Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 48

Ирээдүйгээ голлон анхаар

Ирээдүйгээ голлон анхаар

«Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг. Харц чинь урагшаа эгц тусаг» (СУР. 4:25).

ДУУ 143 Харанхуй ертөнц дэх гэрэл

ТОЙМ *

1, 2. Сургаалт үгс 4:25-д байдаг зөвлөгөөг хэрхэн дагах вэ? Жишээ хэлнэ үү.

ДАРААХ дүр зургийг төсөөл дөө. Өндөр настай Гэрч эмэгтэй залуу сайхан явснаа дурсан санана. Одоо урьдынх шигээ биш болсон ч Еховагийн төлөө чадах бүхнээ хийсээр байна (1 Кор. 15:58). Хайртай хүмүүстэйгээ шинэ ертөнцөд амьдарч байгаагаар өдөр бүр төсөөлнө. Өөр нэг Гэрч эмэгтэй итгэл нэгтэндээ гомдож явснаа дурсан санана. Гэхдээ гомдол хорсол өвөрлөхгүй байхаар сэтгэл шулууджээ (Кол. 3:13). Гэрч залуу урьд нь нүгэл үйлдсэнээ санадаг ч одооноос эхлэн Еховад үнэнч байхыг голлон анхаарахаар шийджээ (Дуу. 51:10).

2 Энэ гурван Гэрч юугаараа адилхан бэ? Бүгдээрээ өнгөрснөө дурсан санадаг ч тэр тухайгаа байнга бодоогүй. Харин «өмнө байгаагаа цэх харах» буюу ирээдүйгээ голлон анхаарсан (Сургаалт үгс 4:25-ыг уншина).

3. Яагаад ирээдүйгээ голлон анхаарах ёстой вэ?

3 «Өмнө байгаагаа цэх харах» нь яагаад чухал вэ? Арагшаа байнга хараад байвал шулуун зураасны дагуу явж чадахгүй шиг, өнгөрснөө байнга бодоод байвал Еховадаа тууштай үйлчилж чадахгүй (Лук 9:62).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Энэ өгүүллээр, өнгөрсөн амьдралаа тасралтгүй бодоход хүргэх гурван урхины тухай ярилцана. Эдгээр нь: 1) сайхан цагаа байнга дурсах, 2) гомдол хорсол өвөрлөх, 3) өөрийгөө хэт буруутгах юм. Урхи тус бүрийг авч үзэхдээ «ард үлдсэнийг» байнга бодохын оронд «урдах зүйлс рүүгээ зүтгэн тэмүүлэхэд» Библийн ямар зарчим тус болохыг ярилцъя (Флп. 3:13).

САЙХАН ЦАГАА БАЙНГА ДУРСАХ

Ирээдүйгээ голлон анхаарахад юу саад болох вэ? (5, 9, 13-р догол мөрийг үзээрэй) *

5. Номлогчийн үгс 7:10-ыг үзвэл бид яах ёсгүй вэ?

5 Номлогчийн үгс 7:10-ыг уншина. Энэ зүйлд «Яагаад урьдын өдрүүд сайн байсан юм бэ?» гэж бүү асуу гээгүй. Сайхан дурсамж бол Еховагийн өгсөн нэг бэлэг юм. Уг зүйлд «“Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл» гэсэн. Өөрөөр хэлбэл, урьдынхаа амьдралыг өнөөгийнхтэйгөө харьцуулж, одоо бүх юм дордсон гэж бодвол урхинд орж байгаа нь тэр. Ингэж асуух нь мунхаг хэрэг юм.

Израйлчууд Египетээс гарсныхаа дараа ямар алдаа гаргасан бэ? (6-р догол мөрийг үзээрэй)

6. Урьд нь илүү сайхан амьдарч байжээ гэж байнга бодох нь яагаад мунхаг хэрэг вэ? Жишээ хэлнэ үү.

