Skip to content

Гарчиг руу орох

Есүс миний төлөө амиа өгсөн гэж үү?

Есүс миний төлөө амиа өгсөн гэж үү?

БИБЛИ «бидэн шиг л хүний» зүрх сэтгэлийн үгээр дүүрэн (Яак. 5:17). Жишээ нь Ром 7:21–24-т «Сайныг хийхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг ажээ ... Би ямар өрөвдөлтэй хүн бэ?» гэж Паулын бичсэнийг ойлгоход төвөггүй. Паул нарын үнэнч хүмүүст ч ийм сэтгэгдэл төрж байсныг мэдэхээр алдаа дутагдалтайгаа тэмцэж байгаа бид тайвширдаг.

Паул бас Галат 2:20-д сэтгэлээ илэрхийлэхдээ, Есүс «намайг хайрлаж, миний төлөө амиа өгсөн» хэмээн итгэлтэйгээр бичсэн. Та бас ингэж хэлэх үү? Хүн болгон тэгж бодохгүй л байх.

Та үйлдсэн нүглээсээ болоод өөрийгөө үнэлдэггүй бол Бурхан таныг хайрладаг, уучилдаг гэдэгт итгэх заримдаа амаргүй байдаг биз ээ. Бас золиос бол танд зориулсан бэлэг гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү байж болох юм. Есүсийн золиос хүн нэг бүрд зориулсан бэлэг мөн үү? Ийм үзэлтэй болоход юу тус болох вэ? Энэ хоёр асуултыг авч үзье.

ЕСҮС ЗОЛИОСОО ЮУ ГЭЖ ҮЗДЭГ ВЭ?

Хүн нэг бүрийн төлөө амиа зольсныг минь ойлгоосой гэж Есүс биднээс хүсдэг. Есүс миний төлөө амиа өгсөн гэдэгт нь яаж итгэх вэ? Лук 23:39–43-т бичсэнийг төсөөлье. Есүсийн хажууд шонд хадуулсан нэг эрэгтэй байна. Тэрээр буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Ийм шийтгэл авсныг нь бодохоор маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж таарна. Сэтгэл нь ихэд зовж байсан тэрээр: «Та Хаан болохлоороо намайг санаарай» хэмээн Есүсээс гуйлаа.

Тэгэхэд нь Есүс яасан бэ? Толгойгоо арайхийн эргүүлж түүний нүд рүү харж байгаа Есүсийг төсөөл дөө. Тэгээд өвчиндөө шаналж байсан ч инээмсэглэх аядсанаа «Өнөөдөр би батлан хэлье. Чи надтай хамт Диваажинд байх болно» гэж хэлээд хэрэгтнийг тайвшруулжээ. Есүс тэр хүнд «Хүний Хүү ... олны төлөө амиа золихоор ирсэн» гэж хэлж болох л байсан (Мат. 20:28). Гэвч тэгэхийн оронд, өөрийнх нь золиос яг тэр хүнд хамаатайг онцлон хэлснийг та анзаарав уу? «Чи», «надтай» гэдэг биеийн төлөөний үгийг эелдэг зөөлөн хэлсэн. Бас диваажин болсон дэлхий дээр амьдрахыг нь сануулсан.

Удахгүй өргөх тахил нь тэр хүнд ч ач тустайг ойлгоосой гэж бодсон нь лавтай. Бурханд үйлчлэх ямар ч боломжгүй байсан ялтанд Есүс ийм сэтгэл гаргасан юм бол, Бурханд үйлчилж байгаа баптисм хүртсэн Гэрчид бүр ч их санаа тавихгүй гэж үү? Бид урьд нь ноцтой нүгэл үйлдсэн байж болох юм. Гэлээ ч өөрийнхөө талаар өөдрөг бодолтой болохын тулд яах хэрэгтэй вэ?

ПАУЛ ЯАСАН БЭ?

