Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 25

Зовж шаналсан үедээ Еховад найдаарай

Зовж шаналсан үедээ Еховад найдаарай

«Миний сүнс шаналж байна» (1 САМ. 1:15).

ДУУ 51 Бид Еховад үнэнч

ТОЙМ *

1. Бид яагаад Есүсийн анхааруулгыг санаж явах учиртай вэ?

ЕСҮС эцсийн өдрүүдийн тухай зөгнөхдөө «Амьдралын төлөө санаа зовсноос болж зөв бодох чадвараа алдахгүйн тулд анхааралтай бай» гэжээ (Лук 21:34). Бид энэ анхааруулгыг санаж явах учиртай. Яагаад? Өнөө үед сэтгэл зовоосон асуудал хүн болгонд тохиолддог шүү дээ.

2. Итгэл нэгтнүүдэд маань сэтгэл зовоосон ямар бэрхшээл учирдаг вэ?

2 Заримдаа бидэнд олон янзын бэрхшээл ар араасаа тохиолддог. Жишээ авъя. Мэдрэлийн үрэвслээс болж шаналж яваа Жон гэдэг Гэрчийг * 19 жил ханилсан эхнэр нь хаячихав. Жон сэтгэлээр унаад яахаа ч мэдэхгүй болжээ. Энэ үед хоёр охин нь Еховад үйлчлэхээ больсон байна. Харин Боб Линда гэдэг гэр бүлийн хоёрт тохиолдсон зовлон арай өөр. Хоёулаа ажлаасаа халагдаж, дараа нь байрнаасаа гарахаас өөр аргагүй болжээ. Ядахад эхнэр Линда нь амь насанд халтай зүрхний өвчтэйгөө мэджээ. Бас дархлаа гэмтээдэг өвчин туссан байна.

3. Филиппой 4:6, 7-г үзвэл юунд итгэлтэй байж болох вэ?

3 Сэтгэл хямрахад ямар хэцүү байдгийг хайр халамжтай Эцэг, Бүтээгч Ехова мэддэг гэдэгт итгэлтэй байж болно. Тэрээр бэрхшээлээ давахад маань туслахад бэлэн байдаг (Филиппой 4:6, 7-г уншина). Янз бүрийн зовлон туулсан Бурхны үйлчлэгчдийн жишээ Библид бий. Хүнд бэрхийг даван туулахад нь Ехова тэдэнд хэрхэн тусалсныг ч бичиж үлдээжээ. Хэдэн жишээ үзье.

ЕЛИА—«БИДЭН ШИГ Л ХҮН»

4. Елиа ямар зовлон амссан бэ? Зовох бүрдээ яадаг байсан бэ?

4 Елиа бол цөвүүн цагт Еховад үйлчилсэн бөгөөд зовлон үзсэн зөнч юм. Израйлын түүхэнд бичигдсэн үнэнч бус хаадын нэг болох Ахаб Баал шүтэгч хорон санаат Иезебелийг хатнаа болгосныхоо дараа Баал шүтэх шүтлэгийг Израйлд дэлгэрүүлж, Еховагийн олон зөнчийг хороожээ. Харин Елиа зугтаж амжсан. Тэрээр Еховад найдаж байсны хүчинд аймшигт өлсгөлөнг гэтэлсэн билээ (Х.дээд 17:2–4, 14–16). Бас Баалын зөнчид болон сүсэгтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарах үедээ Еховад найдаж байжээ. Елиа Еховад үйлчлэхийг израйлчуудад уриалсан (Х.дээд 18:21–24, 36–38). Ийм хэцүү цагт Ехова хамгаалж, дэмждэгийг тэрээр олон удаа үзжээ.

Ехова Елиаг тэнхрүүлэхийн тулд тэнгэрийн элчээ илгээжээ (5, 6-р догол мөрийг үзээрэй) *

5, 6. Хаадын дээд 19:1–4-т бичсэнийг үзвэл, Елиагийн сэтгэл санаа ямар байсан бэ? Ехова түүнийг хайрладгаа хэрхэн баталсан бэ?

