Skip to content

Гарчиг руу орох

Жосеф Рүтэрфорд нөхдийн хамт Европт айлчлах үеэрээ

1920—Зуун жилийн өмнө

1920—Зуун жилийн өмнө

ЕХОВАГИЙН ард түмэн дэлгэрүүлэх ажлаа 1920-оод оноос урам зоригтой хийж эхэлжээ. Тэд «ЭЗЭН бол миний хүч ба миний дуу» гэдэг эшлэлийг 1920 оны уриа болгосон (Дуу. 118:14).

Ехова идэвх зүтгэлтэй үйлчлэгчдээ зоригжуулжээ. Ном түгээгчид буюу эхлэгчдийн тоо оны эхэнд 225 байсан бол оны эцэст 350 болсон байна. Мөн анх удаа 8 000 гаруй дэлгэрүүлэгч удирдах төвд тайлангаа өгчээ. Ехова ч тэднийг маш их ивээсэн.

ГАЙХАЛТАЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ

Тухайн үед Библи Судлаачдын үйл ажиллагааг удирдаж байсан Жосеф Рүтэрфорд «Одоо амьд байгаа олон сая хүн хэзээ ч үхэхгүй» гэсэн илтгэлийг 1920 оны 3 дугаар сарын 21-нд тавих гэж байлаа. Библи Судлаачид энэ арга хэмжээнд хүмүүсийг урихын тулд бүх хүчээ дайчилжээ. Нью-Йорк хотын хамгийн том театруудын нэгийг түрээслэн авч, 320 000 урилга тараасан.

«Одоо амьд байгаа олон сая хүн хэзээ ч үхэхгүй» гэсэн сэдэвтэй илтгэлийн зар

Гэтэл Библи Судлаачдын бодсоноос ч олон хүн ирэв. Театрын 5 000 гаруй суудал бүгд дүүрч, 7 000 гаруй хүн орж чадалгүй буцжээ. «Харуулын цамхаг» сэтгүүлд үүнийг «Олон улсын Библи Судлаачдын хамгийн амжилттай зохион байгуулсан цуглаануудын нэг» гэжээ.

Библи Судлаачид «Одоо амьд байгаа олон сая хүн хэзээ ч үхэхгүй» хэмээн тунхагладгаараа нэрд гарчээ. Тэд Хаант төрийн тухай мэдээг улам өргөн далайцтай дэлгэрүүлэх ёстойгоо тухайн үедээ ойлгоогүй байлаа. Гэлээ ч гайхалтай хичээл зүтгэл гаргажээ. 1902 оноос цуглаанд явж эхэлсэн Аида Олмстед: «Хүн төрөлхтөн агуу ивээл хүртэх гэж байгааг бид мэдэж байсан. Уулзсан хүн бүрдээ энэ сайхан мэдээгээ хүргэж билээ» гэж дурсжээ.

НОМ ХЭВЛЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ГАРГАХ БОЛСОН НЬ

Итгэл нэгтнүүдээ ном хэвлэлээр хангахын тулд Бетел дэх ах дүү нар хэвлэх ажлыг өөрсдөө хийж эхлэв. Тэд хэвлэлийн хавтгай машин худалдан авч түүнийгээ түрээсийн байранд суурилуулжээ. Тэр байр нь Бетелээс холгүй орших Нью-Йоркийн Брүүклиний Миртл Авеню 35-д байдаг байв.

Лео Пелл, Волтер Кесслер хоёр 1920 оны 1 дүгээр сараас Бетелд үйлчлэхээр болжээ. «Хэвлэх тасгийн хариуцагч биднийг харснаа “Өдрийн хоол болтол цаг 30 минутын хугацаа байна” гэж хэлээд подвалаас хайрцагтай ном зөөж авчрах ажил даалгасан» гэж Волтер дурссан юм.

Маргааш нь юу хийснээ Лео ярихдаа «Бид тэр байрны 1 дүгээр давхрын ханыг угаах даалгавар авлаа. Урьд нь би ийм бохир заваан ажил хийж байгаагүй юм. Гэхдээ Эзний ажил болохоор зүтгэхээс өөр аргагүй шүү дээ» гэжээ.

«Харуулын цамхаг» сэтгүүлийг энэ машинаар хэвлэдэг байжээ

Хичээл зүтгэлтэй сайн дурын үйлчлэгчид хэдхэн 7 хоногийн дотор «Харуулын цамхаг» сэтгүүлийг хэвлэв. Хоёрдугаар давхарт байдаг машинаараа уг сэтгүүлийн 1920 оны 2 дугаар сарын 1-ний дугаарыг 60 000 хувь хэвлэсэн. Тэр хооронд ах нар «Дайчинбаатар» хэмээн нэрийдсэн хэвлэлийн машинаа подвалд суурилуулжээ. 1920 оны 4 дүгээр сарын 14-нөөс эхлэн «Алтан үе» сэтгүүлийг хэвлэх болов. Ехова хичээл зүтгэлтэй тэднийг ивээсэн нь тодорхой.

