Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 44

Танай хүүхэд том болохоороо Бурханд үйлчлэх үү?

Танай хүүхэд том болохоороо Бурханд үйлчлэх үү?

«Есүс өсөж торнин улам бүр мэргэн ухаантай болж байлаа. Бурхан болон олон түмэн түүнийг сайшааж байв» (ЛУК 2:52).

ДУУ 41 Залуугаасаа Еховаг шүтээрэй

ТОЙМ *

1. Ямар шийдвэр хамгийн сайн бэ?

ЕР НЬ эцэг эхийн гаргасан шийдвэр хүүхдэд олон жилийн турш нөлөөлдөг. Хэрэв эцэг эх буруу шийдвэр гаргавал хүүхдэдээ балаг тарина. Харин зөв шийдвэр гаргавал жаргалтай, утга учиртай амьдрахад нь тус болно. Гэхдээ хүүхэд өөрөө шийдвэр гаргах ёстой нь мэдээж. Хамгийн сайн шийдвэр бол хайртай тэнгэрийн Эцэг Еховадаа үйлчлэх юм (Дуу. 73:28).

2. Есүс болон түүний эцэг эх ямар зөв шийдвэр гаргасан бэ?

2 Иосеф Мариа хоёр үр хүүхдээ Еховагийн үйлчлэгч болгохоор шийджээ. Энэ нь Еховад үйлчлэхийг амьдралын хамгийн чухал зүйл гэж үздэг байсны шинж юм (Лук 2:40, 41, 52). Есүс бас зөв шийдвэр гаргасан учраас Еховагийн санаа зорилго дахь үүргээ амжилттай биелүүлсэн (Мат. 4:1–10). Тэрбээр сайхан сэтгэлтэй, үнэнч шударга, эр зоригтой хүн болж өссөн. Ийм хүүхэд Бурхнаас эмээдэг ямар ч эцэг эхийн баяр бахдал байдаг.

3. Энэ өгүүллээр ямар асуултыг авч үзэх вэ?

3 Энэ өгүүллээс дараах асуултын хариуг мэдэж авна. Ехова Хүүгийнхээ төлөө ямар зөв шийдвэр гаргасан бэ? Гэрч эцэг эхчүүд Есүсийн эцэг эхээс юу сурах вэ? Гэрч охид хөвгүүд Есүсээс юу сурах вэ?

ЕХОВАГААС СУРАХ НЬ

4. Ехова Хүүгийнхээ төлөө ямар шийдвэр гаргасан бэ?

4 Ехова сайн хүмүүсийг сонгож Есүсийн эцэг эх болгосон (Мат. 1:18–23; Лук 1:26–38). Мариа Еховаг чин зүрхнийхээ угаас хайрладаг, Үгийг нь эрхэмлэдэг байсныг хэлсэн үгээс нь мэдэж болно (Лук 1:46–55). Иосеф Еховагийн зааврыг биелүүлсэн нь Бурхнаас эмээдэг, таалалд нь нийцүүлэхийг хичээдэг байсны баталгаа юм (Мат. 1:24).

5, 6. Ехова Хүүгээ бүх юмнаас хамгаалдаг байсан уу? Тайлбарлана уу.

5 Ехова бийлэгжүү хүмүүсийг Есүсийн эцэг эх болгоогүйг анхаарууштай. Иосеф Мариа хоёр Есүсийг төрсний дараа ямар тахил өргөснийг харвал ядуу хүмүүс байжээ гэж дүгнэж болно (Лук 2:24). Иосеф Назарт, гэрийнхээ хажууд мужааны ажлаа хийдэг жижигхэн байртай байсан байх. Тэднийх дор хаяж долоон хүүхэдтэй байсан болохоор эд хогшил, хөрөнгө чинээ гэхээр юмгүй даржин айл байсан нь лавтай (Мат. 13:55, 56).

