Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 31

«Бид шантардаггүй»!

«Бид шантардаггүй»!

«Тиймээс бид шантардаггүй» (2 КОР. 4:16).

ДУУ 24 Шагналаа харж явъя!

ТОЙМ *

1. Амийн төлөөх уралдаанд оролцдог бид барианд орохын тулд яах ёстой вэ?

ХРИСТИЙН дагалдагчид амийн төлөөх уралдаанд оролцдог. Дөнгөж саяхнаас гүйж эхэлсэн хүн ч, энэ уралдаанд оролцоод олон жил болсон хүн ч барианд ортлоо гүйгээд л байх шаардлагатай. Филиппой дахь дагалдагчдад өгсөн элч Паулын зөвлөгөөг анхаарвал эцсээ хүртэл гүйх урам зориг бадарна. Тэдний зарим нь Паулаас захидал авах үедээ Еховад үйлчлээд олон жил болсон байв. I зууны тэр дагалдагчид сайн «гүйж» байсан хэдий ч тэвчээртэй гүйх хэрэгтэйг Паул сануулжээ. Өөрийг нь дуурайн зорилгодоо хүрэх гэж «тэмүүлдэг» байгаасай гэж хүсжээ (Флп. 3:14).

2. Паул Филиппой дахь дагалдагчдад хэрэгтэй үед нь зөвлөгөө өгсөн гэхийн учир юу вэ?

2 Паул Филиппой дахь дагалдагчдад хэрэгтэй үед нь зөвлөгөө өгчээ. Тэндхийн хурал бий болсон цагаасаа л хавчлага, эсэргүүцэлд өртсөн. Паул Силас хоёр «Македонд ирээч» гэсэн Бурхны урилгаар явж байхдаа МЭ 50 оны үед Филиппойд очиж сайн мэдээ дэлгэрүүлжээ (Үйлс 16:9). Тэнд Лудиа гэдэг эмэгтэйтэй тааралдав. «Ехова туслахад Лудиа Паулын хэлснийг хүлээн авчээ» (Үйлс 16:14). Тэгээд удалгүй гэрийнхэнтэйгээ хамт баптисм хүртсэн. Диавол энэ бүхнийг зүгээр хараад суугаагүй нь ойлгомжтой. Хотын эрчүүд Паул Силас хоёрыг захирагчид руу аваачиж, үймээн дэгдээсэн гэж гүтгэжээ. Үүний улмаас тэр хоёрыг ташуурдаад, шоронд хийсэн бөгөөд дараа нь хотоос явахыг гуйсан (Үйлс 16:16–40). Паул Силас хоёр шантарсан уу? Огт үгүй! Шинэхэн байгуулагдсан хурлын гишүүд яасан бол? Тэвчээртэй байсан тэднийг магтууштай! Тэд Паул Силас хоёрыг хараад зоригжсон нь эргэлзээгүй.

3. Паул юу ойлгосон бэ? Ямар асуултуудыг авч үзэх вэ?

3 Паул бууж өгөхгүй байхаар шийджээ (2 Кор. 4:16). Тэрээр барианд орохын тулд зорилгоо байнга анхаарах ёстойгоо ойлгож байв. Паулаас юу сурах вэ? Аливаа саадыг даваад тэвчээртэй гүйж болдгийг харуулах орчин үеийн ямар жишээ байдаг вэ? Ирээдүйн найдвараа анхаарах нь ямар ач тустай вэ?

ПАУЛЫН ЖИШЭЭ БИДЭНД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

4. Паул нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр хэрхэн зав чөлөөгүй үйлчилсэн бэ?

4 Паул Филиппой дахь дагалдагчдад захидал бичих үедээ Ромд гэрийн хорионд байв. Гадагш гараад чөлөөтэй дэлгэрүүлэх боломжгүй ч хамаг хүчээ дайчилжээ. Өөр дээр нь ирсэн хүмүүст дэлгэрүүлэх, хурлуудад захидал бичих зэргээр зав чөлөөгүй ажилласан. Гадагш гарч чаддаггүй өнөөгийн Гэрчүүд ч гэрт нь ирсэн хүн бүрд сайн мэдээ дэлгэрүүлэхийг хичээдэг. Бас бусад дэлгэрүүлэгчтэй тааралддаггүй хүмүүст зориулж итгэл найдвар төрүүлэм захиа бичдэг.

