Skip to content

Гарчиг руу орох

Онесим Жералдин хоёр

Эх орондоо эргэж ирсэн Гэрчүүд арвин ивээл хүртсэн нь

Эх орондоо эргэж ирсэн Гэрчүүд арвин ивээл хүртсэн нь

БАРУУНЫ хөгжингүй орнуудад цагаачилж очсон олон Гэрч эх орондоо буцаж ирсээр байна. Тэд Еховаг болон бусдыг гэсэн хайрандаа хөтлөгдөн, дэлгэрүүлэгч хэрэгтэй газар нүүж очдог (Мат. 22:37–39). Үүний тулд юугаа зольж, ямар ивээл хүртдэг вэ? Баруун Африкийн Камерун улсыг жишээ болгон ярилцъя.

«“ЗАГАСЧЛАХАД” ЯГ ТОХИРСОН ГАЗАР»

Онесим гэдэг Гэрч эрэгтэй 1998 онд Камерунаас гарч, хилийн чанадад 14 жил цагаачлан амьдарчээ. Нэг өдөр цуглаанд сууж байхдаа дэлгэрүүлэх ажлын тухай жишээ сонсов. «Хоёр өөр газар загасчилж буй хоёр найзын нэг нь маш олон загас барьжээ. Тэгвэл цөөхөн загас барьсан найз нь загас ихтэй газар луу явна биз дээ?» гэж илтгэгч ярьжээ.

Онесим энэ жишээг сонсоод бэлгэдлийн загас ихтэй Камерунд очиж нутгийнхаа дэлгэрүүлэгчдэд туслах тухай бодох болов. Гэхдээ санаа зовох юм байлаа. Ийм олон жил гадаадад амьдарсан болохоор нутагтаа дасах болов уу? Үүнийг мэдэхийн тулд зургаан сарын хугацаагаар Камерунд очив. Дараа нь бүр амьдрахаар болж, 2012 онд нүүжээ.

Тэрбээр: «Би Камеруны халуунд, бас амьдралын нөхцөлд дасаж өгөхгүй байсан. Цуглааны танхимд дахиад л хатуу сандал дээр суух болсон. Гэхдээ цуглааны хөтөлбөрийг анхаарах тусам зөөлөвчтэй сандлын тухай бодохоо больсон» гэж инээмсэглэн ярьсан юм.

Онесим 2013 онд Жералдин гэдэг бүсгүйтэй гэрлэв. Тэрбээр Францад 9 жил амьдраад эх орондоо ирсэн ажээ. Бурхны хүсэл тааллыг амьдралынхаа эрхэм зорилго болгосон энэ хос ямар ивээл хүртсэн бол? Онесим: «Бид хоёр Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурсан, Бетелд үйлчилсэн. Өнгөрсөн жил манай хурлын 20 суралцагч баптисм хүртсэн. Одоо надад, “загасчлахад” яг тохирсон газар байгаа юм шиг санагдаж байна» гэж ярьжээ (Марк 1:17, 18). Жералдин: «Би төсөөлж байгаагүй их ивээл хүртэж байна» хэмээн нэмж хэлсэн.

ШАВЬ БЭЛДЭХИЙН ЖАРГАЛ

Юүдит Сам-Кастел хоёр

АНУ-д нүүж очсон Юүдит үйлчлэлээ өргөжүүлэхийг хүсдэг байжээ. Тэрбээр: «Манайх гэр бүлээрээ Камерунд очдог байсан. Тэгээд буцах болгондоо би хичээл эхэлсэн хүмүүсээ орхиод явж байгаадаа харамсаж уйлдаг байсан» гэж ярьсан юм. Тэгсэн ч гэсэн Юүдит Камерунд нүүж очих шийдвэр гаргаж чадахгүй тээнэгэлзээд байжээ. Овоо цалинтай ажил хийдэг болохоор Камерунд байгаа аавынхаа эмчилгээний зардлыг төлдөг байв. Гэхдээ нэг л өдөр Еховад найдаад нүүсэн ажээ. Америкт тав тухтай амьдарч байсан үеэ санадаг байсан гэнэ. Юүдит шинэ амьдралдаа дасахад туслахыг гуйн Еховад залбирчээ. Мөн дүүрэг хариуцагч болон түүний эхнэрээс тусламж авчээ.

