Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 36

Бид Хармагедоныг сэтгэл догдлон хүлээдэг

Бид Хармагедоныг сэтгэл догдлон хүлээдэг

«Хаадыг ... Хармагедон гэдэг газар цуглуулав» (ИЛЧ. 16:16).

ДУУ 49 Еховад хоргодъё

ТОЙМ *

1, 2. а) Хармагедоны тухай мэдээг яагаад сайн мэдээ гэж хэлж болох вэ? б) Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?

ДЭЛХИЙ цөмийн дайны уршгаар эсвэл байгалийн гамшгаас болж сөнөнө гэж зарим хүн боддог. Харин Библид бичсэнээр бол, удахгүй Хармагедон гэдэг дайн болно. Энэ бол сайн мэдээ юм! (Илч. 1:3). Учир нь Хармагедоны үед хүн төрөлхтөн сөнөхгүй, харин ч аврагдана! Яагаад тэгж хэлж болох вэ?

2 Яагаад гэвэл Хармагедон гэдэг энэ дайн хүний засаглалыг устгаж, муу хүмүүсийг хүйс тэмтэрч, зөв шударга хүмүүсийг амьд үлдээх бөгөөд манай гаргийг сүйрэхээс хамгаална (Илч. 11:18). Үүнийг илүү сайн ойлгохын тулд дараах дөрвөн асуултыг авч үзье. Хармагедон гэж юу вэ? Үүнээс өмнө юу болох вэ? Хармагедоны үед эсэн мэнд үлдэх хүмүүсийн тоонд багтъя гэвэл яах хэрэгтэй вэ? Хармагедон ойртохын хэрээр үнэнч хэвээрээ байхын тулд юу хийх вэ?

ХАРМАГЕДОН ГЭЖ ЮУ ВЭ?

3. а) «Хармагедон» гэдэг үг ямар утгатай вэ? б) Илчлэл 16:14, 16-д гардаг Хармагедоныг яагаад бодитой газар биш гэж хэлж болох вэ?

3 Илчлэл 16:14, 16-г уншина. Хармагедон гэдэг үг Библид ганцхан удаа гардаг бөгөөд «Мегиддо уул» гэсэн утгатай еврей үгээс гаралтай (Илч. 16:16, зүүлт). Эртний Израйлд Мегиддо гэдэг нэртэй хот байжээ (Иош. 17:11). Харин Хармагедон гэдэг бодитой газар дэлхийн хаана ч байдаггүй. Ер нь, дэлхийн хаад Еховагийн эсрэг цугларахыг энэ үгээр хэлдэг (Илч. 16:14). Гэхдээ дэлхийн хаадыг цугларсны дараахан болох дайныг «Хармагедон» гэж энэ өгүүлэлд бичлээ. Хармагедоныг бодитой газар биш, бэлгэ тэмдгийн чанартай гэж яагаад хэлж болох вэ? Нэгд, Мегиддо уул гэж байхгүй. Хоёрт, Мегиддогийн эргэн тойрны газар нутагт дэлхийн бүх хаан цэрэг арми, зэр зэвсэгтэйгээ цуглавал багтахгүй. Гуравт, ертөнцийн «хаад» дэлхий даяар тархан суурьшсан Бурхны ард түмэн рүү дайрахад Хармагедон эхэлнэ. Үүнийг өгүүллийн төгсгөлд авч үзнэ.

4. Ехова эцсийн удаа хийх агуу дайнаа яагаад Мегиддотой холбож нэрлэсэн бэ?

4 Ехова эцсийн удаа хийх агуу дайнаа Хармагедон гэж нэрлэсэн. Ийнхүү Мегиддотой холбож нэрлэсэн нь ямар учиртай вэ? Мегиддо ба түүний ойролцоох Иезреелийн хөндийд олон удаа дайн тулаан болжээ. Зарим тулаанд Ехова гар бие оролцсон. Жишээ авъя. «Мегиддогийн усны дэргэд» Сисера тэргүүтэй Канааны арми болон Израйлын хооронд дайн болжээ. Тэр үед Ехова тусалсан учраас Израйлын шүүгч Барак гайхамшигт ялалт байгуулсан. Барак, зөнч эмэгтэй Дебора нар Еховад талархан «Тэнгэрээс одод ... Сисерагийн эсрэг тулалдав. Кишон голын өнө эртний урсгал тэднийг урсган авав» хэмээн дуулжээ (Шүү. 5:19–21).

5. Хармагедон шүүгч Баракийн оролцсон дайнаас юугаараа ялгаатай вэ?

