Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 39

«Хэн ч тоолж чадахааргүй үй олон хүн»

«Хэн ч тоолж чадахааргүй үй олон хүн»

«Хэн ч тоолж чадахааргүй үй олон хүн ... сэнтий болон Хурганы өмнө зогсож байлаа» (ИЛЧ. 7:9).

ДУУ 144 Амь аврах мэдээ

ТОЙМ *

1. МЭ І зууны сүүлчээр элч Ёохан ямар байдалтай байсан бэ?

МАНАЙ эриний I зууны сүүлч. Элч Ёохан хүнд бэрх цаг үед амьдарч байв. Нас өндөр болсон түүнийг Патм арал дээр цөлжээ. Элч нараас ганцаархнаа амьд үлдсэн бололтой (Илч. 1:9). Эсэргүүцэгчдийн худал сургаалын улмаас дагалдагчид төөрч будлин, хэсэг бүлэг болж хуваагдсаныг Ёохан мэдэж байв. Христийн жинхэнэ дагалдагчид мөдхөн үгүй болох нь гэж санагдсан байх (Юуд. 4; Илч. 2:15, 20; 3:1, 17).

Цагаан хувцас өмсөж, далдуу модны найлзуур барьсан «үй олон хүнийг» элч Ёохан харжээ (2-р догол мөрийг үзнэ үү)

2. Илчлэл 7:9–14-т ямар үзэгдэл гардаг вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

2 Ийм байдалтай байхад нь Бурхан түүнд ирээдүйд болох сэтгэл хөдөлгөм үйл явдлыг ер бусын аргаар үзүүлжээ. Боолуудын духан дээр тамга дарж дуустал агуу их гамшгийн хөнөөлт салхийг барьж бай гэж нэг тэнгэрийн элч нөгөө дөрөвтөө хэлж байлаа (Илч. 7:1–3). Боолууд гэдэг нь тэнгэрт гарч Есүстэй хамт захирах 144 000 хүн юм (Лук 12:32; Илч. 7:4). Ёохан өөр нэг бүлэг хүний тухай бас дурдсан. Тийм олон хүн байна гэж бодоогүй учраас дуу алдан, «Хэн ч тоолж чадахааргүй үй олон хүнийг би харлаа. Тэд бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтнээс бүрджээ. Цагаан хувцастай, гартаа далдуу модны найлзуур барьсан тэд сэнтий болон Хурганы өмнө зогсож байлаа» гэжээ (Илчлэл 7:9–14-ийг уншина). Бурхныг зөв зохистойгоор шүтэх хүн ирээдүйд өчнөөн олон байхыг Ёохан мэдээд ямар их баярласан бол оо!

3. а) Ёоханы үзсэн үзэгдэл яагаад итгэл батжуулдаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Тэр үзэгдэл Ёоханы итгэлийг батжуулсан нь эргэлзээгүй. Бидний итгэлийг бүр ч их батжуулах нь ойлгомжтой. Яагаад гэвэл бид тэр зөгнөл биелж буй цаг үед амьдарч байна! Агуу их гамшгийг эсэн мэнд давах, дэлхий дээр мөнх амьдрах ирээдүйтэй сая сая хүн цугларч байгаа нь нүдэнд илхэн байна. Ехова тэр үй олон хүнийг одоогоос 80 гаруй жилийн өмнө илчилснийг энэ өгүүллээр үзнэ. Тэрхүү үй олон хүн 1) асар олуулаа бөгөөд 2) бүх үндэстнээс бүрддэгийг дараа нь ярилцана. Тэгвэл энэ бүлэгт багтдаг бүх хүний итгэл батжих нь дамжиггүй.

ҮЙ ОЛОН ХҮН ХААНА АМЬДРАХ ВЭ?

4. Христийн шашныхан Библийн ямар сургаалыг ойлгодоггүй вэ? Библи Судлаачид тэднээс хэрхэн ялгарч байсан бэ?