«Эзний ажил болохоор зүтгэхээс өөр аргагүй шүү дээ»

«ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙЦГААЯ»

Еховагийн үнэнч үйлчлэгчид эрчимтэй ажиллаж, эв нэгдэлтэй үйлчлэх болсон. Харин 1917–1919 оны цөвүүн цагаар байгууллагаасаа гарсан Библи Судлаачдад тусламж хэрэгтэй байв. Тэдэнд туслахын тулд юу хийсэн бэ?

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 1920 оны 4 дүгээр сарын 1-ний дугаарт нийтлэгдсэн «Эв нэгдэлтэй байцгаая» гэсэн өгүүлэлд «Эзний сүнстэй хүн бүр ард орхисон бүхнээ мартаж, ... [Бурхны ард түмэнтэй хамт] эв нэгдэлтэй үйлчилнэ гэдэгт бид итгэж байна» хэмээн халуун дотноор уриалжээ.

Олон хүн энэ уриалгыг дагасан. «Өнгөрсөн он жилүүдэд хүмүүс дэлгэрүүлж байхад бид хойш суусан нь алдаа байжээ. ... Цаашид ингэхгүй гэдэгтээ итгэлтэй байна» гэж эхнэр нөхөр хоёр бичжээ. Дахин идэвхтэй үйлчилж эхэлсэн энэ хүмүүсийг уул овоо шиг ажил хүлээж байлаа.

«ZG»

Библи Судлаачид 1920 оны 6 дугаар сарын 21-нээс «ZG» буюу «Нууц тайлагдсан нь» * номын нимгэн хавтастай хувилбарыг тараах аяныг эрчимтэй өрнүүлжээ. Уг номыг тараахыг 1918 онд хориглосны улмаас их хэмжээгээр үлдсэн байлаа.

Энэ аянд оролцохыг эхлэгчдэд төдийгүй дэлгэрүүлдэг бүх хүнд уриалжээ. «Баптисм хүртсэн бүх хүн энэ ажилд идэвхтэй оролцоорой. Одооноос эхлээд бүгдээрээ “Миний хийдэг ганц юм бол” ZG тараах гэдэг уриатай болцгооё» гэсэн байна. Энэ аянд оролцсоноор олон хүн айлаар дэлгэрүүлэхийн амтыг анх удаа мэдэрснийг Эдмунд Хүүпэр дурсжээ. Тэрбээр: «Дэлгэрүүлэх ажил гэдэг нь бидний бодож байснаас ч илүү өргөн далайцтай ажил гэдгийг бид маш сайн ойлгосон» гэжээ.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫГ ЕВРОПТ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛСАН НЬ

Дэлхийн І дайны үед бусад улс орны Библи Судлаачидтай холбоо барих нь амаргүй байв. Тиймээс Рүтэрфорд ах итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулж, дэлгэрүүлэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1920 оны 8 дугаар сарын 12-нд дөрвөн нөхрийн хамт замд гарчээ. Тэд Британи, Европ тив, Ойрх Дорнодоор аялсан юм.

Рүтэрфорд Египетэд

Рүтэрфорд ах Британид очоод тэндхийн итгэл нэгтнүүдтэйгээ хамтарч 3 чуулган, 12 цуглаан зохион байгуулав. Нийт 50 000 хүн хүрэлцэн иржээ. Энэхүү үйл явдлын талаар «Харуулын цамхаг» сэтгүүлд бичихдээ «Анд нөхөд маань сэргэж, урамшсан. Тэд хамтран ажиллаж, улам бүр эв нэгдэлтэй үйлчлэх болсон учир гунигласан сэтгэл нь баяр хөөрөөр солигдсон» гэжээ. Рүтэрфорд Парист очоод «Одоо амьд байгаа олон сая хүн хэзээ ч үхэхгүй» гэдэг илтгэлээ дахин тавихаар болов. Илтгэл эхлэхэд танхим хэдийн дүүрсэн байлаа. Гурван зуун хүн дэлгэрэнгүй мэдээлэл авах захиалга өгчээ.

Лондон дахь «Рояал Альберт» танхимд тавих илтгэлийн сурталчилгаа

Дараах 7 хоногуудад нь зарим ах Афин, Каир, Иерусалимд очив. Тэндхийн сонирхсон хүмүүсийг дэмжихийн тулд Рүтэрфорд ах Иерусалимаас холгүй орших Рамалла хэмээх жижиг хотод ном хэвлэлийн агуулахыг бий болгожээ. Дараа нь Европт буцаж очоод Төв Европын Оффисыг байгуулж, тэнд ном сэтгүүл хэвлэхээр болсон.

