Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 1

«Явж бүх үндэстнийг шавь болгогтун»

«Явж бүх үндэстнийг шавь болгогтун»

2020 ОНЫ УРИА: «Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун. ... Баптисм хүртээ» (МАТ. 28:19).

ДУУ 139 Үнэнч байхад нь тусалъя

ТОЙМ *

1, 2. Тэнгэрийн элч эмэгтэйчүүдэд юу гэж хэлсэн бэ? Есүс юу гэж хэлсэн бэ?

МАНАЙ эриний 33 оны нисан сарын 16-ны үүрээр болсон явдал. Уй гашууд автсан хэдэн эмэгтэй оршуулгын газар луу явж байлаа. Есүс Христийг оршуулснаас хойш 36 цаг өнгөрчээ. Бурхнаас эмээдэг тэдгээр эмэгтэй Эзнийхээ биед үнэртэн болон анхилуун үнэрт тос түрхэх санаатай очтол булш хоосон байх нь тэр! Есүсийн амилсныг нэг тэнгэрийн элч хэлээд, «[Тэр] та нараас түрүүлж Галилд очно. Та нар тэнд түүнтэй уулзана» гэлээ (Мат. 28:1–7; Лук 23:56; 24:10).

2 Эмэгтэйчүүдийг оршуулгын газраас буцаад явж байтал Есүс өөрөө тэдэн дээр очоод «Ах дүү нарт минь Галил руу яв гэж хэлээрэй. Тэнд тэд надтай уулзана» гэжээ (Мат. 28:10). Есүс шавь нартаа маш чухал заавар өгөх гэж байсан учраас цуглаан зохион байгуулахаар болсон. Амилсныхаа дараа хамгийн түрүүнд хийсэн зүйл нь тэр цуглаан байв.

ХЭНД ӨГСӨН ТУШААЛ ВЭ?

Есүс амилсныхаа дараа элч нар болон бусад дагалдагчтайгаа Галилд уулзаад «Явж ... шавь болгогтун» гэж тушаасан (Догол мөр 3, 4-ийг үзнэ үү)

3, 4. Матай 28:19, 20-д бичсэн тушаалыг зөвхөн 11 элчид өгөөгүй гэхийн учир юу вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

3 Матай 28:16–20-ийг уншина. Есүс зохион байгуулсан цуглааныхаа үеэр, нэгдүгээр зуунд хийх ёстой амин чухал нэг ажлын талаар онцлон ярьжээ. Тэр ажлыг өнөөгийн бид бас хийдэг. Есүс: «Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун. ... Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» хэмээн тушаажээ.

4 Энэ тушаалыг зөвхөн 11 үнэнч элчдээ бус, харин бүх дагалдагчдаа өгсөн гэж үзэж болно. Яагаад? Шавь бэлдэх тушаал өгөх үед Галилын уулан дээр зөвхөн элч нар л байсан уу? Үгүй. Тэнгэрийн элч булшин дээр ирсэн эмэгтэйчүүдэд «Та нар тэнд [Галилд] түүнтэй уулзана» гэж хэлснийг сана даа. Тэгэхээр тэнд үнэнч эмэгтэй дагалдагчид байсан байж таарна. Бас өөр хүмүүс ч байжээ.

5. 1 Коринт 15:6-д «Матай» номын 28-р бүлэгт гардаг Галилын цуглааныг дурдсан гэхийн учир юу вэ?

5 Есүс «нэг дор цугласан 500 гаруй хүнд үзэгдсэн» гэж элч Паул бичсэн (1 Кор. 15:6). Тэр хүмүүс хаана цугласан бэ? Паул «Матай» номын 28 дугаар бүлэгт гардаг, Галилд болсон цуглааны тухай бодож байжээ гэж хэлэх бүрэн үндэс бий. Нэгд, Есүсийн ихэнх шавь Галилынх байсан. Тийм олон хүн Иерусалимд хэн нэгний гэрт цугласнаас, Галилын аль нэг уулан дээр цуглах нь илүү тохиромжтой байж таарна. Хоёрт, Есүс амилсныхаа дараа 11 элчтэйгээ Иерусалимын нэг айлд уулзсан билээ. Хэрэв дэлгэрүүлэх, шавь бэлдэх тушаалыг зөвхөн элч нартаа өгье гэж бодсон бол тэнд байхдаа л өгчих байсан. Тэднээс өөр хүнд, тухайлбал, эмэгтэйчүүдэд болон бусад шавьдаа хэлэхгүй байх байсан шүү дээ (Лук 24:33, 36).