4 Христийн шашныхан дуулгавартай хүн дэлхий дээр мөнх амьдарна гэсэн Библийн сургаалыг заадаггүй (2 Кор. 4:3, 4). Сайн хүн үхэхээрээ тэнгэрт гарна гэж номлодог. Харин Библи Судлаачид тэднээс өөр байлаа. Библи Судлаачид гэдэг нь 1800-гаад оны сүүлчээс «Харуулын цамхаг» сэтгүүлийг хэвлэх болсон цөөхөн хүнээс бүрдсэн жижиг бүлэг юм. Бурхан дэлхийг диваажин болгоно гэдгийг, мөн дуулгавартай олон сая хүнийг тэнгэрт биш, дэлхий дээр амьдруулна гэдгийг тэд ойлгожээ. Гэхдээ тэр хүмүүсийн талаар тодорхой мэдэх болтол хугацаа хэрэгтэй байлаа (Мат. 6:10).

5. Библи Судлаачид 144 000 хүний талаар юу гэж ойлгодог байсан бэ?

5 Библи Судлаачдын ойлгосон бас нэг зүйл нь, Есүстэй хамт тэнгэрээс захирах хэсэг хүнийг «дэлхийгээс худалдаж» авах ажээ (Илч. 14:3). Тэд бол дэлхий дээр байхдаа Бурханд үнэнч, идэвх зүтгэлтэй үйлчилдэг байсан 144 000 дагалдагч юм. Тэгвэл үй олон хүний талаар ямар ойлголттой байсан бэ?

6. Библи Судлаачид үй олон хүний талаар ямар ойлголттой байсан бэ?

6 Үй олон хүн «сэнтий болон Хурганы өмнө зогсож байхыг» Ёохан үзсэн (Илч. 7:9). Библи Судлаачид үүнийг бодож үзээд, үй олон хүн 144 000 хүнтэй адилаар тэнгэрт амьдарна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэрэв 144 000 хүн ч, үй олон хүн ч тэнгэрт амьдрах юм бол энэ хоёр бүлэг хүн юугаараа ялгаатай вэ? Үй олон хүн нь дэлхий дээр байхдаа Бурханд зуун хувь захирагдаагүй Христийн дагалдагчид байсан байж таарна. Тэд цэвэр ариун амьдарсан ч зарим нь Христийн шашны аль нэг сүмийн гишүүн хэвээрээ байсан байх. Тодорхой хэмжээгээр хүчин чармайлт гаргасан ч Есүстэй хамт захирах шаардлага хангаагүй бололтой. Бурхныг хайрлах хайр нь гал халуун биш учраас үй олон хүн тэнгэр дэх сэнтийд залрахгүй, харин сэнтийн өмнө зогсоно. Үй олон хүний талаарх Библи Судлаачдын ойлголт ийм байжээ.

7. Библи Судлаачид ямар хүмүүсийг Мянган жилийн засаглалын үед дэлхий дээр амьдарна гэж үзэж байсан бэ? Мөн эртний үнэнч хүмүүсийн талаар ямар ойлголттой байсан бэ?

7 Тэгвэл ямар хүмүүс дэлхий дээр амьдрах вэ? Библи Судлаачдын үзэж байснаар бол, 144 000 болон үй олон хүн тэнгэрт цугларах бөгөөд бусад олон сая хүн дэлхий дээрээ амьдарч Христийн Мянган жилийн засаглалын ивээл хишгийг хүртэнэ. Тэр хүмүүс Мянган жилийн засаглал эхлэхээс өмнө Еховад үйлчлэхгүй ажээ. Харин уг засаглалын үед Еховагийн тухай заалгана. Еховагийн тогтоосон хэм хэмжээнд нийцүүлсэн нь дэлхий дээр мөнх амьдрах шагнал хүртэнэ, тэрсэлсэн нь устгагдана. Мөн Мянган жилийн засаглалын үед дэлхий дээр «ноёдын» үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн зарим нь уг засаглал дуусах үед тэнгэрт гарах байх. Тэдний тоонд Христээс өмнө нас барсан үнэнч хүмүүс орох болов уу гэж Библи Судлаачид таамаглаж байжээ (Дуу. 45:16, ШЕ).

8. Библи Судлаачид юу гэж ойлгодог байсан бэ?

