Skip to content

Гарчиг руу орох

Баптисм хүртээгч Ёохан—Үргэлж баяр баясгалантай байсан

Баптисм хүртээгч Ёохан—Үргэлж баяр баясгалантай байсан

ТА ХУРЛЫНХАА төлөө хариуцлагатай ямар үүрэг даалгавар авмаар байна вэ? Жишээ нь өөр хүний гүйцэтгэдэг үүрэг байж болох юм. Эсвэл урьд нь биелүүлж байсан үүрэг даалгавар ч байж мэднэ. Гэвч нас сүүдэр, эрүүл мэнд, мөнгө төгрөгний асуудал, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас болоод танд боломж олддоггүй байх. Эсвэл байгууллагад гарсан зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас та олон жил гүйцэтгэсэн үүргээсээ чөлөөлөгдсөн байх. Ямар ч шалтгаантай байсан, Бурхныхаа төлөө хүссэнээрээ үйлчилж чадахгүй байх шиг санагдаж мэднэ. Тийм бол гуньж гутрах нь аргагүй. Яавал сэтгэлээр унахгүй, гомдохгүй, уурлахгүй байх вэ? Үргэлж баяр баясгалантай байхын тулд яах хэрэгтэй вэ?

Дандаа баяр баясгалантай байхын тулд баптисм хүртээгч Ёоханаас суралцъя. Хариуцлагатай үүрэг гүйцэтгэх завшаан тохиосон ч амьдрал нь юугаар дуусахыг Ёохан төсөөлөөгүй байх. Еховад үйлчлэхэд зарцуулснаас илүү олон цагийг шоронд өнгөрүүлнэ гэж бодоо ч үгүй биз ээ. Гэсэн ч тэрээр баяр баясгалангаа алдаагүй. Үхэн үхтэлээ энэ л янзаараа байсан. Яагаад тэр вэ? Таагүй юм тохиолдсон ч баяр баясгалантай байхын тулд яах хэрэгтэй вэ?

ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРЭГ

Ёохан МЭ 29 оны хавраас Мессиагийн замыг бэлдэж эхэлжээ. Тэрээр: «Гэмшигтүн. Учир нь Бурхны Хаант төр ойрхон байна» хэмээн тунхаглаж байв (Мат. 3:2; Лук 1:12–17). Дөрвөн зүг, найман зовхисоос хүмүүс бөөн бөөнөөрөө ирж мэдээг нь сонсоод гэмшиж, баптисм хүртжээ. Шашны удирдагчид өөрсдийгөө зөв шударга гэж үздэг байв. Гэвч өөрчлөгдөхгүй л бол Бурхан шийтгэнэ гэдгийг Ёохан тэдэнд зоригтой хэлж сэрэмжлүүлсэн (Мат. 3:5–12). МЭ 29 оны намар хамгийн чухал ажлаа хийжээ. Энэ нь Есүст баптисм хүртээсэн явдал байлаа. Тэр цагаас хойш Ёохан амласан Мессиаг буюу Есүсийг дагахыг олон түмэнд уриалж эхэлжээ (Ёох. 1:32–37).

Есүс Ёоханы гүйцэтгэсэн хосгүй үүргийг онцолж «Баптисм хүртээгч Ёоханаас агуу хүн хүмүүсийн дунд үгүй» гэж хэлсэн (Мат. 11:11). Ёохан ивээл хүртсэндээ баярладаг байсан нь эргэлзээгүй. Ёохантай адил их ивээл хүртэж буй хүн өнөөдөр олон байдаг. Жишээ болгон Терри гэдэг Гэрчийн тухай ярилцъя. Тэрээр эхнэр Сандратайгаа хамт 50 гаруй жил бүрэн цагаар үйлчилжээ. Терри: «Олон чухал үүрэг гүйцэтгэх завшаан надад олдсон. Эхлэгч, бетелчин, тусгай эхлэгч, дүүрэг хариуцагч, одоо дахиад тусгай эхлэгчээр үйлчилж байна» гэж ярьсан юм. Бурхны байгууллагаас томилолт авахаараа бид бүгдээрээ баярладаг. Гэхдээ өөрчлөлт гарсан үед ч баяр баясгалантай хэвээрээ байхын тулд нэлээд чармайх шаардлагатайг Ёоханы түүх хэлж өгдөг.

