Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 38

«Над руу ир. Би та нарыг сэргээнэ»

«Над руу ир. Би та нарыг сэргээнэ»

«Эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн та нар бүгдээрээ над руу ир. Би та нарыг сэргээнэ» (МАТ. 11:28).

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

ТОЙМ *

1. Матай 11:28–30-д Есүсийн ямар амлалт байдаг вэ?

ЕСҮС олон түмэнд сургаал айлдаж байхдаа гайхалтай амлалт өгчээ. «Над руу ир. Би та нарыг сэргээнэ» гэсэн (Матай 11:28–30-ийг уншина). Энэ нь хоосон үг биш байв. Жишээ нь аймшигтай өвчинд нэрвэгдэн зовж явсан эмэгтэйн төлөө юу хийснийг бодоод үз дээ.

2. Есүс өвчтэй эмэгтэйн төлөө юу хийсэн бэ?

2 Тэр эмэгтэйд тусламж маш их хэрэгтэй байлаа. Эмчлүүлээд эдгэрчих санаатай олон эмч дээр очжээ. Өвчин тусаад 12 жил болсон түүнийг эдгээж чадсан хүн нэг ч байгаагүй юм. Мосегийн хуулиар бол эмэгтэй бузартжээ (Лев. 15:25). Тэгтэл Есүс гэдэг хүн өвчин эдгээж байгаа тухай сураг дуулдав. Тэрээр Есүсийг хайж олоод гадуур хувцасных нь цацагт хүрмэгцээ эдгэрчээ! Есүс өвчнийг нь эдгээгээд зогссонгүй сэтгэлийн зовлонгоос нь ангижруулсан. Жишээ нь түүнийг хайрлаж хүндэлсэн учраас «Охин минь» гэж дуудсан. Эмэгтэй ямар их эрч хүчтэй болж, сэтгэл нь сэргэсэн бол оо! (Лук 8:43–48).

3. Ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

3 Тэр эмэгтэй Есүс дээр очих гэж хүчээ дайчилсныг анхаараарай. Бид бас Есүс дээр «очихын» тулд хүчээ дайчлах хэрэгтэй. Есүс орчин үеийн хүмүүсийг ер бусын аргаар эдгээхгүй. Гэхдээ одоо ч «Над руу ир. Би та нарыг сэргээнэ» хэмээн урьж байгаа. Энэ өгүүллээс дараах таван асуултын хариуг мэдэж авъя. Есүс рүү «ирнэ» гэж яахыг хэлдэг вэ? «Буулгыг минь өөр дээрээ ав» гэсэн нь ямар утгатай вэ? Есүсээс юу сурах вэ? Есүсийн өгдөг ажил биднийг яагаад сэргээдэг вэ? Ямагт Есүсийн буулган дор байж сэргэхийн тулд яах хэрэгтэй вэ?

«НАД РУУ ИР»

4, 5. Яавал Есүс рүү очиж байгаа хэрэг вэ?

4 Есүс рүү очих нэг арга нь үг сургаал, ажил үйлсийг нь чадлынхаа хэрээр мэдэж авах юм (Лук 1:1–4). Бид өөрсдөө л Есүсийн талаар судлах ёстой. Өөр хүн бидний өмнөөс судлахгүй шүү дээ. Түүнчлэн баптисм хүртэж Христийн шавь болбол Есүс рүү очиж байгаа хэрэг болно.

