Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

«Ехова намайг мартаагүй»

«Ехова намайг мартаагүй»

МАНАЙХ Өмнөд Америкийн Гайана улсын Ореалла гэдэг индианчуудын тосгонд байдаг. 2 000-аад хүн амтай энэ алслагдсан тосгонд онгоцоор юм уу завиар л очих боломжтой.

Би 1983 онд төрсөн. Эхэндээ жирийн л хүүхэд байлаа. Харин 10 хүрээд хамаг бие шархирч өвддөг болов. Хоёр жилийн дараа нэг өглөө сэрсэн чинь хөдөлж чадахаа больсон байсан. Хөлөө хөдөлгөх гэж хэчнээн хичээсэн ч хөдөлгөж чадаагүй. Тэр өдрөөс хойш явж чадахаа больсон. Өвчнөөс болоод өсөлт ч зогслоо. Одоо би жаахан хүүхэд шиг жижигхэн биетэй.

Ингээд гэрээсээ гарч чадахаа болиод хэдэн сар болж байтал Еховагийн Гэрч хоёр эмэгтэй манайд ирэв. Ер нь хүн ирэхээр би нуугдчихдаг байсан юм. Харин тэр өдөр нөгөө хоёртой ярилцлаа. Тэднийг диваажингийн тухай ярихад 5-тайдаа сонссон юм санаанд оров. Тэр үед Жетро гэдэг миссионер Суринамаас манай тосгонд сард нэг удаа ирж аавтай Библийн хичээл хийдэг байлаа. Жетро надад их сайн. Би ч түүнд сайн. Өвөө эмээ маань намайг манай тосгонд болдог Гэрчүүдийн цуглаанд дагуулж явдаг байж билээ. Манайд ирсэн тэр хоёр эмэгтэйн нэг Флоренс гэдэг эгч, илүү ихийг мэдмээр байна уу гэж надаас асуухад би: «Тэгье» гэлээ.

Флоренс эгч нөхөр Юустустайгаа ирж надтай Библийн хичээл эхлэв. Уншиж чаддаггүйг минь мэдээд уншдаг болоход минь тусалсан. Хэсэг хугацааны дараа би уншиж чаддаг болов. Нэг өдөр тэр хоёр Суринамд томилогдсоноо хэллээ. Харамсалтай нь, надад үргэлжлүүлж заах хүн Ореаллад байсангүй. Гэхдээ Ехова намайг мартаагүй.

Удалгүй Флойд гэдэг эхлэгч ах Ореаллад ирж, айлаар дэлгэрүүлж яваад надтай уулзав. Тэгээд Библийн хичээлийн тухай ярихад нь би инээлээ. «Чи яагаад инээгээд байгаа юм бэ?» гэж асуухад нь «Бурхан биднээс юу шаарддаг вэ?» товхимлыг аль хэдийн дуусгаад «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номыг судалж эхэлснээ хэлэв. * Бас хичээл завсардсаны учрыг тайлбарлалаа. Флойд надтай «Мэдлэг» номыг судалж дуусгав. Гэвч тэрбээр өөр газар томилогдлоо. Би дахиад л Библийн багшгүй болох нь тэр.

Гэхдээ 2004 онд Гранвилл, Жошуа гэдэг хоёр тусгай эхлэгч Ореаллад томилогдов. Тэд айлаар дэлгэрүүлж яваад надтай таарсан юм. Хичээл хиймээр байна уу гэж асуухад нь би инээгээд «Мэдлэг» номоор эхнээс нь хичээллэмээр байгаагаа хэлэв. Өмнөх багш нарын заасныг заах нь уу гэдгийг мэдэхийг хүссэндээ тэгж хэлсэн хэрэг л дээ. Тосгонд цуглаан болдгийг Гранвилл хэлэв. Би 10-аад жил гэрээсээ гараагүй ч цуглаанд очмоор санагдлаа. Гранвилл манайд ирж намайг тэргэнцэр дээр минь суулгаж түрээд цуглаан руу авч явсан.