6 Ехова Есүсийг зарим аюулаас авардаг байсан ч том жижиг бүх юмнаас хамгаалж байгаагүй (Мат. 2:13–15). Жишээ нь Есүс үл итгэгч төрөл төрөгсөдтэй байсан. Төрсөн гэрийнхэн нь өөрийг нь Мессиа гэдэгт эхэндээ итгээгүйд тэрбээр ямар их гутарсан бол оо (Марк 3:21; Ёох. 7:5). Өргөж авсан эцэг Иосефоо алдахын зовлонг үзсэн. Ууган хүүгийн хувьд эцгийнхээ ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон биз ээ (Марк 6:3). Есүс өсөж томрохын хэрээр гэр бүлээ авч явахад суралцжээ. Ээж дүү нараа тэжээхийн тулд нөр их хөдөлмөрлөдөг байсан нь ойлгомжтой. Тийм болохоор өдөржин ажиллахлаар орой нь ямар их ядарсан байдгийг биеэрээ үзсэн.

Эцэг эхчүүд ээ, бэрхшээл тохиолдох үед хүүхдээ бэлтгэлтэй байлгахын тулд Бурхны Үгээс удирдамж заавар хэрхэн олохыг зааж өгөөрэй (7-р догол мөрийг үзээрэй) *

7. а) Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх талаар ямар асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй вэ? б) Хүүхдээ сургаж хүмүүжүүлэхэд Сургаалт үгс 2:1–6 ямар ач холбогдолтой вэ?

7 Танайх хүүхэдтэй болохыг хүсдэг үү? Тэгвэл өөрсдөөсөө ингэж асуугаарай: «Бид хоёр Еховаг хайрладаг, Үгийг нь эрхэмлэдэг даруу хүмүүс мөн үү? Ехова хүүхдээ өсгүүлэхээр биднийг сонгох байсан болов уу?» (Дуу. 127:3, 4). Хэрэв та хүүхэдтэй бол дараах асуултыг бодож үзээрэй. Ажилсаг байхыг хүүхдэдээ заадаг уу? (Ном. 3:12, 13). Хүүхдээ Сатаны ертөнцийн аливаа аюулаас хамгаалахын тулд чадах бүхнээ хийдэг үү? (Сур. 22:3). Та хүүхдээ бүх юмнаас хамгаалж чадахгүй. Ингэх ч боломжгүй. Гэхдээ Бурхны Үгээс удирдамж заавар хэрхэн олохыг хайрын сэтгэлээр, байнга зааж өгдөг бол бэрхшээл тохиолдох үед тэд бэлтгэлтэй байна (Сургаалт үгс 2:1–6-г уншина). Жишээлбэл танайхны хэн нэгэн нь жинхэнэ шүтлэгийг орхивол Еховад үнэнч байх нь яагаад чухал гэдгийг Бурхны Үгээс мэдэж авахад нь хүүхдэдээ туслаарай (Дуу. 31:23). Эсвэл хайртай дотнын хүн нас барвал уй гашуугаа тайлж, тайвшрахад тустай Библийн зүйлийг хүүхдэдээ үзүүлээрэй (2 Кор. 1:3, 4; 2 Тим. 3:16).

ИОСЕФ МАРИА ХОЁРООС СУРАХ НЬ

8. Иосеф Мариа хоёр Дэд хууль 6:6, 7-д байдаг ямар зааврыг дагаж мөрдсөн бэ?

8 Иосеф Мариа хоёр эцэг эхчүүдэд өгсөн Еховагийн зааврыг дагаж мөрддөг байсан учраас Есүсийг Бурхны таалалд нийцсэн хүн болгож өсгөсөн (Дэд хууль 6:6, 7-г уншина). Тэд Еховаг сэтгэлийнхээ угаас хайрладаг байв. Еховаг тэгж л хайрлахыг хүүхдүүддээ зааж зөвлөдөг байжээ.

9. Иосеф Мариа хоёр ямар чухал шийдвэр гаргасан бэ?

