Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 16

Сонс, мэд, өрөвд

Сонс, мэд, өрөвд

«Харснаараа шүүдгээ больцгоо. Үнэн мөнөөр нь л шүүцгээ» (ЁОХ. 7:24).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

ТОЙМ *

1. Еховагийн тухай юуг мэдвэл сэтгэл уужирдаг вэ?

 ХҮМҮҮС таныг яс үндэс, царай зүс, өндөр намаар тань хочилбол ямар санагдах вэ? Сайхан санагдахгүй байх. Ехова хүнийг гаднаас нь хараад дүгнэдэггүй гэж бодохоор сэтгэл уужирдаг! Жишээ авъя. Ехова зөнч Самуелд Иессийн хөвгүүдийн нэгийг Израйлын хаан болгоно гэж хэлжээ. Чухам хэнийг сонгосон бэ? Самуел Иессийн хөвгүүдийг ажиж байхдаа Еховагийн харсныг хараагүй. Иессийн ууган хүү Елиабыг хараад «Үнэхээр ЭЗЭНий тослогдсон хүн Өөрийнх нь өмнө байна» гэсэн. Елиаб яг л хаан шиг харагджээ. «Гэвч ЭЗЭН Самуелд айлдан “Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов”» гэжээ. Эндээс юу ойлгох хэрэгтэй вэ? Ехова цааш нь «Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг» гэв (1 Сам. 16:1, 6, 7).

2. Ёохан 7:24-т бичсэнээр, бид яагаад хүнийг харснаараа шүүх ёсгүй вэ? Жишээгээр тайлбарлана уу.

2 Бид бүгдээрээ төгс бусын гайгаар бусдыг гаднах байдлаар нь шүүх хандлагатай (Ёохан 7:24-ийг уншина). Гэвч гаднаас нь хараад тухайн хүний талаар бүх зүйлийг мэдэж чадахгүй. Жишээгээр бодъё. Алтан гартай, олон жилийн туршлагатай эмч хүн өвчтөнөө хараад тодорхой зүйлийг хэлж чадна л даа. Гэхдээ өвчний түүх, сэтгэл хөдлөлийн байдал, одоогийн шинж тэмдгийг нь мэдэхийн тулд эхлээд тэр хүнийг сайн сонсдог. Шаардлагатай гэж үзвэл дотор эрхтнийг нь рентгенд хардаг. Эс тэгвэл зөв оношилж чадахгүй. Үүнтэй адил, итгэл нэгтнээ гаднаас нь хараад л бүрэн ойлгож чадахгүй. Чухамдаа ямар хүн бэ гэдгийг мэдэх гэж хичээх хэрэгтэй. Мэдээж бид сэтгэл зүрхийг нэвт шувт харах чадваргүй учраас хүнийг Ехова шиг сайн ойлгохгүй. Гэхдээ Еховаг чадлынхаа хэрээр дуурайх боломжтой. Яаж?

3. Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн санаа тавьдаг вэ?

3 Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн санаа тавьдаг вэ? Үгийг нь сонсдог. Өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдлыг нь харгалзан үздэг. Тэднийг өрөвддөг. Ехова ийм маягаар Иона Елиа Хагар Лот нарт санаа тавьсан. Үүнийг судлангаа Еховаг дуурайн итгэл нэгтнүүддээ хэрхэн санаа тавихаа бодоцгооё.

АНХААРЧ СОНСООРОЙ

4. Бид Ионаг юу гэж дүгнэж магадгүй вэ?

4 Бид Ионатай холбоотой бүх зүйлийг мэдэхгүй учраас түүнийг найдваргүй, тэр ч бүү хэл, үнэнч бус хүн гэж дүгнэж магадгүй. Тэрбээр Ниневегийн оршин суугчдад шүүх мэдээ тунхагла гэсэн тов тодорхой тушаалыг Еховагаас авсан. Гэвч дуулгаваргүй загнан, «ЭЗЭНий оршихуйгаас ... зугтаж» тэс өөр зүг рүү явах усан онгоцонд суужээ (Иона 1:1–3). Та Ионад дахиад даалгавар өгөх байсан уу? Үгүй л болов уу. Харин Ехова олон зүйлийг тооцож үзээд Ионад дахин даалгавар өгчээ (Иона 3:1, 2).

