Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 33

«Сонсогчоо ч аварна»

«Сонсогчоо ч аварна»

«Ямар байдгаа, юу заадгаа үргэлж анхаарч яв. Эдгээрт туйлбартай бай. Ингэвэл өөрийгөө ч, сонсогчоо ч аварна» (1 ТИМ. 4:16).

ДУУ 47 Сайн мэдээг тунхаглая

ТОЙМ *

1. Бид юу хүсдэг вэ?

«БИ ҮНЭНИЙГ мэдсэн цагаасаа л гэрийнхэнтэйгээ хамт диваажинд амьдрахыг хүсдэг болсон. Ялангуяа нөхөр Вэин болон бяцхан хүүтэйгээ гурвуулаа Еховад үйлчлэх юм сан гэж бодсон» хэмээн Полин * гэдэг Гэрч эмэгтэй ярьсан юм. Танайд Еховаг мэддэггүй, хайрладаггүй хүн байдаг уу? Тийм бол та ч бас гэр бүлийнхэнтэйгээ хамт Еховад үйлчлэхийг хүсдэг байх.

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Бид гэрийнхнийгээ үнэний зам дээр хүчээр гаргаж чадахгүй. Гэхдээ оюун ухаан, зүрх сэтгэлээ Библийн мэдээнд хандуулахад нь туслах боломж бий (2 Тим. 3:14, 15). Ямар учраас гэр бүлийнхэндээ дэлгэрүүлэх ёстой вэ? Яагаад тэднийг ойлгохыг хичээх хэрэгтэй вэ? Хэрхэн тусалбал дотнын хүмүүс маань Еховаг хайрладаг болох вэ? Хурлын гишүүд итгэл нэгтнийхээ гэрийнхэнд хэрхэн туслах вэ?

ЯАГААД ГЭРИЙНХЭНДЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

3. 2 Петр 3:9-ийг үзвэл, бид яагаад гэрийнхэндээ дэлгэрүүлдэг вэ?

3 Ехова энэ тогтолцоог удахгүй устгана. «Мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүс л тэр үеийг эсэн мэнд давна (Үйлс 13:48). Бид танихгүй хүмүүст сайн мэдээ хүргэх гэж их цаг зав, хүч хөдөлмөр гаргадаг шүү дээ. Тэгвэл ойр дотнынхоо хүмүүсийг Еховагийн үйлчлэгч болгохыг хүсэх нь бүр ч ойлгомжтой биз дээ? Хайр халамжтай Эцэг Ехова маань «хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгодог» (2 Петр 3:9-ийг уншина).

4. Гэрийнхэндээ дэлгэрүүлэхдээ ямар алдаа гаргаж болзошгүй вэ?

4 Авралын сайн мэдээг дуулгах арга зөв, буруу гэж байдгийг санах нь зүйтэй. Бид танихгүй хүнд дэлгэрүүлэхдээ эвтэйхэн ярихыг хичээдэг атлаа гэрийнхэнтэйгээ хамаа намаагүй ярьчихдаг гэмтэй.

5. Гэрийнхэндээ Бурхны тухай үнэнийг ярихаасаа өмнө юуг санах хэрэгтэй вэ?

5 Гэрийнхэндээ анх хэрхэн дэлгэрүүлснээ бодоод харамсдаг, арай өөрөөр дэлгэрүүлсэн ч болоосой гэж боддог хүн бидний дунд олон бий. Элч Паул итгэл нэгтнүүддээ «Та нар хүмүүстэй давсаар амт оруулсан мэт эелдэг ярьж бай. Ингэснээр хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» гэж зөвлөжээ (Кол. 4:5, 6). Гэрийнхэнтэйгээ ярихдаа энэ зөвлөгөөг санаарай. Тэгэхгүй бол тэд үнэмших нь бүү хэл, дургүйцэж мэднэ.

ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Хүнийг ойлгодог, биеэ зөв авч явдаг бол Еховаг алдаршуулна (6–8-р догол мөрийг үзээрэй) *

6, 7. Еховад үйлчилдэггүй ханиа ойлгох нь чухал гэдгийг харуулах жишээ хэлнэ үү.

6 Гэрийнхнийгээ ойлгоорой. Дээр дурдсан Полин: «Эхэндээ би нөхөртэйгөө Бурхны тухай, Библийн тухай л ярих гээд байдаг байлаа. Өдөр тутмын “жирийн” юм огт ярьдаггүй байсан» гэжээ. Нөхөр Вэин нь Библийг сайн мэдэхгүй учраас Полины юу яриад байгааг ойлгодоггүй байв. Эхнэр нь шашнаасаа өөр юм бодохоо больсон мэт санагджээ. Тийм болохоор шашны аюултай бүлэгт элсэж, хууртаж байна гэж бодоод эхнэрийнхээ төлөө санаа зовжээ.