5 Хаадын дээд 19:1–4-ийг уншина. Гэвч Елиа Иезебел хатны сүрдүүлгээс айсан. Тэгээд алуулахгүйн тулд Беершеба руу зугтжээ. Сэтгэлээр унаснаас болж «үхэхийг хүсэмжлэв». Яагаад тэр вэ? Елиа бидэнтэй л адилхан төгс бус хүн байсан (Яак. 5:17). Сэтгэл нь хямарч, тамир тэнхээ нь тасарсан байх. Цэвэр шүтлэгийг дэлгэрүүлэх гэсэн хамаг хичээл зүтгэл минь талаар боллоо, сайжирч дээрдсэн юм Израйлд алга, би л ганцаараа Еховад үйлчилж байна гэж бодсон бололтой (Х.дээд 18:3, 4, 13; 19:10, 14). Ийм үнэнч зөнчид ингэж бодогддог л юм байх даа гэж зарим хүн бодож магадгүй. Харин Ехова Елиаг сайн ойлгож байлаа.

6 Елиаг хамаг юмаа ярихад нь Ехова зэмлээгүй. Харин ч хүчээ сэлбэхэд нь тусалсан (Х.дээд 19:5–7). Дараа нь сүр хүчээ Елиад үзүүлж, буруу бодож байгааг нь ойлгуулжээ. Эцэст нь Баалыг шүтэхээс татгалзсан 7 000 хүн Израйлд байгааг хэлж өгөв (Х.дээд 19:11–18). Елиаг хайрладгаа Ехова ийнхүү баталсан.

ЕХОВА БИДЭНД ТУСАЛНА

7. Ехова Елиад хэрхэн тусалсныг бодвол бид юунд итгэлтэй байж болох вэ?

7 Таны сэтгэл санаа хямраад хэцүү байна уу? Ехова Елиаг ойлгосныг бодохоор дотор уужирч байгаа биз? Биднийг ч бас ойлгоно гэсэн үг шүү дээ. Ехова бидний хэр чадлыг, тэр байтугай юу бодож, юунд эмзэглэж байгааг ч мэддэг (Дуу. 103:14; 139:3, 4). Бид Елиаг дуурайн Еховад найдах хэрэгтэй. Тэгвэл стрессийг даван туулахад Ехова тусална (Дуу. 55:22).

8. Стрессийг давахад Ехова хэрхэн туслах вэ?

8 Хүн стрессээс болоод гутарч, сэтгэлээр унах нь бий. Танд ийм юм тохиолдвол Ехова тусална гэдгийг санаарай. Ямар бэрхшээл тулгарч байгаа, сэтгэл санаа ямар байгаагаа хэлээсэй гэж Ехова танаас хүсэн хүлээдэг. Тусламж гуйн хашхирахыг тань сонсоод хариулна (Дуу. 5:3; 1 Петр 5:7). Бэрхшээлийнхээ талаар олон удаа залбираарай. Ехова Елиатай ярьсан шигээ шууд ярихгүй ч Үгээрээ, байгууллагаараа дамжуулан тантай ярина. Библид байдаг түүхийг уншвал тайвширч, итгэл найдвар төрнө. Түүнээс гадна, итгэл нэгтнүүд тань зоригжуулна (Ром 15:4; Евр. 10:24, 25).

9. Итгэл даах найз нөхөд хэрхэн туслах вэ?

9 Зарим үүргээ Елишад шилжүүлээрэй гэсэн зааврыг Ехова Елиад өгчээ. Ийнхүү үнэнч андыг хамгийн хэрэгтэй үед нь өгсөн. Елиаг сэтгэлээр унаад хэцүү байхад нь Елиша тус болж байсан нь эргэлзээгүй. Бид Елиаг дуурайж сэтгэлийн зовлонгоо найздаа яривал хүнд ачаанаас маань үүрэлцэх нь дамжиггүй (Х.дэд 2:2; Сур. 17:17). Харин итгэл даах найзгүй бол сэтгэл санааны тусламж үзүүлж чадах төлөвшсөн Гэрчийг олж өгөөч гэж Еховагаас гуйгаарай.

10. Елиад тохиолдсон явдал ямар найдвар төрүүлдэг вэ? Исаиа 40:28, 29-ийг уншвал юунд итгэлтэй байж болох вэ?