5. Иона 2:1, 2, 9-д бичсэн залбирлаас та Ионагийн талаар юу мэдсэн бэ?

5 Иона даалгавар биелүүлэхээс зайлсхийсэн нь үнэн. Гэхдээ чухамдаа ямар хүн байсныг загасны гэдсэн дотор байхдаа юу гэж залбирснаас нь мэдэж болно (Иона 2:1, 2, 9-ийг уншина). Иона даруу, талархах сэтгэлтэй хүн байсан бөгөөд Еховад дуулгавартай байхаар шийдсэн нь энэ залбирлаас харагддаг. Тийм учраас Ехова түүний гэм бурууг анхааралгүй, харин залбиралд нь хариулж, зөнчөөр үйлчлүүлсээр байсан!

Шалтгааныг нь мэдвэл тэр хүнийг ойлгоно (6-р догол мөрийг үзээрэй) *

6. Яагаад анхаарч сонсох ёстой вэ?

6 Бусдыг анхаарч сонсъё гэвэл даруу, тэвчээртэй байхыг ихэд хичээх шаардлагатай. Яагаад? Ядаж гурван шалтгааныг дурдъя. Нэгдүгээрт, яаран буруу дүгнэхгүй. Хоёрдугаарт, итгэл нэгтэн маань ямар сэтгэлээр, ямар шалтгаанаар хэлснийг эсвэл хийснийг ойлгоно. Ингэвэл тэр хүнийг өөрийн эрхгүй өрөвдөх байх. Гуравдугаарт, өөрийгөө мэдэх боломжийг тэр хүнд олгоно. Заримдаа бид өөрсдийгөө ч мэддэггүй шүү дээ. Санасан бодсоноо хүнд ярихаараа л өөрийгөө ойлгох нь бий (Сур. 20:5). Азид амьдардаг нэг ахлагч: «Би сонсохын оронд зөвлөгөө өгч алдаа гаргасан удаатай. Хариултынхаа чанарыг сайжруулаарай гэж нэг эгчид хэлсэн юм. Гэтэл тэр эгч уншихдаа тааруу бөгөөд цуглаан дээр хариулахын тулд маш их хичээж мэрийдгийг нь хожим мэдэж билээ» хэмээн дурссан. Ахлагч хүн зөвлөгөө өгөхөөсөө өмнө «сонсох» нь чухал! (Сур. 18:13).

7. Ехова Елиад хэрхэн санаа тавьсан бэ? Та эндээс юу мэдэж авсан бэ?

7 Туулж ирсэн амьдрал, үндэсний соёл эсвэл зан төлөвөөсөө болоод сэтгэлээ уудлах нь зарим итгэл нэгтэнд амаргүй байдаг. Яавал сэтгэлээ уудлан чөлөөтэй ярих бол? Елиаг Иезебелээс зугтаж явахад Ехова яасан билээ? Елиа олон өдрийн дараа тэнгэрийн Эцэгтээ хамаг юмаа хэлжээ. Ехова анхааралтай сонссон. Дараа нь Елиаг зоригжуулж, чухал ажил даалгасан (Х.дээд 19:1–18). Итгэл нэгтэн маань биеэ бариад бидэнтэй чөлөөтэй ярьж чадахгүй байж магадгүй. Гэхдээ яриаг нь сонсохгүй бол сэтгэлийг нь ойлгохгүй учраас ярьтал нь хүлээх хэрэгтэй. Еховаг дуурайн тэвчээртэй хүлээвэл итгэл нэгтэн маань бидэнд итгээд сэтгэлээ уудална. Тэр үед нь анхааралтай сонсох хэрэгтэй.

ИТГЭЛ НЭГТНЭЭ МЭДЭЖ АВААРАЙ

8. Эхлэл 16:7–13-ыг үзвэл, Ехова Хагарт хэрхэн тусалсан бэ?

