Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 32

Улам их хайрлаарай

Улам их хайрлаарай

«Улам их хайрладаг болоосой» (ФЛП. 1:9).

ДУУ 3 Бурхан бол хайр

ТОЙМ *

1. Филиппой дахь хурлыг хэн хэн үүсгэн байгуулсан бэ?

ПАУЛ Силас Лук Тимот нар Ромын харьяа Филиппой хотод хүрч ирээд Хаант төрийн тухай мэдээ сонирхсон олон хүнийг олов. Идэвх зүтгэлтэй энэ эрчүүд хурлыг үүсгэн байгуулжээ. Христийн дагалдагч болсон хүмүүс бүгдээрээ Лудиа гэдэг зочломтгой эмэгтэйнд цугладаг болсон бололтой (Үйлс 16:40).

2. Шинэ дагалдагчдад ямар сорилт учирсан бэ?

2 Шинэ дагалдагчид удалгүй соригдов. Үнэнийг үзэн ядагчид Сатаны турхиралтаар Паул болон түүний нөхдийг хайр найргүй эсэргүүцэж дэлгэрүүлэх ажилд нь саад хийхийг оролджээ. Паул Силас хоёрыг баривчилж, ташуурдаад шоронд хорьсон. Гэвч тэд шоронгоос суллагдсан даруйдаа шинэ шавь нар дээр очиж зоригжуулжээ. Дараа нь Паул Силас Тимот гурав хотоос явж, Лук тэндээ үлдсэн бололтой. Хурлын гишүүд яасан бол? Ехова агуу хүчээрээ тусалсан учраас тэд идэвх зүтгэлтэй үйлчилсээр байсан (Флп. 2:12). Паул тэднээр ихэд бахархжээ!

3. Филиппой 1:9–11-ийг үзвэл, Паул юуны тухай залбирдаг байсан бэ?

3 Түүнээс хойш 10-аад жилийн дараа элч Паул Филиппой дахь хуралд захидал бичсэн байдаг. Та уг захидлыг уншвал ах дүү нараа гэсэн Паулын хайрыг шууд л мэдэрнэ. «Христ Есүс та нарыг хайрладаг шиг би бас тийн хайрлаж, үгүйлэн санадаг» гэж Паул бичжээ (Флп. 1:8). Мөн тэдний төлөө залбирдаг тухайгаа бичсэн байна. Улам их хайрлахад нь, илүү чухал юмыг магадлахад нь, өө сэвгүй байхад нь, бусдад саад болохоос зайлсхийхэд нь, үргэлж зөв юм хийхэд нь туслаарай гэж Еховагаас гуйдаг байжээ. Паулын чин сэтгэлийн үг бидэнд бас ач тустай гэдэгтэй та санал нийлэх нь лавтай. Тиймээс Филиппой дахь дагалдагчдад Паул юу гэж бичсэнийг уншицгаая (Филиппой 1:9–11-ийг уншина). Дараа нь нэг бүрчлэн ярилцаж, хэрхэн хэрэгжүүлэхийг бодоцгооё.

УЛАМ ИХ ХАЙРЛААРАЙ

4. а) 1 Ёохан 4:9, 10-т бичсэнээр, Ехова бидэнд хайртайгаа хэрхэн баталсан бэ? б) Бид Бурхныг хэр их хайрлах ёстой вэ?

4 Ехова нүгэлт бидний төлөө Хүүгээ илгээж агуу хайраа илэрхийлсэн билээ (1 Ёохан 4:9, 10-ыг уншина). Биднийг ямар их хайрладгийг нь бодохоор Еховаг хайрлах сэтгэл төрдөг (Ром 5:8). Бурхныг хэр их хайрлах ёстой вэ? Есүс фарисайчуудад юу гэж хэлснээс энэ асуултын хариуг мэдэж болно. «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаанаараа Ехова Бурхнаа хайрла» гэжээ (Мат. 22:36, 37). Бид Бурхнаа бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж, тэр хайраа өдөр бүр илэрхийлэхийг хичээдэг. Паул Филиппой дахь дагалдагчдад «улам их хайрладаг болохыг» захисан. Яавал Бурхнаа улам их хайрлах вэ?

