Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 37

Еховад дуртайяа захирагдъя—Яагаад? Яаж?

Еховад дуртайяа захирагдъя—Яагаад? Яаж?

«Эцэгтээ бүр ч дуулгавартай байхгүй гэж үү?» (ЕВР. 12:9).

ДУУ 46 Ехова бол бидний Хаан!

ТОЙМ *

1. Бид яагаад Еховад захирагдах ёстой вэ?

ЕХОВА Бүтээгч учраас бид түүнд захирагдах * учиртай. Тэрээр бүтээлдээ юу хийх ёстойг нь зааж өгөх эрхтэй (Илч. 4:11). Еховад дуулгавартай байх бас нэг шалтгаан бий. Тэрээр хамгийн сайн удирддаг. Хүн төрөлхтний түүхийг үзвэл, тодорхой хэмжээний эрх мэдэл, хүч чадалтай олон удирдагч ард түмнийг захирч байсан. Харин Ехова бол тэдэнтэй харьцуулшгүй ухаантай, халамжтай, өршөөнгүй, өрөвч Удирдагч юм (Ег. 34:6; Ром 16:27; 1 Ёох. 4:8).

2. Еховад захирагдах ямар шалтгааныг Еврей 12:9–11-д бичсэн байдаг вэ?

2 Ехова дуулгавартай байгаасай гэж биднээс хүсдэг. Гэхдээ зөвхөн эмээсэндээ биш, харин өөрийг нь хайрлаж, тэнгэрийн Эцэг гэж үзээд дуулгавартай байгаасай гэж хүсдэг. Паул еврейчүүдэд бичсэн захидалдаа «тэнгэрийн Эцэг сайн сайхны маань төлөө» зааж сургадаг учраас дуулгавартай байх ёстой гэж тайлбарлажээ (Еврей 12:9–11-ийг уншина).

3. а) Еховад захирагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Ямар асуултын хариуг авах вэ?

3 Еховад захирагдана гэдэг нь ямар ч үед дуулгавартай байна гэсэн үг. Мөн юу нь сайн, юу нь мууг өөрийнхөөрөө шийдэхгүй гэсэн үг (Сур. 3:5). Еховагийн олон сайхан зан чанарыг мэдэх тусам түүнд захирагдахад илүү амар болдог. Яагаад? Хийсэн бүхэнд нь Еховагийн сайхан зан чанарууд шингэсэн байдаг (Дуу. 145:9). Еховаг хэдийчинээ их мэднэ, төдийчинээ их хайрлана. Еховаг хайрладаг бол юу хийж болох, болохгүйг жагсаасан дүрэм хэрэггүй. Бид Еховагийн хүссэнээр бодож, сэтгэл хөдлөлөө хянаж, муу юмнаас хол явахыг хичээдэг (Дуу. 97:10). Гэвч дандаа дуулгавартай байх амаргүй. Яагаад гэдгийг энэ өгүүллээс мэдэж авъя. Мөн амбан захирагч Нехемиа, Давид хаан, Есүсийн эх Мариагаас ахлагчид, аавууд болон ээжүүд юу сурахыг ярилцъя.

ЕХОВАД ЗАХИРАГДАХ НЬ ЯАГААД АМАРГҮЙ ВЭ?

4, 5. Ром 7:21–23-т бичсэнийг үзвэл, Еховад захирагдах нь яагаад амаргүй вэ?

4 Еховад захирагдах нь амаргүй байдгийн нэг шалтгаан нь бүх хүн нүгэлтэй, төгс бус байдагтай холбоотой. Ийм учраас бид дуулгаваргүй байх хандлагатай. Адам Ева хоёр Бурханд тэрсэлж, хориглосон жимснээс идээд юу нь сайн, юу нь мууг өөрсдөө тогтоосон (Эх. 3:22). Өнөө үед ихэнх хүн Еховаг үл тоомсорлодог бөгөөд зөв бурууг өөрсдөө тогтоодог.