5. Филиппой 3:12–14-т бичсэнийг үзвэл, Паул яагаад зорилгоо байнга анхаарч чадсан бэ?

5 Урьдын ололт амжилт, алдаа дутагдлаас болж Паулын анхаарал сарниагүй. «Урдах зүйлс рүүгээ зүтгэн тэмүүлэх» буюу барианд оръё гэвэл «ард үлдсэнийг мартах» хэрэгтэй гэж тэрээр хэлжээ (Филиппой 3:12–14-ийг уншина). Юунаас болж Паулын анхаарал сарниж болох байсан бэ? Нэгдүгээрт, тэрээр иудейн шашинтан байхдаа гялалзсан амжилт гаргаж явжээ. Гэсэн ч үүнийгээ «хог гэж үзсэн» (Флп. 3:3–8). Хоёрдугаарт, Христийн дагалдагчдыг хавчиж явсан гэж өөрийгөө хэтэрхий их буруутгалгүй Бурхандаа үйлчилсээр байсан. Гуравдугаарт, Еховад хангалттай үйлчиллээ, одоо боллоо гэж бодоогүй. Шоронд хоригдож, жанчуулж, чулуугаар цохиулж, усан онгоцны сүйрэлд өртөж, хоол ундаар дутаж, өмсөх юмгүй болж байсан ч Бурхныхаа төлөө маш их зүтгэл гаргажээ (2 Кор. 11:23–27). Паул амжилт олсон ч, алдаж эндсэн ч урагшаа явах ёстойгоо мэдэж байв. Бид бас тийм байх ёстой.

6. Мартах ёстой «ард үлдсэн» зүйл гэж юу вэ?

6 Бид яавал «ард үлдсэнийг мартаж» чадсан Паул шиг болох вэ? Зарим маань нүгэл үйлдсэндээ шаналж өөрийгөө буруутгадаг байж болох юм. Та тэдний нэг бол Христийн золиосны талаар судалбал ямар вэ? Урам сэргээм ийм сэдвийг судалж, эргэцүүлэн бодоод, залбирвал өөрийгөө хэтэрхий их буруутгахаа больж магадгүй. Бас Ехова уучилсан байхад өөрийгөө буруутгаад байдаг дутагдлаасаа салж болох юм. Паулаас, өөр юу сурах вэ? Зарим хүн Хаант төрийг эн тэргүүнд тавих гээд өндөр цалинтай ажлаасаа гардаг. Та бас тэгсэн бол «ард үлдсэн» зүйлээ мартсан уу эсвэл санагалзаад байна уу? (Тоол. 11:4–6; Ном. 7:10). «Ард үлдсэн» зүйл гэдэгт Еховагийн төлөө хийж бүтээсэн бүхэн эсвэл даван туулсан бэрхшээл ч орно. Тэр үед Ехова хэрхэн ивээж, дэмжсэнийг эргэн санах нь мэдээж буруу биш. Харин ч тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносно. Гэхдээ одоо боллоо гэж бодоод сэтгэл ханах учиргүй (1 Кор. 15:58).

Бид амийн төлөөх уралдаанд оролцдог учир өөр юманд сатаарах ёсгүй (7-р догол мөрийг үзээрэй)

7. 1 Коринт 9:24–27-д бичсэнээр, амийн төлөөх тэмцээнд түрүүлье гэвэл яах хэрэгтэй вэ? Жишээгээр тайлбарлана уу.

7 Есүс: «Хамаг хүчээ дайчил» гэж хэлсэн байдаг. Үүнийг Паул сайн ойлгожээ (Лук 13:23, 24). Тэрээр Христийг дуурайн хүчээ бүрэн дайчлах ёстойгоо мэдэж байсан. Тийм учраас Христийн дагалдагчийг гүйлтийн тэмцээнд оролцож буй тамирчинтай зүйрлэжээ (1 Коринт 9:24–27-г уншина). Тийм тамирчин барианаас өөр юмыг анхаардаггүй. Жишээ нь марафон гүйлтэд оролцож буй тамирчид дэлгүүр хоршоо гээд анхаарал сарниулах зүйл ихтэй гудамжаар гүйж болох юм. Тэд дэлгүүрийн шилэн хоргонд тавьсан барааг сонирхох гээд зогсох уу? Тэмцээнд түрүүлье гэвэл хэзээ ч тэгэхгүй! Үүнтэй адил, амийн төлөөх уралдаанд оролцож буй бид янз бүрийн юманд сатаарах учиргүй. Зорилгоо цаг ямагт анхаарч, хамаг хүчээ дайчилсан Паулыг дуурайвал шагнал авах нь дамжиггүй!

