Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 18

Барианд орцгооё

Барианд орцгооё

«Би ... барианд орсон» (2 ТИМ. 4:7).

ДУУ 154 Эцсээ хүртэл тэвчицгээе

ТОЙМ *

1. Бид бүгдээрээ яах ёстой вэ?

 ЧАДАХГҮЙ байх гэж бодсон тэмцээндээ та оролцох уу? Үгүй л болов уу. Ялангуяа өвчтэй эсвэл ядарсан бол бүр ч хүсэхгүй байх. Харин элч Паулын хэлснээр, Христийн бүх дагалдагч тэмцээнд оролцдог (Евр. 12:1). Еховагийн амласан шагналыг авъя гэвэл хөгшин залуу, эрч хүчтэй, сул доройн аль нь ч бай, бүгд л эцэс хүртэл тэвчих ёстой (Мат. 24:13).

2. 2 Тимот 4:7, 8-д бичсэн үгийг Паул яагаад итгэл төгс хэлсэн бэ?

2 Паул «барианд орсон» учраас 2 Тимот 4:7, 8-д бичсэн үгийг итгэл төгс хэлжээ (уншина). Гэхдээ ямар уралдааны тухай ярьсан бэ?

ЯМАР УРАЛДААН БЭ?

3. Паул ямар уралдааны тухай ярьсан бэ?

3 Паул чухал зүйлийг ойлгуулахын тулд Грект болдог уралдаан тэмцээнийг заримдаа жишээ болгон ярьдаг байжээ (1 Кор. 9:25–27; 2 Тим. 2:5). Тэрбээр Христийн дагалдагчийн амьдралыг гүйлтийн тэмцээнтэй нэг бус удаа зүйрлэсэн (1 Кор. 9:24; Гал. 2:2, АББН; Флп. 2:16). Хүн өөрийгөө Еховад зориулж, баптисм хүртсэн цагаасаа энэ «тэмцээнд» оролцож эхэлдэг (1 Петр 3:21). Ехова барианд орсон хүнийг мөнхийн амиар шагнана (Мат. 25:31–34, 46; 2 Тим. 4:8).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Холын зайн гүйлт нь Христийн дагалдагчийн амьдралтай олон талаараа төстэй. Гурвыг нь авч үзье. Нэгдүгээрт, заасан маршрутын дагуу гүйх; хоёрдугаарт, барианд орохыг голлон анхаарах; гуравдугаарт, замд тохиолдох саадыг давах шаардлагатай.

МАРШРУТЫН ДАГУУ ГҮЙГЭЭРЭЙ

Бүгдээрээ Христийн дагалдагчийн замаар гүйцгээе (5–7-р догол мөрийг үзээрэй) *

5. Бид ямар замаар гүйх ёстой вэ? Яагаад?

5 Уралдаанд оролцож буй тамирчин шагнал авахын тулд заасан маршрутаар гүйх ёстой. Үүнтэй адил, мөнх амьдрах шагнал авъя гэвэл амийн замаар явах буюу Христийн дагалдагчийн ёсоор амьдрах учиртай (Үйлс 20:24; 1 Петр 2:21). Гэхдээ Сатан ба түүний талынхан биднийг өөрсдийнхөө замаар гүйлгэхийг боддог. Тэгээд «өөрсөдтэй нь хамт муухай юм» хийгээсэй гэж хүсдэг (1 Петр 4:4). Тэд амийн замаар гүйж буй биднийг шоолдог бөгөөд өөрсдийнхөө замыг эрх чөлөөтэй, илүү сайн зам гэдэг. Гэвч энэ бол худлаа (2 Петр 2:19).

6. Та Брайны тухай уншаад юу ойлгосон бэ?