5 Шаардлагатай үед ахлагчдаас тусламж авах нь Есүс рүү очих бас нэг арга юм. Ахлагчдыг «бэлэг» гэж үзэх нь зүйтэй. Есүс тэднээр хоньдоо хариулуулдаг (Эф. 4:7, 8, 11; Ёох. 21:16; 1 Петр 5:1–3). Бид өөрсдөө очоод тэднээс тусламж авах хэрэгтэй. Юу бодож байгаагаа, юу хэрэгтэйгээ хэлэхгүй бол тэд мэдэхгүй шүү дээ. Жулиан гэдэг Гэрч эрэгтэй: «Би эрүүл мэндийн шалтгаанаар Бетелээс гарах болоход нэг найз маань ахлагчидтай уулзахыг зөвлөсөн юм. Эхэндээ би уулзах шаардлагагүй гэж бодож байлаа. Харин дараа нь ахлагчдаас тусламж гуйсан. Тэдний тусламж бол авч байсан бэлгүүдээс минь хамгийн сайн нь» гэж ярьжээ. Жулианд тусалсан хоёр ахлагч шиг үнэнч ахлагчид Христийнхтэй адил бодол, хандлагатай болоход тусалдаг (1 Кор. 2:16; 1 Петр 2:21). Энэ бол тэдний өгч чадах хамгийн сайн бэлэг юм.

«БУУЛГЫГ МИНЬ ӨӨР ДЭЭРЭЭ АВ»

6. Есүс: «Буулгыг минь өөр дээрээ ав» гэж хэлснийг юу гэж ойлгох вэ?

6 Есүс: «Буулгыг минь өөр дээрээ ав» гэж хэлэхдээ «Эрх мэдлийг минь хүлээн зөвшөөрөөрэй» гэсэн утгаар хэлсэн байж магадгүй. Эсвэл «Надтай хамт буулганд ороод Еховагийн төлөө хамтран зүтгэе» гэж хэлсэн ч байж болох юм. Аль нь ч байсан, бид хичээж мэрийх хэрэгтэй гэсэн үг.

7. Матай 28:18–20-д бичсэнээр, бидэнд ямар ажил даалгасан бэ? Юунд итгэлтэй байж болох вэ?

7 Еховад амь амьдралаа зориулж, баптисм хүртвэл Есүсийн урилгыг хүлээж авч байгаа хэрэг юм. Есүс бүх хүнийг урьсан болохоор Бурханд үйлчлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг хэнийг ч голохгүй (Ёох. 6:37, 38). Христийн дагалдагчид бүгдээрээ Есүсийн хийж байсан ажлыг хийх хүндтэй үүрэг авсан хүмүүс. Есүс байнга хамт байж тэр ажлыг хийхэд тусална гэдэгт итгэлтэй байгаарай (Матай 28:18–20-ийг уншина).

«НАДААС СУРАЛЦ»

Есүсийг дуурайн бусдыг сэргээгээрэй (8–11-р догол мөрийг үзээрэй) *

8, 9. Даруу зантай хүмүүс яагаад Есүст татагддаг байсан бэ? Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

8 Даруу зантай хүмүүс Есүст татагддаг байжээ (Мат. 19:13, 14; Лук 7:37, 38). Яагаад? Есүс болон фарисайчууд ямар ялгаатай байсныг бодоод үз дээ. Фарисайчууд цэвдэг сэтгэлтэй, бардам зантай байв (Мат. 12:9–14). Харин Есүс халуун сэтгэлтэй, даруу зантай хүн байсан. Фарисайчууд нэр алдарт дуртай, нийгэмд эзлэх байр сууриараа бахархдаг байжээ. Есүс үүнийг буруушаасан бөгөөд бусдад үйлчилж байхыг шавь нартаа захисан (Мат. 23:2, 6–11). Фарисайчууд хүмүүсийг айлгаж дарамталдаг байжээ (Ёох. 9:13, 22). Есүс хүмүүсийг үгээрээ, үйлсээрээ сэргээдэг байв.

9 Есүсээс юу сурах вэ? Та өөрөөсөө «Хүмүүс намайг даруу, дөлгөөн гэж үздэг үү? Би хар бор ажлыг гололгүй хийдэг үү? Бусдад найрсаг ханддаг уу?» гэж асуугаарай.

10. Есүстэй хамт байхад шавь нарт нь ямар санагддаг байсан бэ?