6. Шавь бэлдэх тушаал өнөө үед хамаатайг Матай 28:20-ийн ямар үгээс мэдэж болох вэ? Энэ тушаалыг өнөөдөр хэрхэн биелүүлж байна вэ?

6 Есүс шавь бэлдэх тушаалыг зөвхөн нэгдүгээр зууны дагалдагчдадаа өгөөгүй гэж үзэх гурав дахь чухал шалтгааныг ярилцъя. Есүс заавар өгснийхөө дараа «Энэ тогтолцооны төгсгөлийн үеийг дуустал би та нартай үргэлж хамт байх болно» гэж амласан (Мат. 28:20). Амласан ёсоороо бидэнтэй хамт байгаа учраас шавь бэлдэх ажил өнөөдөр ид өрнөж байна. Жил бүр 300 000 орчим хүн баптисм хүртэж Еховагийн Гэрч, Есүс Христийн шавь болдог. Үнэхээр гайхалтай биш гэж үү!

7. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ? Яагаад?

7 Библи судалж буй олон хүн ахиц гарган баптисм хүртдэг. Гэтэл Библийн хичээл тогтмол заалгадаг ч шавь болох хүсэлгүй хүмүүс бас бий. Тэд хичээл хийх дуртай хэр нь ахиц гаргаж баптисм хүртье гэж боддоггүй. Суралцагч маань мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлээсэй, Христийн шавь болоосой гэж бид бүгдээрээ хүсдэг. Яавал суралцагчийнхаа сэтгэлийг хөдөлгөх вэ? Хэрхэн тусалбал ахиц гаргах бол? Энэ өгүүллээр ярилцъя. Яагаад энэ сэдвээр ярилцах хэрэгтэй вэ? Хичээлээ заагаад байх уу, болих уу гэдгээ шийдэх хэрэг хааяа гардаг учраас тэр юм.

ЕХОВАД ХАЙРТАЙ БОЛГОХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ

8. Суралцагчаа Еховаг хайрладаг болгох нь яагаад амаргүй вэ?

8 Хайрандаа хөтлөгдөөд үйлчлээсэй гэж Ехова хүсдэг. Тиймээс бидний зорилго бол суралцагчдаа Еховагийн хайр халамж, халуун сэтгэлийг ойлгуулж, мэдрүүлэх явдал юм. Ехова бол «эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь» гэдгийг ойлгоход нь туслах учиртай (Дуу. 68:5). Тэд Бурхны хайрыг мэдрээд ирэхээрээ сэтгэл нь хөдөлж, Бурхныг хайрлаж эхэлнэ. Эцгийн хайрыг мэдэхгүй өссөн зарим суралцагч Еховаг хайр халамжтай Эцэг гэж ойлгодоггүй (2 Тим. 3:1, 3). Тийм хүнтэй хичээл хийхдээ Еховагийн сайхан зан чанаруудыг онцолж байгаарай. Хайр халамжтай Ехова Бурхан суралцагчийг тань мөнх амьдруулахыг үнэхээр их хүсдэг бөгөөд зорьсондоо хүрэхэд нь туслахад бэлэн байдаг. Үүнийг суралцагчдаа ойлгуулахыг хичээгээрэй. Өөр яах хэрэгтэй вэ?

9, 10. Ямар номоор Библийн хичээл заах вэ? Яагаад?

9 «Библиэс юу мэдэж авах вэ?», «Бурхнаараа хайрлуулж явъя» номоор хичээл заагаарай. Суралцагчид Бурхны хайрыг мэдрүүлж, сэтгэлийг нь хөдөлгөх зорилгоор энэ хоёр номыг гаргасан. «Библийн мэдлэг» номын 1 дүгээр бүлэгт «Бурхан хайр халамжтай юу, хатуу сэтгэлтэй юу? Хүмүүсийн зовж байгааг хараад Бурхан яадаг вэ? Еховагийн анд найз болох боломжтой юу?» гэх зэрэг асуултын хариу бий. Тэгвэл «Бурхнаараа хайрлуулж явъя» гэдэг ном ямар онцлогтой вэ? Библийн зарчмыг баримталбал өөрчлөгдөж, Еховатай дотносдогийг ойлгуулдаг. Та энэ хоёр номоор хичээл зааж байсан байх. Гэлээ ч суралцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг бодонгоо хичээл болгондоо сайтар бэлдээрэй.

