Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 42

Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа тусалъя (II хэсэг)

Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа тусалъя (II хэсэг)

«Ямар байдгаа, юу заадгаа үргэлж анхаарч яв» (1 ТИМ. 4:16).

ДУУ 143 Харанхуй ертөнцөд гэрэлт

ТОЙМ *

1. Шавь бэлдэх ажлыг яагаад амь аврах ажил гэж хэлж болох вэ?

ШАВЬ бэлдэх ажил бол амь аврах ажил юм! Яагаад ингэж хэлж болох вэ? Есүс Матай 28:19, 20-д байдаг тушаалыг өгөхдөө «Явж ... шавь болгогтун. ... Баптисм хүртээ» гэжээ. Баптисм хүртэх нь хэр чухал вэ? Энэ бол аврагдахыг хүссэн хүн бүрийн биелүүлэх ёстой шаардлага юм. Есүс хүн төрөлхтний төлөө амиа золиосолсон учраас л мөнх амьдрах үүд хаалга нээгдсэн гэдэгт баптисм хүртэх хүн итгэсэн байх ёстой. Тийм учраас элч Петр итгэл нэгтнүүддээ «Амилсан Есүс Христэд итгэдэг та нарыг баптисм одоо авардаг» гэж хэлжээ (1 Петр 3:21). Тэгэхээр хүн баптисм хүртэхлээрээ мөнх амьдрах найдвартай болдог.

2. 2 Тимот 4:1, 2-т бичсэнээр, бид ямар багш байх ёстой вэ?

2 Бид шавь бэлдэхийн тулд «чадварлаг заадаг» болох шаардлагатай (2 Тимот 4:1, 2-ыг уншина). Учир нь Есүс: «Явж ... шавь болгогтун. ... Тэдэнд заа» гэж тушаасан билээ. Элч Паул энэ ажилд «туйлбартай байхыг» зөвлөсөн. «Ингэвэл өөрийгөө ч, сонсогчоо ч аварна». Тийм учраас тэрбээр: «Юу заадгаа үргэлж анхаарч яв» гэж хэлсэн нь санамсаргүй хэрэг биш юм (1 Тим. 4:16). Заах нь шавь бэлдэхтэй нягт холбоотой учраас бид чадварлаг багш болохыг хүсдэг.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бид сая сая хүнд Библийн хичээл тогтмол заадаг. Тэгээд аль болох олон хүнд баптисм хүртээж Есүс Христийн шавь болгохыг хичээдэг. Үүний тулд яах хэрэгтэйг өмнөх өгүүллээр ярилцсан. Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа туслахын тулд өөр ямар таван зүйл хийж болохыг энэ өгүүллээр ярилцъя.

БИБЛИД ҮНДЭСЛЭН ЗААГААРАЙ

Библид үндэслэн заах чадвараа сайжруулахын тулд туршлагатай дэлгэрүүлэгчээс тусламж гуйгаарай (4–6-р догол мөрийг үзээрэй) *

4. Багш хүн яагаад биеэ барьж сурах хэрэгтэй вэ? (Бас зүүлтийг үзнэ үү).

4 Бид Бурхны Үгээс заадаг зүйлээ чухалчлан үздэг учраас энэ талаар их яримаар санагддаг. Гэхдээ «Харуулын цамхаг» болон Библи судлалын цуглааны удирдагч эсвэл Библийн багшийн хэн хэн нь хэтэрхий их ярих ёсгүй. Библи өөрөө сайн багш юм. Тийм учраас Библийн зүйл юм уу тухайн сэдвийн талаар мэддэг бүхнээ ярихгүйн тулд биеэ барих нь зүйтэй * (Ёох. 16:12). Библийн одоогийн мэдлэгээ баптисм хүртэх үеийнхтэйгээ харьцуул даа. Та тэр үед үндсэн сургаалуудыг л ойлгодог байсан биз дээ? (Евр. 6:1). Одоогийн мэдлэгийг олж авахад танд олон жил хэрэгтэй байсан шүү дээ. Тэгэхээр шинэхэн суралцагчид бүгдийг нь нэг амьсгаагаар заах гэж оролдсоны хэрэггүй.

