Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 3

Та Ехова Бурханд эрдэнэсээс ч үнэтэй!

Та Ехова Бурханд эрдэнэсээс ч үнэтэй!

«Дорд байхад маань биднийг дурсан санасан» (ДУУ. 136:23).

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

ТОЙМ *

1, 2. Еховагийн үйлчлэгчдэд ямар бэрхшээл учирдаг вэ? Ямар үр дагавартай вэ?

ДАРААХ гурван жишээг бодъё. Гэрч залуу хүнд өвчин туссанаа мэджээ. Хижээл насны Гэрч эрэгтэй ямар ч буруугүй хэр нь ажлаасаа халагдчихав. Өөр ажил хэчнээн хайсан ч олж чадсангүй. Олон жил үнэнч үйлчилж ирсэн эмэгтэй насны эрхээр Еховагийн ажлыг урьдынх шигээ хийж чадахаа больжээ.

2 Дээр дурдсан гурван бэрхшээлийн аль нэг нь танд тохиолдсон байж болох юм. Ийм үед өөрийгөө хэнд ч хэрэггүй болжээ гэж бодох нь бий. Улмаар баяр баясгалангаа алдаж, өөртөө итгэлгүй болж, бусадтай ч таагүй харьцдаг болж мэднэ.

3. Сатан болон түүний нөлөөнд автагсад хүнийг хэрхэн үздэг вэ?

3 Ихэнх хүний үзэл бодол Сатаныхтай адилхан. Сатан хүмүүсийг ямар ч үнэ хүндгүй гэж үздэг. Бурханд дуулгаваргүй загнавал үхнэ гэдгийг Сатан маш сайн мэддэг атлаа Еваг дураараа амьдар гэж ятган үхэл рүү түлхсэн. Сатан энэ ертөнцийн худалдаа арилжаа, улс төр, шашны тогтолцоог байнга хянаж, эрхшээлдээ байлгадаг учраас бизнесменүүд, улс төрчид, шашны удирдагчид хүнийг юман чинээ боддоггүй.

4. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

4 Харин Ехова биднийг эрдэнэсээс ч үнэтэй гэж үздэг. Бэрхшээл тохиолдохлоор хэнд ч хэрэггүй боллоо гэж өөрийн эрхгүй бодогдох үед Ехова өмөг түшиг болдог (Дуу. 136:23; Ром 12:3). 1) Өвчин тусахад, 2) мөнгө төгрөгөөр гачигдахад, 3) нас ахиж, Бурхны ажилд тэнцэхгүй болсон мэт санагдахад Ехова хэрхэн тусалдгийг энэ өгүүллээр үзье. Харин эхлээд, Еховад эрдэнэсээс ч үнэтэй гэдэгтээ яагаад итгэлтэй байж болохыг ярилцъя.

ЕХОВА БИДНИЙГ ҮНЭТЭЙ ГЭЖ ҮЗДЭГ

5. Ехова хүнийг үнэтэй гэж үздэгийн нэг баталгаа юу вэ?

5 Хүн тоос шороогоор бүтээгдсэн нь үнэн. Гэхдээ Ехова биднийг асар үнэтэй гэж үздэг (Эх. 2:7). Яагаад гэдгийн хэдэн шалтгааныг ярилцъя. Тэрбээр хүнийг бүтээхдээ өөрийнх нь зан чанарыг илэрхийлэх чадвар хайрлажээ (Эх. 1:27). Ийнхүү хүнийг дэлхий дээрх бусад бүх бүтээлээсээ илүүгээр хүндлэн дээдэлж, газар дэлхийг арчлах, ан амьтдыг захирах даалгавар өгсөн (Дуу. 8:4–8).

6. Ехова төгс бус хүнийг үнэлж хүндэлдгийн бас нэг баталгаа юу вэ?

6 Адам нүгэл үйлдсэн ч Ехова хүн төрөлхтнийг үнэлж хүндлэхээ болиогүй. Нүгэлт хүмүүсийн төлөө хайртай Хүү Есүсийнхээ амийг өгсөн нь хүнийг өндөр үнэлдгийн баталгаа юм (1 Ёох. 4:9, 10). Адамаас өвлөсөн нүглийн уршгаар нас барсан «шударга, шударга бус хүний хэн хэнийг» Ехова золиосны үндсэн дээр амилуулна (Үйлс 24:15). Өвчтэй, ядуу, өтөлсөн эсэхээс үл хамааран Ехова биднийг үнэтэй гэж үздэгийг Библид бичсэн байдаг (Үйлс 10:34, 35).

