Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 50

«Үхсэн хүн яаж амилах вэ?»

«Үхсэн хүн яаж амилах вэ?»

«Үхэл чи хүнийг зовоодог хорон хүчээ алдсан учир ялагдлаа» (1 КОР. 15:55).

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

ТОЙМ a

1, 2. Тэнгэрт амьдрах найдварыг Христийн дагалдагчид бүгдээрээ анхаарч сонирхох хэрэгтэйн учир юу вэ?

 ОДОО Еховад үйлчилж буй ихэнх хүн дэлхий дээр мөнх амьдрах найдвартай. Харин Христийн тослогдсон дагалдагчид тэнгэрт гарна гэсэн найдвар өвөрлөж явдаг. Тэд ирээдүйн амьдралынхаа талаар маш их сонирхдог. Тослогдогсод тэнгэрт амьдрах нь дэлхий дээр амьдрах хүмүүст ямар хамаатай вэ? Тэд тэнгэрт амилсан хүмүүсийн ачаар ивээл хүртэнэ. Тийм учраас бид тэнгэр газрын алинд ч амьдрах найдвартай бай, тэнгэр дэх амилалтын талаар анхаарч сонирхох нь зүйтэй.

2 Бурхан Христийн I зууны зарим шавийг агуу хүчээрээ удирдан тэнгэрт амьдрах найдварын тухай бичүүлсэн. Элч Ёохан: «Бид одоо Бурхны хүүхдүүд мөн боловч ямар болохоо хараахан мэдээгүй байна. Түүнийг илчлэгдэхэд бид ямар болохоо мэднэ» гэж тайлбарласан (1 Ёох. 3:2). Тэгэхээр тослогдсон дагалдагчид тэнгэрийн биетэй болж тэнгэрт гарахаараа ямар болохоо мэддэггүй. Гэхдээ тэд шагналаа авсны дараа Еховаг нүдээрээ харна. Библид тэнгэр дэх амилалтын талаар тодорхой бичээгүй ч элч Паул зарим чухал зүйлийг хэлж өгсөн. Христ тослогдогсодтой хамт «бүх засгийн газар, эрх мэдэлтнийг устгах» ажээ. Тэр үед «сүүлчийн дайсан буюу үхэл үгүй болно». Эцэст нь, Есүс болон хамтран захирагчид нь Еховад захирагдана. Ийнхүү Бурхан бүхнийг захирна (1 Кор. 15:24–28). Ямар гайхалтай байх бол оо! b

3. 1 Коринт 15:30–32-ыг үзвэл, амилалтад итгэдэг байсан нь Паулд ямар ач тустай байсан бэ?

3 Паул амилалтад итгэдэг байсан учраас янз бүрийн бэрхшээлийг даван туулсан (1 Коринт 15:30–32-ыг уншина). Тэрбээр Коринтынхонд «Би өдөр бүр үхэлтэй нүүр тулдаг» гэсэн. Бас «Эфэст зэрлэг араатантай тэмцэлдсэн» гэж бичжээ. Паул Эфэст тулалдааны талбарт жинхэнэ араатантай тэмцэлдсэнээ хэлсэн байж магадгүй (2 Кор. 1:8; 4:10; 11:23). Эсвэл «зэрлэг араатан» мэт иудейчүүд болон бусад эсэргүүцэгчийг хэлсэн байж болох юм (Үйлс 19:26–34; 1 Кор. 16:9). Аль нь ч бай, аюул осолтой явдал нэг бус удаа тохиолдож байжээ. Гэхдээ Паул ирээдүйгээ өөдрөгөөр хардаг байсан (2 Кор. 4:16–18).

Манай үйл ажиллагаа хязгаарлагдмал улсад амьдардаг гэр бүл. Бурхан сайхан ирээдүйг бэлдэж байгаа гэдэгт бат итгэдэг учраас тэд Бурхандаа тууштай үйлчилдэг ажээ (4-р догол мөрийг үзээрэй)

4. Амилах найдвар Христийн орчин үеийн дагалдагчдыг хэрхэн зоригжуулдаг вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

4 Бид аюултай цаг үед амьдарч байна. Зарим итгэл нэгтэн гэмт хэргийн золиос болдог. Дайн дажинтай бүс нутгийн Гэрчүүдэд амьд явах баталгаа байдаггүй. Дэлгэрүүлэх ажлыг хязгаарласан юм уу хориглосон газрын итгэл нэгтнүүд маань амь нас, эрх чөлөөгөө алдах эрсдэлтэй. Гэсэн хэдий ч эдгээр ах дүү маань бүгдээрээ Еховад тууштай үйлчлэх талаар гайхалтай жишээ үзүүлдэг. Тэд өнөөдөр амь насаа алдах байсан ч айдаггүй. Яагаад гэвэл Ехова ирээдүйд илүү сайн юм өгнө гэдгийг мэддэг.