6 Сатаны нөлөөнд автсан хүмүүстэй цуг гүйхээр шийдсэн хүн эрх чөлөө эдлэх бус, харин боол болсноо төд удалгүй ухаардаг (Ром 6:16). Брайныг жишээ болгон авъя. Эцэг эх нь амийн замаар явахыг захидаг байжээ. Харин Брайн өсвөр насанд хүрмэгцээ энэ замаар явдаг хүн жаргана гэдэгт эргэлзэж эхлэв. Улмаар Сатаны хэм хэмжээг баримталдаг хүмүүстэй хамт гүйхээр шийджээ. Брайн: «Тэгж их хүсэж дурлаад байсан эрх чөлөөгөө олоод мансууруулах бодисын боолчлолд орохоо тэр үед даанч мэдэлгүй явж» хэмээн ярьсан юм. Цааш нь «Яваандаа архинд орж, мансууруулах бодис хэрэглэж, садар самуун үйлддэг болов. Хэдхэн жилийн дотор илүү хүчтэй, олон янзын мансууруулах бодис хэрэглээд үзчихсэн, заримд нь бүр донтсон байлаа. ... Амьдралын өртөг өндөрсөхийн хэрээр би өөрөө хар тамхи наймаалдаг болов» гэжээ. Эцэст нь Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрахаар шийдэв. Брайн амьдралаа өөрчилж, 2001 онд баптисм хүртжээ. Одоо Христийн дагалдагчийн замаар гүйж байгаадаа үнэхээр жаргалтай байдаг гэнэ. *

7. Матай 7:13, 14-т бичсэнээр, бидний өмнө ямар хоёр зам байдаг вэ?

7 Зөв зам сонгох нь хэчнээн чухал вэ! Сатан биднийг «амь руу хүргэдэг» нарийн замаас гаргаж, энэ ертөнцийн ихэнх хүний явж буй өргөн замаар явуулахыг хүсдэг. Явахад хялбар, олон хүний дурладаг энэ зам «сүйрэлд хүргэдэг» (Матай 7:13, 14-ийг уншина). Зөв замаас гарахгүй, өөр юманд сатаарахгүй байя гэвэл Еховад найдаж, үг тушаалыг нь дагах хэрэгтэй.

БАРИАНД ОРОХЫГ АНХААРААРАЙ

Анхаарлаа төвлөрүүлцгээе. Бусдыг бүдрүүлэхээс зайлсхийцгээе (8–12-р догол мөрийг үзээрэй) *

8. Тамирчин бүдэрч уналаа гэхэд яадаг вэ?

8 Холын зайн гүйлтэд оролцогчид бүдэрч унахгүйн тулд урдах замаа л хардаг. Гэхдээ хамт гүйж яваа тамирчны хөлд тээглэх юм уу замын жижиг эвдрэлээс болж бүдрэх явдал бий. Уналаа гэхэд босоод гүйдэг. Тэд юунаас болж бүдэрч унаснаа бус, харин барианд орохыг, шагналаа авахыг голлон анхаардаг.

9. Бүдэрч унасан бол яах хэрэгтэй вэ?

9 Амийн төлөөх уралдаанд оролцож буй бид үг, үйлдлээрээ алдаа гарган олон удаа бүдэрч болох юм. Эсвэл хамт «гүйж» буй хүмүүсийнхээ гаргасан алдаанаас болоод зовж мэднэ. Ингэлээ гээд гайхдаггүй. Бид бүгдээрээ төгс бус, бүгдээрээ нэг л нарийн замаар гүйж байгаа. Тийм учраас заримдаа нэг нэгэнтэйгээ «мөргөлдөж» магадгүй. Бие биедээ гомдох үе хааяа гардгийг Паул хүлээн зөвшөөрсөн байдаг (Кол. 3:13). Гэхдээ юунаас болж бүдэрснээ бус, шагнал авахаа анхаарцгаая. Бүдэрч уналаа гэхэд босоод гүйцгээе. Уурлаж өширхөөд Еховад үйлчлэхээ боливол барианд орохгүй, шагнал ч авахгүй. Түүнээс гадна, амь руу хөтөлдөг нарийн замаар гүйж буй бусад хүнд садаа болно.