6 Урьд нь илүү сайхан амьдарч байжээ гэж байнга бодох нь яагаад мунхаг хэрэг вэ? Ингэж бодохлоор урьдын сайн сайхан юмнууд л санаанд орж, хүнд хэцүү зовлонгоо санадаггүй. Жишээ болгон, эртний израйлчуудад тохиолдсон явдлыг бодож үзье. Тэд Египетээс гарч яваад тун удалгүй зовлонт амьдралаа мартсан. Тэгсэн хэр нь Египетэд идэж байсан сайхан хоол ундыг л бодож байв. «Бид Египетийн нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна» гэж хэлсэн (Тоол. 11:5). Тэр хоол хүнс үнэхээр үнэгүй олддог байсан уу? Үгүй. Израйлчууд их өндөр үнэ төлсөн. Египетчүүд тэднийг боолчлон дарлаж байсан (Ег. 1:13, 14; 3:6–9). Гэсэн хэдий ч израйлчууд тэр хүнд хэцүү амьдралаа умартаж, урьдын юмаа хүсэмжлэх болжээ. Еховагийн хийсэн сайн сайхан бүхнийг анхаарахын оронд өнгөрсөн «сайхан» өдрүүдийг л бодсон. Энэ хандлага нь Еховад таалагдаагүй (Тоол. 11:10).

7. Сайхан цагаа байнга дурсах урхинд орохгүй байхад нь Гэрч эмэгтэйд юу тус болсон бэ?

7 Сайхан цагаа байнга дурсах урхинд орохгүйн тулд яах вэ? Брүүклиний Бетелд 1945 оноос үйлчилж эхэлсэн нэг эгчийн тухай бодъё. Тэрбээр хэдэн жилийн дараа бетелчинтэй гэрлэж, ханьтайгаа олон жил хамт үйлчилжээ. Гэтэл 1970-аад оны дундуур нөхөр нь өвдөв. Удахгүй үхэх гэж байгаагаа мэдмэгцээ нөхөр нь түүнд бэлэвсрэхийн зовлонг даван туулахад тустай зөвлөгөө өгсөн ажээ. «Хоёулаа гэрлээд сайхан амьдарлаа. Бид хоёр шиг жаргалтай хос ховор шүү» гээд, «Сайхан дурсамж санаанаас чинь гарахгүй л байх. Гэхдээ байнга битгий бодоорой. Цаг хугацаа чамайг эдгээнэ. Сэтгэлээр битгий их унаарай, битгий их гашуудаарай. Еховадаа хамт үйлчилсэн жаргалтай он жилүүдээ бодоод баяр хөөртэй байгаарай. ... Сайхан дурсамж гэдэг чинь Бурхны бэлэг юм шүү» гэж хэлжээ. Ямар сайхан зөвлөгөө вэ!

8. Итгэл нэгтэн маань өнгөрсөн амьдралаа байнга бодоогүй нь ямар ач тустай байсан бэ?

8 Энэ эгч нөхрийнхөө зөвлөгөөг дагажээ. Тэрбээр 92 насалсан бөгөөд амьдралынхаа эцэс хүртэл Еховад үнэнч үйлчилсэн юм. Хэдэн жилийн өмнө тэрбээр: «Еховад 63 жил бүрэн цагаар үйлчилснээ эргээд харахаар би үнэхээр жаргалтай амьдарсан гэж хэлнэ» гэжээ. Яагаад? «Бид дэлхий дахины ах дүүгийн барилдлагад нэгдсэн. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт диваажин дэлхийд амьдрах найдвартай. Бас агуу Бүтээгч, цорын ганц жинхэнэ Бурхан Еховад үүрд мөнх үйлчилнэ. Энэ бүхэн амьдралыг утга учиртай болгодог» гэж тэрбээр хэлжээ. Ирээдүйгээ голлон анхаарахын хэчнээн сайхан жишээ вэ!