7. Ехова үйлчлэгчдээ үнэлж хүндэлдгийн өөр ямар шалтгаан байдаг вэ?

7 Ехова биднийг үнэтэй хүн гэж үздэгийн өөр шалтгаанууд бий. Тэрбээр биднийг өөртөө татсан бөгөөд сайн мэдээг хэрхэн хүлээж авахыг маань анхаарсан (Ёох. 6:44). Бид Еховатай дотносох тусам Ехова бидэнтэй дотноссон (Яак. 4:8). Бас биднийг сургахын тулд цаг хүчээ зарцуулдаг. Одоо ямар байгааг маань, цаашдаа яаж сайжрахыг сайн мэднэ. Түүнээс гадна, хайрладаг учраас сахилга батын арга хэмжээ авдаг (Сур. 3:11, 12). Ехова биднийг үнэлж хүндэлдгийг үүнээс илүү яаж батлах вэ!

8. Дуулал 18:27–29-д бичсэнээс харвал, бэрхшээл тохиолдоход ямар хандлагатай байх хэрэгтэй вэ?

8 Зарим хүн Давидыг үл ойшоодог байв. Харин Ехова өөрийг нь хайрлаж, дэмждэгийг Давид мэддэг байжээ. Тийм учраас бэрхшээл тохиолдоход зөв хандлагатай байж чаддаг байсан (2 Сам. 16:5–7). Бид сэтгэлээр унасан эсвэл бэрхшээл тохиолдсон үед Еховагийн ачаар юмыг олон талаас нь харж, ямар ч саадыг давж чадна (Дуулал 18:27–29-ийг уншина). Ехова дэмжиж байгаа цагт баяр хөөртэй үйлчлэхэд маань саад болох юм байхгүй (Ром 8:31). Ехова биднийг хайрлаж, хүндэлдгийг санаж явах ёстой гурван нөхцөлийг авч үзье.

ӨВЧИН ТУСАХАД

Өвчин тусаад сэтгэлээр унасан үедээ Еховагийн үгийг уншвал тайвширна (9–12-р догол мөрийг үзээрэй)

9. Хүн өвдөхөөрөө яадаг вэ?

9 Хүн өвдөхөөрөө сэтгэлээр унаж, хэнд ч хэрэггүй болсон гэж боддог. Бусдаас тусламж авахаас өөр аргагүй болсноо мэдээд эсвэл өвчин туссан нь илэрхий болоход улс амьтнаас зовдог. Хүмүүс анзаараагүй байлаа ч урьдынхтайгаа адилгүй болсондоо ичих нь бий. Ийм үед Ехова зоригжуулдаг. Яаж?

10. Сургаалт үгс 12:25-д бичсэнээр, өвдсөн үед юу тус болох вэ?

10 Өвчтэй байх үед «эелдэг үг» буюу сайн үг сэтгэл сэргээдэг (Сургаалт үгс 12:25-ыг уншина). Библид сайн үг олон байдаг. Өвдсөн үедээ тэдгээрийг уншвал Бурханд хэрэгтэй хүн гэдгээ санана (Дуу. 31:19; 41:3). Хэрэв бид Библийн хуудаснаа бичигдсэн Бурхны үгийг дахин дахин уншдаг бол шаналсан сэтгэл тайвширна.

11. Ехова нэг Гэрчид хэрхэн тусалсан бэ?

11 Хорхэ гэдэг залуугийн тухай бодож үзье. Тэрбээр өвчин тусаад хоромхон зуур тамир тэнхээгүй болсны улмаас өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон гэж боджээ. Хорхэ: «Өвчнөөсөө болоод олны нүдэнд өртсөн ийм арчаагүй амьтан болно гэж төсөөлж ч байсангүй. Энэ өвчин хүндрэхээр яах бол гэж санаа зовсон. Арга барагдаж байлаа. Тэгээд Еховагаас тусламж гуйсан» гэж ярив. Ехова яаж тусалсан бэ? «Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан надад нэг зөвлөгөө тус болсон. Ехова үйлчлэгчдэдээ санаа тавьдгийг харуулах хэдхэн эшлэлийг “Дуулал” номоос уншиж байгаарай гэсэн зөвлөгөө байв. Тэгээд би өдөр бүр хэдхэн эшлэлийг дахин дахин уншаад тайвширдаг байлаа. Яваандаа баяр баясгалантай болж байгааг минь хүмүүс анзаарч л дээ. Тэгээд өөдрөг болсныг минь хараад баяртай байгаагаа хэлсэн. Энэ бүхэн залбирлын минь хариу байсныг би ойлгосон! Өөрийгөө өөрөөр хардаг болоход Ехова тусалсан. Одоо би өвчнөө бодохоо больж, Еховад ямар харагддагаа Библиэс олж мэдэхийг хичээдэг болсон» гэж Хорхэ ярьсан юм.