5 Барак Дебора нар: «ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж, харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаач» хэмээн дуугаа төгсгөжээ (Шүү. 5:31). Бурхан Хармагедоны үед ч дайснуудаа устгаж, өөрийг нь хайрладаг хүмүүсийг аварна. Тэгвэл энэ дайн шүүгч Баракийн оролцсон дайнаас юугаараа ялгаатай вэ? Хармагедоны үед Бурхны ард түмэн дайтахгүй, зэвсэг ч барихгүй! Харин Еховад болон тэнгэрийн цэргүүдэд найдан, «чимээгүй байна». Энэ нь тэдний «хүч» байх юм (Ис. 30:15; Илч. 19:11–15).

6. Ехова Хармагедоны үед дайснаа хэрхэн дарах вэ?

6 Бурхан Хармагедоны үед дайснаа хэрхэн дарах вэ? Янз бүрийн арга хэрэглэж магадгүй. Жишээлбэл газар хөдөлгөж, мөндөр оруулж, аянга буулгаж болох юм (Иов 38:22, 23; Езе. 38:19–22). Дайсныг өөр хооронд нь тулалдуулж магадгүй (Ш.дэд 20:17, 22, 23). Тэнгэрийн элч нараар устгуулахыг ч үгүйсгэхгүй (Ис. 37:36). Ямар ч арга хэрэглэсэн, Бурхан ялна. Дайснуудаа бүгдийг нь устгаж, зөв шударга хүмүүсийг бүгдийг нь аварна (Сур. 3:25, 26).

ХАРМАГЕДОНООС ӨМНӨ ЮУ БОЛОХ ВЭ?

7, 8. а) 1 Тесалоник 5:1–6-д бичсэнээр, дэлхийн удирдагчид юу гэж тунхаглах вэ? б) Энэ тунхаглал яагаад аюултай вэ?

7 «Еховагийн өдөр» болохоос өмнө хүмүүс «Амар тайван, аюулгүй байна!» гэж тунхаглана (1 Тесалоник 5:1–6-г уншина). 1 Тесалоник 5:2-т гардаг «Еховагийн өдөр» гэдэг нь «агуу их гамшиг» юм (Илч. 7:14). Агуу их гамшиг хэзээ эхлэхийг яаж мэдэх вэ? Нэгэн онцгой тунхаглалын тухай Библид гардаг. Энэ нь агуу их гамшиг эхлэхийн дохио байх юм.

8 Дэлхийн удирдагчид ямар учраас «Амар тайван, аюулгүй байна!» гэж зарлан тунхаглах вэ? Шашны удирдагчид оролцох уу? Магадгүй. Ямар ч байсан, энэ бол чөтгөрүүдээс эхтэй хуурамч тунхаглал гэдэг нь тодорхой. Хүн төрөлхтний түүхэнд урьд хожид болж байгаагүй агуу их гамшиг эхлэх гэж байхад айх аюулгүй амар тайван байна гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлэх учраас энэ тунхаглал үнэхээр аюултай. Тэд «гэнэт сүйрнэ. Энэ нь жирэмсэн эмэгтэй төрөх болохоороо өвддөгтэй адил юм». Харин Еховагийн үнэнч үйлчлэгчид яах вэ? Еховагийн өдөр ийнхүү гэв гэнэт эхлэхэд гайхаж магадгүй. Гэхдээ бэлтгэлтэй байна.

9. Ехова Сатаны ертөнцийг ямар дарааллаар устгах вэ?

9 Ехова Сатаны ертөнцийг Ноагийн үеийнх шиг нэг амьсгаагаар устгахгүй. Хоёр үе шаттайгаар устгана. Эхлээд Агуу Вавилоныг буюу бүх хуурамч шашныг устгана. Дараа нь Хармагедоны үед Сатаны ертөнцийн үлдсэн хэсэг буюу улс төр, зэвсэгт хүчин, худалдааны тогтолцоог устгана. Энэ хоёр үйл явдлыг дэлгэрэнгүй авч үзье.

10. Илчлэл 17:1, 6 болон 18:24-т бичсэнийг үзвэл, Ехова Агуу Вавилоныг яагаад устгах вэ?

10 «Агуу янхныг ... шүүнэ» (Илчлэл 17:1, 6; 18:24-ийг уншина). Агуу Вавилон Бурхны нэрийг гутаан доромжилдог. Яаж? Бурхны тухай худал сургаал заадаг. Хүний засгийн газруудыг дэмжиж Еховад үнэнч бус байдаг. Эрх мэдэл, нэр нөлөөгөө ашиглан сүсэгтнүүдээ дарлан мөлждөг. Олон хүний амийг хөнөөсөн. Тэдний дунд Бурхны үйлчлэгчид бий (Илч. 19:2). Ехова Агуу Вавилоныг хэрхэн устгах вэ?

11. «Час улаан өнгөтэй ... араатан» гэж юу вэ? Бурхан Агуу Вавилоныг хэрхэн устгах вэ?

