Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 26

Зовж шаналсан нэгэндээ тусалъя

Зовж шаналсан нэгэндээ тусалъя

«Та нар бүгдээрээ эв нэгдэлтэй, бие биеэ гэсэн сэтгэлтэй, ах дүү шигээ хайрладаг, өрөвч энэрэнгүй, даруу бай» (1 ПЕТР 3:8).

ДУУ 50 Хайрын Бурхныг дууриая

ТОЙМ *

1. Хайр халамжтай Эцэг Еховагаа хэрхэн дуурайх вэ?

ЕХОВА бидэнд маш их хайртай (Ёох. 3:16). Бид хайр халамжтай Эцгээ дуурайхыг хүсдэг учраас бүх хүнийг, ялангуяа итгэл нэгтнүүдээ «ах дүү шигээ хайрладаг, өрөвч энэрэнгүй» байхыг хүсдэг (1 Петр 3:8; Гал. 6:10). Бэлгэдлийн гэр бүлийн маань гишүүд зовж шаналбал туслахыг хичээдэг.

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Еховагийн гэр бүлд багтахыг хүсдэг хэн боловч сэтгэл зовоосон асуудлаас ангид байна гэж бодож болохгүй (Марк 10:29, 30). Энэ тогтолцооны төгсгөл ойртохын хэрээр бүр ч их зовлон туулах биз ээ. Бие биедээ хэрхэн туслах вэ? Лот Иов Наоми нарын түүхээс юу ойлгох хэрэгтэй вэ? Өнөө үед итгэл нэгтнүүд маань ямар зовлон амсдаг вэ? Бэрхшээлээ давахад нь хэрхэн туслах вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээс мэдэж авъя.

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙГААРАЙ

3. 2 Петр 2:7, 8-ыг үзвэл, Лот ямар буруу шийдвэр гаргасан бэ? Үр дүн нь юу байсан бэ?

3 Лот садар самуун явдлын далайд живсэн Содом хотод амьдрахаар шийдcэн нь буруу байлаа (2 Петр 2:7, 8-ыг уншина). Содом нь амьдрахад таатай, хөгжин цэцэглэсэн хот байсан ч Лот тэнд очоод их зовлон амсжээ (Эх. 13:8–13; 14:12). Эхнэр нь хотод эсвэл тэндхийн хүмүүст сэтгэл хоргодсон бололтой. Үүний улмаас Еховад дуулгаваргүй загнасан. Бурхан тэр нутагт гал, хүхрийг бороо мэт оруулах тэр үеэр Лотын эхнэр амиа алджээ. Хоёр охиныг нь бодоод үз дээ. Сүйт залуус нь Содомд үхэж үрэгдсэн. Лот гэр орон, эд хөрөнгөө алдсан. Гэхдээ хамгийн харамсалтай нь эхнэрээ алджээ (Эх. 19:12–14, 17, 26). Ийм үед Ехова яасан бэ?

Өрөвч сэтгэлтэй Ехова Лотынхныг авруулахаар тэнгэрийн элчүүдээ илгээжээ (4-р догол мөрийг үзээрэй)

4. Ехова Лотыг хэрхэн тэвчсэн бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

4 Лот өөрийн буруугаас болж зовсон ч Ехова түүнийг өрөвдөн, гэрийнхэнтэй нь хамт аврахын тулд тэнгэрийн элчүүдээ явуулжээ. Уг нь Лот тэдний үгэнд шууд орж Содомоос яаралтай явах ёстой байсан ч «тээнэгэлзсэн». Тэгэхээр нь тэнгэрийн элчүүд Лотын болон эхнэр хүүхдийнх нь гараас зуурч аваад хотоос гаргажээ (Эх. 19:15, 16). Дараа нь уул руу зугтахыг зөвлөв. Харин Лот Еховагийн үгийг дагахын оронд ойрхон байгаа хотод очъё гэж гуйлаа (Эх. 19:17–20). Ехова тэвчээр алдалгүй сонсож тэр хот руу явахыг нь зөвшөөрсөн. Гэвч тэнд амьдрах нь аймаар санагдсан тул Лот Еховагийн хэлж байсан нөгөө уул руу явахаас өөр аргагүйд хүрчээ (Эх. 19:30). Ехова үнэхээр тэвчээртэй байгаа биз! Бид хэрхэн дуурайх вэ?

5, 6. 1 Тесалоник 5:14-т бичсэнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

5 Бэлгэдлийн гэр бүлийн маань гишүүн Лотын нэгэн адил, буруу шийдвэр гаргаж өөртөө гай тарьж болох юм. Тийм юм болбол та яах вэ? Юу тарьснаа хурааж авч байгаа чинь энэ дээ гэж шулуухан хэлэх үү? (Гал. 6:7). Үүний оронд Ехова Лотод тусалсан шиг, тэр хүнд туслах нь дээргүй юү? Яаж туслах вэ?