ТАЛАРХАХ СЭТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ

Баптисм хүртээгч Ёохан үргэлж баяр баясгалантай байсны нууц нь юу вэ? Чухал үүрэг даалгасан Еховад хэзээ ямагт талархдаг байв. Жишээ авъя. Есүсийг баптисм хүртсэний дараа Ёоханы дагалдагчид цөөрч, Есүсийнх олширсон. Санаа зовсон шавь нар нь Ёохан дээр ирээд «Тэр хүн баптисм хүртээж, бүгд л түүн рүү очиж байна» гэжээ (Ёох. 3:26). Хариуд нь Ёохан: «Сүйт бүсгүйтэй хүн бол сүйт залуу. Сүйт залуугийн найз дэргэд нь зогсож, яриаг нь сонсохдоо үлэмж их баярладаг. Үүнтэй адил, би үлэмж их баярлаж байна» хэмээсэн (Ёох. 3:29). Ёохан Есүстэй өрсөлдөөгүй. Есүсийн ажил үүрэг илүү чухал, минийх өчүүхэн гэж бодоогүй. Харин «сүйт залуугийн найзын» үүргээ үргэлж үнэлж эрхэмлэдэг байсан учраас баяр баясгалантай хэвээрээ байжээ.

Үүрэг даалгавар нь амаргүй байсан ч үргэлж сэтгэл хангалуун байхад Ёоханд нэг зүйл тус болсон. Энэ нь түүний хандлага юм. Тэрээр төрөлхийн назир учраас дарс амсаж болдоггүй байв (Лук 1:15). Маш энгийн амьдралтай түүний тухай Есүс хэлэхдээ: «Ёохан бусадтай адил идэж уудаггүй» гэжээ. Харин Есүс болон түүний шавь нар тийм хатуу дэг журам сахидаггүй байсан учраас бусдаас ялгарах юмгүй амьдардаг байв (Мат. 11:18, 19). Ёохан гайхамшиг үйлдэж байгаагүй. Гэхдээ Есүсийн шавь нар гайхамшиг үйлдэх хүч авсныг мэдэж байсан. Тэдний дунд өөрийнх нь дагалдагч байсан хүмүүс ч бий (Мат. 10:1; Ёох. 10:41). Тэрээр иймэрхүү зүйлээс болж сэтгэлээ чилээхийн оронд Еховагаас авсан даалгавраа үнэнчээр биелүүлж байлаа.

Бид бас Еховагаас авсан одоогийн даалгавраа үнэлж эрхэмлэдэг бол баяр баясгалантай хэвээрээ байж чадна. Дээр дурдсан Терри: «Би оногдсон үүргээ л анхаардаг байсан» гэжээ. Бүрэн цагаар үйлчилсэн он жилүүдээ дурсахдаа: «Харамсах юм огт байхгүй. Дандаа л сайхан дурсамж үлдсэн байдаг» гэсэн юм.

Бурхны байгууллагаас хүлээж авсан ямар ч үүрэг даалгавар онцгой. Яагаад гэдгийг бодож үзвэл илүү их баяр хөөртэй үйлчилнэ. Бид «Бурхны хамтран зүтгэгч» болдог учраас онцгой юм (1 Кор. 3:9). Үнэт эдлэлийг арчлаад байвал өнгө зүсээ алддаггүй шиг, Бурхантай хамтарч ажиллахын чухлыг бодоод байвал баяр баясгалангаа алдахгүй. Гаргасан хүчин зүтгэлээ бусдынхтай харьцуулахгүй. Гүйцэтгэж байгаа үүргээ бусдынхаас дор гэж үзэхгүй (Гал. 6:4).