ГОМДОЛ ХОРСОЛ ӨВӨРЛӨХ

9. Левит 19:18-д бичсэнийг үзвэл, ялангуяа ямар үед бусдыг уучлахад хэцүү байдаг вэ?

9 Левит 19:18-ыг уншина. Итгэл нэгтэн, дотнын найз эсвэл төрөл садан маань бидэнд өөдгүй зан гаргавал маш их гомдож гутраад, уучилмааргүй санагддаг. Жишээ авъя. Нэг Гэрч эмэгтэй итгэл нэгтнийхээ мөнгийг хулгайлсан гэсэн хилс хэрэгт сэрдэгджээ. Хэрэг тулгасан Гэрч хожим нь буруугаа ухаараад уучлал гуйсан боловч буруутгагдсан эмэгтэй сэтгэлээр ихэд унаж, болсон явдлыг мартаж чадахгүй байв. Танд иймэрхүү юм тохиолдож байсан уу? Яг ийм явдал тохиолдоогүй байж болох ч бидний ихэнх нь гомдож явсан. Бас гомдоосон хүнийг хэзээ ч уучлахгүй гэж бодсон байх.

10. Гомдсон бол яах хэрэгтэй вэ?

10 Гомдсон бол яах хэрэгтэй вэ? Юуны түрүүнд, Ехова бүхнийг харж байдгийг санаарай. Бидэнд юу тохиолдож байгааг, хүмүүс хэрхэн шударга бусаар хандаж байгааг нэг бүрчлэн мэднэ (Евр. 4:13). Биднийг зовоход сэтгэл нь өвддөг (Ис. 63:9). Шударга бус явдлаас болж амссан бүх хохирлыг бүрмөсөн арилгахаа амласан (Илч. 21:3, 4).

11. Гомдол хорсол өвөрлөхгүй байх нь ямар ач тустай вэ?

11 Гомдол хорсол өвөрлөхийн оронд уучилбал бидэнд л сайн гэдгийг бас санах нь зүйтэй. Хилс хэрэгт гүтгэгдсэн Гэрч эмэгтэй үүнийг ухаарчээ. Яваандаа нөгөө эмэгтэйг уучилсан байна. Бид бусдыг уучилбал, Ехова биднийг уучилна гэдгийг ойлгосон ажээ (Мат. 6:14). Тэрбээр итгэл нэгтнийхээ хийсэн хэргийг шалихгүй гэж бодоо ч үгүй, зөвтгөө ч үгүй. Гэхдээ түүнийг уучлахаар шийджээ. Тийм учраас эргээд баяр хөөртэй болж, Еховад үйлчлэхийг голлон анхаарч чадсан байна.

ӨӨРИЙГӨӨ ХЭТ БУРУУТГАХ

12. 1 Ёохан 3:19, 20-оос юу ойлгох хэрэгтэй вэ?

12 1 Ёохан 3:19, 20-ийг уншина. Өөрийгөө буруутгадаггүй хүн гэж байхгүй. Жишээ нь зарим хүн үнэнийг мэдэхээсээ өмнө буруу юм хийж байснаа бодоод шаналдаг. Зарим нь баптисм хүртсэнийхээ дараа нүгэл үйлдсэндээ харамсаж явдаг. Энэ бол байдаг л зүйл (Ром 3:23). Хэн ч зөв юм хийхийг хүсдэг нь мэдээжийн хэрэг. Гэхдээ «бид бүгдээрээ алддаг» (Яак. 3:2; Ром 7:21–23). Өөрийгөө буруутгах нь сайхан биш ч, сайн талтай. Яагаад? Алдаагаа засахад, мөн дахин давтахгүй гэж шийдэхэд тустай (Евр. 12:12, 13).

13. Өөрийгөө хэт буруутгахаас яагаад болгоомжлох хэрэгтэй вэ?