10. «Бүдрүүлэх чулуу» болохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

10 Хамт гүйдэг хүмүүстээ «бүдрүүлэх чулуу» болохгүйн тулд өөр яах хэрэгтэй вэ? Аливаа зүйлийг дандаа л өөрийнхөөрөө хийлгэх гэж албадахын оронд, болж өгвөл, дуртай аргаараа хийх боломжийг итгэл нэгтэндээ олгоорой (Ром 14:13, 19–21; 1 Кор. 8:9, 13). Үүгээрээ бид гүйлтийн тамирчнаас ялгаатай. Тамирчид хоорондоо өрсөлддөг бөгөөд ганцаархнаа шагнал авах гэж зүтгэдэг. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог учраас хажуугийнхаа тамирчныг түлхээд ч хамаагүй урд нь гарч магадгүй. Харин бид бие биетэйгээ өрсөлддөггүй (Гал. 5:26; 6:4). Барианд орж мөнхийн амиар шагнуулаасай гэсэндээ аль болох олон хүнд туслахыг зорьдог. Тийм учраас «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» хэмээсэн Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг (Флп. 2:4).

11. Тамирчин юуг анхаардаг вэ? Яагаад?

11 Гүйлтийн тэмцээнд оролцож буй тамирчин урдах замаа харахаас гадна бариагаа анхаардаг. Бариа харагдах болоогүй байлаа ч барианд орж шагнал авч байгаагаар төсөөлдөг. Шагналаа боддог бол урагш гүйх эрч хүчтэй болдог.

12. Ехова бидэнд юу амладаг вэ?

12 Тэмцээндээ амжилттай оролцож барианд орвол Ехова биднийг тэнгэрт юм уу диваажин болсон дэлхийд мөнх амьдруулахаа амладаг. Энэ шагналыг заавал өгнө. Тэр үед амьдрал хэчнээн гайхалтай болохыг Библид тод томруун бичсэн учраас төсөөлөхөд хэцүү биш. Бурхны амласан ирээдүйг байнга бодож явдаг бол бүдрүүлж мэдэх аливаа саадыг давах тэнхээтэй болно.

БЭРХШЭЭЛИЙГ ҮЛ ТООН ГҮЙГЭЭД БАЙГААРАЙ

Зовлонгоо үл тоон амийн төлөө зогсолтгүй гүйцгээе (13–20-р догол мөрийг үзээрэй) *

13. Бид тамирчдаас юугаараа давуу вэ?

13 Эртний Грекийн тамирчид хөл гар нь өвдөж байсан ч, ядарч туйлдсан ч гүйгээд л байх ёстой байв. Тэд дасгал сургуулилалтдаа, мөн өөрийнхөө хүчинд найдахаас өөр аргагүй байсан. Бид хэрхэн гүйхийг заалгаж дасгал сургуулилалт хийдгээрээ тэр тамирчидтай адилхан. Гэхдээ шавхагдашгүй хүчний Эх булаг Еховагаас хүч авдгаараа тэднээс давуу. Еховад найдвал Ехова биднийг дасгалжуулаад зогсохгүй, хүчтэй болгоно! (1 Петр 5:10).

14. Бэрхшээл тохиолдсон үед 2 Коринт 12:9, 10 ямар ач тустай вэ?

14 Паулд янз бүрийн бэрхшээл тохиолдож байсан. Доромжлогдож, хавчигдаж явсан. Бас заримдаа тамирдаж ядардаг байсан. Махан биеийн «өргөс» гэж нэрлэсэн тэр зүйлээ тэвчих хэрэгтэй үе ч байжээ (2 Кор. 12:7). Гэхдээ энэ бүхнээс болоод бууж өгөөгүй. Харин ч Еховад найдах боломж гэж үздэг байв (2 Коринт 12:9, 10-ыг уншина). Паул ийм хандлагатай байсан учраас бүх зовлонгоо даван туулахад нь Ехова түүнд тусалжээ.

15. Хэрвээ бид Паулыг дуурайвал юуг мэдрэх боломжтой вэ?

15 Бид бас итгэл үнэмшлээсээ болоод доромжлогдож, хавчигдаж мэдэх юм. Бас өвдөж эсвэл ядарч туйлдаж магадгүй. Хэрвээ Паулыг дуурайвал энэ бүхнийг бэрхшээл гэж үзэхийн оронд Еховагийн хайр халамжийг мэдрэх боломж гэж үзнэ.