6 Ехова Лотыг аюулаас сэрэмжлүүлээд зогсохгүй Содомоос зугтахад нь туслах гэж тэнгэрийн элчүүдээ явуулсан. Үүнтэй адил, бид итгэл нэгтнээ буруу юм хийж өөртөө гай тарих гэж байгааг мэдсэн бол анхааруулаад зогсохгүй туслах хэрэгтэй. Тэр хүн Библид үндэслэсэн зөвлөгөөг хүлээж авахдаа хойрго байвал яах вэ? Тэвчээртэй байгаарай. Шантраад тэр хүнээс холдож хөндийрөхийн оронд хоёр тэнгэрийн элчийг дуурайн туслах арга зам хайгаарай (1 Ёох. 3:18). Зүйрлэн хэлбэл, гараас нь зуурах хэрэг гарч магадгүй. Бас авсан зөвлөгөөгөө дагахад нь туслах шаардлага гарч мэднэ (1 Тесалоник 5:14-ийг уншина).

7. Еховаг хэрхэн дуурайх вэ?

7 Ехова Лотын алдааг голлон анхаараагүй. Тийм учраас түүнийг шударга сайн хүн гэж хожим нь элч Петрээр бичүүлжээ. Ехова бидний алдааг уучилдаг гэхээр ямар сайхан юм бэ! (Дуу. 130:3). Харин бид Еховаг дуурайж чадах болов уу? Итгэл нэгтнийхээ сайн талыг л анхаараад байвал тэвчиж чадна. Тэгвэл тэд ч бидний тусламжийг дуртайяа авах биз ээ.

ӨРӨВЧ БАЙГААРАЙ

8. Яавал бусдыг өрөвдөх вэ?

8 Лот өөрийнхөө буруугаас болоод зовсон бол, Иов буруугүй хэр нь маш их зовлон туулсан. Эд хөрөнгө, нийгэмд эзлэх байр суурь, эрүүл мэнд, хамгийн хэцүү нь бүх хүүхдээ алдсан. Бас хуурамч гурван найз нь түүнийг буруутгасан. Тэр гурав Иовыг яагаад өрөвдөөгүй вэ? Нэг шалтгаан нь, Иовд ямар хэцүү байгааг ойлгоё гэж бодоогүй. Тийм учраас Иовыг буруу дүгнэж, хайр найргүй шүүмжилж гарчээ. Ийм алдаа гаргахгүйн тулд яах вэ? Тухайн хүний талаарх бүх зүйлийг Ехова л ганцаараа мэдэж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зовж шаналж буй хүнийг сайн сонсоорой. Үгийг нь сонсохоос гадна зовлонг нь мэдрэхийг хичээгээрэй. Тэгсэн цагт л итгэл нэгтнээ чин сэтгэлээсээ өрөвдөнө.

9. Хүнийг өрөвдвөл юунаас зайлсхийх вэ? Яагаад?

9 Хэрэв бид бусдыг өрөвдвөл бэрхшээлийнх нь талаар улс амьтанд ярьж хов жив тараахгүй. Хов зөөвөл хурлын гишүүдийг урамшуулан зоригжуулахгүй, харин ч хагалан бутаргана (Сур. 20:19; Ром 14:19). Үгээ бодож ярилгүй цэвдэг сэтгэл гаргавал зовж буй нэгнээ улам шархлуулна (Сур. 12:18; Эф. 4:31, 32). Хүний сайн талыг харж, зовлонгоо давахад нь туслах шиг сайхан юм хаа байх вэ!

Итгэл нэгтэн тань болчимгүй үг хэлбэл тэвчээртэй сонсоод цагийг нь олж тайвшруулаарай (10, 11-р догол мөрийг үзээрэй) *

10. Иов 6:2, 3-аас юу ойлгож болох вэ?

10 Иов 6:2, 3-ыг уншина. Иов «яаруу» буюу болчимгүй үг хэлсэн удаатай. Гэхдээ хожим нь «Хэлснээсээ буцъя» гэсэн (Иов 42:6). Өнөөдөр ч бас стрессээс болоод Иов шиг болчимгүй үг хэлчихээд хожим нь харамсдаг хүн бий. Тийм үед бид яах хэрэгтэй вэ? Шүүмжлэхийн оронд өрөвдөөрэй. Ехова бидний хэнийг ч зовж шаналаасай гэж хүсдэггүйг бүү мартаарай. Еховагийн үнэнч үйлчлэгч стресст орсноосоо болоод болчимгүй үг хэлчихвэл гайхах хэрэггүй. Еховагийн талаар, бидний талаар буруу зөрүү юм яривал уурлах юм уу шүүмжлэх хэрэггүй (Сур. 19:11).