11 Ехова «агуу янхныг» «час улаан өнгөтэй ... араатны» «арван эврээр» устгана. Араатан гэдгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагыг хэлдэг. Арван эвэр нь тус байгууллагыг дэмждэг одоогийн улс төрийн хүчнүүд юм. Улс төрийн хүчнүүд Бурхны товлосон цагт Агуу Вавилон руу дайрч эд баялгийг нь тонон, үнэн нүүр царайг нь илчилнэ. Ийнхүү «сүйрүүлж, нүцгэлнэ» (Илч. 17:3, 16). Ганцхан өдрийн дотор мэт маш хурдан сүйрэхэд нь түүнийг дэмжигчид гайхаж цочирдоно. Агуу янхан урьд нь өөрөөрөө үргэлж сайрхан «Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй» гэж хэлдэг байсан болохоор тэр юм (Илч. 18:7, 8).

12. Ехова үндэстнүүдэд юуг зөвшөөрөхгүй вэ? Яагаад?

12 Бурхан өөрийнхөө ард түмнийг үндэстнүүдээр устгуулахгүй. Яагаад гэвэл үйлчлэгчид нь Еховагаар овоглодгоороо бахархдаг бөгөөд Агуу Вавилоноос зугт гэсэн тушаалыг дуулгавартай дагасан (Үйлс 15:16, 17; Илч. 18:4). Бас тэндээс зугтахыг хүмүүст уриалж, ихэд хичээнгүйлэн ажилласан. Тийм учраас Еховагийн үйлчлэгчид Агуу Вавилоны «гамшгуудад нь өртөхгүй». Гэсэн хэдий ч ирээдүйн сорилтыг давахын тулд итгэлээ батжуулах шаардлагатай.

Гэрчүүд дэлхийн хаана ч байлаа гэсэн, довтолгоо эхлэх үед ч Бурхандаа найдна (13-р догол мөрийг үзээрэй) *

13. а) Гог гэж юу вэ? б) Езекиел 38:2, 8, 9-д бичсэнийг үзвэл, Гог ямар учраас Бурхны ард түмэн рүү дайрах вэ?

13 Гогийн дайралт (Езекиел 38:2, 8, 9-ийг уншина). Хуурамч шашны бүх байгууллага устгагдахад гагцхүү Бурхны ард түмэн үлдэнэ. Яг л, хүчит шуургыг тэсэж үлдсэн ганц модтой адил байх юм. Энэ үед Сатаны уур хилэн бадрах нь ойлгомжтой. Тэрээр «бузар үг» буюу чөтгөрүүдээс эхтэй хуурамч мэдээллийг ашиглан эвсэн нэгдсэн үндэстнүүдийг Еховагийн үйлчлэгчдийн эсрэг турхирна (Илч. 16:13, 14). Эвсэн нэгдсэн тэдгээр үндэстнийг «Магогийн газрын ... Гог» гэдэг. Тэднийг Бурхны ард түмэн рүү довтлонгуут Хармагедон эхэлнэ (Илч. 16:16).

14. Гог юу ойлгох вэ?

14 Гог «махан гар» буюу зэвсэгт хүчиндээ найдна (Ш.дэд 32:8). Харин бид Ехова Бурхандаа найдна. Тэд биднийг тэнэг гэж бодох нь лавтай. Яагаад? Цагтаа эрх мэдэл, сүр хүч ихтэй байсан Агуу Вавилоныг «араатан» болон «арван эврийн» довтолгооноос аврах чадалтай бурхан байхгүй! (Илч. 17:16). Тиймд Еховагийн ард түмнийг устгах юухан байх вэ гэж Гог бодно. Тэгээд «газрыг бүрхэх үүл адил» дайрна (Езе. 38:16). Гэвч Улаан тэнгисийн эрэг дээр очсон фараоны нэгэн адил урхинд орсноо, мөн Еховатай тулалдаж байгаагаа ойлгоно (Ег. 14:1–4; Езе. 38:3, 4, 18, 21–23).

15. Христ хэрхэн ялах вэ?

15 Христ цэргүүдтэйгээ хамт Бурхны ард түмнийг хамгаалж, Гогийн талынхныг нухчин дарна (Илч. 19:11, 14, 15). Тэгвэл үндэстнүүдийг мэхлэн Бурхны ард түмний эсрэг турхирч, Хармагедоныг өдүүлсэн гол дайсан Сатаныг яах вэ? Есүс түүнийг чөтгөрүүдтэй нь хамт ёроолгүй нүхэнд 1 000 жил хорино (Илч. 20:1–3).

ХАРМАГЕДОНЫГ ЭСЭН МЭНД ДАВАХЫН ТУЛД ЯАХ ВЭ?

16. а) Бурхныг мэдэх гэж яахыг хэлдэг вэ? б) Еховаг мэддэг хүмүүс Хармагедоны үед яах вэ?

