Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 4

«Бурхны агуу хүч гэрчилдэг»

«Бурхны агуу хүч гэрчилдэг»

«Бурхны агуу хүч бидэнд Бурхны хүүхэд болсныг гэрчилдэг» (РОМ 8:16).

ДУУ 147 Бурхны эзэмшил

ТОЙМ *

Тавь дахь өдрийн баяр тэмдэглэхээр цугларсан 120 орчим шавьд Ехова агуу хүчээ ер бусын аргаар өгсөн (1, 2-р догол мөрийг үзээрэй)

1, 2. МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар ер бусын ямар үйл явдал болсон бэ?

ИЕРУСАЛИМ. МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяр. Ням гаргийн өглөө. Христийн 120 орчим дагалдагч нэгэн байшингийн дээд давхарт цугларчээ (Үйлс 1:13–15; 2:1). Есүс тэдэнд хэдхэн хоногийн өмнө заавар өгч, Иерусалимаас битгий яваарай, онцгой бэлэг өгнө шүү хэмээн захижээ (Үйлс 1:4, 5). Тэгээд юу болсон бэ?

2 «Гэнэт тэнгэрээс хүчтэй салхи мэт чимээ гарч, байшин дотор байсан бүх хүнд сонсдов». Тэгтэл «хэл шиг хэлбэртэй галын дөлнүүд» дагалдагчдын толгой дээр тогтон, «агуу хүч ... буув» (Үйлс 2:2–4). Ехова ийм ер бусын аргаар тэр 120 орчим хүнд агуу хүчээ өгчээ (Үйлс 1:8). Ингээд тэд агуу хүчээр тослогдсон * анхны хүмүүс болж, Есүстэй хамт тэнгэрээс захирах найдвар өвөрлөсөн.

ЕХОВА ТОСОЛСНОО ХЭРХЭН ОЙЛГУУЛДАГ ВЭ?

3. Тавь дахь өдрийн баярт ирсэн Христийн дагалдагчид агуу хүчээр тослогдсон гэдэгтээ яагаад эргэлзээгүй вэ?

3 Тэр өдөр байшингийн дээд давхарт цугларсан хүний дунд та байсан бол юу болсныг хэзээ ч мартахгүй байх. Хүн бүрийн толгой дээр хэл шиг хэлбэртэй галын дөл тогтоход, тэнд байсан хүмүүс бүгдээрээ янз бүрийн хэлээр ярьж эхэлсэн! (Үйлс 2:5–12). Уг үйл явдлыг та нүдээрээ үзсэн учраас Бурхны агуу хүчээр тослогдсон гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй. Тэгвэл тослогдогсод бүгд ер бусын аргаар тослогддог уу? Үгүй. Яагаад тэгж хэлж болох вэ? Тэнгэрт амьдрах урилгыг хэзээ авдаг вэ?

4. Христийн нэгдүгээр зууны дагалдагчид тэнгэрт амьдрах урилгыг хэзээ авч байсан бэ? Тайлбарлана уу.

4 Тослогдогсод тэнгэрт амьдрах урилгыг хэзээ авч байсан тухай ярилцъя. МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар зөвхөн 120 хүн тослогдоогүй. Тэднээс гадна 3 000 орчим хүн Есүсийн ярьж байсан агуу хүчийг авчээ. Тэд баптисм хүртэх үедээ тослогдсон (Үйлс 2:37, 38, 41). Харин түүнээс хойш тослогдсон хүмүүс баптисм хүртэж байх яг тэр үедээ биш, харин баптисм хүртсэнийхээ дараа эсвэл өмнө тослогджээ. Жишээ нь, самаричууд баптисм хүртсэнээсээ хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа тослогдсон (Үйлс 8:14–17). Харин Корнел болон түүний гэрийнхэн баптисм хүртэхээсээ өмнө тослогдсон нь үнэхээр онцгой тохиолдол байлаа (Үйлс 10:44–48).

5. 2 Коринт 1:21, 22-ыг үзвэл, Ехова тосолсноо хэрхэн ойлгуулдаг вэ?

5 Ехова агуу хүчээрээ тосолсноо хэрхэн ойлгуулдгийг бодож үзье. Тослогдсон гэдгээ хүлээн зөвшөөрөх нь зарим хүнд эхэндээ амаргүй байдаг. «Бурхан яагаад намайг сонгосон юм бол?» гэж боддог хүн байхад, зарим нь тэгж боддоггүй. Ехова тосолсноо хэрхэн ойлгуулдгийг элч Паул тайлбарлан «Итгэсэн та нарыг Бурхан өгнө гэж амласан ариун хүчээрээ тамгалсан * ... Ариун хүч бол өв өгөхийн баталгаа» гэж бичжээ (Эф. 1:13, 14). Тэгэхээр Ехова тэдгээр дагалдагчийг сонгосон гэдгээ агуу хүчээрээ тов тодорхой ойлгуулсан. Ийнхүү агуу хүчийг «баталгаа» болгон өгөөд дэлхий дээр бус, тэнгэрт мөнх амьдруулахаа нотолсон (2 Коринт 1:21, 22-ыг уншина).