13 Нөгөө талаар, хүн өөрийгөө хэт буруутгаж болзошгүй. Өөрөөр хэлбэл гэмшээд, Еховагаас өршөөл хүртсэн ч өөрийгөө буруутгасаар байдаг. Энэ нь аюултай (Дуу. 31:10; 38:3, 4). Яагаад? Урьд нь нүгэл үйлдэж явсандаа шаналдаг байсан нэг Гэрч эмэгтэйн тухай ярилцъя. Тэрбээр: «Тэртэй тэргүй аврагдахаасаа өнгөрсөн юм чинь Еховагийн төлөө өөрийгөө бүрэн дайчлаад яах ч юм билээ гэж боддог байсан» гэсэн юм. Түүний сэтгэлийг ойлгох хүн бидний дунд олон байдаг биз ээ. Өөрийгөө хэт буруутгах урхинд орохгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад? Ехова нүүр буруулаагүй байхад бид өөрсдөө буугаад өгчихвөл Сатаныг л баярлуулна! (2 Коринт 2:5–7, 11-тэй харьцуулаарай).

14. Ехова биднээс нүүр буруулаагүй гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

14 Гэхдээ та: «Ехова намайг уучилсан гэдгийг яаж мэдэх вэ?» гэж асууж болох юм. Ингэж асууна гэдэг нь, нэг талаар, энэ асуултдаа өөрөө хариулсан хэрэг. «Харуулын цамхаг» сэтгүүлд олон жилийн өмнө ингэж бичжээ: «Бид Еховагийн үйлчлэгч болохоосоо өмнө янз бүрийн муу зуршилтай байсан. Үүнийгээ дахин дахин давтаж магадгүй. ... Бүү цөхрөөрэй. Хэзээ ч уучилшгүй нүгэл үйлдсэн гэж бүү бодоорой. Сатан л ингэж бодуулахыг хүсдэг. Харамсан гашуудаж, өөртөө гомдож байгаа тань Ехова таныг уучлахын баталгаа юм. Даруухан байж, Бурханд шаргуу залбираарай. Уучилж, цэвэрлэж, туслахыг гуйгаарай. Жаахан хүүхэд нэг алдаагаа хэчнээн ч давтсан ааваасаа л тусламж гуйдаг. Еховагаас бас тэгж тусламж гуйгаарай. Тэрбээр энэрэнгүй сэтгэлтэй учраас танд заавал тусална».

15, 16. Еховагийн өршөөл хайрыг хүртсэнээ мэдсэн зарим хүн яасан бэ?

15 Еховагийн өршөөл хайрыг хүртсэнээ мэдээд сэтгэл нь уужирсан Гэрч олон байдаг. Жишээлбэл хэдэн жилийн өмнө нэг Гэрч залуу «Библи хүнийг өөрчилдөг» буланд гарсан өгүүллийг уншаад сэтгэл нь хөдөлжээ. Уг өгүүлэлд гарсан Гэрч эмэгтэй урьд нь тохиолдсон явдлаас болоод өөрийгөө Еховагаар хайрлуулах эрхгүй хүн гэж бодож явснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Баптисм хүртсэн ч олон жил ийм бодолтой явжээ. Гэхдээ золиосны тухай эргэцүүлж бодсоныхоо дараа бодлоо өөрчилсөн байна. *

16 Тэр өгүүлэл Гэрч залууд хэрхэн нөлөөлсөн бэ? Тэрбээр: «Би хүүхэд байхдаа порно үздэг зуршилтай байсан юм. Саяхан тэр зуршилдаа дийлдчихэв. Тэгээд ахлагчдаас тусламж авч, энэ асуудлаа шийдэж чадсан. Бурхан надад хайртай, өршөөнгүй сэтгэлтэй гэдгийг ахлагчдын ачаар ойлгосон. Гэхдээ Ехова намайг хайрлахгүй байгаа юм шиг санагдах үе байдаг. [Энэ эгчийн] намтар надад үнэхээр тус болсон. Бурхан намайг уучилж чадахгүй гэж бодож байгаа маань Хүүгийнх нь золиос миний нүглийг цайруулж дийлэхгүй гэж хэлж байгаатай адил юм байна гэдгийг би ойлгосон. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж буруутгах болгондоо тэр өгүүллийг уншиж, эргэцүүлэн бодох гээд хайчилж авсан» гэж бичжээ.