16 Хармагедоныг эсэн мэнд давъя гэвэл үнэний замаар яваад удсан ч бай, үгүй ч бай Бурхныг мэддэгээ, Эзэн Есүсийн «тухай сайн мэдээний дагуу» амьдардгаа батлах ёстой (2 Тес. 1:7–9). Бурхан юунд дуртай, юунд дургүйг болон ямар хэм хэмжээ тогтоосныг мэддэг бол Бурхныг мэддэг гэсэн үг. Мөн түүнийг хайрлаж, үг тушаалыг нь дагаж, чин үнэнч байдаг бол Бурхныг мэддэгийн шинж болно (1 Ёох. 2:3–5; 5:3). Бурхныг мэддэгээ ийнхүү баталдаг бол Бурхан ч биднийг мэднэ, сайшаана (1 Кор. 8:3). Ийм учраас бид Хармагедоны үед аврагдана!

17. Эзэн Есүсийн «сайн мэдээний дагуу» амьдарна гэдэг нь юу гэсэн үг вэ?

17 Эзэн Есүсийн «тухай сайн мэдээ» гэдэг нь Бурхны Үгэнд бичигдсэн Есүсийн бүх сургаал юм. Тэрхүү сайн мэдээний дагуу амьдрах гэдэг нь Хаант төрийн үйл хэргийг эн тэргүүнд тавьж, Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталж, Бурхны Хаант төрийн тухай мэдээ түгээхийг хэлнэ (Мат. 6:33; 24:14). Түүнчлэн хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг Христийн тослогдсон ах дүү нарт туслахыг хэлнэ (Мат. 25:31–40).

18. Тослогдсод «өөр хоньдын» ачийг хэрхэн хариулах вэ?

18 Бурхны тослогдсон үйлчлэгчид тун удахгүй «өөр хоньдын» ачийг хариулна (Ёох. 10:16). Яаж? Дэлхий дээр үлдсэн тослогдогсод Хармагедон эхлэхийн өмнө тэнгэрт гарч үхэшгүй мөнхийн амьтай болно. Тэгээд 144 000-уулаа тэнгэрийн армитай нэгдэн Гогийг устгаж, өөр хоньдын бүрэлдэхүүнд багтдаг «үй олон хүнийг» аварна (Илч. 2:26, 27; 7:9, 10). «Үй олон хүн» Еховагийн тослогдсон үйлчлэгчдийг дэлхий дээр байхад нь дэмжиж байсандаа маш их баярлана!

ТӨГСГӨЛ ОЙРТОХЫН ХЭРЭЭР ҮНЭНЧ ХЭВЭЭРЭЭ БАЙХЫН ТУЛД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

19, 20. Бид зовдог ч Хармагедон ойртохын хэрээр үнэнч хэвээрээ байхын тулд яах хэрэгтэй вэ?

19 Еховагийн олон үйлчлэгч эцсийн энэ хэцүү цагт янз бүрийн зовлон үзэж байна. Гэлээ ч баяр хөөртэй байх боломжтой (Яак. 1:2–4). Чин сэтгэлээсээ залбирах нь маш их тустай (Лук 21:36). Бас Бурхны Үгийг, ялангуяа удахгүй биелэх зөгнөлийг өдөр бүр судалж, эргэцүүлэн бодох нь чухал (Дуу. 77:12). Түүнээс гадна, дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцдог бол итгэл нь алдрахгүй, найдвар нь бөхөхгүй!

20 Агуу Вавилон устгагдаж, Хармагедон гэгч дайн дууссаны дараа ямар их баярлахаа бодоод үз дээ! Хамгийн гол нь бүх хүн Бурхны нэрийг дээдэлж, эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрдөг болох тэр үед хэчнээн их баяр баясгалантай байхаа төсөөл дөө! (Езе. 38:23). Тийм ээ, Бурхныг мэддэг, Хүүд нь захирагддаг, эцэс хүртэл тэвчих хүмүүс Хармагедоныг сэтгэл догдлон хүлээдэг (Мат. 24:13).

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

^ д/м 5 Еховагийн ард түмэн Хармагедоныг удаан хүлээж байна. Хармагедон гэж юу вэ? Хармагедоноос өмнө юу болох вэ? Төгсгөл ойртохын хэрээр үнэнч хэвээрээ байхын тулд яах хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээр үзнэ.

^ д/м 71 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бидний эргэн тойронд болох сэтгэл хөдөлгөм үйл явдал. Бид 1) дэлгэрүүлэх ажилд чадал, боломжоороо оролцоно, 2) Библиэ тогтмол судална, 3) Бурхан хамгаална гэдэгт итгэж найдсаар байна.

^ д/м 85 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Цагдаа нар Гэрчийн гэрт дайрч орох гэж байна. Харин Гэрч гэр бүл энэ үйл явдлыг Есүс болон тэнгэрийн элч нар харж байгаа гэдэгт итгэж байна.