6. Христийн тослогдсон дагалдагч яавал тэнгэрийн шагналаа авах вэ?

6 Христийн дагалдагч тослогдсон л бол тэнгэрт гарах нь баараггүй юү? Тийм биш ээ. Тэрбээр тэнгэрт гарахаар сонгогдсон нь үнэн. Гэхдээ анхаарах ёстой сэрэмжлүүлэг бий. «Ах дүү нар аа, дуудагдсан, сонгогдсон хүний хувьд үнэнч байхын тулд чадах бүхнээ хийцгээ. Ингэвэл итгэлээсээ няцахгүй» (2 Петр 1:10). Тийм учраас Христийн тослогдсон дагалдагч тэнгэрт гарахаар дуудагдсан, сонгогдсон байлаа ч цаг ямагт үнэнч байж чадахгүй бол тэнгэрийн шагналаа авахгүй (Флп. 3:12–14; Евр. 3:1; Илч. 2:10).

ТОСЛОГДСОНОО ЯАГААД МЭДДЭГ ВЭ?

7. Тэнгэрт гарахаар сонгогдсоноо яагаад мэддэг вэ?

7 Тэнгэрт гарахаар сонгогдсоноо яагаад мэддэг вэ? «Ариун хүмүүс байхаар сонгогдсон» Ромын итгэл нэгтнүүддээ бичсэн Паулын үгээс энэ асуултын хариуг мэдэж болно. «Бурхан биднийг агуу хүчээрээ боолчилдоггүй, айлгадаггүй. Харин агуу хүчээрээ хөвгүүдээ болгон үрчилж авсан. Бид тэр хүчээр удирдуулан “Абба, Эцэг минь” гэж дууддаг. Бурхны агуу хүч бидэнд Бурхны хүүхэд болсныг гэрчилдэг» гэжээ (Ром 1:7; 8:15, 16). Тэгэхээр, тэнгэрт гарахаар сонгогдсоныг нь Бурхан агуу хүчээрээ ойлгуулдаг байх нь ээ (1 Тес. 2:12).

8. 1 Ёохан 2:20, 27-д бичсэнийг үзвэл, тослогдсон гэдгээ яагаад хэн нэгнээр батлуулах шаардлагагүй вэ?

8 Тэнгэрт гарах урилга авсныг нь Ехова ойлгуулдаг учир тослогдогсод зүрх сэтгэлдээ ч, оюун ухаандаа ч эргэлздэггүй (1 Ёохан 2:20, 27-г уншина). Христийн тослогдсон дагалдагчид бусдын л адил цуглаанд сууж Еховагаар заалгах ёстой нь мэдээж. Гэхдээ тослогдсон гэдгээ хэн нэг хүнээр батлуулах шаардлагагүй. Учир нь Ехова тэднийг тосолсон гэдгээ орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч буюу үйлдэх хүчээрээ тов тодорхой ойлгуулсан билээ!

«ДАХИЖ ТӨРДӨГ»

9. Эфэс 1:18-д бичсэнийг үзвэл хүн тослогдохоороо хэрхэн өөрчлөгддөг вэ?

9 Хүн тослогдохоороо яаж өөрчлөгддөгийг Бурхны үйлчлэгчдийн ихэнх нь ойлгож чаддаггүй. Тослогдож үзээгүй болохоор аргагүй шүү дээ. Тэгээд ч Бурхан хүнийг тэнгэрт биш, дэлхий дээр үүрд мөнх амьдруулахаар бүтээсэн (Эх. 1:28; Дуу. 37:29). Гэхдээ зарим хүнийг сонгож тэнгэрт амьдруулахаар шийдээд агуу хүчээрээ тосолжээ. Ийнхүү ирээдүйн найдварыг нь ч, үзэл бодлыг нь ч өөрчилсөн учраас тэд тэнгэрт амьдрахыг хүсэн хүлээдэг болсон (Эфэс 1:18-ыг уншина).

10. «Дахиж төрөх» гэдгийг юу гэж ойлгох вэ?

10 Христийн дагалдагч агуу хүчээр тослогдохоороо «дахиж төрдөг». «Дахиж төрөх» буюу «агуу хүчний нөлөөгөөр төрөх» үед ямар санагддагийг тослогдоогүй хүнд бүрэн гүйцэд ойлгуулах боломжгүйг Есүс хэлсэн (Ёох. 3:3–8).

11. Христийн дагалдагч тослогдоход үзэл бодол нь хэрхэн өөрчлөгддөг вэ?