5. Бурхныг улам их хайрладаг болохын тулд яах хэрэгтэй вэ?

5 Бурхныг хайрладаг болохын тулд эхлээд түүнийг мэдэх хэрэгтэй. Библид «Хайрладаггүй хүн Бурхныг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр» гэж байдаг (1 Ёох. 4:8). Бурхны талаар «үнэн зөв мэдлэгтэй, бүрэн дүүрэн ойлголттой» болохын хэрээр Бурхныг улам их хайрладаг болно гэж элч Паул хэлсэн (Флп. 1:9). Бид анх Библи судалж, Бурхны олон сайхан зан чанарыг зах зухаас нь мэдэж эхэлмэгцээ Бурхныг хайрлаж эхэлсэн. Еховатай сайн танилцахын хэрээр улам их хайрладаг болсон. Тийм учраас Бурхны Үгийг тогтмол судалж, эргэцүүлэн бодохыг амьдралынхаа хамгийн чухал зүйл гэж үздэг! (Флп. 2:16).

6. Улам их хайрлах талаар 1 Ёохан 4:11, 20, 21-ээс юу мэдэж болох вэ?

6 Биднийг гэсэн Бурхны агуу хайрыг бодохлоор итгэл нэгтнээ хайрлах сэтгэл төрдөг (1 Ёохан 4:11, 20, 21-ийг уншина). Итгэл нэгтнээ хайрлах амархан гэж хэлж магадгүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ Еховаг шүтдэг, сайхан зан чанарыг нь илэрхийлэхийг хичээдэг. Бас бидний төлөө амиа өгч агуу хайраа илэрхийлсэн Есүсийг дуурайдаг. Гэсэн хэдий ч бие биеэ хайрла гэсэн тушаалыг биелүүлэх заримдаа амаргүй санагдаж болох юм. Филиппой дахь хурлын тухай ярилцъя.

7. Юүдиа Сунтухе хоёрт өгсөн Паулын зөвлөгөө бидэнд ямар ач тустай вэ?

7 Юүдиа Сунтухе хоёр бол элч Паултай «мөр зэрэгцэн зүтгэсэн» махруу эмэгтэйчүүд юм. Гэхдээ ааш зан, санал бодол нь таарч тохироогүйгээс болоод тэр үү, түнжин хагарчээ. Паул тэдний хуралд бичсэн захидалдаа Юүдиа Сунтухе хоёрын нэрийг зориуд дурдан, «Эв нэгдэлтэй үйлчлээрэй» хэмээн шулуухан хэлсэн байдаг (Флп. 4:2, 3). Бас хурлын бүх гишүүнд «Юу ч хийсэн гоморхолгүй, маргалгүй хий» гэж зөвлөсөн (Флп. 2:14). Маш тодорхой энэ зөвлөгөө Юүдиа Сунтухе хоёрт тус болсон нь эргэлзээгүй. Хурлын бусад гишүүн ч уг зөвлөгөөг дагаад бие биеэ улам их хайрладаг болсон биз ээ.

Итгэл нэгтнийхээ сайн талыг л харж байх хэрэгтэйн учир юу вэ? (8-р догол мөрийг үзээрэй) *

8. Бие биеэ хайрлах нь заримдаа яагаад хэцүү байдаг вэ? Энэ бэрхшээлийг хэрхэн давах вэ?