ИТГЭЛ СОРИГДОХОД

8. Ямар гурван зүйлийн тухай ярилцах вэ?

8 Сэтгэлээр унагаж идэвх сулруулдаг гурван зүйлийг, тухайлбал хүсэл биелэхгүй байх, тамир тэнхээ муудах, зовлон дуусахгүй байх тухай ярилцъя. Ийм бэрхшээлийг давсан хүмүүсийн талаар судлах нь тустай (Флп. 3:17).

9. Хүсэл биелэхгүй бол яаж магадгүй вэ?

9 Хүсэл биелэхгүй байх. Еховагийн амлалт биелээсэй гэж хүсэх нь зүйн хэрэг. Зөнч Хабаккук Иудад болж буй муу муухай явдлыг хурдан дуусгаач гэж Еховагаас гуйжээ. Тэгэхэд нь Ехова: «Хүлээгтүн» хэмээн зөвлөсөн (Хаб. 2:3). Хүсэн хүлээж байсан зүйл маань болохгүй удаад байгаа юм шиг санагдвал гонсойж мэднэ. Тэр бүү хэл, цөхрөнгөө барж магадгүй (Сур. 13:12). ХХ зууны эхээр яг ийм явдал тохиолдсон юм. Тослогдсон олон дагалдагч 1914 онд тэнгэрийн шагналаа авна гээд хүлээж байсан. Гэвч хүсэл нь биелээгүй. Үнэнч тослогдогсод энэ хэцүү үеийг хэрхэн давсан бол?

Роял Пөрл хоёрын хүсэл 1914 онд биелээгүй. Гэхдээ тэд Еховад олон жил үнэнч үйлчилсэн (10-р догол мөрийг үзээрэй)

10. Хүсэн хүлээсэн үйл явдал нь болоогүй ч эхнэр нөхөр хоёр яасан бэ?

10 Тийм саадыг давсан хоёр үнэнч хүний тухай ярилцъя. Роял Спац ах 1908 онд 20-тойдоо баптисм хүртжээ. Тэнгэрийн шагналаа тун удахгүй авна гээд итгэл төгс хүлээж байв. 1911 онд Пөрл гэдэг бүсгүйд гэрлэх санал тавихдаа «1914 онд юу болох гэж байгааг чи мэднэ. Тиймээс хоёулаа хурдхан л гэрлэе!» гэжээ. Роял Пөрл хоёр 1914 онд тэнгэрийн шагналаа аваагүйдээ гутраад амийн төлөөх уралдааны замаас гарсан болов уу? Үгүй, гараагүй. Учир нь тэд шагнал авахыг биш, Бурханд үнэнч байж хүсэл таалалд нь нийцүүлэхийг голлон анхаарч байсан. Тийм учраас тэвчээртэй гүйхээр шийджээ. Үнэхээр ч дэлхийд амьдрах хугацаандаа үнэнч, идэвхтэй үйлчилсэн юм. Ехова нэрээ ариусгаж, хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөж, амласан бүхнээ биелүүлэх тэр цагийг та сэтгэл догдлон хүлээдэг биз ээ. Энэ бүхэн Еховагийн товлосон цагт болно гэдэгт итгэлтэй байгаарай. Тэр болтол, Бурхандаа идэвхтэй үйлчилцгээе. Хүсэл биелэхгүй байна гэж сэтгэлээр унахгүй байцгаая.