11 Христийн дагалдагч тослогдоход үзэл бодол нь хэрхэн өөрчлөгддөг вэ? Тэд тослогдохоосоо өмнө дэлхий дээр мөнх амьдрах найдвараа үнэлж эрхэмлэдэг байсан. Бузар муу бүхнийг арилгаж, дэлхийг диваажин болгох тэр цагийг хүсэн хүлээж байжээ. Нас барсан хайртай хүмүүсээ угтан авч байгаагаар төсөөлж боддог байсан байх. Харин тослогдсоны дараа үзэл бодол нь өөрчлөгдсөн. Яагаад тэр билээ? Дэлхий дээр мөнх амьдрах найдвараа чамлаагүй ээ. Сэтгэлээр унаснаас эсвэл хэт их зовж шаналснаас ч болоогүй. Дэлхий дээр мөнх амьдрах нь уйтгартай юм шиг гэнэт санагдсан юм биш ээ. Харин Ехова Бурхан тэдний эрхэмлэдэг ирээдүйн найдвар болон үзэл бодлыг агуу хүчээрээ өөрчилсөн юм.

12. 1 Петр 1:3, 4-т бичсэнийг үзвэл, тослогдсон хүн ирээдүйн найдварынхаа талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

12 Тослогдсон зарим хүн өөрийгөө ийм хосгүй завшаан эдлэх зохисгүй гэж боддог. Тэглээ ч гэсэн Ехова өөрийг нь сонгосон гэдэгт огт эргэлздэггүй. Тэнгэрт амьдрах найдварынхаа тухай бодох бүрдээ баяр хөөрөөр бялхаж, чин сэтгэлээсээ талархдаг (1 Петр 1:3, 4-ийг уншина).

13. Тослогдогсод дэлхий дэх амьдралаасаа уйддаг уу? Тайлбарлана уу.

13 Тэгвэл тослогдсон хүн үхэхийг хүсдэг үү? Элч Паул энэ асуултад хариулжээ. Тэрбээр тослогдсон хүний биеийг майхан хэмээгээд, «Үнэндээ, энэ майханд байдаг бид дарамтлагдаж, ёолдог. Гэхдээ бид энэ майхныг тайлах гэж хүсдэггүй ч нөгөөг нь өмсөхийг хүсдэг маань мөнх амь үхдэг биеийг залгиасай гэснийх юм» гэж бичжээ (2 Кор. 5:4). Тэд дэлхий дэх амьдралаасаа уйдаад бушуухан үхье гэж боддоггүй. Харин ч амьд яваадаа баярлаж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт өдөр бүр Еховад баяр хөөртэй үйлчилдэг. Гэхдээ ирээдүйн хосгүй найдвараа цаг үргэлж санаж явдаг (1 Кор. 15:53; 2 Петр 1:4; 1 Ёох. 3:2, 3; Илч. 20:6).

ТА ТОСЛОГДСОН УУ?

14. Тослогдсон эсэхийг ямар шинж тэмдгээр мэдэх боломжгүй вэ?

14 «Би агуу хүчээр тослогдсон юм болов уу?» гэсэн бодол танд төрж болох юм. Тийм бол дараах чухал асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Еховагийн таалалд нийцүүлэх оргилуун хүсэлтэй юү? Дэлгэрүүлэх ажилд маш идэвхтэй оролцдог гэж боддог уу? «Бурхны гүн юмыг» мэдэж авах гэж Библийг шимтэн судалдаг уу? (1 Кор. 2:10). Дэлгэрүүлэх ажлыг минь Ехова ивээж, гайхалтай үр дүнтэй болгодог юм шиг санагддаг уу? Бурхны тухай бусдад заах үүргээ гүнзгий ухамсарладаг уу? Ехова надад янз бүрээр туслаад байгаа нь илэрхий байдаг уу? Та эдгээр асуултад бүгдэд нь «тийм» гэж хариулбал тэнгэрт гарах найдвартай гэсэн үг үү? Үгүй ээ, тийм биш. Яагаад? Учир нь тослогдсон ч бай, үгүй ч бай Бурхны бүх үйлчлэгчид ийм мэдрэмж төрдөг. Ямар найдвартайгаас нь үл хамааран Ехова агуу хүчээ бүх үйлчлэгчдээ өгдөг. Хэрэв та агуу хүчээр тослогдсон эсэхдээ эргэлздэг бол тослогдоогүй гэсэн үг. Еховагийн сонгосон хүмүүс тослогдсон эсэхдээ өчүүхэн төдий ч эргэлздэггүй! Тэд тослогдсон гэдгээ мэддэг!