8 Сараигийн шивэгчин Хагар Абрамын эхнэр болмогцоо болчимгүй зан гаргажээ. Тэрбээр жирэмсэлснээ мэдээд, ганц ч хүүхэд төрүүлээгүй Сараиг доромжилдог болов. Үүнээс болоод Сараи түүнийг гэрээсээ хөөжээ (Эх. 16:4–6). Бид төгс бус учраас Хагарыг, хөөгдөж байхдаа таарсан өөдгүй хүүхэн гэж дүгнэж болох юм. Харин Ехова тэгж бодоогүй. Еховагийн явуулсан тэнгэрийн элч Хагарыг олоод, хандлагаа өөрчлөхөд нь тусалсан. Бас ерөөсөн. Тэгэхэд Ехова өөрийг нь ажиглаж, юу тохиолдсоныг мэдэж байгааг Хагар ойлгоод сэтгэл нь хөдөлсөндөө «Та бол хардаг Бурхан» гэжээ (Эхлэл 16:7–13-ыг уншина).

9. Бурхан Хагарын юуг харгалзан үзсэн бэ?

9 Ехова Хагарын юуг анхаарсан бэ? Өмнөх болон одоогийн амьдралыг нь сайн мэдэж байв (Сур. 15:3). Хагар еврей айлд амьдардаг египет эмэгтэй учраас гадуурхагдаж байгаа мэт санагдах юм уу гэрийнхнээ, нутгаа санах үе байсан биз ээ. Тэрбээр Абрамын цорын ганц эхнэр биш байв. Бурхны эртний үйлчлэгчдийн зарим нь олон эхнэртэй байсан. Гэхдээ Ехова анхнаасаа ийм санаа зорилготой байгаагүй (Мат. 19:4–6). Тэгэхээр атаархах, өширхөх явдал олон эхнэртэй айлд гардаг нь гайхах зүйл биш юм. Сараиг үл хүндэтгэсэн Хагарыг Ехова зөвтгөөгүй. Гэхдээ өмнөх ба одоогийн амьдрал, сэтгэл санаа зэргийг харгалзан үзсэн нь тодорхой.

Итгэл нэгтнээ илүү сайн мэддэг болоорой (10–12-р догол мөрийг үзээрэй) *

10. Итгэл нэгтнээ сайн мэддэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

10 Бид итгэл нэгтнээ ойлгохыг хичээдэг бол Еховаг дуурайна. Ах дүүгээ сайн мэддэг болоорой. Цуглааны өмнө юм уу дараа ярилцаж, хамт дэлгэрүүлж, боломжтой бол дайлж цайлаарай. Тэгвэл тэднийхээ талаар их юм мэдэж авна. Жишээ нь та нэг бүсгүйг хүйтэн хөндий гэж бодож байтал ичимхий зантай байж мэднэ. Чинээлэг ахыг эд юманд дуртай гэж дүгнэх амархан ч өгөөмөр сэтгэлтэй хүн байж магадгүй. Хүүхэдтэйгээ хамт цуглаанд байнга хоцорч ирдэг эмэгтэйд ямар их эсэргүүцэл тулгардгийг олж мэдэж болох юм (Иов 6:29). Мэдээж бид «бусдын хэрэгт оролцох» ёсгүй (1 Тим. 5:13). Гэхдээ итгэл нэгтэн маань ямар хүн бэ, туулж ирсэн амьдрал нь ямар вэ гэдгийг мэдэж авбал тэднийгээ илүү сайн ойлгодог болно.

11. Ахлагчид хоньдыг мэддэг байх нь яагаад чухал вэ?

11 Ялангуяа ахлагчид хурлынхаа гишүүдийг сайн мэдэж авах хэрэгтэй. Дүүрэг хариуцагчаар үйлчилж байсан Артур гэдэг ахлагчийн тухай ярилцъя. Тэрбээр өөр ахлагчтай хамт бүрэг ичимхий, зожигдуу гэмээр итгэл нэгтнийдээ очжээ. Артур: «Гэрлэснээс нь хойш хэдхэн жилийн дараа нөхөр нь нас барсан юм билээ. Тэр эгч бэрхшээлийг үл тоон хоёр охиноо Еховаг хайрладаг хүн болгон өсгөжээ. Намайг очих үед нүд нь бараг сохорч байсан. Бас сэтгэл гутрах өвчтэй ч Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг, бат итгэлтэй хүн байсан. Түүнээс үлгэр дуурайл авах ёстойгоо ойлгосон» гэж ярьсан юм (Флп. 2:3). Энэ дүүрэг хариуцагч Еховаг дуурайжээ. Ехова хоньдоо мэддэг бөгөөд зовлонг нь ойлгодог (Ег. 3:7). Ахлагчид хоньдыг сайн мэддэг бол сайн тусалж чадна.