10 Елиад тохиолдсон явдлыг уншихлаар итгэл найдвар төрдөг. Ехова тусалсан учраас Елиа бэрхшээлээ давж олон жил үнэнч үйлчилсэн. Заримдаа стрессээс болоод бие суларч, тэнхээ барагддаг. Гэлээ ч Еховад найдвал тууштай үйлчлэх тэнхээтэй болно (Исаиа 40:28, 29-ийг уншина).

ХАННА ДАВИД «АСАФ» НАР ЕХОВАД НАЙДСАН НЬ

11-13. Бурхны эртний гурван үйлчлэгч стрессээс болоод яасан бэ?

11 Стресст орж байсан өөр олон хүний тухай Библид гардаг. Жишээ нь Ханна хүүсэр гэдгээсээ болж муу хэлүүлдэг байв. Бас нөхрийнх нь нөгөө эхнэр түүнийг байнга шоглож зовоодог байжээ (1 Сам. 1:2, 6). Ханна хэтэрхий их шаналж байсан учраас гуньж гутран, уйлж унжин, хоол ч идэх хүсэлгүй болжээ (1 Сам. 1:7, 10).

12 Давид хаан бас зовж шаналж байсан. Түүнд ямар хэцүү юм тохиолдож байсныг бодоод үз дээ. Янз бүрийн алдаа гаргаад өөрийгөө ихэд буруутган гуньж гутарч явсан (Дуу. 40:12). Хайртай хүү Абсалом нь тэрслэн босоод амиа алдсан (2 Сам. 15:13, 14; 18:33). Дотнын найз нь урвасан (2 Сам. 16:23—17:2; Дуу. 55:12–14). Давид гуньж гутарч явснаа, мөн Еховад бат итгэж найддагаа олон дуундаа өгүүлжээ (Дуу. 38:5–10; 94:17–19).

Еховад дахин баяр хөөртэй үйлчлэхэд нь дуулалчид юу тус болсон бэ? (13–15-р догол мөрийг үзээрэй) *

13 Муу хүмүүст атаархдаг болсон нэгэн дуулалчийн тухай Библид гардаг. «Бурханы ариун газарт» үйлчилдэг тэрээр Асаф гэдэг леви хүний үр сад байсан бололтой. Сэтгэл нь үймэрсэн энэ дуулалч баяр хөөрөө алдан, гансарч явдаг болжээ. Тэр байтугай Бурхны ивээлийг голж эхэлсэн (Дуу. 73:2–5, 7, 12–14, 16, 17, 21).

14, 15. Библид гардаг гурван хүнд тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?

14 Ехова тусална гэдэгт дээр дурдсан гурван үнэнч хүн итгэж байв. Шаргуу залбирч сэтгэлээ уудалсан. Юунаас болоод шаналж байгаагаа илэн далангүй хэлсэн. Шүтлэгийн газар очсоор байсан (1 Сам. 1:9, 10; Дуу. 55:22; 73:17; 122:1).

15 Ехова гурвууланг нь өрөвдөж, залбиралд нь хариулжээ. Ханна тайвширсан (1 Сам. 1:18). Давид: «Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг» гэж бичжээ (Дуу. 34:19). Ехова «баруун гараас [нь] барьж», хайрын сэтгэлээр зөвлөгөө өгөн удирдаж байсныг нөгөө дуулалч хожим нь ойлгожээ. Тэрээр: «Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон» хэмээн дуулсан байдаг (Дуу. 73:23, 24, 28). Эдгээр явдлаас юу ойлгож болох вэ? Заримдаа хэцүү асуудлаас болоод сэтгэл хямардаг. Үүнийг давахын тулд Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн тусалсныг эргэцүүлэн бодож, тусална гэсэн итгэлтэйгээр залбирч, хий гэснийг нь хийх хэрэгтэй (Дуу. 143:1, 4–8).

ЕХОВАД НАЙДАЖ, БЭРХШЭЭЛИЙГ ДАВААРАЙ

Гэрч эмэгтэй эхэндээ зожгорч байсан ч бусдад туслахын хэрээр сэтгэл нь уужирчээ (16, 17-р догол мөрийг үзээрэй)

16, 17. а) Яагаад зожгорох ёсгүй вэ? б) Яавал дахин эрч хүчтэй болох вэ?