8 Эндээс дүгнэвэл, 1) Есүстэй хамт тэнгэрээс захирах 144 000 хүн; 2) тэнгэрт гарч «сэнтий болон Хурганы өмнө зогсох», идэвх муутай дагалдагчдаас бүрдэх «үй олон хүн»; 3) Христийн Мянган жилийн засаглалын үед Еховагийн тухай заалгаж дэлхий дээрээ амьдрах олон сая хүн гэсэн гурван бүлэг хүн байна гэж Библи Судлаачид ойлгодог байжээ. Харин Ехова үнэний гэрлийг улам тод гэрэлтүүлснээр энэ ойлголт өөрчлөгдсөн юм (Сур. 4:18).

ҮНЭНИЙ ГЭРЭЛ УЛАМ ТОД ГЭРЭЛТСЭН НЬ

Дэлхий дээр амьдрах найдвартай олон хүн 1935 оны чуулганаар баптисм хүртжээ (9-р догол мөрийг үзээрэй)

9. а) Үй олон хүн «сэнтий болон Хурганы өмнө зогсоно» гэдэг нь ямар утгатай вэ? б) Илчлэл 7:9-ийн талаарх шинэчлэгдсэн ойлголтыг яагаад үндэслэл сайтай гэж хэлж болох вэ?

9 Ёоханы үзэгдэлд гардаг үй олон хүний талаарх ойлголт 1935 онд тодорхой болжээ. Үй олон хүн тэнгэр дэх «сэнтий болон Хурганы өмнө зогсоно» гэдгийг шууд утгаар ойлгож болохгүйг Еховагийн Гэрчүүд мэдэж авсан. Сэнтийн өмнө зогсох гэдэг нь Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, захирагдана гэсэн үг (Ис. 66:1). Хурганы өмнө зогсох гэдэг нь Есүсийн золиосонд итгэнэ гэсэн үг юм. Матай 25:31, 32-т бас үүнтэй төстэй зүйлийг бичсэн байдаг. Хааны сэнтийд заларсан Есүс «бүх үндэстнийг» сайнтай муутай нь «өмнөө цуглуулна» гэжээ. Бүх үндэстэн тэнгэрт биш, дэлхий дээр байх нь тодорхой. Шинэчлэгдсэн энэхүү ойлголт үндэслэл сайтай. Яагаад гэвэл Библид үй олон хүн тэнгэрт гарна гэж байдаггүй. Бурхан ганцхан бүлэг хүнийг л тэнгэрт мөнх амьдруулахаа амласан. Тэр нь Есүстэй хамт «хаан болж дэлхийг захирах» 144 000 хүн юм (Илч. 5:10).

10. Үй олон хүн яагаад Мянган жилийн засаглалаас өмнө Еховагийн тухай заалгах шаардлагатай вэ?

10 Ёоханы үзэгдэлд гардаг үй олон хүн дэлхий дээр мөнх амьдрах ирээдүйтэй үнэнч дагалдагчдаас бүрдэхийг Еховагийн Гэрчүүд 1935 оноос ойлгодог болжээ. Үй олон хүн Мянган жилийн засаглал эхлэхээс өмнө Еховагийн тухай заалгасан байх учиртай. Тэгэхгүй бол агуу их гамшгийг эсэн мэнд давахгүй. Христийн Мянган жилийн засаглалаас өмнө «болох ёстой энэ бүхнийг давж аврагдъя» гэвэл итгэлээ үйл хэргээрээ батлах шаардлагатай (Лук 21:34–36).

11. Мянган жилийн засаглал дуусахад зарим хүн тэнгэрт гарч магадгүй гэсэн ойлголт юутай холбоотой вэ?

11 Үлгэр дуурайл болсон зарим хүн Мянган жилийн засаглал дуусахад тэнгэрт гарна гэсэн ойлголтын тухайд юу хэлж болох вэ? «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1913 оны 2 дугаар сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн уг таамаглал юунаас үүдэж гарсан бэ? «Бурхандаа хайнга үйлчилж байсан Христийн дагалдагчид тэнгэрт амьдрах шагнал авч байхад, чин үнэнч үйлчилсэн эртний хүмүүс дэлхий дээр л амьдрах юм уу? Тэнгэрт гарахгүй гэж үү?» гэсэн асуултаас үүдэлтэй ажээ. Тэд үй олон хүнийг 1) тэнгэрт амьдарна, 2) идэвх муутай дагалдагчдаас бүрддэг гэж буруу ойлгож байснаас болоод ийм асуулт урган гарчээ.