10 Хэрэв «Заах ажлын багажны хайрцаг»-т оруулаагүй ном хэвлэлд гарсан сэдвийг суралцагч тань сонирхвол яах вэ? Бие дааж уншихыг зөвлөөрэй. Ингэснээр, дээрх хоёр номын аль нэгээр Библийн хичээлээ тасралтгүй заах боломж бүрдэнэ.

Хичээлийнхээ эхэнд залбирч байгаарай (11-р догол мөрийг үзээрэй)

11. Хичээлээ хэзээнээс залбирлаар эхэлж, залбирлаар дуусгадаг болох вэ? Энэ нь чухал гэдгийг суралцагчдаа хэрхэн ойлгуулах вэ?

11 Хичээлээ залбирлаар эхэлж байгаарай. Ер нь хичээлийн эхэнд ч, төгсгөлд ч залбирч байвал сайн. Үүнийг аль болох эртнээс буюу хичээл тогтмол хийдэг болсноос хойших эхний хэдэн 7 хоногт хэвшүүлээрэй. Бурхны Үгийг ойлгоход зөвхөн агуу хүч тусалдгийг суралцагчдаа хэлж өгөх хэрэгтэй. Залбирах хэрэгтэйн учрыг зарим Гэрч тайлбарлахын тулд Яаков 1:5-ыг уншуулдаг. Тэнд «Хэрэв та нарын нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурхнаас гуйж бай» гэж байдаг. Дараа нь, «Мэргэн ухааныг Бурхнаас хэрхэн гуйх вэ?» гэж суралцагчаасаа асуудаг. Ийм маягаар тайлбарлавал Бурханд залбирах хэрэгтэйг суралцагч хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй.

12. Суралцагчаа Еховатай илэн далангүй ярилцдаг болгохын тулд Дуулал 139:2–4-ийг хэрхэн ашиглах вэ?

12 Хэрхэн залбирахыг заагаарай. Чин сэтгэлээсээ залбирвал Ехова сонсдогийг суралцагчдаа ойлгуулаарай. Хэнд ч хэлж чадахгүй байгаа сэтгэлийн үгээ ганцаараа байхдаа Еховад хэлж болдгийг тайлбарлаарай. Хүний сэтгэлийн угт нуугдсан бодлыг ч Ехова аль хэдийн мэдсэн байдаг (Дуулал 139:2–4-ийг уншина). Буруу бодлоо өөрчилж, муу зуршлаа хаяхад туслахыг Бурхнаас гуйж байгаарай гэж суралцагчдаа зөвлөөрэй. Жишээ нь хичээл заалгаад тодорхой хугацаа өнгөрсөн ч Христийн дагалдагчдын оролцдоггүй баярт дуртай хүн байна гэж бодъё. Ийм баярыг тэмдэглэх нь буруу гэдгийг мэддэг болсон ч тухайн баяртай холбоотой зарим нэг зүйлд дуртай байвал та яаж туслах вэ? «Энэ тухайгаа Еховад илэн далангүй хэлээрэй, Бурхны хайрладаг зүйлийг л хайрладаг болоход туслаач гэж гуйгаарай» хэмээн зөвлөх нь зүйтэй (Дуу. 97:10).

Суралцагчаа цуглаанд уриарай (13-р догол мөрийг үзээрэй)

13. а) Суралцагчаа цуглаанд аль болох эртнээс урьдаг нь ямар учиртай вэ? б) Цуглааны танхимд ирээд биеэ барихгүй байхад нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

13 Суралцагчаа цуглаанд аль болох эртнээс уриарай. Цуглааны үеэр сонссон, үзсэн зүйл нь суралцагчийн сэтгэлийг хөдөлгөж, ахиц гаргахад нь нөлөөлдөг. «Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд юу болдог вэ?» видеог үзүүлж, цуглаанд уриарай. Хамт явъя гэж хэлэх юм уу эсвэл боломжтой бол, унаагаараа авч яваарай. Хурлынхаа янз бүрийн хүнийг хичээлдээ оролцуулаарай. Ингэвэл суралцагч тань хурлынхантай танилцана. Тэгээд цуглаанд очихоороо айж бишүүрхэхгүй, биеэ барихгүй.