Сүүлд Гранвилл намайг Дэлгэрүүлэгчийн сургуульд орохыг ятгаж «Чи хөдөлж чадахгүй ч ярьж чадна. Нэг л өдөр чи илтгэл тавина. Заавал тавина» гэж хэлэв. Энэ үгийг сонсоод өөртөө итгэх итгэл төрж билээ.

Би Гранвиллтэй хамт дэлгэрүүлдэг боллоо. Гэхдээ тосгоны шороон зам энхэл донхол ихтэй, тэргэнцэр явахад төвөгтэй болохоор намайг ачаа зөөдөг тэргэн дээр суулгаад авч яваач гэж би Гранвиллээс гуйлаа. Энэ арга их сайн байв. Би 2005 оны 4 дүгээр сард баптисм хүртсэн. Удалгүй ах нар намайг хурлын ном хэвлэл хариуцах, танхимын дуу чимээний төхөөрөмжийг тохируулах ажилд сургасан юм.

Тэгтэл 2007 онд аав минь завиар явж байгаад осолдож амиа алдлаа. Энэ эмгэнэлт явдлаас болж манайхан маш хүнд цохилтод оров. Гранвилл бидэнтэй хамт залбирч, сэтгэл тайвшруулам Библийн зүйлүүдийг уншиж өгсөн. Хоёр жилийн дараа бас нэг эмгэнэлт явдал боллоо. Гранвилл завиар явж байгаад осолдов. Бидэнд ямар хэцүү байсан гэж санана!

Уй гашууд автсан жижигхэн хурал маань ахлагчгүй болж, ганц туслах үйлчлэгчтэй үлдэв. Хайртай найз Гранвилл маань нас барсанд сэтгэл маш их өвдөж байлаа. Бурхантай дотнсоход туслахаас гадна хэрэгтэй бүхнийг өгдөг үнэнч анд байсан даа. Түүнийг нас барсны дараа нэг цуглаан дээр би «Харуулын цамхаг» унших даалгавартай байв. Эхний хоёр догол мөрийг уншсаны дараагаас уйлж эхлэв. Нулимс урсаад л байлаа. Тайзнаас буухаас өөр арга байсангүй.

Бидэнд туслахаар өөр хурлын ах нар Ореаллад ирэхэд сэтгэл онгойж билээ. Бас Кожо гэдэг тусгай эхлэгч салбараас томилогдож ирэв. Ээж, эрэгтэй дүү хоёр минь Библи судалж, баптисм хүртэхэд би маш их баярласан. 2015 оны 3 дугаар сард намайг туслах үйлчлэгчээр томилов. Удалгүй би анхныхаа илтгэлийг тавилаа. Олон жилийн өмнө Гранвиллийн «Нэг л өдөр чи илтгэл тавина. Заавал тавина» гэж хэлснийг тэр өдөр санаад баярын нулимс унагаж билээ.

Би JW телевизээр минийхтэй төстэй нөхцөлтэй итгэл нэгтнүүдийнхээ тухай үзэв. Тэд хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч утга учиртай, баяр баясгалантай амьдардаг ажээ. Надад ч бас чадах юм байгаа. Би Еховагийн төлөө хамаг чадлаараа зүтгэхийг хүсэж байсан учраас байнгын эхлэгч болсон. Харин 2019 оны 9 дүгээр сард гэнэтийн баярт мэдээ сонсов! Би 40-өөд дэлгэрүүлэгчтэй хурлынхаа ахлагчаар томилогдлоо.

Надад Библийн хичээл зааж байсан, дэлгэрүүлэх ажилд тусалж байсан хайртай ах эгч нартаа талархаж явдаг. Хамгийн гол нь, Ехова намайг мартаагүйд маш их баярладаг.

^ д/м 8 Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. Одоо хэвлэхээ больсон.