5. а) 1 Тесалоник 2:13-ыг үзвэл, суралцагч юуг ойлгох учиртай вэ? б) Мэдсэнээ бусдад ярих хүсэлтэй болоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

5 Суралцагч маань хүний үгийг бус, Бурхны үгийг судалж байгаагаа ойлгох учиртай (1 Тесалоник 2:13-ыг уншина). Тэдэнд хэрхэн туслах вэ? Юу мэдэж авснаа хүмүүст ярьж байхыг зөвлөөрэй. Библийн зүйлийг дандаа өөрөө тайлбарлахын оронд заримыг нь суралцагчаараа тайлбарлуулаарай. Бурхны Үг өөрт нь ямар хамаатайг ойлгуулахыг хичээгээрэй. Сая уншсан Библийн зүйлийн талаар юу бодож, ямар санагдаж байгааг мэдэхийн тулд асуулт асуугаарай (Лук 10:25–28). Жишээлбэл: «Энэ зүйлээс Еховагийн ямар зан чанарыг мэдэж авсан бэ?», «Библийн энэ сургаал танд ямар ач тустай вэ?», «Өнөөдрийн хичээл ямар санагдсан бэ?» гэж асууж болно (Сур. 20:5). Хамгийн гол нь, их юм мэдэж авах нь чухал биш, харин мэдэж авсан зүйлээ үнэлж, ажил болгох нь чухал.

6. Туршлагатай дэлгэрүүлэгчдийг Библийн хичээлдээ урих нь яагаад сайн бэ?

6 Та туршлагатай дэлгэрүүлэгчийг Библийн хичээлдээ урьж оролцуулдаг уу? Тийм бол хичээл заах, Библийг ашиглах талаар зөвлөгөө авмаар байгаагаа хэлээрэй. Заах ур чадвараа сайжруулъя гэвэл даруу байгаарай (Үйлс 18:24–26-тай харьцуулаарай). Мөн сая заасан хичээлийг суралцагч ойлгосон эсэхийг тэр дэлгэрүүлэгчээс асуугаарай. Түүнээс гадна, 7-гоос дээш хоногоор ийш тийшээ явахаар бол, хичээлийг үргэлжлүүлэн заах боломжтой эсэхийг асуугаарай. Ингэвэл хичээл завсардахгүй бөгөөд Библийн хичээл үнэхээр чухал гэдгийг суралцагч ойлгоно. «Миний» суралцагч юм чинь надаас өөр хэн ч заах ёсгүй гэж бүү бодоорой. Тэгээд ч та суралцагчаа үнэнийг судалж мэдээд тасралтгүй ахиц гаргаасай гэж хүсдэг биз дээ?

ИТГЭЛТЭЙ, УРАМ ЗОРИГТОЙ ЗААГААРАЙ

Бодит жишээ хэлж өгвөл суралцагч Библийн зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэж авна (7–9-р догол мөрийг үзээрэй) *

7. Заалгаж буй зүйлээ үнэлж эрхэмлэдэг болоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

7 Библийн сургаалыг эрхэмлэдэг, итгэдэг гэдгээ суралцагчдаа мэдрүүлээрэй (1 Тес. 1:5). Энэ нь заалгаж буй зүйлээ илүү их үнэлдэг болоход нь тустай. Тохиромжтой гэж үзвэл Библийн зарчмын дагуу амьдраад ямар ач тус хүртэж байгаагаа ярьж өгөөрэй. Тэгвэл суралцагч Библид байдаг удирдамж заавар өөрт нь бас ач тустайг ойлгоно.

8. Суралцагчдаа өөр яаж тусалж болох вэ? Яагаад?