5 Еховаг мэддэг, хайрладаг хүмүүс хүртэл хүсэл таалалд нь бүрэн нийцүүлж чаддаггүй. Элч Паул үүнийг биеэрээ үзжээ (Ром 7:21–23-ыг уншина). Паул Еховагийн зөв гэж үздэг бүхнийг хийх хүсэлтэй байсан. Бид бас адилхан. Гэлээ ч буруу юм хийх хандлагатайгаа зогсолтгүй тэмцэх ёстой.

6, 7. Еховад захирагдах нь амаргүй байдгийн хоёр дахь шалтгаан юу вэ? Жишээ хэлнэ үү.

6 Еховад захирагдах нь амархан биш байдгийн өөр нэг шалтгаан нь өсөж хүмүүжсэн орчинтой холбоотой. Хүний үзэл бодол ихэнхдээ Еховагийн хүсэл таалалтай зөрчилддөг. Хүмүүсийн нийтлэг ойлголтоос салахын тулд байнга тэмцэх ёстой. Ганцхан жишээ авъя.

7 Зарим улсын залуучууд бусдын дарамт шахалтаар, их мөнгө олоход амьдралаа зориулдаг. Мэри * тэдний нэг байжээ. Тэрээр Еховаг мэдэхээсээ өмнө улсынхаа хамгийн алдартай сургуульд сурдаг байв. Гэрийнхэн нь түүнийг нэр хүндтэй мэргэжил эзэмшээд цалин сайтай ажилд орохыг ятгана. Мэри ч тийм хүсэлтэй байжээ. Харин Еховаг мэдэж, хайрладаг болсноор зорилгоо өөрчлөв. Гэхдээ л амаргүй байдаг гэнэ. Тэрээр: «Ахиухан мөнгө олж болох аятайхан санал хааяа ирдэг ч Еховад үйлчлэхэд саад болно гэдгийг би мэддэг. Үгүй гэж хэлж сураагүй болохоор тиймэрхүү саналаас шууд татгалзахад хэцүү байдаг. Тийм үед Еховагаас тусламж гуйх хэрэгтэйгээ ойлгосон» гэжээ (Мат. 6:24).

8. Одоо юу үзэх вэ?

8 Еховад дуулгавартай байвал бидэнд л сайн. Бурхны зааврыг дагах нь тодорхой хэмжээний эрх мэдэлтэй хүмүүст, тухайлбал ахлагчид, аавууд болон ээжүүдэд бүр ч их хамаатай. Учир нь тэд бусдад тусалдаг. Еховагийн таалалд нийцүүлэн эрх мэдлээ хэрэгжүүлсэн хэдэн хүний жишээг Библиэс үзье.

АХЛАГЧИД НЕХЕМИАГААС ЮУ СУРАХ ВЭ?

Цуглааны танхимын ажилд оролцдог ахлагчид Иерусалимыг сэргээн босгох ажилд гар бие оролцсон Нехемиатай адилхан (9–11-р догол мөрийг үзээрэй) *

9. Нехемиа ямар ярвигтай асуудлыг шийдэх хэрэгтэй болсон бэ?

9 Ехова ахлагчдад сүргийг нь хариулах хүндтэй үүрэг оноосон (1 Петр 5:2). Нехемиа Еховагийн ард түмэнд хэрхэн хандсаныг судалж үзвэл ахлагчид их юм сурна. Иудагийн амбан захирагч Нехемиа эрх мэдэл ихтэй хүн байв (Нех. 1:11; 2:7, 8; 5:14). Ямар ярвигтай асуудлыг шийдэх хэрэгтэй болсныг нь төсөөлж үз дээ. Хүмүүс сүмийг бузарласныг, Мосегийн хуульд заасан хувийг левичүүдэд өгөхгүй байгааг Нехемиа мэджээ. Иудейчүүд Амралтын өдрийн тухай хуулийг зөрчиж байв. Зарим эрчүүд харийн бүсгүйчүүдтэй гэрлэжээ. Амбан захирагч Нехемиа энэ ярвигтай асуудлыг хэрхэн шийдсэн бол? (Нех. 13:4–30).