16. Та бие муутай ч юу хийж чадах вэ?

16 Та хэвтэрт байдаг уу? Эсвэл тэргэнцэр дээр суудаг уу? Хөл өвддөг үү? Нүд муу юу? Тийм бол залуу, эрүүл чийрэг хүмүүстэй хамт Еховад үйлчилж чадахгүй юү? Үгүй ээ, чадна! Амийн төлөөх уралдаанд оролцож буй өндөр настай, өвчин эмгэгтэй хүн олон бий. Тэд өөрсдийн бус, Еховагийн хүчээр гүйж байгаа. Цуглааны хөтөлбөрийг утсаар сонсох юм уу интернэтээр үзэж Еховагаас хүч авдаг. Мөн эмч, сувилагч болон хамаатан садандаа дэлгэрүүлж шавь бэлдэх ажилд оролцдог.

17. Ехова бие муутай хүмүүст хэрхэн ханддаг вэ?

17 Та Еховагийн төлөө хүссэн болгоноо хийж чаддаггүй бол сэтгэлээр бүү унаарай. Амийн төлөөх уралдаанд оролцох чадалгүй гэж бүү бодоорой. Олон жил үнэнч үйлчилж ирсэн бат итгэлтэй танд Ехова хайртай. Одоо танд Бурхны тусламж хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байгаа. Ехова таныг орхихгүй (Дуу. 9:10). Харин ч улам ойртоно. Хүнд өвчин туссан нэг Гэрч эмэгтэй: «Өвчин нэмэгдэхийн хэрээр хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх боломж хумигдаж байсан. Гэхдээ миний гаргасан хичээл зүтгэл хэчнээн өчүүхэн байлаа ч Ехова баярладаг. Тийм болохоор би жаргалтай байдаг» гэжээ. Та сэтгэлээр унасан үедээ ганцаараа биш гэдгээ санаарай. Паулын жишээг бодоорой. «Хүчин мөхөстөхдөө ... дуртай байдаг. Учир нь би хүчин мөхөс байхдаа хүчтэй байдаг» гэж хэлснийг санаад урамшин зоригжоорой (2 Кор. 12:10).

18. Зарим хүнд ямар зовлон учирдаг вэ?

18 Амийн төлөөх уралдааны замаар гүйж яваа зарим хүний зовлон өөр байдаг. Сэтгэл гутрах, санаа зовох гэх мэтийн өвчин эмгэгтэй тэд нүдэнд ил харагдахгүй, ойлгоход хэцүү зовлон үүрч явдаг. Еховад эрхэм энэ хүмүүсийн зовлонг яагаад онцгой хэцүү гэж хэлж болох вэ? Яагаад гэвэл, хөл гар нь хугарсан юм уу тэргэнцэртэй хүнийг харсан хэн бүхэн зовлонг нь ойлгоод туслахыг хүсдэг. Харин сэтгэл санааны эсвэл сэтгэцийн эмгэгтэй хүний зовлон гаднаа харагдахгүй байж магадгүй. Гэтэл тэд хөл гар нь хугарсан хүнтэй л адилхан зовж байдаг. Зовж яваа нь гаднаа харагдахгүй учраас хүмүүс тэдэнд хайр халамж үзүүлдэггүй байж болох юм.

19. Мефибошетоос юу сурах вэ?

19 Та бас тэдний нэг бөгөөд таны зовлонг хүмүүс ойлгодоггүй бол Мефибошетын жишээг бодоод урам зоригтой байгаарай (2 Сам. 4:4). Мефибошет суумгай хүн байв. Ямар ч гэм хийгээгүй түүнийг Давид хаан буруу шүүжээ. Тэгэхэд нь Мефибошет уурлаагүй. Тэрбээр амьдралын сайн сайхан бүхнийг үнэлж эрхэмлэдэг хүн байв. Энэрэнгүй сэтгэлээр тусалж байсан Давидад талархаж явдаг байжээ (2 Сам. 9:6–10). Тийм болохоор Давидыг буруу шийдвэр гаргахад Мефибошет болсон явдлыг олон талаас нь бодож үзсэн. Давидыг алдаа гаргалаа гэж өш хонзон санаагүй, Еховаг ч буруутгаагүй. Харин Еховагийн томилсон хааныг дэмжихийг голлон анхаарсан (2 Сам. 16:1–4; 19:24–30). Ехова Мефибошетын сайхан жишээг бидний төлөө Үгэндээ бичүүлэн үлдээжээ (Ром 15:4).