Юүдит өнгөрснөө эргэн дурсахдаа «Би гурван жилийн дотор дөрвөн хүнд баптисм хүртэхэд нь тусалсан. Үүн шиг жаргал хаа байх вэ!» гэсэн юм. Юүдит тусгай эхлэгчээр үйлчилж эхэлжээ. Одоо нөхөр Сам-Кастелтай хамт явуулын үйлчлэлд оролцож байна. Юүдитийн аав яасан бол? Юүдит болон гэр бүлийнхэн нь өөр улсад байдаг нэг эмнэлгийг олж, аавдаа мэс засал хийлгэхээр болжээ. Тэр эмнэлэг төлбөрийг нь даасан бөгөөд мэс засал ч амжилттай болсон байна.

ЕХОВАГИЙН ДЭМЖЛЭГИЙГ МЭДЭРСЭН НЬ

Каролин Виктор хоёр

Виктор гэдэг Гэрч эрэгтэй Канадад нүүж очжээ. «Харуулын цамхаг»-аас дээд боловсролын тухай нэг өгүүлэл уншаад их сургуулиасаа гарч, мэргэжил эзэмшүүлэх богино хугацааны курст суралцжээ. Тэрбээр: «Үүний ачаар төд удалгүй ажилтай болж, аль эрт хүсэж байснаараа эхлэгчээр үйлчилж эхэлсэн» гэж ярив. Дараа нь Виктор Каролинтай гэрлэжээ. Тэд Камерун руу явав. Тэнд байхдаа салбарт очиж үзжээ. Тэр үед итгэл нэгтнүүд нь Камерунд үйлчлэх боломжтой эсэхээ бодож үзэхийг зөвлөсөн гэнэ. Виктор: «Татгалзах ямар ч шалтгаан байгаагүй. Бид хоёр энгийн амьдардаг учраас тэр урилгыг шууд л хүлээж авсан» гэв. Каролин зарим нэг эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан ч тэд нүүхээр шийджээ.

Виктор Каролин хоёр Библийг сонирхсон хүмүүст туслахын тулд эхлэгч болов. Овоо мөнгө хадгалсан болохоор эхэндээ ажил хийх шаардлагагүй байлаа. Харин дараа нь Канадад очиж хэдэн сар ажиллачихаад, Камерунд ирж үйлчилдэг болжээ. Ямар ивээл хүртсэн бол? Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд суралцаж, тусгай эхлэгчээр үйлчилж байсан бөгөөд одоо барилгын ажилд оролцож байна. Виктор: «Тав тухтай амьдралаа орхисноор Еховагийн дэмжлэгийг мэдрэх боломжтой болсон» гэж ярьсан юм.

ШАВЬ БЭЛДЭХИЙН БАЯР БАЯСГАЛАН

Стефани Ален хоёр

Ален 2002 онд Германд их сургуульд сурч байхдаа «Охид хөвгүүд ээ, та нар амьдралаа юунд зориулах вэ?» танилцуулгыг уншжээ (Youths—What Will You Do With Your Life?). Тэгээд шинэ зорилго тавихаар шийдсэн байна. 2006 онд Үйлчлэл дээшлүүлэх сургуульд сурч, төрсөн нутаг Камерундаа үйлчлэх томилолт авчээ.

Ален Камерунд очоод цагийн ажил хийв. Дараа нь цалин сайтай ажилд оржээ. Гэвч үйлчлэлээ бага анхаардаг болохоос айж байлаа. Тэр үед тусгай эхлэгчээр үйлчлэх урилга ирэхэд шууд л хүлээж авав. Захирал нь түүнд цалинг чинь нэмье гэж хэлсэн ч Ален шийдвэрээ өөрчилсөнгүй. Хожим нь тэрбээр Францад олон жил амьдарсан Стефанитай гэрлэжээ. Стефани Камерунд нүүж ирснийхээ дараа ямар бэрхшээлийг давсан бол?