12, 13. Тослогдогсод болон үй олон хүний аль аль нь шагналынхаа талаар юу ойлгодог вэ?

12 Ёоханы үзэгдэлд гардаг үй олон хүн бол Хармагедоныг эсэн мэнд давах хүмүүс гэдгийг Еховагийн Гэрчүүд 1935 оноос тодорхой ойлгодог болсон билээ. Энэхүү бүлэг хүн дэлхий дээр болох «агуу их гамшгийг туулж» гарах бөгөөд «Сэнтийд залрагч Бурхныхаа ачаар, Хурганы ачаар бид аврагдсан» гэж хашхирна (Илч. 7:10, 14). Түүнээс гадна, тэнгэрт амьдрах хүмүүс Бурхны эртний үнэнч үйлчлэгчдийнхээс «илүү сайн юмыг» авна гэж Сударт бичжээ (Евр. 11:40). Өмнөх ойлголт өөрчлөгдөж тодорхой болсон учир ах эгч нар маань хүмүүсийг урих ажлаа урам зоригтой хийж эхэлжээ. Еховад үйлчлээрэй, дэлхий дээр мөнх амьдраарай хэмээн уриалж байлаа.

13 Үй олон хүн дэлхий дээр мөнх амьдарна гэж баярладаг. Ехова үнэнч үйлчлэгчдээ тэнгэр, газрын алинд амьдруулахаа өөрөө шийддэгийг бас ойлгодог. Тослогдогсод болон үй олон хүний аль аль нь өөрийнхөө сайнд бус, харин Ехова нигүүлссэн учраас буюу Есүс Христийн золиосны үндсэн дээр шагнал авах болсноо ухамсарладаг (Ром 3:24).

ОЛУУЛАА

14. 1935 онд ойлголт тодорхой болсон ч юу нь ойлгомжгүй байсан бэ? Яагаад?

14 Үй олон хүний талаарх Еховагийн үйлчлэгчдийн ойлголт 1935 онд тодорхой болсон ч нэг зүйл ойлгомжгүй хэвээрээ байв. Дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс яаж «үй олон» болох вэ гэж гайхсан хүн цөөнгүй байлаа. Тэр үед 12-той байсан Роналд Паркин: «Дэлхий даяар 56 000 дэлгэрүүлэгч байсны ихэнх нь тослогдогсод байсан. Тийм болохоор “үй олон хүн” гэмээргүй байв» хэмээн дурсжээ.

15. Үй олон хүн хэрхэн цугларч байна вэ?

15 Харин түүнээс хойших хэдэн арван жилийн хугацаанд миссионеруудыг дэлхийн олон оронд илгээснээр Еховагийн Гэрчүүдийн тоо тогтвортой нэмэгдэж эхэлжээ. 1968 оноос «Мөнхийн амь руу хөтлөх үнэн» гэдэг номыг ашиглан Библийн хичээл заадаг болов. Уг номд Библийн үнэнийг энгийн тайлбарласан учраас Еховад татагдсан хүн урьд урьдынхаас хавьгүй олон байлаа. Дөрвөн жилийн хугацаанд хагас сая гаруй хүн баптисм хүртэж шавь нарын эгнээг бэхжүүлэв. Латин Америк болон өөр олон оронд католик шашны нөлөө суларч, Зүүн Европ болон Африкийн улсуудад манай үйл ажиллагааг зөвшөөрснөөр сая сая хүн баптисм хүртжээ (Ис. 60:22). Сүүлийн жилүүдэд Еховагийн байгууллага Библийн сургаалыг зөв ойлгуулахын тулд үр өгөөжтэй гарын авлага олныг гаргасан. Үй олон хүн цугларч байна. Одоо тэд 8 сая гаруй болжээ.

БҮХ ҮНДЭСТНЭЭС БҮРДДЭГ

16. Үй олон хүн ямар хүмүүсээс бүрддэг вэ?