7 Полин цуглаанд явах, дэлгэрүүлэх, итгэл нэгтнүүдтэйгээ хөгжилдөх зэргээр оройн цагаар ч, амралтын өдрөөр ч гэртээ байдаггүй байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр: «Гэртээ ирэхэд нь хэн ч байхгүй болохоор Вэин ганцаарддаг байсан юм билээ» гэж ярьсан. Вэин эхнэр хүү хоёроо үгүйлдэг байсан нь ойлгомжтой. Ямар хүмүүстэй найзалж нөхөрлөөд байгааг нь мэдэхгүй байв. Эхнэр нь тэднийг өөрөөс нь илүү хайрлаж хүндлээд байх шиг санагджээ. Тийм учраас сална гэж эхнэрээ айлгасан гэнэ. Таны бодлоор, Полин нөхрөө ойлгохын тулд яах ёстой байсан бэ?

8. 1 Петр 3:1, 2-т бичсэнээр, гэрийнхэндээ гүн сэтгэгдэл төрүүлье гэвэл яах хэрэгтэй вэ?

8 Биеэ зөв авч яваарай. Ер нь юу хийж байгаа маань юу хэлж байгаагаас илүү гүн сэтгэгдэл төрүүлдэг (1 Петр 3:1, 2-ыг уншина). Үүнийг Полин эцэстээ ухаарчээ. Тэрээр: «Вэин надад хайртай, салах хүсэлгүй гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ сална гэж сүрдүүлэхэд нь бүхнийг Еховагийн зааснаар хийх хэрэгтэйгээ ойлгосон. Би их ярихын оронд биеэ зөв авч явах хэрэгтэй болсон» гэж ярьжээ. Полин Вэинийг Библийн тухай яриагаараа дарамтлахаа больж, өдөр тутмын амьдралтай холбоотой жирийн юм ярьдаг болжээ. Эхнэр нь эелдэг найртай, хүү нь дэгтэй, дуулгавартай болсныг Вэин анзаарсан байна (Сур. 31:18, 27, 28). Библийн мэдээ гэр бүлд нь сайнаар нөлөөлж байгааг ажиглаад сайн мэдээний тухай бодож эхэлсэн бөгөөд Бурхны Үгэнд хандах хандлагаа өөрчилжээ (1 Кор. 7:12–14, 16).

9. Яагаад цөхөрч болохгүй вэ?

9 Бүү цөхрөөрэй. Ехова бидэнд сайхан жишээ үзүүлдэг. Сайн мэдээг хүлээн авч, амьтай болох боломжийг хүмүүст «дахин дахин» өгдөг (Иер. 44:4). Бусдад туслахын тулд цөхөрч болохгүйг элч Паул Тимотод захижээ. Яагаад? Өөрийгөө болон сонсогчоо аврах учраас тэр юм (1 Тим. 4:16). Бид гэрийнхэндээ хайртай учраас Бурхны Үгэнд байдаг үнэнийг мэдэж аваасай гэж хүсдэг. Полин үг үйлдэл хоёроороо гэр бүлдээ сайнаар нөлөөлжээ. Тэрээр одоо нөхөртэйгөө хамт Еховад баяр хөөртэй үйлчилж байна. Хоёулаа эхлэгч бөгөөд Вэин ахлагч ажээ.

10. Яагаад тэвчээртэй байх хэрэгтэй вэ?

10 Тэвчээртэй байгаарай. Шинэ итгэл үнэмшилтэй болж амьдралын хэв маягаа Бурхны хэм хэмжээний дагуу өөрчлөөд ирэхээр гэрийнхэн маань тэр бүр таашаахгүй байж болох юм. Өөрсөдтэй нь хамт шашны баяр ёслол, улс төрийн үйл ажиллагаанд оролцохоо больсныг тэд хамгийн түрүүнд анзаардаг. Зарим нь шууд л уурлаж магадгүй (Мат. 10:35, 36). Гэвч дандаа ийм байна гэж бүү бодоорой. Итгэл үнэмшлийнхээ талаар тайлбарлаж ойлгуулах гэж хичээхээ боливол тэднийг мөнхийн амьтай болох зохисгүй гэж үзсэнээс өөрцгүй болно. Ехова шүүх эрхийг бидэнд биш, Есүст өгсөн (Ёох. 5:22). Тэвчээртэй байвал гэрийнхэн маань яваандаа Библийн мэдээг сонсох ч юм билүү? ( «Зааж сургахдаа вэбсаитаа ашиглаарай» гэсэн хавсралтыг үзээрэй).