9 Иосеф Мариа хоёр Еховаг хүүхдүүдтэйгээ хамт тогтмол шүтэж байхаар шийджээ. Тэднийх 7 хоног бүр Назарын синагогт болдог цуглаанд явж, жил бүрийн Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалимд очдог байсан нь эргэлзээгүй (Лук 2:41; 4:16). Гэр бүлээрээ Иерусалим руу явах замдаа Есүст болон дүү нарт нь Еховагийн ард түмний түүхийг ярьж, тэр байтугай Сударт дурдагдсан газруудад очдог байсан ч байж болох юм. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр Еховаг тогтмол шүтэх хэвшлээ хадгалах нь Иосеф Мариа хоёрт амаргүй байсан нь ойлгомжтой. Гэлээ ч чадах бүхнээ хийж байсан тэд ямар ивээл хүртсэнийг бод доо! Еховаг шүтэх асуудлыг эн тэргүүнд тавьдаг байсан учраас гэр бүлээрээ Еховатай дотно байжээ.

10. Гэрч эцэг эхчүүд Иосеф Мариа хоёроос юу сурах вэ?

10 Бурхнаас эмээдэг эцэг эхчүүд Иосеф Мариа хоёроос юу сурах вэ? Гол нь, Еховад чин сэтгэлээсээ хайртайгаа хүүхдэдээ хэлэхийн зэрэгцээ үйл хэргээрээ харуулж байгаарай. Та нарын өгч чадах хамгийн том бэлэг бол Еховаг хайрладаг болгох явдал гэдгийг санаарай. Библийг тогтмол судлах, залбирах, цуглаанд явах, дэлгэрүүлэх зэрэг сайн хэвшилтэй болгох нь туйлын чухал (1 Тим. 6:6). Бие махбодын хэрэгцээг нь хангах ёстой нь мэдээж (1 Тим. 5:8). Гэхдээ энэ хуучин тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давж, Бурхны амласан шинэ ертөнцөд хөл тавихад нь танай хүүхдэд эд материал биш, Еховатай тогтоосон дотно харьцаа тус болно гэдгийг бүү мартаарай (Езе. 7:19; 1 Тим. 4:8).

Еховатай дотносоход нь хүүхдэдээ туслахаар шийдсэн Гэрч эцэг эхчүүдийг харахад үнэхээр бахархалтай! (11-р догол мөрийг үзээрэй) *

11. а) Эцэг эхчүүд зөв шийдвэр гаргахын тулд 1 Тимот 6:17–19-д бичсэн зөвлөгөөг хэрхэн дагах вэ? б) Танайх гэр бүлээрээ ямар зорилго тавьж болох вэ? Ямар ивээл хүртэх бол? ( «Ямар зорилго тавих вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

11 Еховатай дотносоход нь хүүхдэдээ туслахаар шийдсэн Гэрч эцэг эхчүүд өчнөөн олон байгаа нь хэчнээн бахархмаар вэ! Тэд гэр бүлээрээ Ехова Бурхнаа тогтмол шүтдэг. Цуглаан, чуулганд явж, дэлгэрүүлэх ажилд оролцдог. Зарим гэр бүл дэлгэрүүлэгчдийн ховорхон очдог газар очиж дэлгэрүүлдэг. Зарим нь Бетелийг очиж үзэх юм уу Еховагийн байгууллагын барилга дээр ажилладаг. Энэ бүхэнд их зардал гаргах нь мэдээж. Тэдэнд амаргүй л байдаг байх. Гэлээ ч Ехова тэднийг өгөөмрөөр ивээдэг (1 Тимот 6:17–19-ийг уншина). Ийм гэр бүлд өссөн хүүхдүүд сайн хэвшлээ алддаггүй бөгөөд эцэг эхдээ талархаж явдаг! (Сур. 10:22).

ЕСҮСЭЭС СУРАХ НЬ

12. Есүс эрийн цээнд хүрмэгцээ яах хэрэгтэй болсон бэ?