8 Юүдиа Сунтухе хоёр бие биеэ хайрлаж чадахгүй байсан шиг бид итгэл нэгтнүүдийнхээ алдааг анхаардгаас болоод тэднийгээ хайрлаж чадахгүй байж болох юм. Бид бүгдээрээ өдөр бүр алддаг. Нэгнийхээ алдааг анхаараад байвал хайр хөрч мэднэ. Жишээ нь танхимд цэвэрлэгээ хийх ёстойгоо мартсан итгэл нэгтнээ харахаар бухимдал төрж болох юм. Тэгээд тэр хүний гаргасан алдаа болгоныг бүртгэж эхэлбэл бүр ч их бухимдана. Тэр хэрээр хайрлахаа болино. Танд ийм юм тохиолдсон бол дараах зүйлийг бодоорой. Ехова таны алдааг ч, нөгөө хүний алдааг ч хардаг. Тэглээ ч гэсэн та хоёрын хэн хэнийг хайрласаар л байдаг. Ийм учраас бид Еховаг дуурайн ах дүүгээ хайрлахыг хичээж, сайн талыг нь л харж байх хэрэгтэй. Ах дүүгээ хайрладаг болох гэж хичээвэл эв нэгдэлтэй болно (Флп. 2:1, 2).

«ИЛҮҮ ЧУХАЛ ЮМ»

9. Паул юуг «илүү чухал юм» гэсэн бэ?

9 Паул Филиппой дахь хурлынханд Бурхны агуу хүчээр удирдуулан бичихдээ «илүү чухал юмыг магадал» гэжээ. Энэ нь Христийн бүх дагалдагчид хамаатай (Флп. 1:10). Илүү чухал юм гэдэгт Еховагийн нэр ариусах, санаа зорилго нь биелэх, хурлаараа амар тайван, эв нэгдэлтэй байх зэрэг орно (Мат. 6:9, 10; Ёох. 13:35). Энэ бүхнийг хамгийн чухал зүйл гэж үздэг бол Еховад хайртайн шинж болно.

10. Цэвэр ариунд тооцогдохын тулд яах хэрэгтэй вэ?

10 Паул бас «цэвэр ариун явахыг» зөвлөсөн. Мэдээж бид ариун Бурхан Ехова шигээ цэвэр ариун, өө сэвгүй байж чадахгүй. Гэхдээ улам их хайрлахыг хамаг чадлаараа хичээж, илүү чухал юмыг магадалдаг бол Ехова биднийг өөгүй, ариун гэж үзнэ. Хайраа илэрхийлэх нэг арга нь бусдад саад болохгүйг хамаг чадлаараа хичээх явдал юм.

11. Яагаад «хэнд ч саад болохгүй» байх ёстой вэ?

11 «Хэнд ч саад болохгүй» байгаарай гэснийг хатуу сануулга гэж ойлгох нь зүйтэй. Яавал бусдад саад болж мэдэх вэ? Үзэх харах юм, хувцас, тэр байтугай ажил сонгохдоо болгоомжтой байхгүй бол бусдадаа гай болж болзошгүй. Бидний гаргасан шийдвэрээс болоод итгэл нэгтний маань сэтгэл өвдөж, улмаар бүдэрч мэднэ. Энэ бол маш ноцтой хэрэг. Есүсийн хэлснээр бид хонийг нь бүдрүүлснээс, хүнд чулуу хүзүүнээсээ зүүгээд тэнгист хаягдсан нь дээр! (Мат. 18:6).

12. Эхлэгч эхнэр нөхөр хоёроос юу сурч болох вэ?

12 Эхлэгч эхнэр нөхөр хоёр Есүсийн сануулгыг хэрхэн ажил хэрэг болгосныг үзье. Баптисм хүртээд удаагүй эхнэр нөхөр хоёр тэдний хуралд байжээ. Хуучинсаг үзэлтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн учраас Христийн дагалдагчид ямар ч кино үзэж болохгүй гэж боддог байв. Тэд эхлэгч хосыг кинотеатрт кино үзсэнийг дуулаад шоконд оржээ. Тэгэхээр нь эхлэгч хос мөнөөх хоёрыг мөс чанараа сургаж, зөв бурууг ялгаж суртал нь кинотеатрт очихгүй байхаар шийдэв (Евр. 5:14). Ийнхүү өөрсдийнхөө эрх ашгийг хойш нь тавьж, шинэ ах дүүдээ хайртайгаа үгээрээ төдийгүй үйл хэргээрээ баталжээ (Ром 14:19–21; 1 Ёох. 3:18).