11. Ахлагчид Елихуг хэрхэн дуурайх вэ?

11 Сэтгэл зовоосон хэцүү асуудлыг тэвчиж яваа хүнийг засаж залруулахын тулд зөвлөгөө өгөх шаардлага гардаг (Гал. 6:1). Ахлагчид ийм үед яах хэрэгтэй вэ? Иовыг ихэд өрөвдөн, яриаг нь анхааралтай сонссон Елихуг дуурайх нь зүйтэй (Иов 33:6, 7). Елиху Иовын ямар бодолтой явдгийг ойлгосныхоо дараа л зөвлөгөө өгсөн. Ахлагчид Елихуг дуурайдаг бол тухайн хүнийг анхааралтай сонсож, нөхцөл байдлыг нь ойлгохыг хичээнэ. Тэгснийхээ дараа зөвлөгөө өгвөл дуртайяа дагах биз ээ.

СЭТГЭЛИЙГ НЬ ТАЙТГАРУУЛААРАЙ

12. Нөхөр болон хоёр хүү нь нас барахад Наоми яасан бэ?

12 Наоми Еховаг хайрладаг үнэнч эмэгтэй байв. Харин нөхөр, хоёр хүүгээ алдаад Наоми гэдэг нэрээ гашуун гэсэн утгатай «Мара» гэдэг нэрээр солихыг хүсжээ (Рут 1:3, 5, 20, 21). Наомиг зовж шаналж байх тэр хүнд үед бэр нь түүнээс холдоогүй. Рут хадам ээждээ туслаад зогсохгүй тайвшруулж тайтгаруулсан. Энгийн, чин сэтгэлийн үгээр хайраа илэрхийлж, өмөг түшиг болж байв (Рут 1:16, 17).

13. Ханиасаа хагацсан хүмүүсийг яагаад тайвшруулах хэрэгтэй вэ?

13 Ханиа алдсан итгэл нэгтэнд маань тус дэм хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёрыг зэрэгцэж ургасан хоёр модтой зүйрлэж болох юм. Тийм хоёр модны үндэснүүд сүлжилдэн ургадаг. Нэг нь үндсээрээ булгарахад нөгөөд нь муугаар нөлөөлдөг. Үүнтэй адил, насны ханиа үхэл гэгч дайсанд алдсан хүний сэтгэл удаан хугацаагаар хямардаг. Пола * гэдэг эмэгтэй нөхрөө гэнэт алджээ. Тэрээр: «Амьдрал орвонгоороо эргэж, би гэдэг хүн үхээнц амьтан болсон. Хамгийн сайн найзыгаа алдчихсан. Би нөхөртөө хамаг юмаа ярьдаг байв. Миний нөхөр баярлахад минь баярлаж, зовоход минь түшиг болж, зовлонгоо ярихад чих тавин сонсдог байж билээ. Биеийн минь тал үгүй болчих шиг л санагдсан» гэж ярьжээ.

Бэлэвсэрсэн хүнд яаж дэм болох вэ? (14, 15-р догол мөрийг үзээрэй) *

14, 15. Бэлэвсэрч үлдсэн хүмүүсийг хэрхэн тайвшруулах вэ?

14 Бэлэвсэрч үлдээд уй гашуу болж яваа хүнийг хэрхэн тайвшруулах вэ? Юуны өмнө, тэр хүнтэй ярих хэрэгтэй. Ярихаасаа санаа зовох юм уу эсвэл юу ярихаа мэдэхгүй байсан ч заавал яриарай. Дээр дурдсан Пола: «Хагацал үзэж байгаа хүнд буруу зөрүү яриад гомдоочих вий гэж эмээдэг хүмүүс байдаг. Гэхдээ таг дуугүй байснаас эв хавгүй ч гэсэн ямар нэгэн юм ярих нь дээр» гэсэн юм. Гашуудаж буй хүн биднээс мэргэн цэцэн үг сонсоно гэж хүсэхгүй нь лав. «Найзууд маань надад “Хэцүү юм боллоо доо” гэж хэлэхэд л сэтгэл тайвширч байсан» гэж Пола ярьсан юм.

15 Виллиамын эхнэр хэдэн жилийн өмнө нас баржээ. «Хүмүүс эхнэрийг минь дурсаж ярихаар сайхан санагддаг. Бусдын хайр, хүндэтгэлийг хүлээж явжээ гэж боддог. Энэ бол маш том тусламж юм. Би тэдний ярихыг сонсоод их тайвширдаг. Яагаад гэвэл эхнэр минь наддаа эрхэм хүн, насан туршийн минь хань байсан» гэж Виллиам ярьсан юм. Бианка гэдэг бэлэвсэн эмэгтэй: «Хүмүүс надтай цуг залбирч, ганц хоёр Библийн зүйл уншиж өгөхөд л тайвширдаг. Нөхрийг минь дурсаж ярихаар сайхан байдаг. Бас нөхрийнхөө тухай ярихыг минь анхаарч сонсож байгаа хүмүүсийг харахаар дотор минь онгойдог» гэжээ.