Артур Секорд нас өндөр болсон ч Еховагийн төлөө чадах бүхнээ хийдэг байсан. (11-р догол мөрийг үзээрэй)

11, 12. Тамир тэнхээ муудлаа ч Еховадаа үнэнч үйлчлэх боломжтой гэхийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

11 Тамир тэнхээ муудах. Гүйлтийн тэмцээнд оролцоход хүч чадал хэрэгтэй. Харин Еховад илүү бат итгэлтэй, улам идэвхтэй үйлчлэхэд хүч чадалтай байх албагүй. Тамир тэнхээ нь муудаж яваа ч Еховад хамгийн сайныгаа өгөхийг хичээдэг хүн олон байдаг (2 Кор. 4:16). Тэдний нэг нь Артур Секорд * ах юм. Тэрээр 88 хүрэхдээ Бетелд хэдийнээ 55 жил үйлчилчихээд байв. Насны доройтолд орсон түүнийг асрагч нь хайрласан янзтай хараад «Секорд ах аа, та Еховагийн төлөө их юм хийсэн шүү» гэжээ. Гэвч Артур ах өөрийгөө их юм хийсэн гэж боддоггүй ажээ. Тэрээр асрагч бүсгүйн нүд рүү хараад инээмсэглэн, «Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ бидний юу хийсэн нь чухал биш шүү дээ. Үнэнч хэвээрээ байгаа нь л хамгийн чухал» гэж хэлжээ.

12 Та Еховад олон жил үйлчилж байгаа байх. Харин одоо эрүүл мэндийн улмаас урьдынх шигээ үйлчилж чадахгүй болсон бол сэтгэлээр бүү унаарай. Таны хийж байсан бүхнийг Ехова өндөр үнэлдэг гэдэгт итгэлтэй байгаарай (Евр. 6:10). Мөн Бурханд хайртай эсэх маань түүний төлөө хэр их юм хийснээс шалтгаалахгүй гэдгийг санаарай. Харин чадах бүхнээ хийхийн зэрэгцээ зөв хандлагатай байдаг бол Еховад чин үнэнчээ батална (Кол. 3:23). Ехова бидний хэр чадлыг ойлгодог бөгөөд хэрээс хэтэрсэн юмыг хэзээ ч шаарддаггүй (Марк 12:43, 44).

Анатолий Лидия хоёр янз бүрийн бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөлгүй үнэнч үйлчилж ирсэн (13-р догол мөрийг үзээрэй)

13. Анатолий Лидия хоёроос юу сурах вэ?

13 Зовлон дуусахгүй байх. Еховагийн зарим үйлчлэгч олон арван жил хавчигдаж амьдарсан. Жишээлбэл Анатолий Мельникийг * дөнгөж 12-той байхад аавыг нь баривчилж шоронд хийгээд, Молдовагаас 7 000 километрийн алсад орших Сибирь лүү цөлжээ. Жилийн дараа Анатолийг ээж өвөө эмээ гуравтай нь мөн л Сибирь лүү цөлсөн байна. Тэнд очсоноосоо хойш хэсэг хугацааны дараа цуглаанд явах боломжтой болжээ. Гэхдээ цуглаанд очихын тулд өвлийн тэсгим хүйтэнд цас туучин өөр тосгон руу 30 км явган явдаг байв. Хожим нь Мельник ахыг эхнэр Лидия болон нэг настай охиноос нь салгаж гурван жил шоронд хорьжээ. Олон жил хүнд бэрхийг туулсан ч Анатолийн гэр бүлийнхэн Еховад үнэнч үйлчилсээр байв. Одоо 82-той Анатолий Төв Ази дахь салбарын хороонд үйлчилж байна. Анатолий Лидия хоёрыг дуурайн тэвчээртэй байж, Еховагийн төлөө чадах бүхнээ хийцгээе (Гал. 6:9).

ИРЭЭДҮЙН НАЙДВАРАА АНХААР

14. Паул зорилгодоо хүрэхийн тулд яах хэрэгтэй байсан бэ?

14 Паул барианд орно, зорилгодоо хүрнэ гэсэн итгэлтэй байв. Христийн тослогдсон дагалдагчийн хувьд «тэнгэрт амьдрах» шагнал авна гэж найдаж байжээ. Гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд байнга «тэмүүлэх» шаардлагатайгаа ойлгосон (Флп. 3:14). Тэрээр зорилгоо үргэлж анхаараасай гэсэндээ Филиппой дахь дагалдагчдад зориулж нэгэн сонирхолтой жишээ татжээ.