10 Есүс хамт ажилладаг хүмүүстээ санаа тавьж тавтай, тайван байх боломжийг бүрдүүлдэг байв. Мөн тэднийг дуртайяа сургадаг байсан (Лук 10:1, 19–21). Тэрээр асуулт асууж байхыг шавь нартаа уриалдаг, өөрөө ч асуулт асуун санаа бодлыг нь сонсдог байжээ (Мат. 16:13–16). Шавь нар нь хүлэмжид тарьсан ургамал шиг цэцэглэжээ. Есүсийн сургаалыг анхааралтай сонсож, сайн үйлс бүтээсэн.

Харьцахад амар, нөхөрсөг байгаарай

Идэвх зүтгэлтэй байгаарай

Даруу, ажилсаг байгаарай *

11. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

11 Та тодорхой хэмжээний эрх мэдэлтэй юү? Тийм бол өөрөөсөө «Ажлынхан эсвэл гэрийнхэн маань надтай хамт байхдаа дуртай юу? Тайван байдаг болов уу? Асуулт асууж байхыг би тэдэнд уриалдаг уу? Саналыг нь дуртайяа сонсдог уу?» гэж асуугаарай. Юм асуусан хүнд уурлаж, өөр санал хэлсэн хүнийг хавчдаг байсан фарисайчуудыг дуурайж хэрхэвч болохгүй (Марк 3:1–6; Ёох. 9:29–34).

«ТА НАР СЭРГЭХ БОЛНО»

12-14. Есүсийн даалгасан ажил яагаад сэтгэл сэргээдэг вэ?

12 Есүсийн даалгасан ажлыг хийвэл яагаад сэргэдэг вэ? Олон шалтгаан бий. Цөөн хэдийг авч үзье.

13 Бидэнд хамгийн сайн Удирдагчид болон ахлагчид бий. Ехова бол хамгийн агуу Удирдагч. Тэрээр талархуу, зөөлөн сэтгэлтэй. Ажил үйлсийг маань өндөр үнэлдэг (Евр. 6:10). Авсан даалгавраа биелүүлэх эрч хүчийг бидэнд өгдөг (2 Кор. 4:7; Гал. 6:5). Түүнээс гадна, бусдад хэрхэн хандах талаар төгс жишээ үлдээсэн нэгэн бол Хаан Есүс юм (Ёох. 13:15). Ахлагчид «агуу хоньчин» Есүсийг дуурайн хоньдыг хариулдаг (Евр. 13:20; 1 Петр 5:2). Тэд хоньдыг тэжээхдээ эелдэг зөөлөн байж, урмыг нь бадраадаг. Бас тэднийг зоригтой хамгаалдаг.

14 Бид хамгийн сайн найз нөхөдтэй. Хайраар гагнагдсан найз нөхөдтэй, утга учиртай зорилготой хүн биднээс өөр байхгүй. Бодоод үз дээ. Биеэ хамгийн сайн авч явдаг ч өөрийгөө бусдаас илүү гэж боддоггүй хүмүүстэй хамтарч ажиллана гэдэг завшаан биш гэж үү? Тэд авьяас чадвартай атлаа даруухан, бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг. Биднийг хамтран зүтгэгч төдийгүй анд нөхөд гэж үздэг учраас амиа өгөхөд ч бэлэн байдаг!

15. Бид ямар ажил хийдэг вэ? Яагаад?

15 Хамгийн сайн ажлыг бид хийдэг. Бид хүмүүст Еховагийн тухай үнэнийг зааж, Диаволын худал үгийг илчилдэг (Ёох. 8:44). Сатан хүмүүст даагдашгүй хүнд ачаа үүрүүлж сэтгэлийн зовлонд унагадаг. Жишээлбэл нүгэлт намайг Ехова уучлахгүй, би бол хайрлуулах эрхгүй хүн гэсэн бодол төрүүлэхийг оролддог. Үнэхээр хүнд ачаа, аймшигтай худал үг биш гэж үү? Христ рүү очсон хүн бүрийн нүгэл уучлагдана. Ехова биднийг маш их хайрладаг нь туйлын үнэн (Ром 8:32, 38, 39). Еховад найдахад нь бусдад тусалж, сайжирч өөрчлөгдөхийг нь харах шиг баяр баясгалан үгүй!