16. а) Итгэл нэгтэн маань бэлэвсэрвэл бид яах хэрэгтэй вэ? б) Яаков 1:27-д бичсэнээр, Ехова бидэнд ямар үүрэг оноосон бэ?

16 Рут Наомид өмөг түшиг болж байсан шиг, бид үхэл хагацал үзэж буй хүмүүст байнга дэм болох хэрэгтэй. Дээр дурдсан Пола: «Нөхрийг минь нас барсны дараа маш олон хүн манайд ирж, тусалж, тайтгаруулж байсан. Яваандаа тэр хүмүүсийн амьдрал хуучин янзаараа л үргэлжилсэн. Харин миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Хагацал үзсэн хүнд хэдэн сар, хэдэн жилийн турш тусалж тайвшруулах хэрэгтэйг ойлгох нь том тусламж болдог» гэж ярьжээ. Мэдээж хүн болгон адилгүй. Шинэ нөхцөлд хурдан дасдаг хүн байхад, заримд нь хайртай ханьтайгаа цуг хийж байсан бүх юм нь санагдаад хэцүү байдаг. Бүгд яг адилхан гашуудна гэж байхгүй шүү дээ. Бэлэвсэрч үлдсэн хүмүүст санаа тавих нэр төртэй үүргийг Ехова бидэнд оноосныг санаж явцгаая (Яаков 1:27-г уншина).

17. Ханьдаа хаягдсан хүмүүст яагаад тус дэм болох хэрэгтэй вэ?

17 Зарим хүн ханьдаа хаягдахаараа сэтгэлээр унаж, маш их зовж шаналдаг. Жойсын нөхөр өөр эмэгтэй рүү явчихжээ. Жойс: «Нөхөртөө хаягдахын зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй. Хэрэв нөхөр минь нас барсан бол би ингэж их шаналахгүй байсан байх. Осол юм уу өвчнөөс болоод аргагүйн эрхэнд салсан биш, өөрөө л яваад өгснийг нь бодохоор доромжлогдсон, гологдсон юм шиг санагдсан» гэжээ.

18. Ханьдаа хаягдсан хүмүүст хэрхэн туслах вэ?

18 Хань ижилдээ хаягдсан хүмүүст жаахан ч гэсэн дэм болбол тэднийг хайрладаг маань харагдана. Энэ л үед тэдэнд сайн найз хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй (Сур. 17:17). Найз нь гэдгээ хэрхэн батлах вэ? Гэртээ уриад жирийн хоолоор дайлж болно. Хамт зугаалж эсвэл дэлгэрүүлж болно. Хааяа гэр бүлийн хичээлдээ урьж болох юм. Ингэвэл Ехова баярлана. Учир нь Ехова «эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг» бөгөөд «бэлэвсний шүүгч [буюу хамгаалагч]» болдог (Дуу. 34:18; 68:5).

19. 1 Петр 3:8-д ямар уриалга байдаг вэ?

19 Удахгүй Бурхны Хаант төр дэлхийг захирахад бүх «зовлонгууд мартагдана». «Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл буух» тэр цагийг бид ямар их хүлээнэ вэ! (Ис. 65:16, 17). Харин одоо бие биеэ дэмжиж, бэлгэдлийн гэр бүлийнхээ гишүүдийг хайрладгаа үг яриа, үйл хэргээрээ баталж явцгаая (1 Петр 3:8-ыг уншина).

ДУУ 28 Шинэ дуу

^ д/м 5 Еховагийн үнэнч үйлчлэгч Лот Иов Наоми нар зовлонгоос ангид байгаагүй. Тэднээс юу сурч болохыг энэ өгүүллээр үзнэ. Мөн зовж шаналж буй итгэл нэгтнүүдээ тэвчиж, өрөвдөж, тайвшруулах нь яагаад чухал болохыг ярилцана.

^ д/м 13 Энэ өгүүлэлд гарсан нэрсийг өөрчлөв.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Уурандаа болчимгүй үг хэлж буй Гэрч эрэгтэйг ахлагч тэвчээртэй сонсож байна. Тайвширсных нь дараа ахлагч түүнд сайхан сэтгэлээр зөвлөгөө өгч байна.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Залуу хос, саяхан бэлэвсэрсэн Гэрч эрэгтэйтэй хамт эхнэрийнх нь тухай сайхан дурсамжийг нь хуваалцаж байна.