12. Өвчин туссан үед Еховагаас тусламж авъя гэвэл яах хэрэгтэй вэ?

12 Та өвчин туссан бол яаж шаналж байгааг тань Ехова мэдэж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тиймээс одоо ямархуу байдалтай байгаагаа зөв дүгнэхэд туслахыг гуйж залбираарай. Дараа нь сэтгэл тайвшруулах үгсийг Библиэс олж уншаарай. Ехова үйлчлэгчээ хэр их үнэлж хүндэлдгийг харуулах зүйлүүдийг анхаараарай. Ингэдэг бол Ехова бүх үнэнч үйлчлэгчдээ сайн ханддагийг та мэдэрнэ (Дуу. 84:11).

МӨНГӨ ТӨГРӨГӨӨР ГАЧИГДАХАД

Хэрэгтэй бүхнээр хангана гэж Еховагийн амласныг ажил олдохгүй үед санаж явах нь тустай (13–15-р догол мөрийг үзээрэй)

13. Өрхийн тэргүүн ажилгүй болбол юу гэж бодож магадгүй вэ?

13 Өрхийн тэргүүн бүр гэрийнхнийхээ наад захын хэрэгцээг хангахыг хүсдэг. Нэг Гэрч эрэгтэй ямар ч буруугүй атлаа ажилгүй болчихлоо гэж бодъё. Хэчнээн хайсан ч ажил олж чадсангүй. Үүнээс болоод өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон гэж бодож болох юм. Ийм үед Еховагийн амлалтыг анхаарах нь ямар ач тустай вэ?

14. Ехова яагаад амлалтаа биелүүлдэг вэ?

14 Ехова амлалтаа дандаа биелүүлдэг (Иош. 21:45; 23:14). Ингэж хэлэх хэдэн шалтгаан бий. Юуны түрүүнд, энэ нь Еховагийн нэр юм уу эсвэл нэр төртэй холбоотой. Ехова үйлчлэгчдэдээ санаа тавихаа амласан бөгөөд амлалтаа биелүүлэхийг үүрэг гэж үздэг (Дуу. 31:1–3). Бас Ехова биднийг гэр бүлийнхээ гишүүн гэж үздэг. Тиймээс санаа тавихгүй бол цөхөрч гүйцэхийг маань Ехова мэдэж байгаа. Амьдралын наад захын хэрэгцээт зүйлээр төдийгүй өөрт нь тууштай үйлчлэхэд шаардлагатай бүхнээр хангана гэсэн амлалтаа биелүүлэхэд Еховад юу ч саад болж чадахгүй! (Мат. 6:30–33; 24:45).

15. a) Нэгдүгээр зуунд Христийн дагалдагчдад ямар бэрхшээл тохиолдсон бэ? б) Дуулал 37:18, 19-ийг үзвэл юунд итгэлтэй байж болох вэ?

15 Ехова яагаад амлалтаа биелүүлдгийг санаж явдаг бол мөнгө төгрөгөөр гачигдах үед тусална гэдэгт итгэлтэй байж болно. Христийн эртний дагалдагчдын жишээг эргэцүүлэн бодъё. Иерусалим дахь хурлыг хавчихад «элчүүдээс бусад бүх шавь ... тархан» одоцгоов (Үйлс 8:1). Тэгээд яасан бэ? Мөнгө төгрөгөөр гачигджээ! Учир нь Христийн дагалдагчид гэр орон, ажил төрөлгүй болсон. Гэвч Ехова тэднийг орхиогүй. Тэд ч баяр баясгалангаа алдаагүй (Үйлс 8:4; Евр. 13:5, 6; Яак. 1:2, 3). Ехова тэднийг дэмжсэн шигээ биднийг ч дэмжинэ (Дуулал 37:18, 19-ийг уншина).

ӨНДӨР НАСТАЙ БОЛОХОД

Нас ахисан ч чадахыгаа хийдэг үнэнч үйлчлэгчдээ Ехова эрдэнэсээс ч үнэтэй гэж үздэг (16–18-р догол мөрийг үзээрэй)

16. Ямар үед Еховад хэрэггүй болсон мэт санагдаж магадгүй вэ?