16 Дээрх гурван жишээнээс нэг чухал зүйлийг ойлгож болно. Юу гэвэл, Еховагаас болон ард түмнээс нь хөндийрч болохгүй (Сур. 18:1). Нэнси гэдэг эмэгтэй нөхөртөө хаягдаад маш их шаналжээ. Тэрээр: «Хэнтэй ч уулзмааргүй, яримааргүй өдөр олон байсан. Гэхдээ зожгорох тусам улам л гуньж гутарч байсан» гэж ярьсан юм. Харин зовж буй хүмүүст туслахыг хичээдэг болсноос хойш бүх юм өөрчлөгджээ. Нэнси: «Хүмүүс надад зовлон бэрхшээлтэйгээ яаж тэмцэж байгаагаа ярихад нь би сонсдог байсан. Тэднийг өрөвдөх тусам өөрийгөө тэгтлээ их бодохоо больж байгаагаа анзаарсан» гэжээ.

17 Цуглаанд явбал дахин эрч хүчтэй болдог. Яагаад гэвэл Ехова тусалж, тайвшруулдгийг илүү их мэдэрдэг (Дуу. 86:17). Ехова агуу хүчээрээ, Үгээрээ, үйлчлэгчдээрээ биднийг зоригжуулж, хүч тэнхээ хайрладаг. Бид бас цуглаанд очоод бие биеийнхээ «итгэлээр урамшин зоригждог» (Ром 1:11, 12). София гэдэг Гэрч эмэгтэй: «Зовлонг тэвчихэд Ехова болон итгэл нэгтнүүд маань тусалсан. Миний хувьд хамгийн чухал зүйл нь цуглаан байсан. Дэлгэрүүлэх ажил, цуглаанд хэдийчинээ их оролцоно, бэрхшээлийг төдийчинээ амархан давж байсан» гэжээ.

18. Сэтгэлээр унасан үедээ юу санах хэрэгтэй вэ?

18 Сэтгэлээр унасан үедээ юу санах хэрэгтэй вэ? Бэрхшээлээ давахад Ехова одоо ч туслахад бэлэн байдаг төдийгүй санаа зовоодог бүхнийг ирээдүйд бүрмөсөн арилгана гэж амласныг санаж явцгаая. Ехова «хүсэл төрүүлдэг, хүч чадал хайрладаг» учраас бид урам зоригтой, итгэл найдвартай болж, бэрхшээлээ давж чадна (Флп. 2:13).

19. Ром 8:37–39-д элч Паул юуг батлан хэлсэн бэ?

19 Ром 8:37–39-ийг уншина. Бурхан биднийг хайрлахад юу ч саад болж чадахгүй гэж элч Паул батлан хэлсэн байна. Тэгвэл сэтгэлийн зовлонгоо давах гэж хичээж буй итгэл нэгтнүүддээ бид хэрхэн туслах вэ? Еховаг дуурайн тэднийг өрөвдөж, тус дэм болох хэрэгтэй. Энэ талаар дараагийн өгүүллээр дэлгэрэнгүй ярилцъя.

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

^ д/м 5 Хүн удаан хугацаагаар стресстэй явбал бие махбод, сэтгэл санаанд нь муугаар нөлөөлж болзошгүй. Зовж шаналсан үед Ехова бидэнд хэрхэн туслах вэ? Ехова Елиад хэрхэн тусалсныг энэ өгүүллээр ярилцана. Бас стресстэй үедээ Еховагаас тусламж гуйх хэрэгтэйг Библийн жишээнүүдээс мэдэж авна.

^ д/м 2 Нэрсийг өөрчлөв.

^ д/м 53 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Еховагийн тэнгэрийн элч Елиагийн биед зөөлөн хүрч сэрээгээд талх, ус өгч байна.

^ д/м 55 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Зохиосон дуугаа өөр нэгэн леви хүнтэй хамт дуулж байгаа энэ дуулалч Асафын удмынх бололтой.