ЕХОВАД ЧУХАЛ ГЭСЭН БҮХНИЙГ АНХААРААРАЙ

Ёохан удаан үйлчлэхгүйгээ мэдэж байсан байх. Гэхдээ бүх юм гэв гэнэт дуусахыг мэдээгүй байж магадгүй (Ёох. 3:30). Есүст баптисм хүртээснээсээ хойш 6-хан сарын дараа буюу МЭ 30 онд Херод хааны тушаалаар шоронд хоригджээ. Гэлээ ч Ёохан чадах ядахаараа сургаалаа номлосоор байв (Марк 6:17–20). Амьдралд нь ийм өөрчлөлт гарсан ч яагаад баяр баясгалангаа алдаагүй вэ? Еховад чухал гэсэн бүхнийг анхаардаг байжээ.

Есүс маш их ажил амжуулж байгааг Ёохан шоронд байхдаа дуулжээ (Мат. 11:2; Лук 7:18). Тэрээр Есүсийг Мессиа мөн гэж итгэж байсан ч Мессиагийн талаарх Судрын зөгнөлүүд бүгдээрээ биелэх болов уу гэж бодсон байх. «Мессиа хаан болно гэсэн болохоор Есүс удахгүй төр барих юм болов уу? Тэгвэл намайг шоронгоос гаргах байх» гэж бодсон биз ээ. Есүсийн үүргийг тодорхой мэдэх зорилгоор хоёр шавиа явуулж «Та ирэх ёстой Нэгэн мөн үү? Танаас өөр нэгнийг бид бас хүлээх үү?» хэмээн асуулгажээ (Лук 7:19). Шавь нар нь ирээд Есүс хүмүүсийг гайхамшгаар эдгээснийг яриад, «Хараагүй нь харж, доголон нь явж, уяман өвчтэй нь эдгэж, дүлий нь сонсож, үхсэн нь амилж, ядуу нь сайн мэдээ сонсож байна» гэж Есүсийн хэлүүлснийг уламжлахад Ёохан чих тавин сонссон нь лавтай (Лук 7:20–22).

Ёохан шавь нараасаа мэдээ сонсоод урамшин зоригжсон биз ээ. Мессиагийн талаарх зөгнөлүүд биелж байгааг баттай мэджээ. Есүс түүнийг шоронгоос гаргаагүй. Гэхдээ Ёохан чухал ажил хийснээ мэдэж байв. Тийм учраас шоронд байхдаа ч баяр баясгалангаа алдаагүй.

Дэлхий даяар дэлгэрүүлэх ажлыг хэрхэн хийж байгаа тухай мэдээг анхаардаг бол баяр баясгалантай хэвээрээ байна

Бид бас Еховад үйлчлэхийг л голлон анхаардаг бол баяр баясгалантай, тэвчээртэй байж чадна (Кол. 1:9–11). Үүний тулд Библи уншиж, уншсанаа эргэцүүлэн бодож, Бурхны төлөө хийсэн бүхэн маань үнэ цэнтэй гэдгийг санаж явах хэрэгтэй (1 Кор. 15:58). Сандра: «Өдөр бүр Библиэс нэг бүлэг уншихлаар Еховатай улам дотносдог. Тэгэхээр өөрийгөө биш, Еховаг голлон анхаардаг» гэжээ. Түүнээс гадна, Хаант төрийн үйл хэргийн тухай мэдээ үзэх хэрэгтэй. Тэгвэл зөвхөн өөрийгөө бодохоо больж Еховагийн үйл хэргийг л анхаардаг болно. Сандра: «JW телевизийн сар бүрийн нэвтрүүлгийг үзэхлээр байгууллагатайгаа улам сайн танилцаж, үүрэг даалгавраа баяр хөөртэй биелүүлдэг» гэж ярьсан юм.

Баптисм хүртээгч Ёохан богинохон хугацаанд үйлчлэхдээ Елиагийнх шиг сэтгэлээр дэлгэрүүлсэн. «Елиа шиг хүч чадалтай явсан» тэрээр «бидэн шиг л хүн байсан» (Лук 1:17; Яак. 5:17). Ёоханыг дуурайн талархах сэтгэлтэй байж, Еховад үйлчлэхийг голлон анхаардаг бол ямар ч үед баяр баясгалантай хэвээрээ байна.