8 Танай суралцагчийнхтай төстэй бэрхшээл үзэж, түүнийгээ даван туулсан хүмүүсийн жишээг Библийн хичээлийн үеэр ярьж өгөөрэй. Бас суралцагчид тань үлгэр жишээ болохуйц итгэл нэгтнээ хичээлдээ урьсан ч болно. Эсвэл jw.org-т байдаг «Библи хүнийг өөрчилдөг» цувралаас сэтгэл хөдөлгөм тохиолдлыг үзүүлээрэй. * Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх нь үнэхээр ашигтай гэдгийг суралцагчдаа ойлгуулахад тийм өгүүлэл, видео тустай.

9. Мэдэж авсан зүйлээ гэрийнхэн, найз нөхдөдөө ярьдаг болоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

9 Суралцагчийн тань гэр бүлийн хүн хичээл хийдэг үү? Хийдэггүй бол хичээлдээ уриарай. Юу сурснаа гэр бүл, найз нөхдөдөө ярьдаг болоход нь суралцагчдаа туслаарай (Ёох. 1:40–45). Яаж? «Энэ сургаалыг гэрийнхэндээ юу гэж тайлбарлах вэ?» гэх юм уу «Үүнийг найздаа батлахын тулд Библийн ямар зүйлийг үзүүлэх вэ?» гэж асууж болно. Ийм байдлаар суралцагчаа багшлах ажилд бэлдээрэй. Тэгвэл яваандаа дэлгэрүүлэгч болох шаардлага хангаж, хурлынхантай хамт дэлгэрүүлнэ. Суралцагчаасаа Библи сонирхдог хүнийг мэдэх эсэхийг асуугаарай. Мэдэж байвал тэр хүнтэй нь шууд холбоо бариад, хичээл хийх санал тавиарай. «Библийн хичээл яаж хийдэг вэ?» * видеог үзүүлээрэй.

ХУРАЛ ДОТРООСОО НАЙЗТАЙ БОЛОХОД НЬ ТУСЛААРАЙ

Хурал дотроос найз нөхөдтэй болоход нь суралцагчдаа туслаарай (10, 11-р догол мөрийг үзээрэй) *

10. 1 Тесалоник 2:7, 8-ыг үзвэл багш хүн Паулыг хэрхэн дуурайх вэ?

10 Багш хүн суралцагчдаа чин сэтгэлээсээ санаа тавих ёстой. Тэднийг ирээдүйн итгэл нэгтнээ гэж үзээрэй (1 Тесалоник 2:7, 8-ыг уншина). Еховад үйлчлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтийг хийх, хуучин найзуудаасаа холдох нь тэдэнд тийм ч амархан биш байгаа. Хурал дотроосоо жинхэнэ найзтай болоход нь туслах хэрэгтэй. Зөвхөн Библийн хичээл хийхдээ төдийгүй бусад үед ч цаг заваа зориулаад суралцагчийнхаа найз нь болоорой. Хичээл хийдэггүй өдрөө утсаар ярих, мессеж бичих юм уу гэрээр нь ороод гарах зэргээр чин сэтгэлээсээ санаа тавиарай.

11. Сайн багш суралцагчийнхаа төлөө юу хийдэг вэ? Яагаад?

11 «Ганц хүүхэд өсгөхөд тосгоноороо оролцдог» гэсэн зүйр үг байдаг. Тэгвэл энэ үгийг «Ганц шавь бэлдэхэд хурлаараа оролцдог» гэж өөрчилж болох юм. Тийм учраас сайн багш суралцагчаа хурлынхаа үлгэр жишээч итгэл нэгтнүүдтэй танилцуулдаг. Ингэхлээр суралцагч Бурхны ард түмний дунд байх дуртай болдог. Гэрчүүд ч түүнд Бурхантай дотносоход нь туслахаас гадна сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг. Суралцагч маань өөрийгөө Бурхны гэр бүлийн гишүүн гэж бодоосой, хайр бялхсан энэ гэр бүлд маань татагдаасай гэж бид хүсдэг. Ингэвэл Еховаг хайрлахад нэмэр болдоггүй хүмүүстэй нөхөрлөхөө болих нь илүү хялбар байна (Сур. 13:20). Хуучин найзууд нь холдож хөндийрлөө гэхэд жинхэнэ найзаа Еховагийн байгууллагаас олж чадна гэдэгтээ итгэлтэй байна (Марк 10:29, 30; 1 Петр 4:4).

БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛАХ, БАПТИСМ ХҮРТЭХ ТАЛААР ЯРЬЖ БАЙГААРАЙ

Хэрэв суралцагч чин сэтгэлтэй бол баптисм хүртэх зорилгоо алхам алхмаар биелүүлж чадна! (12, 13-р догол мөрийг үзээрэй)

12. Бурханд өөрийгөө зориулах, баптисм хүртэхийн чухлыг суралцагчтайгаа яагаад ярилцах хэрэгтэй вэ?

12 Бурханд өөрийгөө зориулах хийгээд баптисм хүртэхийн чухлыг илэн далангүй ярьж байгаарай. Тэгээд ч Библийн хичээл заадгийн маань зорилго бол баптисм хүртэж Христийн шавь болоход нь суралцагчдаа туслах явдал юм. Суралцагч энэ зорилгыг буюу Ехова Бурхны Гэрч болох гэж байгаагаа Библийн хичээл тогтмол хийдэг болсноосоо хойших хэдэн сарын дотор, ялангуяа цуглаанд явж эхэлснийхээ дараа ойлгосон байх ёстой.

13. Суралцагч баптисм хүртэх шаардлага хангахын тулд яах хэрэгтэй вэ?

13 Хэрэв суралцагч чин сэтгэлтэй бол баптисм хүртэх зорилгоо алхам алхмаар биелүүлж чадна! Юуны түрүүнд, Еховаг таньж мэдээд хайрладаг, итгэдэг болно (Ёох. 3:16; 17:3). Дараа нь Еховатай болон хурлынхантай найз болно (Евр. 10:24, 25; Яак. 4:8). Урьд нь буруу юм хийж байснаа хүлээн зөвшөөрч, муу зуршлаа хаяна (Үйлс 3:19). Мөн итгэл батжихын хэрээр үнэнийг бусдад ярьдаг болно (2 Кор. 4:13). Тэгээд эцэст нь өөрийгөө Еховад зориулах бөгөөд үүнийгээ олон нийтэд харуулж баптисм хүртэнэ (1 Петр 3:21; 4:2). Тэр өдөр хүн бүрийн хувьд баярын өдөр байх болно! Суралцагч тань зорилгоо алхам алхмаар биелүүлээд байвал магтаалыг харамгүй хэлж, урам хайрлаж байгаарай. Тэгвэл тэрбээр урамшаад зогсолтгүй урагшилна.

СУРАЛЦАГЧ ХЭР АХИЦ ГАРГАЖ БАЙГААГ ҮЕ ҮЕ ДҮГНЭЖ ҮЗЭЭРЭЙ

14. Багш нь суралцагчийнхаа хэр ахиц гаргаж байгааг хэрхэн дүгнэж үзэх вэ?

14 Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа туслахын тулд тэвчээртэй байх хэрэгтэй. Бас заримдаа Ехова Бурханд үйлчлэх чин хүсэлтэй эсэхийг нь мэдэх хэрэг гарна. Есүсийн тушаалыг сахин биелүүлэх гэж хичээж байгаа юу? Эсвэл ердөө л Библиэс сонирхолтой юм мэдэж авахыг хүсээд байна уу?