13. Яавал бусдыг нүгэл үйлдэхэд хүргэж мэдэх вэ?

13 Бусдыг нүгэл үйлдэхэд хүргэвэл тэднийг бүдрүүлж байна гэсэн үг. Үүнийг жишээгээр бодъё. Нэг суралцагч өөртэйгөө олон жил тэмцсэний эцэст архинаас гарчээ. Тэгээд дусал ч архи амсаж болохгүйгээ ойлгов. Маш олон юмаа өөрчлөөд баптисм хүртлээ. Нэг удаа итгэл нэгтэн нь түүнийг гэртээ уриад, хар буруу саналгүйгээр дарс хундагалан өгөхдөө «Одоо чи Гэрч болсон юм чинь чамд Еховагийн агуу хүч байгаа. Тийм болохоор чи биеэ барьж чадна гэсэн үг. Биеэ барьж байгаа юм чинь архи дарсыг тааруулж хүртэж чадна» гэж хэллээ. Шинэхэн Гэрч энэ зөвлөгөөг дагаснаас болоод дахин архинд орвол ямар харамсалтай вэ!

14. Филиппой 1:10-т байдаг зааврыг хэрэгжүүлэхэд цуглаан ямар үүрэгтэй вэ?

14 Цуглаанд сууснаар Филиппой 1:10-т бичсэн зөвлөгөөг хэрэгжүүлэх янз бүрийн аргыг сурдаг. Нэгдүгээрт, Ехова юуг илүү чухал гэж үздэгийг цуглааны хөтөлбөрөөс мэдэж авдаг. Хоёрдугаарт, цэвэр ариунд тооцогдохын тулд сурснаа хэрхэн хэрэгжүүлэхийг заалгадаг. Гуравдугаарт, бие биеэ хайрлах, сайн юм хийх хүсэлтэй болдог (Евр. 10:24, 25). Бие биеэ урамшуулан зоригжуулах тусам Бурхныг болон итгэл нэгтнээ улам их хайрладаг болно. Зүрх сэтгэл маань ийм халуун хайраар бялхвал ах дүүдээ саад болохгүйг хамаг чадлаараа хичээнэ.

«ЗӨВ ЮМЫГ ИЛҮҮ ИХ ХИЙЖ» БАЙГААРАЙ

15. «Зөв юмыг илүү их хийнэ» гэж яахыг хэлдэг вэ?

15 Паул Филиппой дахь дагалдагчдын төлөө залбирч «зөв юмыг илүү их хийхэд» нь туслахыг Еховагаас хичээнгүйлэн гуйжээ (Флп. 1:11). «Зөв юм» хийх гэдгээр Еховаг болон итгэл нэгтнээ хайрлахыг хэлсэн нь ойлгомжтой. Бас Есүст итгэх итгэлийнхээ тухай, гайхамшигтай ирээдүйнхээ тухай ярихыг хэлдэг. Өөр яах хэрэгтэйг Филиппой 2:15-д бичихдээ «Ертөнцөд гэрэл мэт гэрэлт» гэсэн байдаг. Энэ нь Есүсийн хэлсэн үгийг санагдуулдаг. Тэрээр шавь нараа «дэлхийн гэрэл» гэсэн (Мат. 5:14–16). Мөн шавь бэлдэх тушаалыг дагалдагчдадаа өгсөн бөгөөд тэд «дэлхий даяар гэрчлэх» ажээ (Мат. 28:18–20; Үйлс 1:8). Тэгэхээр хамгийн чухал энэ ажилд идэвхтэй оролцвол «зөв юм» хийж байгаа хэрэг.