Ехова агуу хүчээрээ Абрахам, Сара, Давид, баптисм хүртээгч Ёоханыг дэмжиж гайхалтай ажил хийлгэсэн ч тэнгэрт амьдрах найдвар өгөөгүй (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15. Бурхны агуу хүчийг авсан бүх хүн тэнгэрт амьдрах найдвартай юу? Тайлбарлана уу.

15 Еховагийн агуу хүчийг авч байсан ч тэнгэрт амьдрах найдваргүй олон үнэнч хүний тухай Библид гардаг. Жишээ авъя. Ехова Давидыг агуу хүчээрээ удирддаг байсан (1 Сам. 16:13). Тийм учраас Давид Еховагийн тухай сайн мэддэг байснаас гадна Библийн зарим номыг бичжээ (Марк 12:36). Гэсэн хэдий ч «Давид тэнгэрт гараагүй» (Үйлс 2:34). Бас баптисм хүртээгч Ёоханд «Бурхан агуу хүчээ өгсөн» (Лук 1:13–16). Есүс түүний талаар, «Ёоханаас агуу хүн хүмүүсийн дунд үгүй» хэмээн хэлсэн атлаа «Бурхны Хаант төрд багтах хүмүүсийн» тоонд орохгүй гэжээ (Мат. 11:10, 11). Ехова энэ эрчүүдэд агуу хүчээ өгч чухал ажил хийлгэсэн ч тэнгэрт амьдруулахаар сонгоогүй. Тэгэхээр тэд тэнгэрт амьдрахаар сонгогдсон хүмүүсээс итгэлээр дутмаг байсан гэсэн үг үү? Үгүй ээ. Ехова тэднийг диваажин болсон дэлхий дээр амьдруулахаар шийдсэн хэрэг юм (Ёох. 5:28, 29; Үйлс 24:15).

16. Бурхны үйлчлэгчдийн ихэнх нь ямар шагнал авах вэ?

16 Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн ихэнх нь тэнгэрт гарахгүй. Тэд Абрахам, Сара, Давид, баптисм хүртээгч Ёохан болон Библи бичигдэж байх үед амьдарч байсан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нэгэн адил, Бурхны Хаант төрийн удирдлага дор дэлхий дээрээ амьдрахыг хүсэн хүлээдэг (Евр. 11:10).

17. Дараагийн өгүүллээс ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

17 Тослогдсон хүн одоо ч бидний дунд амьдарч байна. Тийм учраас та дараах асуултын хариуг сонирхох байх (Илч. 12:17). Тослогдогсод өөрсдийгөө хэрхэн үзэх ёстой вэ? Дурсах цуглааны үеэр бэлгэдлийн идээнээс хүртэж эхэлсэн итгэл нэгтэндээ хэрхэн хандах нь зөв бэ? Өөрийгөө тослогдсон гэж хэлдэг хүн нэмэгдээд байвал яах вэ? Санаа зовох хэрэгтэй юү? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээс мэдэж авъя.

^ д/м 5 Есүстэй хамт тэнгэрээс захирах гайхалтай найдварыг Ехова МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраас хойш өгч эхэлжээ. Тэд тэнгэрт амьдрахаар сонгогдсоноо яагаад мэддэг вэ? Ехова тосолсноо хэрхэн ойлгуулдаг вэ? Эдгээр сонирхолтой асуултын хариуг энэ өгүүллээс аваарай (Энэ өгүүлэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 1 дүгээр сарын өгүүлэлд үндэслэсэн).

^ д/м 2 ҮГИЙН ТАЙЛБАР: Агуу хүчээр тослогдсон: Есүстэй хамт тэнгэрээс захирах хүнийг Ехова сонгодог. Сонгосон хүнээ ирээдүйд дэлхий дээр биш, тэнгэрт мөнх амьдруулна гэсэн «баталгааг» агуу хүчээрээ өгдөг (Эф. 1:13, 14). Тэнгэрт очоод шагнал авахыг нь «Бурхны агуу хүч ... гэрчилдгийг» тослогдсон хүмүүс баттай хэлж чадна (Ром 8:16).

^ д/м 5 ҮГИЙН ТАЙЛБАР: Тамга. Энэ тамга нь эхнийх юм. Харин тослогдсон үнэнч хүнийг нас барахын өмнөхөн эсвэл агуу их гамшиг эхлэхээс өмнө эцсийн удаа тамгална (Эф. 4:30; Илч. 7:2–4; «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 4-р сарын дугаарын «Уншигчдын асуулт»-ыг үзнэ үү).

ДУУ 151 Бурхны хөвгүүд илчлэгдэнэ

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Итгэл үнэмшлийнхээ улмаас шоронд хоригдож буй болон саадгүй дэлгэрүүлж, үнэнийг зааж буй хүний хэн хэн нь Бурхны Хаант төрийн засаглалын үед дэлхий дээрээ амьдрахыг хүсэн хүлээдэг.