15. Суралцагч ахиц гаргаж байгаа нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

15 Суралцагч хэр зэрэг ахиц гаргаж байгааг тогтмол дүгнэж үзээрэй. Жишээ нь Еховаг хайрладаг нь харагддаг уу? Еховад залбирдаг уу? (Дуу. 116:1, 2). Библи унших дуртай юу? (Дуу. 119:97). Цуглаанд тогтмол явдаг уу? (Дуу. 22:22). Сурснаа хэрэгжүүлж өөрийгөө өөрчилж байгаа юу? (Дуу. 119:112). Мэдэж авснаа гэр бүл, найз нөхдөдөө ярьж эхэлсэн үү? (Дуу. 9:1). Хамгийн гол нь Еховагийн Гэрч болохыг хүсдэг үү? (Дуу. 40:8). Эдгээрээс алийг нь ч хэрэгжүүлдэггүй бол учир шалтгааныг нь эвтэйхэн асуугаарай. Тэгээд түүнтэй эелдэг бөгөөд шулуухан ярилцаарай. *

16. Ямар үед Библийн хичээлээ зогсоох шаардлагатай вэ?

16 Хичээлээ үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэдгээ үе үе өөрөөсөө асуугаарай. Жишээлбэл «Суралцагч маань хичээлдээ бэлдэхгүй байна уу? Цуглаанд явах сонирхолгүй байна уу? Одоо ч гэсэн муу зуршлаа хаяагүй юү? Хуурамч шашны гишүүн хэвээрээ юү?» гэж асууж болно. Хэрэв тийм бол хичээлээ үргэлжлүүлэх нь дургүй ламд дарж байж сахил хүртээхтэй адил болно. Мэдэж авсан зүйлээ чин сэтгэлээсээ үнэлдэггүй, өөрчлөгдөхийг хүсдэггүй бол хичээлээ үргэлжлүүлэх хэрэг байна уу?

17. 1 Тимот 4:16-г үзвэл, Библийн багш бүр яах ёстой вэ?

17 Бид шавь бэлдэх даалгавраа чухалд үздэг. Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа туслахыг зорьдог. Тийм ч учраас Библид үндэслэн заадаг. Мөн урам зоригтой, итгэлтэй заахыг хичээдэг. Хурал дотроос найз нөхөдтэй болоход нь туслах чин хүсэлтэй. Бурханд өөрийгөө зориулах хийгээд баптисм хүртэх талаар байнга ярьдаг. Суралцагч маань хэр ахиц гаргаж байгааг үе үе дүгнэж үздэг. ( «Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Бид амь аврах энэ ажилд оролцож байгаадаа баярладаг. Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа туслахын тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээе!

ДУУ 139 Үнэнч байхад нь тусалъя

^ д/м 5 Библийн хичээл зааж, Еховагийн хүслийн дагуу боддог, мэдэрдэг, үйлддэг болоход нь суралцагчдаа тусална гэдэг бол завшаантай хэрэг юм. Заах чадвараа сайжруулахын тулд юу хийхийг энэ өгүүллээр үргэлжлүүлэн ярилцана.

^ д/м 4 «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын 2016 оны 9-р сарын дугаарт нийтлэгдсэн «Библийн хичээл хийхдээ гаргадаг алдаа» гэсэн өгүүллийг үзнэ үү.

^ д/м 8 БИДНИЙ ТУХАЙ > АМЬДРАЛ гэж орно уу.

^ д/м 9 JW Library®-д МЕДИА > ЦУГЛААН, ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ > ДЭЛГЭРҮҮЛЭХДЭЭ ҮЗҮҮЛЭХ ВИДЕО гэж орно уу.

^ д/м 15 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 3 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн «Хайр, талархал—баптисм хүртэх хөшүүрэг», «Та баптисм хүртэхэд бэлэн үү?» гэсэн өгүүллүүдийг үзнэ үү.

^ д/м 77 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Библийн хичээл зааж байхдаа хэтэрхий их ярих хэрэггүйг туршлагатай дэлгэрүүлэгч туршлага багатай дэлгэрүүлэгчийн хичээлд суусныхаа дараа зөвлөж байна.

^ д/м 79 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Илүү сайн эхнэр болохын тулд яах хэрэгтэйг суралцагч Библийн хичээлээс мэдэж авч байна. Мэдсэн зүйлээ орой нь нөхөртөө ярьж өгч байна.

^ д/м 81 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Суралцагч цуглааны үед танилцсан Гэрчийнд нөхөртэйгөө хамт очоод ярилцаж сууна.