5. Амилалтад бат итгэдэг байхын тулд ямар үзэл бодлоос сэрэмжлэх хэрэгтэй вэ?

5 Паул итгэл нэгтнүүдээ аюултай үзэл бодлын нөлөөнд автахаас сэрэмжлүүлжээ. Тэр үед болон түүнээс ч өмнө зарим хүн: «Үхсэн хүн амилдаггүй юм бол “бүгдээрээ идэж ууцгаая. Учир нь бид маргааш үхнэ”» гэж ярьдаг байжээ. Паул энэ үгийг Исаиа 22:13-аас эш татсан байх. Тэр үеийн израйлчууд ийм хандлагатай байсан бөгөөд Бурхантай дотносохын оронд зугаа цэнгэл хөөж амьдардаг байжээ. Нэг л өдөр үхэхээс хойш одоо л жаргая гэсэн тэдний үзэл бодол өнөөдөр ч түгээмэл байдаг. Израйлчуудын хандлага ямар муу үр дагаварт хүргэснийг Библид бичиж үлдээжээ (Ш.дэд 36:15–20).

6. Амилах найдварын тухай мэдлэг найз нөхдөө сонгоход хэрхэн нөлөөлөх ёстой вэ?

6 Ехова нас барагсдыг амилуулна гэдгийг бид мэддэг. Энэ мэдлэг маань найз нөхдөө сонгоход нөлөөлөх учиртай. Коринт дахь дагалдагчид амилалтын тухай сургаалд итгэдэггүй хүмүүстэй нөхөрлөхөөс зайлсхийх ёстой болжээ. Эндээс бид юу ойлгох ёстой вэ? Тийм хүмүүстэй байнга хамт байвал зөв үзэл бодлоосоо ухарч, сайн хэвшлээ алдана. Тэр ч бүү хэл, тэдний нөлөөнд автан Бурхны үзэн яддаг юмыг хийж болзошгүй. Тиймээс Паул: «Ухаарч сэхээрээд зөв юм хий. Нүгэл үйлдэхгүй бай» гэж хатуу сануулсан байдаг (1 Кор. 15:33, 34).

ЯМАР БИЕТЭЙ БОЛОХ ВЭ?

7. 1 Коринт 15:35–38-ыг үзвэл, зарим хүн юу гэж асуудаг вэ?

7 1 Коринт 15:35–38-ыг уншина. Зарим хүн амилалтад итгэдэг хүмүүст эргэлзээ төрүүлэхийн тулд «Үхсэн хүн яаж амилах вэ?» гэж асуудаг. Хүн үхээд яадаг талаар өнөөгийн хүмүүс янз янзын үзэлтэй байдаг. Тийм учраас Паулын хариултыг бодож үзэх нь зүйтэй.

Бурхан хүнийг тохирох биетэйгээр амилуулна гэдгийг Паул үр ба буудайн жишээгээр тайлбарласан (8-р догол мөрийг үзээрэй)

8. Паул тэнгэр дэх амилалтыг ойлгуулахын тулд ямар жишээ татсан бэ?

8 Хэрэв хүн үхвэл бие нь ялзарч мууддаг. Гэхдээ Бүтээгч Бурхан тэр хүнд тохирох бие өгөөд амилуулж чадна. Учир нь тэрбээр оргүй хоосноос орчлонт ертөнцийг бүтээсэн билээ (Эх. 1:1; 2:7). Хуучин биетэй нь амилуулахгүй гэдгийг Паул жишээгээр тайлбарласан. «Нүцгэн үр» буюу буудайн үрийн тухай бодоорой. Хөрсөнд суулгасан буудайн үр соёолж, шинэ буудай ургадаг шүү дээ. Буудай үр хоёр асар их ялгаатай. Бүтээгч «хүссэнээрээ [хүн] тус бүрд бие өгдөг» гэдгийг Паул энэ жишээгээр тайлбарлажээ.