12. Нэг Гэрч эмэгтэй итгэл нэгтнээ сайн мэддэг болсон нь ямар ач тустай байсан бэ?

12 Итгэл нэгтнээ сайн мэддэг болбол түүнд дургүйцэх биш, харин ч ойлгодог болно. Нэг жишээ авъя. Азид амьдардаг Гэрч эмэгтэй: «Манай хурлын нэг эгч аймаар чанга ярьдаг байлаа. Ямар бүдүүлэг юм бэ гэж боддог байв. Харин нэг удаа тэр эгчтэй хамт дэлгэрүүлж яваад, зах дээр загас зарж аав ээждээ тусалдаг байсныг нь мэдсэн. Үйлчлүүлэгчдээ татах гээд чанга ярьдаг байсан юм билээ» гэж ярьсан юм. Тэрбээр цааш нь «Ах эгч нараа ойлгоё гэвэл тэднийг сайн мэддэг болох хэрэгтэй гэсэн сургамж авсан» гэжээ. Итгэл нэгтнээ илүү сайн мэддэг болохын тулд ихээхэн хичээх хэрэгтэй. Илүү их хайрла гэсэн Библийн зөвлөгөөг дагавал «ямар ч хүнийг» хайрладаг Ехова Бурхнаа дуурайна (1 Тим. 2:3, 4; 2 Кор. 6:11–13).

ӨРӨВДӨӨРЭЙ

13. Эхлэл 19:15, 16-д бичсэнээр, тэнгэрийн элч нар Лотыг удаад байхаар нь яасан бэ? Яагаад?

13 Эгзэгтэй үед Еховагийн зааврыг биелүүлэхгүй удаад байсан хүн бол Лот юм. Гэрт нь ирсэн хоёр тэнгэрийн элч түүнд гэрийнхнээ аваад Содомоос явахыг ятгажээ. Яагаад? «Бид энэ газрыг устгах гэж байна» гэсэн (Эх. 19:12, 13). Өглөө болоход Лот болон эхнэр хүүхдүүд нь яваагүй л байв. Тэнгэрийн элч нар дахин сануулжээ. Гэвч Лот «тээнэгэлзсэн». Бид Лотыг хэнэггүй, дуулгаваргүй гэж дүгнэж болох юм. Харин Ехова аваръя гэсэн бодлоо өөрчлөөгүй. Тэнгэрийн элч нар тэднийг гараас нь хөтлөөд хотоос гаргасан. «Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ» (Эхлэл 19:15, 16-г уншина).

14. Лотыг өрөвдөх ямар шалтгаан Еховад байсан байж болох вэ?

14 Лотыг өрөвдөх олон шалтгаан Еховад байсан биз ээ. Лот хотоос гарвал аюултай хүмүүстэй таарна гэж айгаад гэрээсээ явах дургүй байсан байх. Өөр аюул ч байсан. Содом, Гоморрагийн хоёр хаан Сиддимийн хөндийд байдаг давирхайт нүхнүүдэд унасныг Лот мэдэж байсан нь лавтай (Эх. 14:8–12). Тэрбээр нөхөр, эцэг хүний хувьд гэрийнхэндээ санаа зовсон нь эргэлзээгүй. Мөн баян чинээлэг хүн учраас Содомд сайхан байшинтай байсан байх (Эх. 13:5, 6). Энэ бүхэн Еховагийн зааврыг тэр даруйд нь биелүүлээгүй Лотыг зөвтгөх шалтгаан биш л дээ. Гэхдээ Ехова алдааг нь анхаарахын оронд Лотыг «шударга сайн» хүн гэж үзсэн (2 Петр 2:7, 8).

Анхаарч сонсвол өрөвдөх сэтгэл төрнө (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15. Бусдыг шүүмжлэхийн оронд яах хэрэгтэй вэ?