12 Есүсийн тэнгэрийн Эцэг дандаа зөв шийдвэр гаргадаг шиг хүмүүн эцэг эх нь ч зөв шийдвэр гаргаж байжээ. Гэсэн хэдий ч Есүс эрийн цээнд хүрмэгцээ өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй болсон (Гал. 6:5). Учир нь тэрбээр бусад бүх хүний нэгэн адил сонгох эрх чөлөөтэй байв. Хүсэл сонирхлоо нэгдүгээрт тавьж болох байсан ч Еховатай цаг үргэлж сайн харьцаатай байх шийдвэрийг өөрөө гаргажээ (Ёох. 8:29). Өнөөгийн охид хөвгүүд Есүсээс юу сурах вэ?

Охид хөвгүүд ээ, хэзээ ямагт эцэг эхийнхээ үгэнд орж байгаарай (13-р догол мөрийг үзээрэй) *

13. Есүс хүүхэд байхдаа ямар чухал шийдвэр гаргасан бэ?

13 Есүс эцэг эхдээ захирагдаж байя гэсэн шийдвэрийг хүүхэд байхдаа гаргажээ. Эд нар юу ч мэдэхгүй юм чинь үгэнд нь орох албагүй гэж хэзээ ч бодож байгаагүй. Харин ч «дуулгавартай байсаар байв» (Лук 2:51). Ууган хүүгийн үүргээ ухамсарладаг байсан нь лавтай. Өргөж авсан эцгийнхээ заасан мужааны эрдэмд хичээнгүйлэн суралцжээ. Энэ нь хожим ээж дүү нараа тэжээхэд хэрэг болсон.

14. Есүс Судрыг нямбай судалдаг байсан гэхийн учир юу вэ?

14 Эцэг эх нь Есүст гайхамшгаар төрснийг нь, Бурхны зарлагууд өөрийнх нь талаар юу ярьсныг хэлдэг байсан байх (Лук 2:8–19, 25–38). Гэхдээ Есүс сонссон зүйлдээ сэтгэл ханалгүй, Судрыг бие дааж судалдаг байсан. Яагаад ингэж хэлж болох вэ? Есүсийг бүр хүүхэд байхад Иерусалимын багш нар «түүний сайн ойлгодгийг, сайн хариулдгийг гайхан биширч байлаа» (Лук 2:46, 47). Есүс 12-хон настай байхдаа Еховаг өөрийн Эцэг гэдэгт бат итгэдэг болсон байв (Лук 2:42, 43, 49).

15. Есүс Еховагийн хүслийг биелүүлэхээр шийдсэн нь юунаас харагддаг вэ?

15 Есүс Еховагийн санаа зорилго биелэхэд ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо мэдээд, хүсэл тааллыг нь биелүүлэхээр шийдсэн (Ёох. 6:38). Олон хүний жигшил зэвүүцэл болно гэдгээ мэдэж байсан болохоор амаргүй санагдсан байх. Гэхдээ тэрбээр Еховад захирагдахаар шийдээд МЭ 29 онд баптисм хүртжээ. Есүсийн хувьд хамгийн чухал зүйл нь Еховагийн хүслийг биелүүлэх явдал байлаа (Евр. 10:5–7). Тарчлаах шонд хадуулан амиа алдаж байхдаа Эцгийнхээ хүслийг биелүүлэх шийдвэрээсээ өчүүхэн төдий ч няцаагүй юм (Ёох. 19:30).

16. Хүүхдүүд Есүсээс юу сурах вэ?

16 Эцэг эхийнхээ үгэнд ороорой. Аав ээж хоёр чинь Иосеф Мариа хоёр шиг төгс бус хүмүүс. Гэхдээ Ехова тэдэнд чамайг хамгаалах, сургаж хүмүүжүүлэх даалгавар өгсөн. Чи тэднийг хүндэлж, зөвлөгөөг нь сонсдог бол «сайн сайхан амьдарна» (Эф. 6:1–4).

17. Иошуа 24:15-ыг үзвэл, охид хөвгүүд ямар шийдвэрийг өөрсдөө гаргах хэрэгтэй вэ?