ЕСҮСИЙН БУУЛГАНД ОРЖ СЭРГЭЦГЭЭЕ

16. Есүсийн буулга бусад буулганаас ямар ялгаатай вэ?

16 Есүсийн буулга бусад буулганаас ялгаатай. Жишээ нь өдөржин ажиллахаараа ядарч, ямар ч баяр баясгалангүй болдог хүн олон байдаг. Харин Ехова Есүс хоёрт үйлчлэхлээр сэтгэл хангалуун, баяр хөөртэй болдог. Ажил тарахад ядарсан байдаг ч цуглаанд явахын тулд өөрийгөө хүчлэх нь бий. Гэхдээ цуглаан тараад гэртээ харихдаа сэргээд, эрч хүчтэй болсон байх нь олонтоо. Дэлгэрүүлэх, Библиэ бие дааж судлахад ч мөн ялгаагүй. Эдгээрийг хийхэд зүтгэл хэрэгтэй ч сэтгэл сэргэж, эрч хүчтэй болдог!

17. Бид яагаад ухаалаг байх хэрэгтэй вэ?

17 Хүн бүрийн хүч чадал хязгаартай учраас бид ухаалаг байх хэрэгтэй. Жишээлбэл эд хөрөнгө хурааж хуримтлуулахад хамаг хүчээ зарцуулдаг байж болох юм. Нэгэн баян залуу: «Мөнх амийг өвлөе гэвэл би яах ёстой вэ?» гэж Есүсээс асуухад юу гэж хариулсныг бодоорой. Мосегийн хуулийг багаасаа сахиж ирсэн тэр залуу сайн хүн байсан нь лавтай. Яагаад гэвэл «Есүс түүнийг ... хайрласан» гэж «Марк» номд бичсэн байдаг. Есүс тэр залууд урилга өгчээ. «Эд хөрөнгөө зараад ядууст өг» гэж хэлснийхээ дараа «Ирж миний дагалдагч бол» гэхэд захирагч залуу ацан шалаанд оров. Гэхдээ эд хөрөнгөөсөө салж чадаагүй юм (Марк 10:17–22). Ийнхүү Есүсийн буулганд орох саналыг хүлээж авалгүй, «эд баялгийн боол» хэвээрээ үлджээ (Мат. 6:24). Та алийг нь сонгох вэ?

18. Үе үе яах хэрэгтэй вэ? Яагаад?

18 Юуг эн тэргүүнд тавьж амьдардгаа үе үе шалгах нь сайн. Яагаад? Хүчээ зөв хуваарилахад тустай. Марк гэдэг залуугийн хэлснийг анхааръя. Тэрээр: «Би өөрийгөө энгийн амьдардаг гэж боддог байсан. Эхлэгчээр үйлчилдэг хэр нь мөнгөтэй болох, илүү тухтай амьдрахыг л дандаа боддог байв. Харин яагаад сэтгэл дундуур байгаагаа ойлгодоггүй байлаа. Гэтэл өөрийн эрх ашгийг голчлон анхаарч, илүү гарсан цаг, хүчээ Еховад өгч байсан юм билээ» гэжээ. Марк үзэл бодол, амьдралын хэв маягаа өөрчилж, Еховагийн үйл хэрэгт түлхүү оролцох болжээ. «Заримдаа мөнгө төгрөг гэж санаа зовдог ч Ехова Есүс хоёрын тус дэмээр аливаа бэрхшээлийг давдаг» гэж Марк ярьсан юм.

19. Зөв үзэлтэй байх нь яагаад чухал вэ?