20. Хэт их санаа зовдог хүн ямар байдаг вэ? Гэхдээ тийм хүн юунд итгэлтэй байж болох вэ?

20 Хэт их санаа зовдгоосоо болоод хүмүүстэй харилцах нь зарим итгэл нэгтэнд амаргүй санагддаг. Тэд олны дунд орохоороо айж сандардаг, ичиж зовдог. Тэгсэн атлаа цуглаан, чуулганд очдог. Танихгүй хүнтэй ярих нь хэцүү байдаг ч дэлгэрүүлэх ажилд оролцож хүмүүст сайн мэдээ хүргэдэг. Та бас тийм бол ганцаараа биш гэдгээ бүү мартаарай. Олон хүн таныхтай адилхан зовлон амсдаг. Байдгаараа хичээж байгаа таныг Ехова хараад баярладаг. Та одоо ч бууж өгөлгүй гүйсээр байна. Энэ бол Ехова таныг ивээж, хүч тэнхээтэй болгож буйн баталгаа юм * (Флп. 4:6, 7; 1 Петр 5:7). Хэрэв та бие махбод, сэтгэл санааны өвчин эмгэгтэй атлаа үнэнч үйлчилдэг бол Еховаг баярлуулж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно.

21. Еховагийн тус дэмээр бид яах вэ?

21 Паулын ярьсан тэмцээн, гүйлтийн тэмцээнээс ялгаатай байдаг нь хэчнээн сайн бэ! Гүйлтийн тэмцээнд оролцдог тамирчдын нэг нь л шагнал авдаг. Харин Христийн дагалдагчийн замаар яваа үнэнч хүн бүр мөнх амьдрах шагнал авна (Ёох. 3:16). Тэмцээнд оролцох тамирчин бие сайтай байх ёстой. Тэгэхгүй бол барианд орж чадахгүй. Харин Христийн дагалдагчдын дунд бие муутай хүн олон байдаг ч барианд орох боломжтой (2 Кор. 4:16). Еховагийн ачаар бид бүгдээрээ барианд орж шагнал авна!

ДУУ 24 Шагналаа харж явъя!

^ д/м 5 Еховагийн үйлчлэгчдийн дунд өндөр нас, өвчин эмгэгээс болоод шаналж буй хүн олон байна. Мөн ядарч сульддаггүй хүн бидний дунд байхгүй. Өвдөж зовсон, ядарч зүдэрсэн үед уралдаан тэмцээнд оролцох бодол хэний ч санаанд орохгүй биз ээ. Харин Паулын ярьсан амийн төлөөх уралдаанд бид бүгдээрээ оролцдог. Барианд орохын тулд хэрхэн тэвчээртэй гүйхийг энэ өгүүллээр ярилцана.

^ д/м 6 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 1-р сарын 1-ний дугаарын «Библи хүнийг өөрчилдөг» гэсэн өгүүллийг үзээрэй.

^ д/м 20 Хэт их санаа зовох эмгэгтэй хэрхэн тэмцэх талаар зөвлөгөө авч, ийм зовлонтой тэмцэж яваа хүмүүсээс туршлага судалъя гэвэл jw.org® сайт дахь 2019 оны 5-р сарын хөтөлбөрийг гадаад хэлээр үзэх боломжтой (LIBRARY > JW BROADCASTING® гэж орно уу).

^ д/м 63 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Настай Гэрч дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцон зөв маршрутаар гүйж байна.

^ д/м 65 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Архиар шахдаг эсвэл согтууруулах ундааг тааруулж уудаггүй бол бусдыг бүдрүүлнэ.

^ д/м 67 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй эмнэлэгт хэвтэж байгаа ч эмнэлгийн ажилтанд дэлгэрүүлж зөв маршрутаар гүйж байна.