16 Нас дээр гарахаар Еховад өгч чадах юм багассан мэт санагдаж магадгүй. Нас ахисан Давид хаанд бас тэгж санагдсан байх (Дуу. 71:9). Ийм үед Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн туслах вэ?

17. Жерид тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?

17 Жери гэдэг Гэрч эмэгтэйд тохиолдсон явдлыг бодъё. Засварын ажлыг хэрхэн хийх талаар цуглааны танхимд сургалт болох гэж байлаа. Жери тэнд уригдсан ч очих дургүй байв. Тэрбээр: «Би хөгшин, бэлэвсэн эмэгтэй. Засвар хийх ямар ч чадваргүй шүү дээ. Миний хэрэг гэж юу байх вэ» хэмээн ярьжээ. Сургалт болохын урьд шөнө Жери сэтгэлээ уудлан Бурханд залбирчээ. Маргааш нь цуглааны танхимд ирээд, миний хэрэг байгаа юм уу гэж бодов. Еховагаар заалгах дуртай байх нь хамгийн чухал гэдгийг хөтөлбөрийн үеэр нэг илтгэгч онцолжээ. Жери: «“Би Еховагаар заалгах дуртай шүү дээ” гэж бодсон! Ехова залбиралд минь хариулж байгааг ойлгоод, бүр уйлсан. Еховадаа өгөх юмтай хүн гэдгээ, Ехова надад зааж өгөх гээд байгааг би ойлгосон!» гэж ярьсан. Цааш нь «Сургалт эхлэхээс өмнө сэтгэл санаа тогтворгүй, урам зориггүй, өөрийгөө голж байсан бол, сургалт дуусахад өөртөө итгэлтэй, урам зоригтой болж, Еховад хэрэгтэй хүн гэдгээ ойлгосон» гэж дурссан юм.

18. Ехова нас ахисан үйлчлэгчээ өндөр үнэлдгийг Библи хэрхэн баталдаг вэ?

18 Еховагийн төлөө хийж чадах юм байгаа гэдэгт нас ахиж яваа хүмүүс итгэлтэй байж болно (Дуу. 92:12–15). Та хэчнээн хүссэн ч чадал хүрэхгүй байж магадгүй. Эсвэл хийсэн юмаа чамлаж болох юм. Харин Ехова таны хүчин чармайлтыг өндөр үнэлдгийг Есүс батлан хэлсэн (Лук 21:2–4). Тиймээс чадахыгаа л хийгээрэй. Жишээлбэл, та хүмүүст Еховагийн тухай ярьж, ах дүүгийнхээ төлөө залбирч, үнэнч байя гэсэн урам зоригийг нь бадрааж чадна шүү дээ. Ехова таныг чадвартай учраас бус, дуулгавартай учраас хамтран зүтгэгчээ гэж үздэг (1 Кор. 3:5–9).

19. Ром 8:38, 39-д ямар баталгаа байдаг вэ?

19 Үйлчлэгчдээ эрдэнэсээс ч үнэтэй гэж үздэг Ехова Бурхныг шүтдэгтээ бид үнэхээр их баярладаг! Бид бол Бурхны хүсэл таалалд нийцүүлж амьдрах зориулалттай бүтээл юм. Зориулалтынхаа дагуу амьдарвал жинхэнэ ёсоор жаргалтай байна (Илч. 4:11). Эргэн тойрныхон маань биднийг хэнд ч хэрэггүй гэж үзэж болох ч, Ехова тэгж боддоггүй (Евр. 11:16, 38). Биднийг хайрлахад Ехова Бурханд юу ч саад болохгүй. Өвчинд баригдаж, мөнгө төгрөгөөр гачигдаж, өтөлж хөгширснөөс болоод сэтгэлээр унасан үедээ үүнийг санацгаая (Ром 8:38, 39-ийг уншина).

^ д/м 5 Та ямар нэгэн шалтгааны улмаас өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж бодож байсан уу? Харин Ехова таныг эрдэнэсээс ч үнэтэй гэж үздэгийг энэ өгүүллийг судлаад санаарай. Амьдралд юу ч тохиолдсон, өөрийгөө хэрэгтэй хүн гэж бодохын тулд яах нь зүйтэйг авч үзнэ.

ДУУ 51 Бид Еховад үнэнч