9. 1 Коринт 15:39–41-д бичсэнийг үзвэл, ямар ямар бие байдаг вэ?

9 1 Коринт 15:39–41-ийг уншина. Бурхны бүтээл түмэн янз байдгийг Паул онцолсон. Жишээлбэл, малын бие, шувууны бие, загасны бие гээд бүгд өөр өөр. Бас нар сар хоёр адилгүй. «Од ч сүр жавхлангаараа нэгнээсээ ялгаатай» гэж Паул хэлжээ. Үнэхээр ч жирийн нүдээр харахад сайн ялгагдахгүй атлаа дурангаар харахад аварга улаан, одой цагаан, манай нар шиг шар харагддаг өдий төдий гараг эрхэс тэнгэр огторгуйд байдаг. Бас «Тэнгэрийн юмсын бие өөр, газрын юмсын бие өөр» гэж Паул хэлсэн. Юу гэсэн үг вэ? Дэлхий дээр байгчид махан биетэй, тэнгэрт байгчид, тухайлбал тэнгэрийн элч нар тэнгэрийн биетэй.

10. Тэнгэрт амилах хүмүүс ямар биетэй болох вэ?

10 Паул цааш нь юу гэж бичсэнийг анхаараарай. «Нас барсан хүн амилах нь үүнтэй адил юм. Ялзардаг биетэй үхэж, ялзардаггүй биетэй амилна» гэжээ. Хүн үхэхээр бие махбод нь ялзарч муудаад тоос шороо болдог (Эх. 3:19). Тэгвэл Паул ямар хүнийг «ялзардаггүй биетэй амилна» гэсэн бэ? Елиа Елиша Есүс нар хүмүүсийг дэлхий дээр амилуулж байсан түүхтэй. Гэхдээ Паул тэр хүмүүсийн тухай яриагүй. Харин тэнгэрт амилж тэнгэрийн биетэй болох хүмүүсийн тухай хэлсэн (1 Кор. 15:42–44).

11, 12. Есүс ямар биетэйгээр амилсан бэ? Тослогдогсод яах вэ?

11 Есүс дэлхий дээр байхдаа махан биетэй байсан. Харин амилахдаа «тэнгэрийн биетэй болж амь өгдөг болсон» бөгөөд тэнгэрт буцаж очсон. Үүнтэй адил, Христийн тослогдсон дагалдагчид тэнгэрийн биетэй болж амилна. «Бид тоос шороогоор бүтээгдсэн хүнтэй адилхан байдаг шигээ тэнгэрт гарсан тэр нэгэнтэй адилхан болно» гэж Паул хэлжээ (1 Кор. 15:45–49).

12 Есүс махан биетэй амилаагүйг санах нь чухал. Үүний учрыг Паул амилах найдварын тухай ярианыхаа төгсгөлд тайлбарласан. «Мах, цус Бурхны Хаант төрд багтахгүй» гэжээ (1 Кор. 15:50, зүүлт). Элч нар болон бусад тослогдогсод тэнгэрт амилахдаа ялзардаг мах цусан биетэй болохгүй. Хэзээ амилах вэ? Тэд нас барангуутаа шууд амилахгүй, харин ирээдүйд амилна гэдгийг Паул онцлон тэмдэглэжээ. «1 Коринт» номыг бичиж байх үед зарим шавь нар, тухайлбал элч Яаков аль хэдийн «үхсэн» байсан (Үйлс 12:1, 2). Харин бусад элч нар болон тослогдогсод «амьд сэрүүн» байлаа (1 Кор. 15:6).

ҮХЛИЙГ ЯЛСАН НЬ

13. Эзнийг «ирчихээд байх үед» ямар үйл явдал болох вэ?

13 Есүс Паул хоёрын хэн хэн нь түүхэн дэх онцгой үе буюу Христийг ирчихээд байх үеийн тухай зөгнөжээ. Тэр үед дайн дажин, газар хөдлөлт, өвчин тахал гэх зэрэг дэлхийг хамарсан таагүй үйл явдал болох ажээ. Библийн энэ зөгнөл 1914 оноос эхлэн биелж байгаа нь бэлхнээ харагдаж байна. Энэ зөгнөл бас нэг онцгой шинж тэмдэгтэй. Бурхны байгуулсан «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж Есүс хэлсэн (Мат. 24:3, 7–14). Эзнийг ирчихээд байх үед болох бас нэг үйл явдал бол «нойрссон» тослогдогсод амилах юм гэдгийг Паулын хэлсэн үгээс мэдэж болно (1 Тес. 4:14–16; 1 Кор. 15:23).