16 Ёохан үзсэн зүйлээ тэмдэглэхдээ үй олон хүнийг «бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтнээс бүрджээ» гэсэн. Зехариа үүнтэй төстэй зүйлийг зөгнөсөн байдаг. Тэрээр: «Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран “Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо” гэх болно» хэмээн бичжээ (Зех. 8:23).

17. Бүх үндэстэн, бүх хэлтнээс хүмүүсийг хэрхэн цуглуулж байна вэ?

17 Үй олон хүн бүх хэлтнээс цугларах учраас сайн мэдээг олон янзын хэлээр дэлгэрүүлэх ёстойг Еховагийн Гэрчүүд ойлгосон. Бид Библи судлахад зориулсан материалыг 130 гаруй жил орчуулж байна. Эдүгээ хэдэн зуун хэлнээ хөрвүүлэх хамгийн агуу ажлыг хүч тавин хийж байна. Ехова орчин үед гайхамшиг үйлдэж, үй олон хүнийг бүх үндэстнээс цуглуулж байгаа нь тодорхой. Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл улам олон хэлээр гарах болсноор үй олон хүн дэлхийн өнцөг булан бүрээс цугларч байна. Тэгсэн атлаа Еховаг эв нэгдэлтэй шүтдэг. Мөн хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж, бие биеэ ах дүүгийн ёсоор хайрладгаараа алдартай. Энэ бүхнийг нүдээрээ үзэхлээр итгэл батаждаг! (Мат. 24:14; Ёох. 13:35).

ЁОХАНЫ ҮЗЭГДЭЛ БА БИД

18. а) Үй олон хүний тухай зөгнөл биелж байгааг гайхах хэрэггүйн учрыг Исаиа 46:10, 11-д хэрхэн тайлбарласан бэ? б) Дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс өөрсдийгөө яагаад гологдсон гэж боддоггүй вэ?

18 Үй олон хүний тухай зөгнөл сэтгэл хөдөлгөдөг! Ехова энэ зөгнөлөө ер бусын аргаар биелүүлж байгаа нь гайхмаар зүйл биш юм (Исаиа 46:10, 11-ийг уншина). Үй олон хүн гайхамшигт найдвар өгсөн Еховадаа талархдаг. Тийм учраас гологдсон гэж боддоггүй. Тослогдоогүй учир тэнгэрт Есүстэй хамт үйлчлэх завшаангүй гэж гутардаггүй. Бурхны агуу хүчээр удирдуулж байсан эрэгтэй, эмэгтэй олон үнэнч хүн Библид гардаг. Гэхдээ тэд 144 000-ын бүрэлдэхүүнд багтдаггүй. Баптисм хүртээгч Ёохан бол тэдний нэг юм (Мат. 11:11). Бас Давидыг дурдаж болно (Үйлс 2:34). Тэд болон тоолж баршгүй өөр олон хүн диваажин дэлхий дээр амилна. Тэгээд үй олон хүнтэй хамт Еховад үнэнч гэдгээ, хэмжээгүй эрх мэдэлд нь үнэнчээр захирагддагаа батална.

19. Бид Ёоханы үзсэн үй олон хүний тухай үзэгдлийг ойлговол юу хийх вэ?

19 Бурхан олон сая хүнийг бүх үндэстнээс цуглуулж байгаа нь түүхэнд болж байгаагүй үйл явдал юм. Бид тэнгэр, газрын алинд ч амьдрах бай, аль болох олон хүнтэй уулзаж «өөр хоньдын» бүрэлдэхүүнд багтах үй олон хүнтэй нэгдэхэд нь туслах шаардлагатай (Ёох. 10:16). Удахгүй Ехова зөгнөсөн ёсоороо агуу их гамшиг буулгаж, хүн төрөлхтнийг зовоодог төр засгууд болон шашнуудыг устгана. Үй олон хүний тоонд багтдаг бүх хүнд гайхалтай завшаан олдоно. Тэд дэлхий дээрээ Еховад үүрд үйлчилнэ! (Илч. 7:14).

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

^ д/м 5 Энэ өгүүллээр, Ёоханы үзсэн «үй олон хүний» тухай үзэгдлийг ярилцана. «Үй олон хүний» тоонд багтдаг бүх хүний итгэлийг бэхжүүлэх нь эргэлзээгүй.