15. Паул Филиппой дахь дагалдагчдад байнга «тэмүүлэхийг» уриалахдаа ямар жишээ татсан бэ?

15 Паул Филиппой дахь дагалдагчдад тэнгэрийн иргэн гэдгийг нь сануулсан (Флп. 3:20). Яагаад? Тэр үед Ромын иргэн байх нь олон талын ашигтай байжээ. * Харин Христийн тослогдсон дагалдагчдын иргэний харьяалал хавьгүй илүү бөгөөд хүртэх ивээл нь зүйрлэшгүй их юм. Ромын иргэн байхтай харьцуулах ч юм биш! Ийм учраас Паул тэдэнд «Христийн тухай сайн мэдээнд тохируулан иргэн шиг байгаарай» хэмээн уриалсан (Флп. 1:27, зүүлт). Орчин үеийн тослогдсон Гэрчүүд тэнгэрт мөнх амьдрах зорилго руугаа тэмүүлдгээрээ сайн үлгэр дуурайл болдог.

16. Бид тэнгэр, газрын алинд ч амьдрах байсан, Филиппой 4:6, 7-д бичсэнээр яах ёстой вэ?

16 Тэнгэрт эсвэл диваажин болсон дэлхийд мөнх амьдрах найдвартай хүмүүсийн хэн хэн нь зорилго руугаа тэмүүлж байх учиртай. Бид ямар ч тохиолдолд ард үлдсэн зүйл рүүгээ харах ёсгүй. Юунд ч сатааралгүй Еховад үйлчилсээр байх хэрэгтэй (Флп. 3:16). Хүсэн хүлээсэн зүйл маань биелэхгүй удаад байх шиг санагдаж болох юм. Эсвэл чадал тэнхээ мууддаг. Олон жил хүнд бэрхийг туулж, эсэргүүцэл хавчлагад өртөх нь ч бий. Аль нь ч байсан, «юунд ч бүү санаа зов». Харин Бурхнаас шаргуу гуйж, хүсэлтээ хэлээрэй. Тэгвэл Бурхан таныг гайхалтай амар тайван болгоно (Филиппой 4:6, 7-г уншина).

17. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Барианд орох цаг ойртохын хэрээр тамирчин хүчээ бүр ч их дайчилдаг. Үүнтэй адил, амийн төлөөх уралдаан дуусах цаг ойртохын хэрээр хүчээ улам бүр дайчилцгаая. Барианд ортлоо гүйнэ гэсэн зорилгоо мартахгүй байцгаая. Ирээдүйд хүртэх гайхалтай ивээл рүүгээ тэмүүлцгээе. Зүгээ алдахгүй, хурдаа сааруулахгүйн тулд яах хэрэгтэй вэ? «Илүү чухал юмыг магадалж», түүнийгээ эн тэргүүнд тавих хэрэгтэй. Энэ талаар дараагийн өгүүллээр ярилцъя (Флп. 1:9, 10).

ДУУ 139 Үнэнч байхад нь тусалъя

^ д/м 5 Бид Христийн дагалдагч учраас Еховад үйлчлээд удсан ч бай, үгүй ч бай улам илүү төлөвшихийг хүсдэг. Элч Паул итгэл нэгтнүүддээ шантрахгүй байхыг уриалжээ. Филиппой дахь дагалдагчдад бичсэн захидлыг нь уншихлаар амийн төлөөх уралдааны замаас гаралгүй тэвчээртэй гүйх урам ордог. Паулын хэлсэн үгийг хэрхэн ажил хэрэг болгохыг энэ өгүүллээс мэдэж авна.

^ д/м 11 Секорд ахын намтар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1965 оны 6-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн (англи).

^ д/м 13 Мельник ахын намтар «Сэрцгээ!» сэтгүүлийн 2004 оны 10-р сарын 22-ны дугаарт нийтлэгдсэн (англи).

^ д/м 15 Филиппой хот нь Ромын харьяанд байсан учраас оршин суугчид нь Ромын иргэний эрх эдэлдгээрээ бахархдаг байжээ. Тийм учраас Паулын татсан жишээ ойлгомжтой байв.