11-13. Алисаас юу сурах вэ?

11 Тууштай бөгөөд ухаалаг байгаарай (Сур. 15:2). Алис гэдэг Гэрч бүсгүйн тухай ярилцъя. Тэрээр эцэг эхээсээ хол байхдаа Еховаг мэдэж авчээ. Эцэг эх нь бурхангүй үзэлтэй улс төрийн идэвхтнүүд байлаа. Алис шинээр мэдсэн зүйлээ аав ээждээ аль болохоор эртхэн хэлэх хэрэгтэйгээ ухаарав. «Итгэл үнэмшил, дадал зуршлаа өөрчилснөө эртхэн хэлсэн нь дээр. Тэгэхгүй бол гэрийнхэн бүр ч хүнд байдалд орно» гэж Алис ярьсан юм. Тэрээр аав ээжийнхээ сонирхлыг татаж магадгүй гэсэн сэдвийг сонгоод захиа бичдэг байв. Тухайлбал, хайрын талаар Библид юу гэж байдгийг тайлбарлан, санал бодлыг нь асуужээ (1 Кор. 13:1–13). Төрүүлж өсгөн өдий зэрэгтэй болгосонд нь талархаад бэлэг илгээв. Дараа нь аав ээжийндээ очихдоо гэрийнх нь ажилд эрвийх дэрвийхээрээ тусалжээ. Алисыг шинэ итгэл үнэмшлийнхээ тухай ярихад тэд эхэндээ дурамжхан байлаа.

12 Алис эцэг эхийндээ байхдаа Библи унших хуваариа хатуу баримталжээ. «Ээж үүнийг хараад Библийг маш чухал гэж үздэгийг минь ойлгосон» гэж Алис ярьсан. Тэр үед аав нь Библийг судлахаар шийджээ. Охиных нь үзэл бодол яагаад өөрчлөгдсөнийг ойлгох, бас Библийг буруутгах өө олох зорилготой байв. Алис: «Би аавдаа Библи өгөхдөө дотор нь хэдэн үг бичсэн юм» гэлээ. Тэгээд яасан бол? Алисын аав өө олсонгүй, харин ч Бурхны Үгийг уншаад сэтгэл нь маш их хөдөлжээ.

13 Бэрхшээл тохиолдсон ч тууштай байхын зэрэгцээ ухаалаг байх хэрэгтэй (1 Кор. 4:12б). Жишээ нь Алисыг ээж нь айхавтар эсэргүүцжээ. «Баптисм хүртсэн чинь ээж намайг “муу охин” гэсэн» хэмээн Алис ярьсан юм. Тэрээр: «Би дуугүй өнгөрч болох л байсан. Гэхдээ Еховагийн Гэрч болохоор шийдсэнийхээ учрыг, цаашдаа энэ шийдвэрээсээ ухарч няцахгүй гэдгээ эвтэйхэн тайлбарласан. Ээждээ үнэхээр хайртайгаа батлахыг хичээсэн. Бид хоёр хоёулаа уйлж билээ. Дараа нь би ээждээ сайхан хоол хийж өгсөн. Библи намайг сайн хүн болгож байгааг ээж минь түүнээс хойш хүлээн зөвшөөрдөг болсон» гэжээ.

14. Бид яагаад бууж өгч болохгүй вэ?

14 Бид Еховад үйлчлэхийг маш чухал гэж үздэг. Үүнийг бүрэн ойлготол гэрийнхэнд маань хугацаа хэрэгтэй. Жишээ нь Алис эцэг эхийнхээ зөвлөсөн ажилд оролгүй, эхлэгч болохоор шийджээ. Ээж нь дахиад л уурлаж хашхичиж гарав. Гэвч Алис шийдвэрээсээ няцсангүй. Тэрээр: «Гэрийнхэндээ нэг л удаа бууж өгөөд шийдвэрээ өөрчилбөл тэд дараа дараагийн шийдвэрийг өөрчлөх гэж оролдох нь гарцаагүй. Тийм учраас гэрийнхэнтэйгээ харьцахдаа эелдэг хэр нь тууштай байх хэрэгтэй. Тэгвэл тэдний зарим нь Библийн мэдээг сонсдог юм билээ» гэжээ. Алис үүнийг биеэрээ үзжээ. Одоо Алисын эцэг эх эхлэгчээр үйлчилдэг бөгөөд аав нь ахлагч юм.