Паул Ромд гэрийн хорионд байхдаа Филиппой дахь хурлынханд захидал бичжээ. Мөн зорьж ирсэн хүмүүс болон харуулуудад боломж алдалгүй дэлгэрүүлдэг байв (16-р догол мөрийг үзнэ үү)

16. Филиппой 1:12–14-ийг үзвэл хэцүү нөхцөлд ч гэрэл мэт гэрэлтэх боломжтой юу? Тайлбарлана уу (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

16 Бид ямар ч нөхцөлд гэрэл мэт гэрэлтэж чадна. Сайн мэдээг тунхаглахад саад болдог зүйлс дэлгэрүүлэх боломж болон хувирах нь бий. Элч Паул Филиппой дахь дагалдагчдад захидал бичих үедээ Ромд гэрийн хорионд байсан. Гэлээ ч өөрийг нь зорьж ирсэн хүмүүс болон харуулуудад дэлгэрүүлэхэд гар дахь гинж нь саад болоогүй. Паул ийм нөхцөлд хичээл зүтгэлтэй дэлгэрүүлснээрээ Бурхны үгийг айлгүй тунхаглах итгэл, зоригийг ах дүү нартаа өгчээ (Филиппой 1:12–14-ийг уншина; 4:22).

Дэлгэрүүлэх боломжийг байнга хайгаарай (17-р догол мөрийг үзээрэй) *

17. Хэцүү нөхцөлд «зөв юм» хийж байгаа орчин үеийн итгэл нэгтнүүдийн жишээг хэлнэ үү.

17 Паул шиг зоригтой Гэрч өнөөдөр олон бий. Нийтэд эсвэл айлаар дэлгэрүүлэх боломжгүй улс оронд амьдардаг тэд сайн мэдээг тунхаглах өөр арга зам хайдаг (Мат. 10:16–20). Чөлөөтэй дэлгэрүүлэх боломжгүй нэг улсад үйлчилдэг дэлгэрүүлэгч бүр дүүрэг хариуцагчийн өгсөн зааврыг биелүүлэн хамаатнууд, хөршүүд, ангийнхан, ажлынхан, танилууддаа дэлгэрүүлдэг байжээ. Үүний дүнд тэр дүүргийн хурлын тоо хоёр жилийн дотор мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Танай нутагт сайн мэдээг дэлгэрүүлэхэд ямар нэгэн саад тотгор учирдаггүй байж болох юм. Гэлээ ч авхаалж самбаатай тэдгээр итгэл нэгтнээсээ чухал зүйлийг сураарай. Тэр нь юу вэ? Дэлгэрүүлэх боломжийг байнга хайж, Ехова ямар ч саадыг давах хүч өгнө гэдэгт итгэлтэй байгаарай (Флп. 2:13).

18. Та яахаар шийдсэн бэ?

18 Бид шийдвэрлэх үед амьдарч байгаа учраас Филиппой дахь дагалдагчдад өгсөн Паулын зөвлөгөөг дагах нь зүйтэй. Илүү чухал юмыг магадалж, цэвэр ариун явж, бусдад саад болохоос сэрэмжилж, зөв юм хийж явцгаая. Тэгвэл хайраар бялхаж, халамжит Эцэг Еховагаа алдаршуулна.

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

^ д/м 5 Итгэл нэгтнүүдээ улам их хайрлах хэрэгтэй цаг болжээ. Хэчнээн хэцүү байлаа ч бусдыгаа хайрлахын тулд яах хэрэгтэйг Филиппой дахь Христийн дагалдагчдад бичсэн захидлаас мэдэж болно.

^ д/м 54 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Жо гэдэг Гэрч танхим цэвэрлэж байснаа болиод аав хүү хоёртой ярилцаж байна. Тоос соруулж явсан Майк үүнд эгдүүцэж «Жо цэвэрлэгээ хийх ёстой болохоос ярих ёсгүй шүү дээ» гэж бодож байна. Дараа нь Майк настай эгчид санаа тавин тусалж байгаа Жог хараад итгэл нэгтнийхээ сайхан чанарыг илүү их анхаарах хэрэгтэйгээ ухаарч байна.

^ д/м 58 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Чөлөөтэй дэлгэрүүлэх боломжгүй газар үйлчилдэг Гэрч бусдын анхаарлыг татахгүйгээр танилдаа дэлгэрүүлж байна. Дараа нь, цайны цагаар ажлынхаа хүнд дэлгэрүүлж байна.