Паул Есүсээс авсан дэлгэрүүлэх даалгаврынхаа ачаар золиосыг эрхэмлэх болжээ. Яагаад тэгж хэлж болох вэ? Тэрээр: «Надад хүч өгсөн Эзэн Есүс Христэд би талархдаг. Учир нь намайг итгэмжит хэмээн үзээд ариун ажилд томилсон юм. Урьд нь би доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн явсан» гэжээ (1 Тим. 1:12–14). Муу юм хийж байсан гэж гололгүй ийм даалгавар өгснийг нь бодоод өршөөж, хайрлаж, итгэл хүлээлгэж байгааг Паул ойлгосон. Есүс бидэнд бас итгэдэг учраас дэлгэрүүлэх даалгаврыг хүн нэг бүрд өгсөн (Мат. 28:19, 20). Танд тэгж санагддаг уу?

Хурлаас хасагдсанаасаа хойш 34 жилийн дараа Ехова руу буцаж ирсэн Алберт: «Би ямар нүгэл үйлдсэнээ мартаж чаддаггүй. Гэхдээ дэлгэрүүлэх үед элч Паулынх шиг сэтгэгдэл төрдөг. Есүс энэ даалгаврыг надад тусгайлан өгсөн гэж бодохоор сэтгэл сэргэж өөрийнхөө, амьдралынхаа, ирээдүйнхээ талаар өөдрөг бодолтой болдог» гэж ярьсан юм (Дуу. 51:3).

Ямар ч хүнтэй Библи судлахдаа Есүсийн өршөөл, хайрыг ойлгуулаарай

Үнэнийг мэдэхээс өмнөх Алланы амьдралыг гэмт хэрэг, хүчирхийлэл гэдэг үгээр тодорхойлж болно. Тэрээр: «Би хүмүүст ямар гай тарьж явснаа одоо ч боддог. Заримдаа үүнээсээ болоод сэтгэлээр унадаг. Гэлээ ч бусдад сайн мэдээ дэлгэрүүлэхийг гэмт хэрэгтэн байсан надад зөвшөөрсөн Еховадаа талархаж явдаг. Хүмүүс сайн мэдээнд яаж хандаж байгааг харахлаар Ехова үнэхээр сайн, халамжтай Бурхан гэдгийг санадаг. Муу юм хийдэг хүмүүст дэлгэрүүлэхийг Ехова надад даалгасан гэж боддог» гэсэн.

Бид дэлгэрүүлэхээрээ сайн юм хийж, сайн юм боддог. Есүс биднийг өршөөн нигүүлсэж, энэрч хайрлаад, итгэж найдаагүй бол ийм даалгавар өгөхгүй шүү дээ.

ЕХОВА БИДНИЙ ЗҮРХНЭЭС АГУУ

Сатаны бузар муу тогтолцоо устгагдсаны дараа л бид үйлдсэн нүглээсээ болж шаналахаа болих биз ээ. Энэ тэмцэлд ялахын тулд яах вэ?

Хүүхэд байхдаа хоёр нүүр гаргадаг байсандаа одоо ч өөрийгөө буруутгаж явдаг Жин гэдэг эмэгтэй: «“Бурхан бидний зүрхнээс агуу” гэдэг үгэнд би дуртай» гэсэн юм (1 Ёох. 3:19, 20). Нүгэлтэйг маань Ехова Есүс хоёр биднээс илүү сайн ойлгодог. Үүнийг мэдэхлээр хэний ч сэтгэл уужирдаг. Тэд төгс хүний төлөө бус, нүгэл үйлдсэндээ гэмшдэг хүний төлөө золиос өгснийг бүү мартаарай (1 Тим. 1:15).

Хэрэв бид залбирч, Есүс төгс бус хүмүүст хэрхэн ханддаг байсныг эргэцүүлэн бодвол, мөн даалгасан ажлыг нь хамаг чадлаараа хийгээд байвал золиос надад ач тустай гэдэгт дор бүрнээ итгэнэ. Ингэвэл Паулын нэгэн адил, Есүс «намайг хайрлаж, миний төлөө амиа өгсөн» гэж хэлнэ.