Стефани: «Би энд ирээд янз бүрийн хуучтай, харшилтай болсон. Гэхдээ эмчилгээ тогтмол хийлгэх боломж бүрдэж, тайвширсан» гэв. Энэ хос тэвчээртэй байсныхаа ачаар ивээл хүртжээ. Ален: «Бид хоёр Кате гэдэг алслагдсан тосгонд дэлгэрүүлж явахдаа Библи судлах хүсэлтэй нэлээд хэдэн хүнтэй уулзсан юм. Дараа нь тэдэнтэй утсаар хичээл хийдэг болж, яваандаа хоёр нь баптисм хүртсэн. Тэгээд дэлгэрүүлэгчдийн бүлэг байгуулагдсан» гэлээ. Стефани: «Хүмүүст тусалж, баптисм хүртэхийг нь харахаас илүү баяр баясгалан гэж үгүй. Бид хоёр энд үйлчлээд ийм баяр баясгаланг олон удаа үзэж байна» хэмээн нэмж хэлэв. Одоо Ален Стефани хоёр явуулын үйлчлэлд оролцож байна.

«ХИЙХ ЁСТОЙ ЮМАА Л ХИЙСЭН»

Леонс Жизель хоёр

Жизель Италид анагаахын сургуульд сурч байхдаа баптисм хүртжээ. Өөрт нь Библийн хичээл заадаг эхнэр нөхөр хоёр эхлэгчээр үйлчлэнгээ энгийн даруухан амьдардаг нь гайхал төрүүлдэг байв. Жизель Хаант төрийн үйл хэрэгт түлхүү оролцохыг хүссэн учир сургуулиа төгсөж байх үедээ байнгын эхлэгч болжээ.

Камерунд буцаж очоод Еховагийн төлөө илүү ихийг хийх хүсэлтэй байсан ч зарим юманд санаа зовж байв. Тэрбээр: «Би Италид байнга орших суух эрхгүй болохоос гадна тэнд амьдардаг найз нөхөд, гэрийнхнээсээ салах ёстой болсон» гэж ярьсан юм. Тэглээ ч гэсэн Жизель 2016 оны 5 дугаар сард Камерунд нүүж очжээ. Хожим нь Леонстой гэрлэв. Тэгтэл Камерун дахь манай байгууллагын салбар дэлгэрүүлэгч маш их хэрэгтэй Аёос гэдэг жижиг хотод үйлчлэх санал тавьжээ.

Аёост амьдрахад ямар байсан бэ? Жизель: «Хэдэн 7 хоногоор цахилгаан тасардаг учраас утсаа цэнэглэх боломж муу. Тийм болохоор гар утас бараг хэрэглэхгүй. Би гал дээр хоол хийж сурсан. Шөнийн цагаар хүн цөөтэй учраас гар чийдэнгээ бариад, тэргээ түрж очоод булгаас ус авдаг байсан» гэж ярьсан. Тэр бүх бэрхшээлийг хэрхэн давсан бол? Жизель: «Еховагийн агуу хүч тусалсан. Бид бие биеэ их дэмждэг байсан. Аав ээж, найзууд урамшуулан зоригжуулж, хааяа санхүүгийн тусламж үзүүлдэг байлаа» гэж хариулсан.

Жизель эх орондоо ирсэндээ баяртай байдаг болов уу? «Баяртай байлгүй яах вэ! Эхэндээ жижиг сажиг бэрхшээл тохиолдож, хааяа сэтгэлээр унадаг байсан ч нөхөр бид хоёр тэр бүхнийг давсныхаа дараа хийх ёстой юмаа л хийсэн гэж бодсон. Бид Еховад найддаг. Еховатай улам дотноссон» гэж тэрбээр хариулсан юм. Леонс Жизель хоёр Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурсан бөгөөд одоо түр хугацааны тусгай эхлэгчээр үйлчилж байна.

Загасчин хүн ямар ч бэрхшээлээс айлгүй зоригтой загасчилдаг. Эх орондоо эргэж ирсэн дэлгэрүүлэгчид бас ялгаагүй. Тэд сайн мэдээнд нааштай ханддаг хүмүүст туслахын тулд бэрхшээлээс шантардаггүй. Өөрийнх нь нэрийн төлөө хайраа илэрхийлдэг энэ хөдөлмөрч үйлчлэгчдээ Ехова хэзээ ч мартахгүй (Нех. 5:19; Евр. 6:10). Та хилийн чанадад амьдардаг бөгөөд эх оронд тань дэлгэрүүлэгч хэрэгтэй бол нутагтаа буцаж очих боломжтой юу? Тэгвэл таныг их ивээл хүлээж байна (Сур. 10:22).