10. Нехемиа ярвигтай асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

10 Нехемиа, Бурхны ард түмнийг өөрийнхөөрөө байлгах гэж албадах зэргээр эрх мэдлээ урвуулан ашиглаагүй. Харин Еховад шаргуу залбирч, удирдан чиглүүлж өгөөч гэж гуйсан. Еховагийн хуулийг ард олонд заасан (Нех. 1:4–10; 13:1–3). Түүнчлэн Иерусалимын хэрмийг сэргээн босгоход гар бие оролцож элэг нэгтнүүдтэйгээ хамтарч ажилласан (Нех. 4:15).

11. 1 Тесалоник 2:7, 8-д бичсэнээр, ахлагчид хурлынхандаа хэрхэн хандах ёстой вэ?

11 Нехемиад тулгарсан асуудал ахлагчдад тулгарахгүй байх. Гэхдээ Нехемиагаас суралцах зүйл олон бий. Жишээлбэл ахлагчид итгэл нэгтнүүдийнхээ төлөө нөр их хөдөлмөрлөх хэрэгтэй. Мөн эрх мэдлээсээ болоод бардам болох аюулаас сэрэмжлэх учиртай. Хурлынхаа гишүүдэд хандахдаа «хөхүүл эх мэт зөөлөн» байх нь чухал (1 Тесалоник 2:7, 8-ыг уншина). Бусдад хайртай, даруу бол ярихдаа ч эелдэг боловсон байна. Эндрю гэдэг туршлагатай ахлагч: «Миний анзаарснаар, хурлынхан эелдэг, нөхөрсөг ахлагчдад их сайн байдаг юм билээ. Тийм ахлагчидтай хамтран ажиллахдаа дуртай байдаг» гэжээ. Олон жил ахлагчаар үйлчилж буй Тони: «Би Филиппой 2:3-т байдаг зөвлөгөөний дагуу бусдыг өөрөөсөө дээр гэж бодохыг байнга хичээдэг. Энэ нь итгэл нэгтнүүдээ захиргаадахгүй байхад тустай» хэмээн ярьсан.

12. Ахлагчид яагаад даруу байх ёстой вэ?

12 Ахлагчид Ехова шиг даруу байх ёстой. Ехова орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн атлаа «ядуусыг шороо тоосноос өргөхийн» тулд «Өөрийгөө даруу болгодог» (Дуу. 18:35; 113:6, 7). Харин их зантай, бардам хүмүүсийг жигшдэг (Сур. 16:5).

13. Ахлагч хүн яагаад хэл амаа хазаарлах ёстой вэ?

13 Еховад захирагддаг ахлагч хэл амаа хазаарлах ёстой. Эс тэгвэл өөрийг нь хүндлээгүй хүнд муухай ааш гаргаж магадгүй (Яак. 1:26; Гал. 5:14, 15). Дээр дурдсан Эндрю: «Итгэл нэгтэн маань намайг ахлагч гэж хүндлэхгүй байх шиг санагдахаар хариуд нь яг адилхан харьцчихмаар санагдах үе байдаг. Гэхдээ Библид гардаг үнэнч хүмүүсийн жишээг эргэцүүлж бодохоор даруу, дөлгөөн байхын чухлыг ойлгодог» гэж хэлсэн. Ахлагчид хурлынхантайгаа, бусад ахлагчтай ярилцахдаа тэднийг хайрлаж, найрсаг байвал Еховад захирагдаж буй хэрэг юм (Кол. 4:6).

ААВУУД ДАВИД ХААНААС ЮУ СУРАХ ВЭ?

14. Ехова аавуудад ямар үүрэг оноосон бэ?

14 Ехова аавуудыг өрхийн тэргүүнээр томилсон. Хүүхдээ сурган хүмүүжүүлэх нь тэдний үүрэг юм (1 Кор. 11:3; Эф. 6:4). Гэхдээ эцэг хүний эрх мэдэл хязгаартай. Тэд «бүх гэр бүлийг бий болгосон» Еховад тайлан өгнө (Эф. 3:14, 15). Аавууд Бурхны таалалд нийцүүлэн эрх мэдлээ хэрэгжүүлдэг бол Еховад захирагдаж байна гэсэн үг. Давид хааны амьдралыг судалбал их зүйлийг мэдэж болно.