19 Есүсийн буулганд орсон бид гурван зүйлийг анхаарвал үргэлж сэтгэл сэргэг байж чадна. Нэгдүгээрт, зөв үзэлтэй байх. Бид Еховагийн ажлыг хийдэг. Тийм учраас Еховагийн зааснаар л хийх ёстой. Бид бол ажилчид, Ехова бол Эзэн (Лук 17:10). Өөрийнхөөрөө хийх гэж зүтгэвэл өөрөө л зовно. Бух хэчнээн их хүч чадалтай ч эзэндээ захирагдахгүй, хүссэн зүг рүүгээ явах гээд зүтгээд байвал эцэж цуцна, гэмтэж бэртэнэ. Бид Еховагийн зааврыг биелүүлбэл хийж чадахгүй гэж бодож байсан бүхнээ амжуулна, ямар ч саадыг давна. Хүслээ биелүүлэхэд нь Бурханд хэн ч саад болж чадахгүйг бүү мартаарай! (Ром 8:31; 1 Ёох. 4:4).

20. Ямар сэтгэлээр Есүсийн буулганд орох ёстой вэ?

20 Хоёрдугаарт, зөв сэтгэлтэй байх. Бидний зорилго бол халамжит Эцэг Еховагаа алдаршуулах юм. Шунахай сэтгэлээр эсвэл ашиг харж Есүсийг дагаж байсан нэгдүгээр зууны хүмүүс удалгүй баяр баясгалангүй болж, Есүсийн буулганаас гарчээ (Ёох. 6:25–27, 51, 60, 66; Флп. 3:18, 19). Харин Бурхныг болон бусдыг хайрладаг, хувиа боддоггүй хүмүүс буулганаасаа гаралгүй насан туршдаа жаргалтай байсан. Тэд тэнгэрт Христтэй хамт үйлчилнэ гэсэн итгэл найдвар өвөрлөж явжээ. Есүсийн буулганд орсон бид бас зөв сэтгэлтэй бол хэзээд жаргалтай байна.

21. Матай 6:31–33-т бичсэнээр бид юунд итгэлтэй байдаг вэ?

21 Гуравдугаарт, бат итгэлтэй байх. Бид бусдын төлөө нөр их хөдөлмөрлөж амьдрахаар шийдсэн билээ. Есүсийн сануулснаар бид хавчигдах нь гарцаагүй. Гэхдээ ямар ч бэрхшээлийг тэвчих хүчийг Ехова өгнө гэдэгт итгэлтэй байж болно. Тэвчих тусам улам хүчтэй болно (Яак. 1:2–4). Бас хэрэгтэй бүхнийг маань Ехова өгнө, Есүс бидэнд санаа тавина, итгэл нэгтнүүд маань урам хайрлана гэдэгт итгэлтэй байдаг (Матай 6:31–33-ыг уншина; Ёох. 10:14; 1 Тес. 5:11). Бэрхшээлийг давахад хэрэгтэй бүхэн бидэнд бий.

22. Юунд баярлах хэрэгтэй вэ?

22 Есүсээр эдгээлгэсэн эмэгтэй өвчнөөсөө салсан тэр өдөртөө сэтгэл нь сэргэсэн. Гэхдээ үргэлж өөдрөг, баяр хөөртэй байя гэвэл Христийн үнэнч дагалдагч болох ёстой. Тэрээр яасан бол? Есүсийн буулганд орсон байх. Хэрэв тэгсэн бол ямар шагнал хүртэхийг нь төсөөл дөө. Тэнгэрт Есүстэй хамт үйлчилнэ! Христийн дагалдагч болохын тулд золиосолсон бүхнийхээ төлөө маш их ивээл хүртэх нь зайлшгүй. Тиймээс та тэнгэр газрын алинд ч амьдрах найдвартай бай, «Над руу ир» гэсэн Есүсийн урилгыг хүлээж авсандаа баярлах хэрэгтэй.

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

^ д/м 5 Есүс: «Над руу ир» гэж урьдаг. Урилгыг нь хүлээж авах гэж яахыг хэлдэг вэ? Мөн Христтэй хамт ажиллахаар яагаад сэргэдэг вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээс мэдэж авна.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс хүмүүсийг янз бүрийн аргаар сэргээдэг байсан.

^ д/м 66 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүсийг дуурайдаг Гэрч эрэгтэй бусдыг олон аргаар сэргээж байна.