ШУДАРГА БУС ЯВДЛЫГ ИЛЧИЛСЭН НЬ

1920 оны намар Библи Судлаачид «Алтан үе» сэтгүүлийн 27 дахь дугаарыг гаргав. Энэхүү тусгай дугаарт 1918 оны турш Библи Судлаачдыг хавчсан явдлыг илчлэн бичжээ. Дээр дурдсан «Дайчинбаатар» энэхүү сэтгүүлийг 4 сая хувь хэвлэхээр өдөр шөнөгүй ажилласан юм.

Цагдаагийн газар авхуулсан Эмма Мартины зураг

Уншигчид Эмма Мартины ер бусын хэргийн талаар энэ сэтгүүлээс мэдэж авчээ. Эмма эгч Калифорни мужийн Сан Бернардино хотод ном түгээгчээр (эхлэгчээр) үйлчилдэг байв. 1918 оны 3 дугаар сарын 17-нд тэрбээр Э. Хэмм, Э. Зонненбург, Э. Стивенс гэдэг гурван Библи Судлаачтай хамт цуглаан хийжээ.

Харин тэнд Библи судлах ямар ч зорилгогүй нэг эрэгтэй очсон байлаа. Тэрбээр: «Би Улсын мөрдөн байцаах газрын даалгавраар энэ цуглаанд очсон. ... Нотлох баримт олох зорилготой байсан» гэж мэдүүлжээ. Энэ хүн хайгаад байсан «нотлох баримтаа» олсон ажээ. Тэр нь «Нууц тайлагдсан нь» ном байлаа. Хэдэн өдрийн дараа Эмма эгчийг нөгөө гурван ахын хамт баривчлав. Тагнуулын тухай хууль зөрчиж хориотой ном тараасан хэмээн буруутгасан байна.

Эмма болон түүний нөхдөд 3 жилийн хорих ял оноожээ. Тэд шат дараалан давж заалдсан боловч ялыг нь хэвээр үлдээж 1920 оны 5 дугаар сарын 17-ноос эхлэн ял эдлүүлэхээр болов. Гэтэл удалгүй бүх зүйл сайнаар эргэх нь тэр.

1920 оны 6 дугаар сарын 20-нд Сан Франциско хотноо болсон чуулган дээр Рүтэрфорд ах нөгөө дөрөвт тохиолдсон явдлыг ярьжээ. Чуулганд хүрэлцэн ирсэн хүмүүс үүнийг сонсоод ихэд цочирдон, АНУ-ын ерөнхийлөгчид цахилгаан мэдээ илгээв. Уг мэдээндээ «Хатагтай Эмма Мартиныг Тагнуулын тухай хуулийн заалтаар буруутга[сан] ... нь шударга бус ... гэж бид үзэж байна. Албан тушаалтнууд хатагтай Мартиныг ... урхидаж, дараа нь шоронд суулгахын тулд эрх мэдлээ ашиглан зохиомол хэрэг тулгасан нь ... байж боломгүй явдал юм» гэж бичжээ.

Маргааш нь Ерөнхийлөгч Вүүдро Вилсоны зарлигаар Эмма эгч болон Хэмм Зонненбург Стивенс нарын ялыг нэн даруй өөрчилжээ. Хилсээр шоронд хорих ажиллагаа ийнхүү дуусгавар болсон юм.

Библи Судлаачдыг баярлуулах олон үйл явдал 1920 онд болж өнгөрчээ. Удирдах төвийн ажил улам бүр өргөжсөн. Мөн Христийн жинхэнэ дагалдагчид Бурхны Хаант төр хүн төрөлхтний тулгамдсан асуудлуудыг шийднэ гэсэн мэдээг урьд урьдынхаасаа илүү идэвхтэй тунхагласан (Мат. 24:14). Хойтон жил нь буюу 1921 онд Хаант төрийн тухай үнэнийг тунхаглах бүр ч их ажил хүлээж байв.

^ д/м 18 «Нууц тайлагдсан нь» ном бол «Судрыг судлах нь» нэвтэрхий толийн 7 дугаар боть юм. «ZG» гэдэг нь уг номын нимгэн хавтастай хувилбар бөгөөд «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1918 оны 3-р сарын 1-ний дугаар болж хэвлэгджээ. «Z» нь «Сионы Харуулын цамхаг» (Zion’s Watch Tower), «G» нь англи цагаан толгойн 7 дахь үсэг бөгөөд 7 дугаар ботийг төлөөлдөг.