Гэрч аавуудын залбирлаас даруу зантай нь харагдах учиртай (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15. Давид хааныг яагаад аавуудад үлгэр дуурайл болсон хүн гэх вэ?

15 Ехова Давидыг өрхийн тэргүүн болгоод зогсохгүй Израйлын хаанаар өргөмжилжээ. Тиймд Давид эрх мэдэл ихтэй хүн байсан. Заримдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж ноцтой алдаа гаргаж явсан (2 Сам. 11:14, 15). Гэлээ ч Еховад захирагддаг байжээ. Яаж? Сахилгын арга хэмжээ авахад нь дургүйцээгүй. Харин ч зүрх сэтгэлээ уудлан залбирсан. Бас зөвлөгөөг нь ажил хэрэг болгох гэж хамаг чадлаараа хичээжээ (Дуу. 51:1–4). Түүнээс гадна, Давид эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн өгсөн зөвлөгөөг дагаж даруу байсан (1 Сам. 19:11, 12; 25:32, 33). Давид алдаанаасаа сургамж авч Еховад үйлчлэхийг амьдралынхаа хамгийн чухал зүйл болгожээ.

16. Аавууд Давид хаанаас юу сурах вэ?

16 Аавууд Давид хаанаас юу сурч болох вэ? Еховагийн өгсөн эрх мэдлийг урвуулан ашиглаж болохгүй байх нь ээ. Алдаагаа хүлээн зөвшөөрч, Библид үндэслэсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Ийнхүү даруу байвал гэрийнхэн нь хүндэлнэ. Гэр бүлээрээ залбирахдаа Еховад хамаг сэтгэлээ уудалж байгаарай. Тэгвэл танд Еховагийн тусламж, удирдлага ямар их хэрэгтэй байгааг танайхан ойлгоно. Хамгийн гол нь Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүний зорилго болгоорой (Д.хууль 6:6–9). Гэр бүлийнхэндээ үлгэр дуурайл болох нь хамгийн сайн бэлэг өгч буй хэрэг.

ЭЭЖҮҮД МАРИАГААС ЮУ СУРАХ ВЭ?

17. Ехова ээжүүдэд ямар үүрэг оноосон бэ?

17 Ехова ээжүүдэд хүндтэй үүрэг оноож, хүүхдээ захирах тодорхой хэмжээний эрх мэдэл өгсөн билээ (Сур. 6:20). Ер нь ээжийн үг яриа, үйл хэрэг хүүхдэд хүчтэй нөлөөлдөг учир насан туршид нь мартагддаггүй (Сур. 22:6). Ээжүүд Есүсийн эх Мариагаас юу сурч болохыг ярилцъя.

18, 19. Ээжүүд Мариагаас юу сурах вэ?

18 Мариа Судрыг сайн мэддэг байв. Еховаг гүнээ хүндэтгэдэг, маш дотно харьцаатай байжээ. Амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдөх байсан ч Еховагийн зааврыг дуртайяа дагасан (Лук 1:35–38, 46–55).

Ээжүүд ядарсан юм уу уурласан үедээ илүү их хичээхгүй бол хайраа илэрхийлэх амаргүй (19-р догол мөрийг үзээрэй) *

19 Ээжүүд ээ, Мариаг дуурайгаарай. Юуны түрүүнд, Еховатай үргэлж дотно байхын тулд Библийг бие даан судалж, ганцаарчлан залбирч байгаарай. Хоёрдугаарт, Еховаг баярлуулахын тулд өөрийгөө өөрчлөхөд бэлэн байгаарай. Жишээ нь, юм л бол уурлаж хашхичин, загнаж зандардаг эцэг эхийн гар дээр өссөн хүн ямар байдаг вэ? Хүүхдийг ингэж л хүмүүжүүлдэг гэсэн ойлголттой болсон байдаг. Еховагийн хэм хэмжээг мэддэг болсон ч заримдаа хүүхдэдээ уурлаж, хатуу ширүүн харьцах гээд байж магадгүй. Ялангуяа ядарсан үед үгэнд орохгүй бол тэвчээртэй, тайван байх амаргүй санагддаг биз ээ (Эф. 4:31). Тийм үед Еховад улам шаргуу залбирч тусламж гуйх нь зүйтэй. Лидия гэдэг ээж: «Хүү маань үгэнд орохгүй бол уурлаж хашхичихгүй байхад туслаач гэж шаргуу залбирах хэрэг гардаг байсан. Заримдаа хүүхэдтэйгээ ярьж байхдаа гэнэт дуугүй болоод Еховагаас тусламж гуйдаг байлаа. Залбирахлаар тайвширдаг» гэж ярьжээ (Дуу. 37:5).

