид хайрын үүднээс дараах асуултыг бодож үзнэ. «Хохирсон хүмүүст хэрхэн туслах вэ? Ноцтой нүгэл үйлдсэн этгээд гэмшиж байна уу? Еховатай дахин дотносоход нь бид тусалж чадах уу?».

25. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

25 Бидэнд Христийн хууль байдаг нь ямар их завшаан бэ! Энэ хуулийг биелүүлэх гэж бүгдээрээ хичээвэл хурлаа хайр бялхсан, амар тайван, аюулгүй газар болгоход хувь нэмэр оруулна. Гэхдээ бидний амьдарч буй ертөнцөд «муу хүмүүс» олон байгаа бөгөөд тэд «улам бүр дордож» байна (2 Тим. 3:13). Тиймээс цаг ямагт сэрэмжтэй байх ёстой. Хэрэв хуралд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гарвал Бурхны шударга ёсыг хэрхэн баримтлах вэ? Дараагийн өгүүллээс энэ асуултын хариуг авъя.

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

^ д/м 5 Ехова бол хайр ба шударга ёсыг эрхэмлэдэг Бурхан гэдэгт итгэх хэрэгтэйн учрыг бид цуврал өгүүллээр ярилцаж байгаа билээ. Цувралын 2 дугаар хэсэг нь энэ өгүүлэл бөгөөд дараагийн хоёр өгүүлэл үргэлжлэл нь юм. Өөрийнх нь үйлчлэгчдэд шударга хандаасай гэж Ехова хүсдэг. Ад үзэгдэж, шударга бус явдлын золиос болж явсан үйлчлэгчдээ тэрээр тайвшруулдаг.

^ д/м 1 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2019 оны 2-р сарын дугаараас «Хайр ба шударга ёс—​эртний Израйлд» гэсэн өгүүллийг үзнэ үү.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ганц хүүгээ алдсан бэлэвсэн эмэгтэйг Есүс өрөвдөж байна. Тэгээд хүүг нь амилуулдаг.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс Симон гэдэг фарисайн гэрт зоог барьж байна. Янхан бололтой нэгэн эмэгтэй Есүсийн хөлийг нулимсаараа угааж, үсээрээ арчаад, тослоход Симон дургүйцэж, Есүс өмөөрч байна.