ХУРЛЫН ГИШҮҮД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Хурлын гишүүд итгэл нэгтнийхээ Гэрч биш гэрийнхэнд хэрхэн туслах вэ? (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15. Матай 5:14–16; 1 Петр 2:12-т бичсэнээр, хурлынхны «сайн үйлс» гэрийнхэнд маань хэрхэн нөлөөлдөг вэ?

15 Хурлынхны «сайн үйлсийг» хараад Еховад татагддаг хүмүүс бий (Матай 5:14–16; 1 Петр 2:12-ыг уншина). Та хурлынхаа гишүүдийг Гэрч биш ханьтайгаа танилцуулсан уу? Дээр дурдсан Полин хурлынхныгаа нөхөр Вэинтэйгээ танилцуулахын тулд гэртээ урьжээ. Гэрчүүдийн талаар зөв ойлголттой болоход нь нэг Гэрч эрэгтэй тусалсныг Вэин дурсаж: «Тэр хүн надтай хамт спортын тоглолт үзэхийн тулд ажлаасаа нэг өдрийн чөлөө авсан гээд бод доо. Би дотроо “Эд чинь жирийн л хүмүүс байна шүү дээ!” гэж бодсон» гэжээ.

16. Гэрийнхнийгээ яагаад цуглаанд урих хэрэгтэй вэ?

16 Гэрийнхэндээ туслах нэг сайн арга нь цуглаанд урих юм (1 Кор. 14:24, 25). Вэин хамгийн анх Дурсах цуглаанд очжээ. Ажил тарснаас хойш, богинохон хугацаанд болдог учраас тэр ажээ. «Би илтгэлийг нь санадаггүй ч хүмүүсийг нь ер мартдаггүй. Тэд над дээр ирж гараас минь чанга атган мэндэлж байсан. Үнэхээр сайн хүмүүс» гэж Вэин ярьсан. Полинд онцгой их санаа тавьдаг гэр бүлийн хоёр байжээ. Тэд цуглааны үед, мөн дэлгэрүүлэхэд нь Полинд тусалж хүүг нь харж өгдөг байв. Эцэст нь Вэин эхнэрийнхээ шинээр олж авсан итгэл үнэмшлийн талаар тодорхой ойлголттой болохоор шийджээ. Тэгээд нөгөө хосын нөхрөөр Библийн хичээл заалгахаар болсон байна.

17. Юунаас болж өөрийгөө буруутгах ёсгүй вэ? Яагаад бууж өгч болохгүй вэ?

17 Бид гэрийнхэнтэйгээ хамт Еховад үйлчлэхийг хүсдэг учраас тэдэндээ туслах гэж хамаг чадлаараа хичээдэг. Тэглээ ч гэсэн тэд үнэний замаар явахгүй гэж шийдэж магадгүй. Үүнээс болоод өөрийгөө бүү буруутгаарай. Ер нь сайн мэдээнд хүчээр итгүүлнэ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ та Еховад баяр хөөртэй үйлчилдэг бол гэрийнхэндээ хүчтэй нөлөөлнө гэдгээ бүү мартаарай. Тэдний төлөө залбираарай. Ярихдаа ухаалаг байгаарай. Цөхрөлтгүй туслаарай! (Үйлс 20:20). Ехова таны хичээл зүтгэлийг ивээнэ гэдэгт итгэлтэй байгаарай. Гэрийнхэн тань Библийн мэдээг сонсохоор шийдвэл аврагдана!

ДУУ 142 Бүх хүнд дэлгэрүүлцгээе

^ д/м 5 Гэр бүлийнхэн маань Еховагийн тухай мэдэж аваасай гэж бид хүсдэг. Гэхдээ Еховад үйлчлэх эсэхээ шийдэх нь тэдний хэрэг. Бид ямар байвал дотнын хүмүүс маань бидний яриаг сонсох бол? Энэ өгүүллээс хариуг нь мэдэж аваарай.

^ д/м 1 Зарим нэрийг өөрчлөв.

^ д/м 53 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу аавынхаа машиныг засалцангаа олдсон боломжийг ашиглан jw.org®-оос видео үзүүлж байна.

^ д/м 55 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй Гэрч биш нөхрөө анхааралтай сонсож байна. Дараа нь гэр бүлээрээ хөгжилдөж байна.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Тэрээр хурлынхныгаа гэртээ урьжээ. Хурлынхан нь нөхөртэй нь сайхан танилцаж байна. Хожим нь нөхөр нь Дурсах цуглаанд эхнэрийнхээ хажууд сууж байна.