17. Элч Паул яагаад өөрийгөө хэт буруутгах урхинд ороогүй вэ?

17 Иймэрхүү явдал элч Паулыг санагдуулдаг. Тэрбээр Христийн дагалдагч болохоосоо өмнө ноцтой нүгэл үйлдэж явжээ. Үүнийгээ мартаагүй ч байнга бодоод байгаагүй (1 Тим. 1:12–15). Золиосыг яг өөрт нь зориулж өгсөн бэлэг гэж үздэг байв (Гал. 2:20). Ийм учраас өөрийгөө хэт буруутгах урхинд ороогүй. Харин Еховад хамгийн сайныгаа өгөхийг голлон анхаарсан.

ИРЭЭДҮЙГЭЭ БОДОЖ АМЬДАР!

Ирээдүйгээ голлон анхаарахаар эргэлт буцалтгүй шийдэцгээе (18, 19-р догол мөрийг үзээрэй) *

18. Энэ өгүүллээс бид юу ойлгож авсан бэ?

18 Энэ өгүүллээр бид гурван урхины талаар үзээд юу ойлгож авсан бэ? 1) Сайхан дурсамжууд бол Еховагийн өгсөн бэлэг юм. Гэхдээ бид урьд нь хэчнээн сайхан амьдарч байсан ч шинэ ертөнцөд илүү сайхан амьдарна. 2) Хэн нэг нь биднийг гомдоож болох ч уучилбал Еховад үйлчлэхийг голлон анхаарч чадна. 3) Өөрийгөө хэт буруутгах нь Еховад баяр хөөртэй үйлчлэхэд саад болдог. Тийм учраас Еховагийн өршөөл хайрыг хүртсэн гэдэгтээ итгэлтэй байсан Паулыг дуурайх хэрэгтэй.

19. Шинэ ертөнцөд урьдын гашуун зовлон санагдахгүй гэхийн учир юу вэ?

19 Бид мөнх амьдрах ирээдүйтэй. Бурхны амласан шинэ ертөнцөд амьдрахаараа урьдын гашуун зовлонгоо санахгүй. Тэр сайхан цагийн талаар Библид «Урьдын юмс санагдахгүй» гэж бичжээ (Ис. 65:17). Зарим маань өтөл буурал болтлоо Еховад үйлчилж байна. Гэхдээ шинэ ертөнцөд эргээд залуужна гээд бод доо (Иов 33:25). Тийм учраас өнгөрсөн амьдралаа дандаа бодохгүй байцгаая. Шинэ ертөнц рүү харж, ирээдүйгээ бодож амьдарцгаая!

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

^ д/м 5 Өнгөрснөө дурсан санах нь буруу биш ээ. Гэхдээ хэтэрхий их бодоод байвал Еховагийн төлөө одоо хийж чадах зүйлээ хийхээ болино. Эсвэл ирээдүйд болох сайн сайхан бүхнийг мартана. Урьдын амьдралаа цаг үргэлж бодоход хүргэдэг гурван урхины талаар энэ өгүүллээр ярилцана. Мөн эдгээр урхинд орохгүй байхад тустай Библийн зарчим болон орчин үеийн жишээг авч үзнэ.

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Залуу сайхан цагаа санагалзаж, гомдол хорсол өвөрлөж, өөрийгөө хэт буруутгах нь амь руу хөтлөх замаар тууштай явахад саад болдог бөгөөд хүнд ачаа чирэхтэй адил юм.

^ д/м 63 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эдгээр ачаанаас салбал дотор уужирч, баяр хөөртэй болж, эрч хүч нэмэгдэнэ. Тэгээд урагшаа харна.