15 Бусдыг шүүмжлэхийн оронд сэтгэлийг нь ойлгохыг хичээгээрэй. Европт амьдардаг Вероника бас тийн хичээжээ. Тэрбээр: «Нэг эгч дандаа л дүнсгэр царайтай харагддаг байлаа. Зожгироод л. Заримдаа би түүнтэй ярихаас халгадаг байсан. Гэхдээ би энэ эгч шиг байсан бол найзгүйдээд хэцүүдэх юм байна гэж бодсон. Тэгээд сэтгэл санаа нь ямар байгааг асуухаар шийдсэн. Тэр эгч сэтгэлээ уудалж гарсан даа! Одоо би түүнийг ойлгодог болсон» гэж ярьсан юм.

16. Бусдыг өрөвдөхөд туслаач гэж залбирах хэрэгтэйн учир юу вэ?

16 Биднийг хамгийн сайн ойлгодог нэгэн бол зөвхөн Ехова юм (Сур. 15:11). Тиймээс хүмүүсийг тан шиг ойлгож, тан шиг өрөвдөхөд туслаач гэж Еховагаас гуйгаарай. Анжела гэдэг Гэрч эмэгтэй залбирсны ачаар бусдыг өрөвддөг болжээ. Тэрбээр хурлынхаа нэг эмэгтэйтэй таарч тохирохоо больжээ. Анжела: «Тэр эгчийг шүүмжлээд, өөрөө цэвэр үлдэх амархан л даа. Гэхдээ би тэр эгчийг ойлгоход туслаач гэж Еховагаас гуйсан» гэж ярив. Ехова залбиралд нь хариулсан болов уу? «Бид хоёр цуг дэлгэрүүлж, дараа нь нэлээн хэдэн цаг ярилцсан. Би яриаг нь анхааралтай сонссон. Одоо би түүнийг илүү их хайрладаг болсон. Тусалж байя гэж бодсон» гэж Анжела ярьсан юм.

17. Бид яах хэрэгтэй вэ?

17 Итгэл нэгтнүүдийнхээ нэгийг нь өрөвдөөд, нөгөөг нь өрөвдөхгүй байж болохгүй. Бид бүгд л Иона Елиа Хагар Лот нарын нэгэн адил, янз бүрийн бэрхшээлтэй нүүр тулдаг. Тэдний зарим шиг өөрийнхөө буруугаас болж зовох нь ч бий. Тиймээс, нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй байхад туслаач гэж Еховагаас гуйх нь зүйд нийцнэ (1 Петр 3:8). Еховад дуулгавартай байвал янз янзын хүнээс бүрдсэн, дэлхий дахины гайхалтай гэр бүлийнхээ эв нэгдлийг батжуулна. Тэгэхээр, итгэл нэгтнээ сонсож, сайн мэддэг болж, өрөвдөж явцгаая.

ДУУ 20 Цуглааныг маань ивээгээч

^ д/м 5 Бид төгс бус учраас хүнийг хандлага, үйлдлээр нь яаран дүгнэх гээд байдаг талтай. Харин Ехова «зүрхийг нь хардаг» (1 Сам. 16:7). Тэрбээр Иона Елиа Хагар Лот нарт хэрхэн тусалсныг энэ өгүүллээр ярилцана. Мөн Еховаг дуурайн итгэл нэгтнүүддээ санаа тавихад энэ өгүүлэл тус болно.

^ д/м 52 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Настай Гэрч цуглаандаа хоцорч ирсэн залууг дургүйцэнгүй харж байна. Гэвч дараа нь зам тээврийн ослоос болоод хоцорсныг нь мэджээ.

^ д/м 54 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Дэлгэрүүлэх ажлын бүлэг хариуцагч нэг Гэрч эмэгтэйг ганцаардмал, зожиг гэж бодож байсан ч сайн танихгүй хүмүүсийн дэргэд биеэ барьдгийг нь сүүлд мэджээ.

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эмэгтэй цуглааны танхимд тааралдсан өөр нэг Гэрч эмэгтэйг дүнсгэр царайтай, хүйтэн хөндий хүн гэж анх бодож байсан ч тийм биш гэдгийг нь сайн танилцаад мэджээ.