АХИЦ ГАРГАХАД НЬ ТУСЛААРАЙ

14. Суралцагч яавал ахиц гаргаж эхлэх вэ?

14 Ахиц гаргахад нь суралцагчдаа туслахыг бид зорилго болгодог (Эф. 4:13). Зарим хүн зөвхөн хувийн ашгаа бодоод Библийн хичээл хийхийг зөвшөөрдөг. Харин Еховаг хайрлаж эхлэхээрээ бусдад, ялангуяа хурлын гишүүдэд санаа тавьж, хэрхэн туслахаа боддог болох биз ээ (Мат. 22:37–39). Тийм үед нь Хаант төрийн үйл хэргийг дэмжих зорилгоор хандив өргөж болдгийг санаа зоволгүй хэлээрэй.

Бэрхшээлээ давахыг суралцагчдаа заагаарай (15-р догол мөрийг үзээрэй)

15. Бэрхшээлээ давахыг суралцагчдаа хэрхэн заах вэ?

15 Бэрхшээлээ хэрхэн давахыг суралцагчдаа заагаарай. Жишээ нь баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болсон суралцагч тань хурлын нэг хүнд гомдсоноо хэллээ гэж бодъё. Хэн нэгнийх нь талд орохын оронд яах хэрэгтэйг нь Библид үндэслэн тайлбарлавал ямар вэ? Суралцагч тань тэр хүнийг уучилж магадгүй. Хэрэв уучилж чадахгүй байвал яах вэ? Эвлэрэх зорилгоор тэр хүн дээр очоод хайрын сэтгэлээр, эелдэг ярилцахыг зөвлөөрэй (Матай 18:15-тай харьцуулаарай). Хэлэх үгээ бэлдэхэд нь суралцагчдаа туслаарай. Энэ асуудлыг шийдэхэд тустай зөвлөгөөг JW Library® апп, «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» болон jw.org®-оос хэрхэн хайхыг зааж өгөөрэй. Сайн сургавал суралцагч тань баптисм хүртсэнийхээ дараа хурлын гишүүдтэй эвээ олоод явж чадна.

16. Өөр дэлгэрүүлэгчийг хичээлдээ урих нь яагаад сайн бэ?

16 Хурлынхныгаа, бас эргэлт хийж буй дүүрэг хариуцагчийг хичээлдээ уриарай. Яагаад? Уг нь та дээр дурдсан аргаар суралцагчдаа туслахыг хичээж байгаа. Гэхдээ таны хүч хүрэхгүй юм байж магадгүй. Хичээлд тань оролцсон бусад дэлгэрүүлэгч тэр тусламжийг үзүүлж болох юм. Жишээ нь суралцагч тань тамхиа хаях гэж хэчнээн оролдсон ч бүтэлгүйтсэн гэж бодъё. Тэгвэл ийм зуршлаа хаяж чадсан Гэрчийг хичээлдээ уриарай. Тэр Гэрчийн зөвлөгөө суралцагчид тань маш их хэрэг болж магадгүй шүү дээ. Өөр жишээг бодъё. Туршлагатай Гэрч эрэгтэйн дэргэд хичээл заахад эвгүй санагдаад байвал яах вэ? Тэр Гэрчээр хичээлээ заалгаарай. Аль нь ч байлаа гэсэн, бусдаас сурах боломжийг суралцагчдаа олгоорой. Бидний зорилго бол ахиц гаргахад нь туслах гэдгийг санаарай.

ХИЧЭЭЛЭЭ ЗААГААД БАЙХ УУ, БОЛИХ УУ?

17, 18. Хичээл заахаа болих эсэхээ шийдэхдээ юуг бодож үзэх хэрэгтэй вэ?

17 Суралцагч тань өчүүхэн төдий ч ахиц гаргадаггүй бол «Хичээл заахаа болих шаардлагатай юу?» гэж өөрөөсөө асуугаарай. Шийдвэр гаргахаасаа өмнө суралцагчийнхаа чадварыг бодож үзээрэй. Зарим хүн ахиц гаргахдаа бусдаас удаан байдаг. Тиймд «Суралцагч маань өөрийнхөө хурдаар ахиж байна уу? Мэдсэн зүйлээ “сахин биелүүлэх” буюу хэрэгжүүлж байна уу?» гэдэг асуултыг бодоорой (Мат. 28:20). Суралцагч ахиц гаргахдаа удаан байж болох ч бага багаар ахисаар байх учиртай.