17 Хэнд үйлчлэхээ шийдээрэй. Ехова гэж хэн бэ, санаа зорилго нь юу вэ, чамаас юу хүсдэг вэ гэдгийг сайн судалж мэдээд итгэдэг болоорой (Ром 12:2). Тэгвэл чи амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргах буюу Еховад үйлчлэхээр шийднэ (Иошуа 24:15-ыг уншина; Ном. 12:1). Библийг унших, судлах хуваариа тогтмол мөрддөг бол Еховаг улам их хайрладаг болж, итгэл чинь батажна.

18. Охид хөвгүүд ямар шийдвэр гаргах ёстой вэ? Ямар үр дүнд хүрэх вэ?

18 Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг эн тэргүүнд тавиарай. Хэрэв чи авьяас чадвараа өөрийнхөө сайн сайхны төлөө ашиглавал жаргалтай амьдарна гэж Сатаны ертөнц уриалдаг. Гэвч эд баялгийг голлон анхаардаг хүмүүс «түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэдгийг» бид мэднэ (1 Тим. 6:9, 10). Харин Еховагийн үгэнд орж, хүсэл тааллыг нь биелүүлэхийг эн тэргүүнд тавивал «чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно» (Иош. 1:8).

ЯМАР ШИЙДВЭР ГАРГАХ ВЭ?

19. Эцэг эхчүүд юу санах ёстой вэ?

19 Эцэг эхчүүд ээ, хүүхдээ Еховагийн үйлчлэгч болгохын тулд чадах бүхнээ хийгээрэй. Еховад найдаарай. Зөв шийдвэр гаргахад тань Ехова тусална (Сур. 3:5, 6). Таны хэлэх үгээс илүү, хийж буй үйлдэл хүүхдэд хүчтэй нөлөөлдгийг санаарай. Тиймд дандаа зөв шийдвэр гаргахыг хичээж байгаарай. Ингэвэл Еховагийн сайшаалыг хүлээх боломжийг та хүүхдэдээ олгоно.

20. Охид хөвгүүд Еховад үйлчлэхээр шийдвэл ямар ивээл хүртэх вэ?

20 Охид хөвгүүд ээ, амьдралын чухал чухал шийдвэрийг гаргахад эцэг эх чинь та нарт тусалж чадна. Гэхдээ Бурхны сайшаалыг хүлээх эсэх нь та нараас л шалтгаална. Тиймээс Есүсийг дуурайн хайртай тэнгэрийн Эцэгтээ үйлчлэхээр шийдээрэй. Тэгвэл завгүй ч гэсэн утга учиртай, баяр хөөртэй амьдарна (1 Тим. 4:16). Ирээдүйд хамгийн жаргалтай амьдарна!

ДУУ 120 Дуулгавартай байж, ивээл хүртье

^ д/м 5 Үр хүүхэд маань Еховагийн үйлчлэгч болоод жаргалтай амьдраасай гэж Гэрч эцэг эхчүүд хүсдэг. Тэд ямар шийдвэр гаргавал энэ хүсэл нь биелэх вэ? Гэрч охид хөвгүүд жинхэнэ амжилт олохын тулд ямар шийдвэр гаргах нь зүйтэй вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээс мэдэж аваарай.

^ д/м 64 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Еховаг хайрладаг болоход нь Мариа бяцхан Есүст тусалсан байх. Өнөөгийн ээжүүд ч Еховаг хайрладаг болоход нь хүүхдэдээ тусалж чадна.

^ д/м 66 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Иосеф эхнэр хүүхдүүдтэйгээ хамт синагогт очихыг чухалд үздэг байсан байх. Өнөөгийн аавууд ч эхнэр хүүхэдтэйгээ цуглаанд очихыг чухалчилдаг.

^ д/м 68 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүс ааваараа мужааны эрдэм заалгасан. Өнөөгийн хөвгүүд ч ааваасаа суралцах хэрэгтэй.