20. Зарим ээжид ямар бэрхшээл тохиолддог вэ? Тэр бэрхшээлийг хэрхэн давах вэ?

20 Зарим ээжид тулгардаг өөр нэг бэрхшээл нь хүүхдэдээ хайртай ч түүнийгээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй ажээ (Тит 2:3, 4). Бага байхдаа эцэг эхийнхээ хайр энхрийллийг мэдэхгүй өссөн эмэгтэйчүүд байдаг. Та тэдний нэг бол эцэг эхийнхээ алдааг бүү давтаарай. Ээжүүд үр хүүхдэдээ хайраа илэрхийлэх аргыг сурах хэрэгтэй. Энэ нь Еховад захирагдаж буй хэрэг юм. Бодол, сэтгэл, үйл хэргээ өөрчилнө гэдэг амархан биш. Гэхдээ өөрчилж чадвал өөрт нь ч сайн, үр хүүхэд нь ч жаргалтай байна.

ЕХОВАД ХЭЗЭЭ ЯМАГТ ЗАХИРАГДАГТУН

21, 22. Исаиа 65:13, 14-т бичсэнээр, Еховад захирагддаг хүн ямар ивээл хүртдэг вэ?

21 Давид хаан Еховад захирагдахын ач тусыг мэддэг байжээ. Тэрээр: «ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг» хэмээн бичжээ (Дуу. 19:8, 11). Еховад захирагддаг болон захирагддаггүй хүмүүсийн ялгаа бидэнд тодорхой харагддаг. Хайрын сэтгэлээр өгсөн Еховагийн зөвлөгөөг дагадаг хүмүүс «сэтгэлдээ баярлан дуулдаг» (Исаиа 65:13, 14-ийг уншина).

22 Ахлагчид, аавууд болон ээжүүд Еховад дуртайяа захирагддаг бол амьдрал нь цэцэглэнэ, гэр бүлээрээ жаргалтай, хурлаараа эв нэгдэлтэй байна. Хамгийн гол нь Еховаг баярлуулна (Сур. 27:11). Үүнээс илүү баяр баясгалан гэж үгүй!

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

^ д/м 5 Бид яагаад Еховад дуулгавартай байх ёстойг энэ өгүүллээр ярилцана. Түүнчлэн амбан захирагч Нехемиа, хаан Давид, Есүсийн эх Мариа нар тодорхой эрх мэдэлтэй хүмүүс буюу ахлагчид, аавууд болон ээжүүдэд ямар үлгэр дуурайл үзүүлснийг хэлэлцэнэ.

^ д/м 1 ҮГИЙН ТАЙЛБАР: Захирагдах гэдэг үг хэн нэгний захиргаан дор байхаас өөр аргагүй болсон хүмүүст таагүй санагддаг. Харин Гэрчүүд Бурханд дуулгавартай байхаар шийдсэн учраас захирагдахыг муу гэж боддоггүй.

^ д/м 7 Энэ өгүүлэлд гарсан зарим хүний нэрийг өөрчиллөө.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ахлагч цуглааны танхимын засварын ажилд хүүтэйгээ хамт оролцож байна; Нехемиа ах дүү нартайгаа Иерусалимын хэрмийг сэргээн босгож байна.

^ д/м 64 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Аав нь гэр бүлээ төлөөлөн Еховад хичээнгүйлэн залбирч байна.

^ д/м 66 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хүү хичээлээ давталгүй олон цагаар видео тоглоом тогложээ. Ээж нь ажлаасаа ядарчихсан ирсэн ч уурлаж бухимдалгүй, харааж загналгүй учирлан ярьж байна.