18 Библийн хичээл хийгээд багагүй хугацаа өнгөрсөн ч суралцагч тань хичээлээ үнэлдэггүй юм шиг байвал яах вэ? Дараах жишээг бодоорой. Танай суралцагч «Библийн мэдлэг» номыг судлаад дууссан, тэр байтугай «Бурхнаараа хайрлуулж явъя» номыг эхэлсэн. Тэгсэн атлаа 7 хоног бүрийн цуглаанд, тэр байтугай Дурсах цуглаанд ч очиж үзээгүй. Библийн хичээлээ ялих шалихгүй шалтгаанаар байнга тасалдаг. Тэгвэл яах вэ? Энэ талаар суралцагчтайгаа илэн далангүй ярилцах нь зүйтэй. *

19. Суралцагч тань Библийн хичээлээ үнэлдэггүй юм шиг байвал хэрхэн ярилцах вэ? Юуг бодож үзэх хэрэгтэй вэ?

19 «Еховагийн Гэрч болоход тань юу хамгийн хэцүү вэ?» гэж яриагаа эхэлж болох юм. Суралцагч: «Би Библи судлах дуртай. Гэхдээ хэзээ ч Еховагийн Гэрч болохгүй» гэж хариулж магадгүй. Нэлээд хугацаа өнгөрсөн ч ийм хандлагатай байгаа бол хичээл заахаа болих нь дээр биш үү? Нөгөө талаар, ахиц гаргахад нь юу саад болоод байгаагаа танд анх удаа хэлж болох юм. Жишээ нь айлаар хэзээ ч дэлгэрүүлж чадахгүй гэж боддог байж магадгүй. Ямар бодолтой явдгийг нь нэгэнт мэдсэн болохоор суралцагчдаа туслахад амар болно.

Ахиц гаргадаггүй суралцагчтай хичээл хийх хэрэггүй (20-р догол мөрийг үзээрэй)

20. Хичээлээ заагаад байх уу, болих уу гэдгээ шийдэхэд Үйлс 13:48 хэрхэн туслах вэ?

20 Зарим суралцагч Езекиелийн үеийн израйлчуудтай адилхан байдаг нь харамсалтай. Ехова Езекиелд «Харагтун, тэдний хувьд чи бол хөгжмийн зэмсгүүд дээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд чиний үгийг сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй» гэж хэлжээ (Езе. 33:32). Хичээл хийхээ больё гэж хэлэхэд амаргүй санагдаж болох юм. Гэхдээ «ахархан хугацаа» үлдсэн шүү (1 Кор. 7:29). Үр дүнгүй хичээлд цагаа үрэхийн оронд «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүнийг хайх нь дээр (Үйлс 13:48-ыг уншина).

Тусламж гуйн залбирч буй хүн танай хэсэгт байж магадгүй (20-р догол мөрийг үзээрэй)

21. 2020 оны уриа юу вэ? Энэ уриа бидэнд ямар ач тустай вэ?

21 Хэрэв бид энэ жилийн уриаг санаж явбал, шавь бэлдэх ажлынхаа чанарыг 2020 оны туршид анхаарч чадна. Галилын уулан дээр болсон тэр чухал цуглааны үед Есүсийн хэлсэн дараах үгийг энэ оны уриа болголоо. «Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун. ... Баптисм хүртээ» (Мат. 28:19).

Баптисм хүртэхэд нь суралцагчдаа туслахын тулд шавь бэлдэх ажлынхаа чанарыг сайжруулъя (21-р догол мөрийг үзээрэй)

ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё

^ д/м 5 Шавь бэлдэх тушаалыг 2020 оны уриа болгосон. Энэ тушаалыг Еховагийн үйлчлэгч бүр биелүүлэх ёстой. Суралцагчаа Христийн шавь болгохын тулд сэтгэлийг нь хэрхэн хөдөлгөх вэ? Еховатай яаж дотно болгох вэ? Библийн хичээлээ заагаад байх уу, болих уу гэдгээ хэрхэн шийдэх вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээс аваарай.