14. Христийг ирчихээд байх үед нас барсан тослогдогсод яах вэ?

14 Одоо амьд сэрүүн байгаа тослогдогсод нас барсан даруйдаа тэнгэрт амилна. Үүнийг 1 Коринт 15:51, 52-т бичсэн Паулын үг баталдаг. «Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөнө. Энэ нь сүүлчийн бүрээн дуунаар хормын төдийд, нүд ирмэх зуур болно» гэжээ. Паулын хэлсэн энэ үг яг одоо биелж байна! Христийн ах дүү нар амилахаараа бөөн баяр хөөр болно. Учир нь тэд «үргэлж түүнтэй хамт байх юм» (1 Тес. 4:17).

«Нүд ирмэх зуур» өөрчлөгдөх хүмүүс Есүстэй хамтарч муу хүмүүсийг газрын хөрснөөс арчина (15-р догол мөрийг үзээрэй)

15. «Нүд ирмэх зуур» өөрчлөгдөх хүмүүс тэнгэрт юу хийх вэ?

15 «Нүд ирмэх зуур» өөрчлөгдөх хүмүүс тэнгэрт очоод юу хийхийг Библи хэлж өгдөг. Есүс тэдэнд «Миний тушаалыг эцэс хүртэл биелүүлээд ялсан нэгэнд үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. Тэрээр хүмүүсийг төмөр таягаар хариулж шавар савыг бутлахтай адил бутална. Надад ч ийм эрх мэдлийг Эцэг минь өгсөн» гэж хэлсэн (Илч. 2:26, 27). Тэд Удирдагч Есүст захирагдан, үндэстнүүдийг төмөр таягаар хариулна (Илч. 19:11–15).

16. Хүмүүс үхлийг хэрхэн ялах вэ?

16 Тослогдогсод үхлийг ялах нь тодорхой (1 Кор. 15:54–57). Тэнгэрт амилсан тэд удахгүй болох Хармагедон гэдэг дайнаар дэлхий дээрх муу муухай бүхнийг арчиж хаяна. Христийн олон сая дагалдагч «агуу их гамшгийг туулж» гараад шинэ ертөнцөд очно (Илч. 7:14). Тэгээд аль эрт талийн одсон олон тэрбум хүний амилахыг нүдээрээ үзнэ. Ийнхүү үхлийг ялсан бас нэг чухал үйл явдлын гэрч болох ажээ. Тэр үед ямар их баяр хөөр болох бол оо! (Үйлс 24:15). Еховад чин үнэнчээ баталсан бүх хүн Адамаас өвлөсөн үхлийг ялна. Тэд мөнх амьдарна.

17. 1 Коринт 15:58-ыг бодож үзвэл, одоо бид юу хийх ёстой вэ?

17 Коринтынхонд амилах найдварын тухай сэтгэл тайвшруулам зүйлийг бичсэн Паулд Христийн орчин үеийн дагалдагч бүр талархах учиртай. «Эзний үйл хэргээр үргэлж бялх» хэмээсэн Паулын уриалгыг дагахгүй байхын аргагүй (1 Коринт 15:58-ыг уншина). Хэрэв бид энэ ажилд үнэнчээр, идэвх зүтгэлтэй оролцдог бол ирээдүйд сайн сайхан, аз жаргалтай амьдарна. Тэр цаг бидний төсөөлж байгаагаас ч илүү гайхалтай байх болно. «Эзний төлөөх ажил хөдөлмөр [маань] дэмий хоосон юм биш» гэдэг нь тэр үед батлагдана.

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

a «Нэгдүгээр Коринт» номын 15-р бүлгийн сүүлийн хэсэгт амилалтын тухай, ялангуяа Христийн тослогдсон дагалдагчид хэрхэн амилах тухай нарийн ширийнийг бичжээ. Гэхдээ Паулын бичсэн энэ захидал өөр хоньдод ч ач холбогдолтой. Амилах найдвар бидний одоогийн ба ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлөхийг энэ өгүүллээр ярилцана.

b 1 Коринт 15:29-д Паулын бичсэн үгийг энэ дугаарын «Уншигчдын асуулт» буланд тайлбарласан.